Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн  Г.Н

            Хариуцагч: ОАГХБХБГ /дарга Д.Ц/-т холбогдох

            Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших тухай” А/308, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” А/602 дугаар бүхий захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2021/0010/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Н нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нөхөр Б.П-ийн эзэмшиж байсан 3500 м2 газрыг хуулийн дагуу өвлөн авсан ба аймгийн Засаг даргын 2018 оны А/308, 2020 оны А/602 дугаартай захирамжаар дээрх газрыг надад эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээг гарган өгөхгүй байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар удаа дараа хандсан боловч ГХБХБГ-аас тухайн газар дээр автомашины гараж ашиглаж байгаа иргэдийн хохирлыг барагдуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоно гэсэн хариу өгсөн. Энэхүү шийдвэрт нь аймгийн Засаг даргад гомдол гаргасан ба аймгийн Засаг даргаас томилсон эрх бүхий албан тушаалтан нь миний гомдлыг хянаад 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07/608 дугаартай албан бичгээр мөн л гараж эзэмшигч иргэдийн хохирлыг барагдуулсны дараагаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авах боломжтой гэх хариу өгч миний хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ....газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг гэтэл ГХБХБГ болон АЗДТГ нь илтэд үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байна.

Иймд Орхон аймгийн Засаг даргын 2018 оны А/308, 2020 оны А/60 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн ГХБХБГ-т даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/602 болон 2018 оны А/380 дугаартай захирамжаар тухайн газрыг надад эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан боловч би өнөөдрийг хүртэл дээрх газрын гэрчилгээг гаргаж авч чадаагүй байна. Тухайн газрын гэрчилгээг гаргуулах хүсэлтийг ГХБХБГ-т удаа дараа тавьсан боловч гараж ашиглагчдын хохирлыг барагдуулсны дараа гэрчилгээ олгоно гэж надад хууль бус шаардлага тавьж байгаа. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж байгаа тул гомдолтой байна. Хуулийн дагуу гэрчилгээг маань гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандсан. Харин ОАГХБХБГ /дарга Д.Ц/-т холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн  А/308 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

            Хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Г.Н-т өвлөх эрхийн гэрчилгээгээр Орхон аймгийн Засаг даргын 2018 оны А/308, 2020 оны А/602 дугаартай захирамжаар Зэст багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Үйлдвэрчний /эвлэл/ холбооны байрны замын зүүн талд газар эзэмшүүлсэн байдаг. Иргэний хуулийн 58 дугаар бүлэг “Өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах”-аар 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-д заасны дагуу “өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу өвлүүлэгч нөхөр Б.П-ийн эзэмшиж байсан газрын үүргийг хариуцах тул дээрх гарааш эзэмшигч иргэдийн хохирлыг барагдуулах шаардлагатай. Иймд Г.Н-ийн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтдээ Зэст багийн нутаг дэвсгэр дээр байгаа 76 ширхэг блокон гараж, 54 ширхэг төмөр гаражийн газрыг Г.Н П-оос өв залгамжлалаар авсан. 1200 м.кв газар нь орон сууцны зориулалтаар олгогдсон. Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, үлдэгдэл газраа эзэмшие гэсэн байдаг. Тухайн хүсэлтдээ гараж эзэмшигчидтэй хамтарч ажиллана гэсэн байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргаад 2300 м2 газрыг 2020 онд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Газар эзэмшигч нь гараж эзэмшигчидтэйгээ газар ашиглуулах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл тухайн иргэдийн яриагаар “..бид нар тухай үед 2013-2016 онд эрх шилжүүлэх нөхцөлтэйгээр хоорондоо гаражуудаа худалдаж аваад мөнгө төгрөгөө шилжүүлсэн” гэсэн зүйлийг баримттай ярьдаг. Эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй гэсэн гомдлууд манай байгууллага дээр ирдэг. Манай байгууллага руу албан бичгээр ч хандсан байгаа. Эдгээр өр төлбөрийн асуудлуудаа цэгцлээд газрын гэрчилгээгээ гаргуулах тухай албан бичгийг манай байгууллагын зүгээс Г.Н-т хүргүүлсэн байгаа. Үүний дараагаар гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу тухайн иргэн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариу ирүүлсэн. Тухайн хариу бичигтээ Зэст багийн нутаг дэвсгэр дээр байгаа гараж эзэмшигч нартай уулзалт зохион байгуулж байгаа, тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл мөнгө төгрөгний асуудлуудыг одоог хүртэл шийдээгүй гэсэн бичгүүд манай байгууллага дээр ирсэн байгаа” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                               ҮНДЭСЛЭХ нь:   

            Нэхэмжлэгч Г.Н нь ОАГХБХБГ /дарга Д.Ц/-т холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших тухай” А/308 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” А/602 дугаар бүхий захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах[1]-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших тухай” А/308 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  оролцохоо тайлбарлав.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/,  66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/, 66.3 /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана/ дахь хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд тодруулбал, хариуцагч юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.

Иймд нэхэмжлэгч Г.Н-ийн “ОАГХБХБГ /дарга Д.Ц/-т холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших тухай” А/308 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тухайн хэсэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” А/602 дугаар бүхий захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг  дараахь хууль зүйн үндэслэлийн хүрээнд бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Г.Н нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №10 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр нөхөр Г овгийн Б-ийн П-оос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах 6000 м2 газар /гаражийн зориулалт бүхий/-ыг өвлөж[2] авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

            Энэ дагуу нэхэмжлэгч Г.Н нь 2020  оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад өргөдөл[3] гаргасныг тухайн албан тушаалтан хүлээн авч өвлөгчөөс авсан 6000 м2 газраас 2300 м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэзмшүүлэх тухай” А/602 тоот захирамжаар шийдвэрлэсэн[4] бөгөөд тус захирамж нь хүчинтэй байна.

            Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” заасан.

            Орхон аймгийн ГХБХБГ-аас хүчин төгөлдөр бүхий Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/602 тоот захирамжийг үндэслэн 2300 м2 газарт иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох байтал тус чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, “...иргэдийн хохирлыг барагдуулсаны дараагаар эрхийн гэрчилгээ олгох боломжтой...” гэх хариу өгч  газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

            Тодруулбал, иргэд хоорондын маргааны үндэслэл, шаардлагыг хуульд зааснаар харьяалах шүүхэд тухайн иргэний өргөдөл /нэхэмжлэл/-ийн дагуу шийдвэрлэдэг бөгөөд хуулиас гадуур өөрт олгогдоогүй  эрхийг хэрэгжүүлж,  газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь өөрөө хууль бус юм.

            Харин гомдол гаргаж буй иргэд нь энэ талаарх маргаанаа шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй.

         Түүнчлэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/ заасанчлан Г.Н-тэй Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай”  А/602 тоот захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосноор түүнд газар эзэмших эрх үүсч, үүрэг хариуцагдах учиртай.

            Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчсөн болох нь тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийг хангаж, зохих захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” А/602 дугаар бүхий захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн ОАГХБХБГ /дарга Д.Ц/-т холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших тухай” А/308 дугаар бүхий захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг ОАГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, түүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАГХБХБГ-ын санхүүгээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ

 

 

[1] ХХ-ийн 1-2 дахь тал.

[2] ХХ-ийн 44 тал

[3] ХХ-ийн 84 тал

[4] ХХ-ийн 83 тал