Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2018/00547

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2018/00547

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Баяндун сумын 4 дүгэр багт оршин суух, ЖА91110105 регистрийн дугаартай, Цагаангууд овогт Энхжаргалын Шинэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багт оршин суух, Баяндун сумын газрын даамал ажилтай, ЖЭ90040378 регистрийн дугаартай, Алтжин овогт Чинбатын Баттэмүүжинд холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга, нэхэмжлэгч Э.Шинэцэцэг, хариуцагч Ч.Баттэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Шинэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд Ч.Баттэмүүжинтэй танилцан, дотно харилцаанд орсон. 2016 онд жирэмсэн болсон талаар Ч.Баттэмүүжинд хэлэхэд миний хүүхэд гэдгийг яаж батлах юм, миний хүүхэд биш гэж эрс эсэргүүцсэн. Намайг жирэмсэн байх үед болон төрсний дараа Ч.Баттэмүүжин нь огт холбоо бариагүй. 2017 оны 07 сард хүү Ш.Ханхүүг төрүүлсэн. 2017 оны 11 сард шүүхэд хандан эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай хүсэлт гаргасан. 2018 оны 01 сард шүүх хуралдаанд орох үед Ч.Баттэмүүжин үр хүүхдээ бодоод хамт амьдарна гэсэн учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Гэтэл шүүх хурлаас хойш Ч.Баттэмүүжин хүү бид хоёртой хамт амьдрах ямарч хүсэлгүй албан шахалтаар надтай амьдар гэсэн юм шиг байдал хандлага гаргасан. Ч.Баттэмүүжин нь өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болсон юм шиг байсан. Ч.Баттэмүүжин нь чамтай угаасаа хамт амьдрах хүсэлгүй, зөвхөн хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх үүднээс хамт амьдарна гэж хэлсэн гэдэг. Миний хувьд ч гэсэн Ч.Баттэмүүжинг надтай амьдар гэж гуйгаагүй үр хүүхдээ бодоод л ирж байгаад нь баярлан хүлээж авсан. Гэтэл өөр эмэгтэйтэй холбоотой болж, үр хүүхэддээ анхаарал халамж тавихгүй, намайг үл тоож байгаад нь гомдолтой байна. Би өөрийн гэсэн ажилтай үр хүүхдээ тэжээн тэтгэх чадвартай боловч хуульд заасны дагуу эцэг нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг мэдрүүлэх үүднээс Ш.Ханхүүгийн эцэг нь Ч.Баттэмүүжин мөн болохыг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ч.Баттэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд танилцсан. Э.Шинэцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой байгаагүй. Түүний зан ааш болон олон шалтгаанаас болон түүнтэй цаашид хамт амьдрах хүсэл байгаагүй. 2017 төрсөн Ш.Ханхүү нь миний төрсөн хүүхэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Шинэцэцэг нь тус шүүхэд хандан хариуцагч Ч.Баттэмүүжинд холбогдуулан "Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн байна.

Хариуцагч Ч.Баттэмүүжин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Талууд албан ёсны гэрлэлтийн баталгаагүйгээр гэр бүлийн харьцаа тогтоон, 2017 онд Ш.Ханхүүг төрүүлэн өсгөсөн болох нь зохигч талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Баяндун сумын эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ч.Баттэмүүжин нь 2017 онд төрсөн Ш.Ханхүүг өөрийн төрсөн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул Ш.Ханхүүгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр" гэж хуульд заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар заасан байх тул хариуцагч Ч.Баттэмүүжингээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн Ш.Ханхүүгийн төрсөн эцэг нь Чинбатын Баттэмүүжин мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн Ш.Ханхүүг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Чинбатын Баттэмүүжингээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Э.Шинэцэцэгт олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баттэмүүжингээс 100200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Шинэцэцэгт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ