| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2018/00497/И |
| Дугаар | 138/ШШ2018/00564 |
| Огноо | 2018-06-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2018/00564
| 2018 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 138/ШШ2018/00564 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 13 гудамжны 18 тоотод оршин суух ЖЭ85072207 регистрийн дугаартай, Тува овогт Батсүхийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 7-7 тоотод оршин суух, ЖД84090673 регистрийн дугаартай, Хөдөлмөрч овогт Цэндсүрэнгийн Пүрэвдаваад холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга, нэхэмжлэгч Б.Батцэцэг, хариуцагч Ц.Пүрэвдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Пүрэвдаваатай 2004 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай болж хамт амьдрах болсон. 2007 онд Гурванзагал сумын Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсны гэр бүл болсон. Гэр бүл болон хамт амьдрах эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан л амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд 4 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Сүүлийн жилүүдэд нөхөр Ц.Пүрэвдаваа нь хулгай хийж, гэр орныхоо эд хогшил, хоол хүнсээ хулгайлан архинаас өгөх болсон төдийгүй агсам согтуу тавьж, надад гар хүрч бие махбодид гэмтэл учруулан эрх чөлөөнд хүртэл халдах болсон. Хамт амьдрах аргагүй болсон учир 2013 онд 4 хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан. Тухайн үед ажил төрөлгүй, 4 хүүхдээ өсгөхөд хүндрэлтэй байсан учир 2016 онд 2 хүүхдээ эцгийнх нь асрамжинд өгсөн. Би одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болон хамт амьдарч байгаа бөгөөд хамт амьдарч буй хүнийхээ хүүхдийг 2017 онд төрүүлсэн. Иймд цаашид Ц.Пүрэвдаваатай хамт амьдрах боломжгүй.
Иймээс бидний гэрлэлтийг цуцлаж, 2005 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн Б.Одгарав, 2010 оны 08 сарын 27-ны өдөр төрсөн П.Хүслэн нарыг эцэг Ц.Пүрэвдаваагийн, 2007 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн Б.Одмаа, 2013 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн П.Нандин нарыг эх Б.Батцэцэгийн миний асрамжинд үлдээж өгнө үү.
Бидний хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Ц.Пүрэвдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батцэцэгтэй 2004 онд танилцан, гэр бүл болсон. Гэр бүл болон хамт амьдрах хугацаанд 4 хүүхдийн эцэг, эх болсон 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Охин Б.Одгарав, П.Хүслэн нар нь 2016 оноос хойш надтай хамт амьдарч байгаа. Би айлын мал харж, ноос ноолуурыг авч өгөх зэрэг ажлуудыг хийж үр хүүхдээ тэжээдэг. Цаашид ч гэсэн 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Б.Одмаа, П.Нандин нарыг эх Б.Батцэцэгийн асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь Ц.Пүрэвдаваагаас Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн байна.
Хариуцагч Ц.Пүрэвдаваа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2013 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон, эхнэр Б.Батцэцэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоон хамт амьдарч, үр хүүхэдтэй болсон зэргийг харгалзан Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцоонд хүрч 2005 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн Б.Одгарав, 2010 оны 08 сарын 27-ны өдөр төрсөн П.Хүслэн нарыг эцэг Ц.Пүрэвдаваагийн, 2007 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн Б.Одмаа, 2013 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн П.Нандин нарыг эх Б.Батцэцэгийн асрамжинд өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрч овогт Цэндсүрэнгийн Пүрэвдаваа, Тува овогт Батсүхийн Батцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн Б.Одгарав, 2010 оны 08 сарын 27-ны өдөр төрсөн П.Хүслэн нарыг эцэг Ц.Пүрэвдаваагийн, 2007 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн Б.Одмаа, 2013 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн П.Нандин нарыг эх Б.Батцэцэгийн хууль ёсны асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Зохигч талууд хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Пүрэвдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ