Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/257

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           10          09                                        2020/ШЦТ/257

                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: С.Бичинхүү

Иргэдийн төлөөлөгч: Х.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Ц.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цийн Бэд холбогдох 2012000000181 дугаартай хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малчин, Ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн ............ гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цийн Бэ, /РД:ЙМ.........../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Бэ нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг, Сайрын бүрдний өвөр гэх газарт иргэн А.Быг “Адуугаа алдсан” гэх шалтгааны улмаас зодож алсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2012000000181 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Бы өгсөн: “...Амь хохирогч нь миний төрсөн эгч байсан юм. Ц.Бэ миний нагац дүү байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б дүү над руу утсаар залгаад Б эгчийн бие Архангай аймгийн Хашаат суманд муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний байгаа газарт 19 цагийн үед ирэхэд нас барсан байсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Талийгаач А.Б, Ц.Бэ нар нь хоорондоо эелдэг харилцаатай хүмүүс байгаа юм. Таарамжгүй харилцаа байхгүй, өмнө нь зодож байсан тохиолдол байхгүй. Амь хохирогч Бод нэг хүү байдаг, 30 настай байх, багаас нь хүнд өргүүлчихсэн. Талийгаач нь Анж гэх хүний 6 хүүхдийн 3 дахь охин болон мэндэлсэн. Түүний төрсөн ах нь саяхан нас барсан. Ганц бие, нөхөр хүүхэдгүй. Эелдэг дөлгөөн, даруу төлөв зантай хүн байсан. А.Б боловсрол мэргэжил эзэмшээгүй, бичиг үсэг мэддэггүй хүн байсан. Би амь хохирогчийг ямар шалтгааны улмаас нас барсан талаар сайн мэдээгүй байна. Ц.Бэ зодсон юм шиг байна. Ц.Бэ нь ааш зан сайтай хүүхэд байгаа юм. Сүүлийн үед хааяа нэг архи уугаад байдаг болсон. Нэгэнт нас барсан хүний араас гомдол санал гаргаад байх асуудал байхгүй. Гомдолгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/,

Гэрч Ц.Бийн өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн нутаглаж байсан Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал гэх газраас нагац эгч Бтой хамт отроор 300 толгой малыг туугаад Булган аймгийн Бүрэг Хангай сум руу гарсан. Тэндээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байж байгаад буцаад эгчтэйгээ хамт нутаг руугаа гарсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Архангай аймгийн Хашаат сумын нутагт эгчтэйгээ хамт үргэлжлүүлэн малаа тууж орж ирсэн. Хашаат сумын төвийн хойд талд байх хашаанд малаа хашсан. Тухайн өдөр бороо ороод байсан учир бид 2 борооноос хорогдож тухайн хашаан дээр хоносон. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед хонио тууж гаргаад адуутайгаа хамт Б эгч араас нь хариулаад явсан Хашаат сумын баруун тал руу чиглэлтэй гарсан. Би дэлгүүр орж байцаа хайж байгаад Хашаат сумын төв дээр байх Батаа ахын гэрт ороод өмнөх өдөр нь гуйж авсан хөнжил гудсаа өгөөд будаа идээд сууж байтал Батаа ах дэлгүүр ороод пиво аваад ир гэхээр нь би дэлгүүрт ороод алли баба 1 ширхэг, тамхи, 100 гр 2 шил Ерөөл, Нийслэл нэртэй 2 сав 2,5 л пиво, 2 лааз 0,5 л пиво аваад дэлгүүрээс гартал Батаа ах хонио туугаад явж байснаа намайг голын эрэг дээр дэрсэн дунд байж бай гэхээр нь би дэрсэн дунд сууж байтал Батаа ах ирээд би Батаа ахтай хамт авч явсан пивоо бүгдийг нь ууж дууссан учир нь би дахин нэг сав Нийслэл нэртэй пиво авч ирээд түүнийг уугаад сууж байтал мотоцикльтой ах ирээд хамт пивоо ууж дуусгасан. Дууссаны дараа тэр ах пиво авч ирээд мөн түүнийг уусан. Тухайн үед би нилээн их согтсон байсан. Тэр пивоо ууж байх дундуураа нэг айлд очиж пивонаасаа уугаад байсан. Тухайн гэрийн эзнийх нь нэрийг би санахгүй байна. Би пивоо уугаад дуусахад 18 цаг болж байсан. Би Хашаат сумын төвөөс баруун тийшээгээ эгчийнхээ араас явж байтал байран дээр манай эгч Б хонио хашаад айлын гадаа байсан санагдаж байна. Тэр айлаар би ороогүй. Нэрийг нь мэдэхгүй байна. Би эгч Боос адуу хаашаа явсан бэ гэтэл эгч хэн мэдэх юм бэ? Тогтохгүй байсан, чи өөрөө хаашаа яваад ирж байгаа юм бэ? гээд уурлаад байхаар нь би нурууруу нь гараар алгадсан. Тэгээд би эгчийг мотоциклийнхоо ард суулгаад адуугаа хайгаад явж байхад эгч уурлаад байхаар нь би мотоциклоо зогсоож байгаад бууж ганц 2 удаа нүүрэн хэсэгт цохиод унахад нь өшиглөсөн. Би бол бөгс нурууруу нь өшиглөөд байж байхад ухаан алдаад унасан. Гэхдээ амьсгалаад байсан. Тэгэхээр нь би тал пивоо дээрээс нь асгаад цээжин дээр нь дараад хиймэл амьсгаа хийсэн. Эгчийн толгойных нь урд талаас буюу духнаас нь цус бага зэрэг гоожоод байсан. Тиймээс эгч Быг мотоцикль дээрээ дүүрээд явж байтал амьсгаа хураасан. Би хонь хашсан байран дээрээ ирээд Б, Хол гэх төрсөн ах нартаа Б эгч өнгөрчихлөө би уурандаа болоод цохисон. Тэгээд үхсэн би одоо яах вэ? гэж асуугаад тэнд байсан усыг нүүрэн дээр нь асгатал сэрэхгүй байсан. Би тухайн үед өөрийгөө хорлочихмоор санагдаад байсан. Би буруу юм хийчихлээ эгчийгээ хонины хашаан дээрээ байлгаж байдаг байж гэж бодоод харамсаад байна. Миний эгч нар жаргах үед нас барсан. Би цагийг нь хараагүй. Амь хохирогч А.Б надтай ноцолдож, зодолдоогүй. Миний эгч бие жижигхэн хүн байсан. Бие нь сулбагар байсан. Бороонд цохиулаад мөн олон хоног малд яваад бие нь их муу байсан. Хөдөө бол эгчийг би өргөөд уйлаад тэр хавиар ул мөр үлдсэн. Б эгч сэтгэцийн өвчтэй гээд 2007 билүү 2008 онд групп тогтоолгож байсан. Анх цагдаагийн байгууллагад манай ах нар дуудлага мэдээлэл өгсөн байх, би хэнийг дуудлага өгсөн талаар мэдээгүй. Эгчийг мотоцикль дээр дүүрээд явж байх үөд миний өмсөж явсан дээл гутал гээд бүх хувцас цус болсон. Би 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн төвд төрсөн. Би Тарагт сумандаа 1 дүгээр ангиасаа 9 дүгээр ангиа төгстөл суралцсан. 1 дүгээр ангидаа 2001 онд элсэн орсон. Миний бага ангийн багш Будсүрэн гэж хүн байсан. Өвөрхангай аймгийн төв дээр амьдардаг. Дунд ангийн багш Бундхорол гэх хүн байсан. Тарагт сумандаа багшилж байгаа. 9 дүгээр ангиа төгсөөд 2009 онд Техник технологийн коллежид 2,5 жил суралцаад төгссөн. Би 2013 онд Улаанбаатар хот Сонсголонгийн тэнд байрлах 013 дугаар цэргийн ангид нэг жил алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 2014 оноос Улаанбаатар хотод барилгын ажил хийж байсан. 2016 оноос Өвөрхангай аймагт мал малладаг болсон. Би 2017 онд Чаминчулуун гэх эмэгтэйтэй хамт амьдраад хүүхэдтэй болоод салсан. Надаас өөр хүнтэй явалдаж байгаад баригдсан. Надад улсаас авсан гавъяа шагнал байхгүй. 2019 онд Эрдэнэтэд согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж баривчлагдаж байсан. Талийгаачийн ах дүү нар гэвэл миний ээж Тогтох, Б гэх төрсөн дүү нь байгаа ах эгч нар нь байдаг. Би зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Би гар, хөлөөрөө зодсон. Би талийгаачтай хамт мотоцикльтой явж байгаад унаагүй. Би анх айсандаа мотоцикпоос унаад нас барсан гэж хэлсэн. Шинжилгээ хийхээр шалтгаан нь гараад ирэх байх гэж би бодож байна. Би өөрийнхөө мэдүүлгийн үнэнээр нь өгч байна. Мэдүүлэгт дурдсан газруудыг заагаад өгч чадна. Миний ухаан снанаа эрүүл. Уг асуудал болоход энэ талаар хэн ч хараагүй. Эгчийгээ цохиж зодсон талаараа бол ах нартаа хэлсэн. Талийгаачийг өөр хүн зодоогүй. Би л уурандаа цохисон. Ална гэж цохиогүй. Намайг цагдаагийн алба хаагч нар зодоогүй, би эгчийгээ огт зодож байгаагүй. Би 13 тооны адуу тууж явсан. Би ах нарлуугаа залгасан цагийг санахгүй байна. 89813000 гэсэн дугаараас 80089399, 88282007 гэсэн дугаарт залгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 хуу/,

Гэрч Б.Тн өгсөн: “...Ц.Бэ, Б гэх хүмүүсийг би танихгүй. 2019 онд отор хийж явна гээд манай дүү Батбаатартай уулзаж танилцаад явсан гэж Батбаатар хэлсэн юм. 2020 оны 05 дугаар сарын 28-ны орой 19 цаг өнгөрч байхад Ц.Бэ гэх залуу Б гэх эгчтэйгээ отор хийгээд буцаад явж байна, малаа эзэнгүй айлын байранд хашчихлаа гээд ирсэн юм. Тэгээд хоол унд идээд хөнжил гудас аваад явсан юм. Маргааш өглөө нь буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Бэ гэх залуу хөнжил гудас авч ирээд явлаа гээд явсан юм. тухайн өглөө манайд хөнжил гудас авч ирэхдээ эрүүл ирсэн, эгчийгээ хонь адуугаа туугаад явж байгаа би одоо араас нь явлаа гэж байсан. Тухайн өдөр миний төрсөн дүү Батбаатар Бэтэй гэрт уулзаад гарсан. Би Бийг гэрээс гараад эгчийнхээ араас одоо яв гээд эгчид нь саванд аарцтай будаа хийж өгөөд явуулсан юм. Араас нь 10-20 минутын дараа Батбаатар хониндоо явлаа гээд яваад орой согтуу ирсэн. Бэтэй уулзсан эсэхийг мэдэхгүй байна. Бэ манайд ирэхэд ямар нэгэн шарх сорив харагдаагүй. Архи хэрэглээгүй. 2019 онд отор хийгээд ирээд явахдаа манай дүү Батбаатартай архи ууж байгаад явсан гэж байсан болохоор би Бийг хурдан яв гээд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,

Гэрч Б.Батбаатарын өгсөн: “...Би Ц.Бийг танина. Б гэх эмэгтэйг танихгүй. Намайг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Долоон гол гэх газар хонь үхрээ хараад байж байхад Ц.Бэ Булган аймагт отор хийгээд буцаж явна гээд тааралдсан. Тэгээд бороонд мал нь уруудсан учраас Ц.Бэ нь малаа хашчихаад буцаад Б гэх эгчийнхээ хамт манайд ирж хоол идсэн. Ц.Бэ нь манай ээжээс хоёр хөнжил, хоёр гудас гуйж аваад байран дээр амбаар байна, хоночихож болохоор юм байна гээд авсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний  өдөр 09 цагийн үед хөнжил, гудсаа авчирч өгөөд танд маш их баярлалаа гээд 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво уусан. Ууж байхдаа манай нэг байдас алга болчихож, сураглаж байгаарай гэсэн. Тэгээд би явах гэхэд дахиад нэг пиво уучих гээд 2,5 литрийн Нийслэл гэдэг пиво уусан. Биднийг пиво ууж байхад манай саахалтын Э гэдэг хүн явж таарсан. Би Эг дуудаад Ц.Бэ, Э нар дахин пивонд явсан. Тэгээд пиво авчраад ууж байхад бороо ороод Ц.Бэ малруугаа яараад явсан. Би Ц.Бийг явахад эгчдээ өгөөрэй гээд варианы шилтэй аарцтай будаа, 20.000 төгрөг өгөөд сайн яваарай гээд явуулсан. Ц.Бэ, Б нар манайд ирэхдээ хэрэлдэж маргалдаагүй, ил харагдах шарх сорвигүй байсан. Мөн Б манайд ирээд мэнд мэдсэнээс өөр юм яриагүй, бороотой байсан учраас хувцас нь норсон, даарсан байсан. Ц.Бэ, Э бид гурвыг пиво ууж байхад биднээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-43 хуу/,

Гэрч Б.Ноохын өгсөн: “...Манай хүү Ц 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үхрээ босгох гээд гэрээсээ гарсан. Тэгээд Ц.Бэ гэх залуутай таарахад адуугаа алдчихлаа, харсан уу гэж асуусан гэсэн. Тэр үед Ц.Бэ гэх залуу хонь тууж явсан гэсэн. Тэгээд хамт явсан эмэгтэйрүүгээ цагаан өнгийн даавуун зүйл шидээд байсан гэсэн. Мөн согтуу явж байх шиг байсан гэж ярьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/,

Гэрч Ц.Хлын өгсөн: “...Ц.Бэ нь миний төрсөн дүү, амь хохирогч А.Б нь миний ээж А.Ичинхорлоогийн төрсөн дүү 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын орчим өөрийн төрсөн дүү болох Ц.Бэтэй гар утсаар ярьж холбогдоход Б эгч нас барчихсан юм шиг байна. Учир нь адуу алдсан байхаар нь би хоёр удаа цээж рүү нь өшиглөсөн. Бас газар уначихсан байхаар нь ганц хоёр удаа цохисон байх, амьсгаа байхгүй, бие хөрсөн байна. Одоо яах вэ гэхээр нь би хариуд нь юу яриад балараад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би өөрөө гар утсаа тасалсан юм. Тэгээд би өөрийн төрсөн дүү болох Ц.Бтэй уулзаад Бг чи Архангай аймгийн Хашаат сумын хэсгийн төлөөлөгч рүү ярь гэж хэлсэн. Тэгээд Б хэсгийн төлөөлөгч рүү нь ярьсан. Б бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Архангай аймгийн Хашаат сумын хэсгийн төлөөлөгч рүү хэлэхгүй бол болохгүй гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Талийгаачийг яагаад нас барсан талаар намайг асуухад Архангай аймгийн Хашаат сумын төв орчихоод ирсэн чинь адуугаа алдсан байсан. Үүний улмаас хоорондоо маргалдаж ийм асуудал болчихлоо гэж хэлсэн. Амь хохирогч Өвөрхангай аймгийн Тарагт сум 2 дугаар баг, Арвайн тал гэх газар миний төрсөн ээж Ичинхорлоо, дүү Ц.Бэ нарын хамт хөдөө мал маллаж амьдардаг байсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сум руу отор хийгээд явж байсан. Тэгээд отроосоо буугаад буцаж явж байсан юм. Амь хохирогч миний төрсөн дүү Ц.Бийн хамт хоёулаа явж байсан. Манай ээж Ичинхорлоо нь тухайн үөд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байсан юм. Амь хохирогч маань Ц.Бийн ээжээс нь өөрцгүй хүн байгаа юм. Хар багаас нь өсгөж нэг гэрт цуг байдаг байсан. Мөн Ц.Бийг хүмүүсээс өмөөрч хамгаалдаг байсан. Ц.Бэ, амь хохирогч нар хоёулаа хамт явж байсан. Түүнээс гаднаас ямар нэгэн хүн яваагүй. Ц.Бэ нь цочир уурлах гээд байдаг. Уурласан хойноо юу болсноо иргээд санадаггүй тийм хүүхэд байгаа юм. Манай дүү Бэ нь 1993 онд Ц гэх айлын 6 дахь хүүхэд буюу отгон хүүхэд болж мэндэлсэн юм. Бага насандаа аав, ээжийн гар дээр хөдөө өссөн Цэцэрлэгт сурч байсныг нь би мэдэхгүй харин 7 настай байхдаа Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид орж тэндээ 9 дүгээр ангиа төгсөөд Улаанбаатар хот руу явж коллежид сурсан бөгөөд ямар коллежид сурсанг би мэдэхгүй байна. Ямар ч байсан манай дүү график дизайнер мэргэжлээр төгсөөд ээж дээр ирж хөдөө мал маллаж байгаад 2013 онд Улаанбаатар хот Холбооны 013 дугаар ангид цэргийн алба хаагаад 2014 онд халагдаж ирээд одоог хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумандаа мал маллан амьдарч байгаа. төрсөн эх Ичинхорлоо, эгч Амь хохирогч А.Б нарын хамт амьдарч байсан юм. Манай дүү Бэ хүнд тусархуу элдвийн ямар нэгэн ааш араншингүй. Томоотой тохитой хүүхэд байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/,

Гэрч Д.Эгийн өгсөн: “...Намайг усанд явж байхад Батбаатар ах дуудаад ахын дүү ганц аяга пиво уучих гээд өгсөн. Тэгээд Батбаатар ахтай хамт байсан танихгүй залуу ахаа та яваад ганц пиво аваад ирэх үү гээд надад 20000 төгрөг өгсөн. Тэгээд би пиво авчирч өгөөд тэр пивоноос нэг аяга уугаад худаг хаалаа гээд усандаа явсан. Намайг явахад тэр танихгүй залуу Булган аймгийн Бүрэнхангай сумаас отор хийгээд буцаж явна. Хээр байдас алдчихлаа, сураглаж байгаарай гэсэн. Тухайн үед Ц.Бэ гэх залуу нилээд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/,

Гэрч М.Оийн өгсөн: “...Ц.Бэ гэх нэртэй залуу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ганцаараа манай дэлгүүрт орж ирээд Булганы Бүрэгхангайгаас отор хийгээд буцаж байна. Ямаа бээрээд байна гэж ярьж байсан. Тэгээд 100 грамын Ерөөл архи 2 ширхэг, 2,5 литрийн нийслэл пиво нэгийг аваад гарсан. Өглөө 10 цагийн үед орж ирж байсан. Тэгээд тухайн үед тэр залуу нэг байдсан гүү алдчихлаа, ахад захисан гэж ярьж байсан. Ц.Бэ гэх залууд ил харагдах шарх байгаагүй. Тухайн үед ногоон өнгийн борооны цувтай байсан, өөр анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/,

Гэрч Ц.Цгийн өгсөн: “...Манай төрсөн аавынх Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Хүрэн чулууны үзүүр гэх газар байдаг юм. Би Улаанбаатар хотоос төрсөн дүү Нарангэрэлийн малын саравч барих ажлаар ирсэн юм. Тухайн өдөр 17 цагийн үед хэнийх нь мэдэгдэхгүй хэсэг хонь байсан хажууд нэг эмэгтэй хүн яваад байсан. 18 цаг өнгөрч байх үед манай өргүүлдэг үнээ хэвтээд босохгүй болохоор нь тухайн хаваржааны байрны ойролцоо мотоцикльтой ганцаараа очоод үнээгээ босгоод буцаад аавынх руугаа явж байхад нэг мотоцикльтой залуу нөгөө хонины хажууд явж байсан эмэгтэй рүү цагаан өнгийн даавуу мэт зүйл шидээд байсан. Тэгээд би хажуугаар зөрөөд өнгөрөх гэтэл нөгөө залуу намайг дуудаж зогсоогоод бараан зүсмийн голдуу адуу харагдсан уу гэж асуухаар нь би ах нь хараагүй гэж хэлсэн чинь бас нэг байдас алдчихлаа гэж байсан. Тэгээд согтуу юм шиг болохоор нь аавын гэрлүү явсан. Тухайн үед би тэр хоёрын хажууд удаагүй болохоор хэрүүл, зодоон хийсэн эсэхийг мэдээгүй, эмэгтэй нь зүгээр зогсож байсан, нөгөө залуу улаан өнгийн мотоциклийнхаа рүль дэрлээд надтай юм ярихаар нь согтуу байна гэж харсан. Эмэгтэй нь бор саарал өнгөтэй дээлтэй, эрэгтэй нь ч мөн адил бор саарал өнгийн гэхээр дээлтэй толгойдоо ногоон алаг өнгийн малгайтай байсан. Өөр хувцасыг нь анзаараагүй. Тэдэнд илт харагдсан шарх сорив гэхээр зүйл байхгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/,

Гэрч Ц.Бгийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Бэ эгч Б бие нь муу байна. Ухаан алдчихлаа гэж усаар над руу залгаад хэлэхээр нь би эмнэлэг ороод үзүүл гээд нэх их тоогоогүй. Удаагүй над руу Бэ залгаад эгч өнгөрчихлөө би мотоцикль дээрээ аваад явж байна. Бас мотоциклоосоо уначихлаа гэхээр нь би зам тээврийн осол болоод эгч нас барсан гэж ойлгоод би Хашаат сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэл өгсөн. Гэтэл зам тээврийн осол болоогүй Бэ өөрийн нагац эгчийгээ уурандаа зодож алсан байна. Миний төрсөн дүү Ц гэх хүний хамгийн бага буюу 6 дахь хүү нь болон 1993 онд онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Цэцэрлэгт сууж байгаад Тарагт сумын сургуульд 1-9 дүгээр ангиа төгстөл суралцсан. 10 дугаар ангидаа суулгүй Улаанбаатар хотод Техникийн коллежид суралцсан. Дүү маань хүнд тусархуу, төлөв даруу. шударга, гарын дүйтэй, малд нүдтэй. Нэг зүйл хийнэ гээд л орсон бол тууштай, үүнийгээ л гүйцэт хийдэг. Цэргийн алба хаасан. Эхнэр хүүхэдгүй. Өөрийнх нь хүүхэд биш байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,

Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж байна. Тулгамдаад байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-15 хуу/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 хуу/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-34 хуу/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 66-77 хуу/,

Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтэд:

  1. Амь хохирогч А.Бын цогцост, оношны 1, З.А-д тусгагдсан гавал тархины болон биеийн гадаргуугийн шинэ цус хуралт, зулгаралт, З.Б-д тусгагдсан хуучиг зулгаралт гэмтэл, 2-рт тусгагдсан гавал тархины гэмтлийн хүндрэлүүд тогтоогдсон.
  2. Учирсан олон тооны шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүсчээ. Баруун хөлийн эрхий хурууны хэсэгт байх хуучин зулгаралт гэмтэл нь ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
  3. Тархины баруун ба зүүн чамархай, дух, зулайн хэсгээр болон бага тархины аалзан бүрхүүл доор их хэмжээний тархмал хар хүрэн цус харвалт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, өвчүүний хөндлөн хугарал, баруун талын 2, 9, 10, 11, 12-р хавирганы нэг шууд хугарал гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, бусад биеийн гадаргуугийн шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь амь хохирогч А.Бын нас барсан гэх цаг хугацаатай тохирч байх шинэ гэмтлүүд байна.
  5. Тухайн гэмтлүүд нь талийгаачийг амьд байхад нь үүсчээ.
  6. Амь хохирогч нь тархины баруун ба зүүн чамархай, дух, зулайн хэсгээр болон бага тархины аалзан бүрхүүл доор их хэмжээний тархмал хар хүрэн цус харвалт гэх амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
  7. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг өвчин эмгэг тогтоогдоогүй.
  8. Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна гэх дүгнэлт /хх-ийн 78-80 хуу/,

Цогцост задлан шинжилгээ хийсэн болон эд зүйлд үзлэг хийсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-90 хуу/,

Шүүгдэгч Ц.Бийн сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн №03 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-90 хуу/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3161 дугаартай

Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн дээл, 1 хос гутал, чулуу, мотоциклийн арлын дугаарын ар хэсгээс бэхжүүлж авсан гэх 2 ширхэг арчдас дээр цус илэрсэн.

Бор өнгийн дээл, 1 хос гутал, чулуу, мотоциклийн арлын дугаарын ар хэсгээс бэхжүүлж авсан гэх 2 ширхэг арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

Бор өнгийн дээл, 1 хос гутал, чулуу, мотоциклийн арлын дугаарын ар хэсгээс бэхжүүлж авсан гэх 2 ширхэг арчдас дээр нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн нь амь хохирогч А.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Амь хохирогч А.Б, Ц.Бэ нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов гэх дүгнэлт /хх-ийн 136-137 хуу/,

Боржигон овогт Цийн Бэ, /РД:ЙМ93082919/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 150 хуу/,

Ц.Бийн хувийн хэрэг /сурагч/ /хх-ийн 161-168 хуу/,

Мэргэжлийн боловсролын үнэмлэх, суурь боловсролын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 169-174 хуу/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалга хуудас /хх-ийн 189 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 190-192 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бэ нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг, Сайрын бүрдний өвөр гэх газарт иргэн А.Быг “Адуугаа алдсан” гэх шалтгааны улмаас зодож алсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Бэ үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Бы өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б дүү над руу утсаар залгаад Б эгчийн бие Архангай аймгийн Хашаат муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний байгаа газарт 19 цагийн үед ирэхэд нас барсан байсан. Ц.Бэ зодсон юм шиг байна. Ц.Бэ нь ааш зан сайтай хүүхэд байгаа юм. Сүүлийн үед хааяа нэг архи уугаад байдаг болсон. Нэгэнт нас барсан хүний араас гомдол санал гаргаад байх асуудал байхгүй. Гомдолгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, гэрч Ц.Хлын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын орчим өөрийн төрсөн дүү болох Ц.Бэтэй гар утсаар ярьж холбогдоход Б эгч нас барчихсан юм шиг байна. Учир нь адуу алдсан байхаар нь би хоёр удаа цээж рүү нь өшиглөсөн. Бас газар уначихсан байхаар нь ганц хоёр удаа цохисон байх, амьсгаа байхгүй, бие хөрсөн байна. Одоо яах вэ гэхээр нь би хариуд нь юу яриад балараад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би өөрөө гар утсаа тасалсан юм. Тэгээд би өөрийн төрсөн дүү болох Ц.Бтэй уулзаад Бг чи Архангай аймгийн Хашаат сумын хэсгийн төлөөлөгч рүү ярь гэж хэлсэн. Тэгээд Б хэсгийн төлөөлөгч рүү нь ярьсан. Б бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Архангай аймгийн Хашаат сумын хэсгийн төлөөлөгч рүү хэлэхгүй бол болохгүй гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Талийгаачийг яагаад нас барсан талаар намайг асуухад Архангай аймгийн Хашаат сумын төв орчихоод ирсэн чинь адуугаа алдсан байсан. Үүний улмаас хоорондоо маргалдаж ийм асуудал болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/,гэрч Ц.Бгийн өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Бэ эгч Б бие нь муу байна. Ухаан алдчихлаа гэж усаар над руу залгаад хэлэхээр нь би эмнэлэг ороод үзүүл гээд нэх их тоогоогүй. Удаагүй над руу Бэ залгаад эгч өнгөрчихлөө би мотоцикл дээрээ аваад явж байна. Бас мотоциклоосоо уначихлаа гэхээр нь би зам тээврийн осол болоод эгч нас барсан гэж ойлгоод би Хашаат сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэл өгсөн. Гэтэл зам тээврийн осол болоогүй Бэ өөрийн нагац эгчийгээ уурандаа зодож алсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж байна. Тулгамдаад байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 хуу/,Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-15 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 хуу/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-34 хуу/,цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 66-77 хуу/,амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-80 хуу/,цогцост задлан шинжилгээ хийсэн болон эд зүйлд үзлэг хийсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-90 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бэ нь амь хохирогч Б.Бтой маргалдан улмаар, түүнийг зодож, биед нь амь        хохирогч нь тархины баруун ба зүүн чамархай, дух, зулайн хэсгээр болон бага тархины аалзан бүрхүүл доор их хэмжээний тархмал хар хүрэн цус харвалт гэх амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна.

         

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Ц.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бэ нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэгтээ”...гомдолгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/,хавтаст хэргийн материалтай танилцахдаа “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 195хуу/ гэсэн байх тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бэд 5жил 4сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”гэж мөн хуулийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.

Хүний амь нас нь нөхөн төлөгдөхгүй хор уршигт тооцогдоно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх  хэсэгт зааснаар хөнгөрүүлж, ял оноож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас  учирсан хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд 9/ ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний  2020 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  нийт 131 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу 1 /нэг/ ширхэг, бэхжүүлэн авсан арчдас 2 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Цийн Бийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд 9 /ес / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд оногдуулсан 9 /ес / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн 2020 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хоригдсон нийт 131 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу 1 /нэг/, бэхжүүлж авсан арчдас  2 /хоёр/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэээгүй, шүүгдэгч Ц.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдусгай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

                         

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР