| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00367/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 408
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, .......................... оршин суух Хан-Уул овогт Б.М /регистрийн дугаар: .........................../
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8-р баг, ............................. тоотод оршин суух, Боржгон овогт Ө.Б /регистрийн дугаар:................../
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , хариуцагч Ө.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Б тэй гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2015 оны 05-р сарын 10-ны өдөр хүү Б.И төрсөн. Ө.Б жилд 2-3 удаа хүүтэйгээ уулздаг. Хүүхдэд тавих анхаарал халамж муу. Иймээс Ө.Б гөөс хүү Б.И д тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Ө.Б бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Эвлэрэн хэлэлцэх хүсэл байхгүй. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой М гийн нэхэмжлэлийн үндэслэлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.И г төрсөн гэх бөгөөд Б.И 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Б.М гийн нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэх хүсэлт байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.М гийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 4601000220 дугаартай Б.И н төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн Б.И эрүүл бойжиж буй тодорхойлолт, Ө.Б н хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Ө.Б д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.М , Ө.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй дотно харилцаатай байх үедээ 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.И г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн Б.И эрүүл бойжиж буй тодорхойлолт, Б.И н төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.М гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Б.И н эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Ө.Б гөөс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.И г сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд хүү Б.И г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Ө.Б д даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн Б.И эрүүл бойжиж буй тодорхойлолтоор зохигчдын хүү Б.И нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, .............................. тоотод оршин суух, Боржгон овогт Ө.Б /регистрийн дугаар:................../-өөс 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.И г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Ө.Б гөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүү Б.И г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Ө.Б д , эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Б.М д тус тус даалгасугай.
4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б гөөс 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Б.М д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР