Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

     -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

     -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

     -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонбаатар,

     -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

     -шүүгдэгч Г.Үнэнбат нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гантулгын Үнэнбатад холбогдох Эрүүгийн 201619000506 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 29-настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр баг Тосон гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Түнжин овогт Гантулгын Үнэнбат, / РД:НН87051878/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Үнэнбат нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн  нутаг, Дунд Уртын эх гэх газарт өөрийн эзэмшлийн Вепрь 7.62х39 маркийн ангийн буугаар гадаа буудлага үйлдэн буунаас магазинаа салгахдаа хайхрамжгүй хандан гал хамгаалагчаа шалгалгүйгээр гэртээ орныхоо хөлд түшүүлэн тавьж, улмаар 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн оройн 19 цагийн орчимд уг бууг авч гэрээсээ гарахаар гэрийнхээ зуухны зүүн урд хэсэгт гал хамгаалагчаа шалгахаар бууныхаа гохыг санамсаргүйгээр дарснаас буунд байсан сумаар буудлага үйлдэгдэж, эсрэг талд нь буюу гэрийн баруун орны урд талд хоол идээд сууж байсан 16 настай О.Баасандуламын доод уруулын зүүн буланд сум орж хүзүүний зүүн ар дунд хэсгээр нэвтрэн гарч, түүнийг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Үнэнбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад гэрээсээ буугаа авч шалгаж үзэх гэж байгаад санамсаргүй байдлаар ийм асуудал болсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би орой малдаа гараад явчихсан байсан. Тэгсэн дурангаар харсан чинь хүмүүс хөдөлгөөнд ороод уйлаад байх шиг байсан. Тэгээд би яасан юм бол гэж бодоод уулнаас буугаад ирсэн чинь Үнэнбат “ахаа би санамсаргүй байдлаар хүн алчихлаа” гэж байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн:...Төв аймгийн Заамар сумын Тосон 2 дугаар баг гэх газарт Г.Үнэнбат гэх айлын зэргэлдээ гурван монгол гэр байх ба хэрэг учрал болсон гэх газар хамгийн зүүн талын гэр байх ба уг гэрт орж үзлэг хийхэд...Уг шүүгээний өмнө шүүгээнд түшүүлэн тавьсан хар өнгийн цүнхтэй галт зэвсэг байв. Уг хэсгийг 2 гэсэн тоогоор тэмдэглэв. Гэрийн баруун талын орны өмнөх хэсэг хулдаасыг сөхөж үзэхэд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 3 гэсэн тоогоор тэмдэглэв. Гэрийн баруун хананы гол дунд үед модонд шигдсэн төмөр зүйл, модонд зоогдсон жижиг эд зүйл сумны хошуу орсон нүх, хананы цаад даавуунд цооролт үүссэн байв. Уг хэсгийн 1 гэсэн тоогоор тэмдэглэв. Уг хананд үүссэн цооролтуудыг дотор талаас нь хэмжиж үзэхэд уг хананд 12 хэсэг газарт цооролт зоогдолт үүссэн байх ба орыг холдуул үзэхэд орны хөл хэсгийн шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож цацагдсан байдалтай байв. Гэрийн баруун гадна талын бүрээсэнд 3 ширхэг цооролт үүссэн байх ба гэрийн гаднах бүрээсийг тайлж үзлэг хийхэд доорх бүрээсэнд 3 цооролт үүссэн байх ба түүний дотор эсгий давхарга байх ба мөн 3 цооролт үүссэн, гэрийн давхарга бүрт үүссэн цооролттой хэсгийг хайчлан авч хураан авав. Мөн цооролт үүссэн модон ханыг тайрч авав. Мөн гэр доторх орны доод хулдаасан дээр үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг тайлж авав. Галт зэвсгийг хураан авав. Уг гэрээс гарч хамгийн баруун талын 3 ханатай монгол гэрт орж үзлэг хийхэд гэрийн гол хэсэгт төмөр орон дээр хэвтүүлсэн эмэгтэй хүний цогцос байх баг уг цогцосыг цэнхэр даавуугаар ороосон байв. Уг цогцост задлан шинжилгээ хийхээр тогтов...гэх тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/

Цогцосны гадна биед үзлэг хийсэн:... Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр баг Дунд уртын эх гэх газар иргэн Г.Үнэнбатын илүү гэрт эмэгтэй хүний цогцос байх ба уг цогцос нь 155 см урттай, толгойдоо 63 см хар өнгийн үстэй, биеийн ерөнхий хөгжил зөв, уруул хөхөвтөр өнгөтэй, хагас ангайсан, доод уруул зүүн буланд хар өнгийн 1х3.2 см, 0.5х0.6 см түлэгдэж харласан, язарсан шарх үзэгдэх шүд дээд эрүүнд бүтэн, доод эрүүний зүүн 2-р үүдэнд арагш шүд үгүй үйрч бяцарсан, эрүүний хэлбэр алдагдсан, ясны хавиралдах чимээтэй, доод эрүү яс зүүн талдаа үйрч бяцарсан хугаралтай, хөшилт эрүү, дээд, доод мөчдөд тод үүссэн, хүзүүний зүүн ар дунд хэсэгт буюу зүүн далны дээд ирмэгээс дээш 8 см-ын зайд, зүүн чихний омогноос доош 5см-ын зайд зуйван хэлбэрийн 3х165 см-ын хэмжээтэй зах ирмэг нь тэгш бус шархтай...гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд..../хх-ийн 10-13 дугаар хуудас/

Г.Үнэнбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны:...Г.Үнэнбатыг буу байсан гэх газрыг заалгасан зэрэг зураг авав. Хэрэг гарах үед Г.Үнэнбат орон дээр хэвтэж байгаад босоод хөлд байсан буугаа авсан гэх тул хэвтэж байсан байрлалыг болон буу авсан байдлын гэрэл зураг авав. Уг газраас үүд рүү буугаа бариад гарах гэж байхад бууны гал хамгаалагч хараад гох дарсан тул буу барьж байсан гох дарсан гэх газарт зогсоож гэрэл зураг авав. Талийгаач орон дээр сууж байсан гэх тул талийгаачийн сууж байсан газарт суулгаж гэрэл зураг авав. Талийгаачийг өргөж баруун гэрт оруулаад гэрээ цэвэрлээд цустай усыг гэрийнхээ зүүн талд асгасан гэх тул уг газрыг заалган гэрэл зураг авав. Цустай ус асгасан гэх газрыг гэрэл зургаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоолоор Вепрь 7.62х39 маркийн гол төмрийн 2627, замагны 627 дугаартай ангийн зориулалттай галт зэвсэг, сумны хошуу, хонгио, Г.Үнэнбатын өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн биеийн тамирын өмд мөн цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаас, Монгол гэрийн бүрээс, эсгий, доторлогоо, хөшигний хэлтэрхий, монгол гэрийн хананы модыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон.../хх-ийн 19-22 дугаар хуудас/

Гэрч О.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:...2016 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад гэртээ байж байхад Үнэнбат ах Жагаа эгч хоёр орж ирж хоол ид гээд дуудсан тэгээд дүү болон хүүхдийнхээ хамт тэднийд орж хоол идээд сууж байсан. Үнэнбат ах орон дээрээ хэвтэж байгаад хөлд нь байсан буугаа аваад гарах үед сум алдаж нэг удаа буудлага үйлдсэн. Буу дуугарангуут Жагаа эгч хүүхдээ тэврээд орилоод гарсан, би араас нь хүүхдээ тэврээд орилоод гарсан. Тэгээд дахиж тэр гэрт ороогүй, би тэднийхээс гараад үлдсэн, удалгүй ээж ирээд бөөн орилоон чарлаан болсон, Жагаа эгч бид хоёрыг орилоод гарсны дараа манай аав морьтойгоо ирээд Үнэнбат ахтай хамт гэрт орж байсан, тэр үед би дүү нараа болон хүүгээ аваад гэрийн баруун талын жалганд ороод сууж байсан, тэгээд хүмүүс ирээд аав бид нар ирээд эмээгийнхээ гэрт ор гэхээр нь би дүү нар болон хүүхдээ аваад эмээгийн гэрт орсон. Тэгсэн чинь талийгаачийг баруун гэрт оруулаад гэрийн цусыг цэвэрлэчихсэн байсан, Үнэнбат ахын буу цэнэгтэй байсныг би мэдээгүй. Би бууг сайн мэдэхгүй. Хойд орных нь хөл хэсэгт дээшээ хараад байж байсан, тухайн үед Үнэнбат ах буугаа аваад хойшоо гарчихаад ирье гээд гарах гэж байгаад буу алдсан, хойд орон дээр Үнэнбат ах, баруун орон дээр талийгаач сууж байсан, Жагаа эгч зуухны урд талд хүүхдээ тэврээд хоол идээд сууж байсан, би хивсний зүүн үзүүрт хүүхдээ тэврээд хоол идээд сууж байсан, өөр хүн байгаагүй, Үнэнбат ах бууныхаа амыг хааш нь харуулаад гарч байсныг хараагүй, хоол идээд сууж байтал гэнэт л буу дуугарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч А.Болдмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад үдээс хойш айл руу явж түмпэн сав авах гээд очоод байж байгаад гадаа сууж байгаад Буянжаргал гэрийнхээ гаднаас хонины хэвтрийн тэндээс Болдмаа эгчээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ээжийн бие муудсан юм байхдаа гэж бодоод өөдөөс нь явж очсон чинь Үнэнбат Думаа руу буу алдчихлаа гэхээр нь тухайн үед учрыг нь олоогүй ухаан балартаад тэрнээс хойш юу болсныг санахгүй, ухаангүй болчихсон, тэгтэл орой нь эмч ирээд тариа хийж байж намайг сэрээсэн. Тэгээд маргааш өглөө нь манай охиныг буудсан байсныг мэдсэн. Тухайн үед юу болсныг мэдээгүй, би Думаа руу буу алдлаа гэдгийг сонсоод хүүхэд шархдуулаад гэмтээсэн байх гэж бодоод ухаан балартсан. Үнэнбат нь ер нь буугаа байнга бууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Д.Нохойжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 10 минутын үед Үнэнбатын эхнэр Жагаа над руу залгаад Үнэнбатын бие нь хачин болоод байна та хүрээд ир гэхээр нь би даралтын аппрат аваад яваад очсон чинь намайг илүү гэрт ороход Баасандулам нь гэрийн голд орон дээр нас барсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Үнэнбат, Отгоо гэх талийгаачийн аавын хамт цусыг нь арчилцаад хувцасыг нь тайлаад хаяаг нь сөхөөд ах дүү нараа дуудаад ирсэн, тэгээд би Үнэнбатын гэрт ороод баруун орны өмнүүр хулдаасан дунд цус болчихсон, гэрийн зүүн урд байх хоолны шүүгээний өмнө босгоод түшүүлээд тавьсан байсан, Үнэнбат шалан дээр туссан цусыг арчиж байсан. Тэгээд байж байтал талийгаачийн ээж, Даваадорж гэх хүнтэй хамт ирээд Үнэнбаттай хамт сум руу явсан. Би сахиур хүнтэй байсан учир гэр рүүгээ явсан. Намайг ирэх үед Үнэнбат, түүний эхнэр Жагаа, талийгаачийн аав Отгоо, эгч Номио нар нь байсан. Дараа нь Даваадорж, талийгаачийн ээж Болдмаа нар ирсэн. Архи уусан согтуу хүн байгаагүй. Намайг Үнэнбатын гэрт орох үед буу магазингүй байх шиг байсан. Буу гэргүй босоогоор нь түшүүлчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №89 тоот дүгнэлт:... 1. Галт зэвсгийн гэмтэл, хошуут сумын ойрын зайн урдаасаа хойш чиглэлтэй нэг удаагийн буудалт, сум орсон шарх доод уруулын зүүн хэсэгт 1х3.2см, 0.5х.0.6 хар бараар өнгийн зулгаралтын хүрээ, эдийн дутагдал, шарх, зүүн доод эрүү ясны үйрч бяцарсан хугарал, олон шүдний хугарал, залгиур хоолойн цус хуралт, сумын суваг урдаасаа хойшоо чиглэлтэй, сумын суваг шулуун хүзүүний зөөлөн эд, судасыг гэмтээж, хүзүүний ар хэсэгт 3х1.5 см хэмжээтэй зуйван зах ирмэг тэгш бус эдийн дутагдал үүссэн нэвтэрч гарсан шарх, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байсан байна.

3.Талийгаач нь галт зэвсгийн гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Шинжээчийн №4609 тоот дүгнэлт:...1.Шинжилгээнд Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн ПЕПРЬ загварын карабин буу ирүүлсэн байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэж болно.

3.Шинжилгээнд ирүүлсэн бууны эд ангийг завсарлаж, өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

4.Шинжилгээнд ирүүлсэн бууг автомат адилтгалын Арсенал системд бүртгэлтэй эсэхийг шалгаж үзэхэд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Гантулга овогтой Үнэнбатын нэр дээр бүртгэгдсэн байна.

5.Шинжилгээнд ирүүлсэн бууг автомат буудлага үйлдэхэд хэрэглэсэн сумны хонгио, хошуу нь галт зэвсгээр үйлдэгдсэн илрээгүй хэрэгт авагдсан сумны хонгио, хошуунуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирохгүй байна.

6.Г.Үнэнбатаас хураан авсан гэх сумны хошуу, хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги АК2627 дугаартай, замаг 627 дугаартай буугаар буудлага үйлдэж байна.

7.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна...гэх дүгнэлт /хх-ийн 36-43 дугаар хуудас/

 

Шинжээчийн №6525 тоот дүгнэлт:... Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 2627 дугаартай, замагны 627 дугаартай Вепрь 7.62х39 маркийн буугаар буудлага үйлдсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Шинжээчийн №6524 тоот дүгнэлт:...1.Цэнхэр өнгийн зурагтай хулдаас болон Г.Үнэнбатын өмсөж байсан гэх хөх өнгийн биеийн тамирын өмд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Цагаан цэнхэр зурагтай хулдаас болон Г.Үнэнбатын өмсөж байсан гэх хөх өнгийн биеийн тамирын өмд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

 

Шинжээчийн №6587 тоот дүгнэлт:..№1 гэж дугаарласан нь зэс, №2, №3 гэж дугаарласан нь хар тугалга, №4, №5 гэж дугаарласан нь яс байна...№1, №2, №3 гэж дугаарласан металлууд нь сумны хошууны хэлтэрхийнүүд байж болно...гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

Шинжээчийн №4511 тоот дүгнэлт: ...1.Шинжилгээнд ирүүлсэн даавуунууд цоорхой гарсан байна.

Шинжилгээнд ирүүлсэн даавуунуудын бор шарга өнгөтэй, хээтэй даавуунд гарсан 5х5мм, 6х5 мм, 4х5мм, 6х5мм, 3х3мм, цагаан шаргал эсгийнд гарсан, 7х5мм, 4х5мм, 4х2мм, цайвар ногоон даавуунд гарсан 1х5мм 3х3мм, 2х3мм, цагаан шаргал даавуунд гарсан 14х5мм, 4х5мм, 3х5мм хэмжээтэй цоорхойнууд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Уг цоорхойнууд нь галт зэвсгийн сумны хошууны үйлчллээр гарсан байж болно...гэх дүгнэлт /хх-ийн 57-60 дугаар хуудас/

 

Шинжээчийн №6530 тоот дүгнэлт:...Шинжилгээнд ирүүлсэн монгол гэрийн бүрээс, эсгий доторлогоо, хөшигний хэсгүүдэд үүссэн урагдалт цооролт нь бууны сумын үйлчлэлээр үүссэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

Шинжээчийн №64 тоот дүгнэлт:...Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан моднууд дээр 3, 6 гэж дугаарласан 2 ширхэг нүх нь галт зэвсгээр буудахад үүсэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан моднууд дээрх 3, 6 гэж дугаарласан 2 ширхэг нүх нь дотроос гадагш чиглэлтэй байна. Нүхнүүдэд хар өнгийн хуванцар савх хийж үзээд шулуун биш, налуу байрлалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

Шинжээчийн №6531 тоот дүгнэлт: ...Шинжилгээнд ирүүлсэн монгол гэрийн 3 хэсэг хананаас авсан металлууд нь сумны хэлтэрхий байж болно. Тухайн металлын хэлтэрхийнүүд нь нэг сумны хошууны хэлтэрхий мөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

Бусад баримт сэлт:

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-17-22/,   

-шүүгдэгч Г.Үнэнбатын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...урьд ял шийтгэгдэж байгаагүй... " гэх лавлагаа /хх-94/,

-шүүгдэгч Г.Үнэнбатыг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр /хх-78-79/, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-80-81/ байцаасан тэмдэглэлүүд,

 

Шүүгдэгч Г.Үнэнбат нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг, Дунд Уртын эх гэх газарт өөрийн эзэмшлийн Вепрь 7.62х39 маркийн ангийн буугаар гадаа буудлага үйлдэн буунаас магазинаа салгахдаа хайхрамжгүй хандан гал хамгаалагчаа шалгалгүйгээр гэртээ орныхоо хөлд түшүүлэн тавьж, улмаар 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн оройн 19 цагийн орчимд уг бууг авч гэрээсээ гарахаар гэрийнхээ зуухны зүүн урд хэсэгт гал хамгаалагчаа шалгахаар бууныхаа гохыг санамсаргүйгээр дарснаас буунд байсан сумаар буудлага үйлдэгдэж, эсрэг талд нь буюу гэрийн баруун орны урд талд хоол идээд сууж байсан 16 настай О.Баасандуламын доод уруулын зүүн буланд сум орж хүзүүний зүүн ар дунд хэсгээр нэвтрэн гарч, түүнийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч О.Номин-Эрдэнийн....Үнэнбат ах орон дээрээ хэвтэж байгаад хөлд нь байсан буугаа аваад гарах үед сум алдаж нэг удаа буудлага үйлдсэн. Буу дуугарангуут Жагаа эгч хүүхдээ тэврээд орилоод гарсан, би араас нь хүүхдээ тэврээд орилоод гарсан. Тэгээд дахиж тэр гэрт ороогүй, би тэднийхээс гараад үлдсэн, удалгүй ээж ирээд бөөн орилоон чарлаан болсон...гэх мэдүүлэг, гэрч А.Болдмаагийн.... Буянжаргал гэрийнхээ гаднаас хонины хэвтрийн тэндээс Болдмаа эгчээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ээжийн бие муудсан юм байхдаа гэж бодоод өөдөөс нь явж очсон чинь Үнэнбат Думаа руу буу алдчихлаа гэхээр нь тухайн үед учрыг нь олоогүй ухаан балартаад тэрнээс хойш юу болсныг санахгүй, ухаангүй болчихсон, тэгтэл орой нь эмч ирээд тариа хийж байж намайг сэрээсэн. Тэгээд маргааш өглөө нь манай охиныг буудсан байсныг мэдсэн...гэх мэдүүлэг, гэрч Д.Нохойжавын... чинь намайг илүү гэрт ороход Баасандулам нь гэрийн голд орон дээр нас барсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Үнэнбат, Отгоо гэх талийгаачийн аавын хамт цусыг нь арчилцаад хувцасыг нь тайлаад хаяаг нь сөхөөд ах дүү нараа дуудаад ирсэн, тэгээд би Үнэнбатын гэрт ороод баруун орны өмнүүр хулдаасан дунд цус болчихсон, гэрийн зүүн урд байх хоолны шүүгээний өмнө босгоод түшүүлээд тавьсан байсан, Үнэнбат шалан дээр туссан цусыг арчиж байсан...гэх мэдүүлэг болон шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 89 тоот дүгнэлт, шинжээчийн 4609 тоот дүгнэлт, шинжээчийн 6525 тоот дүгнэлт, шинжээчийн 6524 тоот дүгнэлт, шинжээчийн 6587 тоот дүгнэлт, шинжээчийн 4611 тоот дүгнэлт, шинжээчийн 6530 тоот дүгнэлт, шинжээчийн 64 тоот дүгнэлт, шинжээчийн 6531 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Үнэнбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонбаатар нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Үнэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Үнэнбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар гэмт хэргийн хүндэвтэр зэрэгт багтаж байна.

 

Шүүгдэгч Г.Үнэнбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Г.Үнэнбат нь бусдад төлөх төлбөргүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Вепрь 7.62х39 маркийн голын төмрийн 2627 замагны 627 дугаартай ангийн зориулалттай ЦЕГ 007731 гэрчилгээтэй буу 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, сумын хошуу, хонгио, хөх өнгийн биеийн тамирын өмд, хулдаасны хэсэг, монгол гэрийн бүрээс, эсгий, доторлогоо, хөшигний хэлтэрхийнүүд, монгол гэрийн хананы мод 3 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Түнжин овогт Гантулгын Үнэнбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх зүйлийн зааснаар шүүгдэгч Г.Үнэнбатыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Үнэнбатад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сумын хошуу, хонгио, хөх өнгийн биеийн тамирын өмд, хулдаасны хэсэг, монгол гэрийн бүрээс, эсгий, доторлогоо, хөшигний хэлтэрхийнүүд, монгол гэрийн хананы мод 3 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгаж, хэрэгт хураагдаж ирсэн Вепрь 7.62х39 маркийн голын төмрийн 2627 замагны 627 дугаартай ангийн зориулалттай буу 1 ширхэгийг ЦЕГ 007731 гэрчилгээний хамт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгасугай. 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Үнэнбатад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар тогтоосугай.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Үнэнбатад хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан Г.Үнэнбатад мэдэгдсүгэй.

8. Ялтан Г.Үнэнбат нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг ялтан Г.Үнэнбатад мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА