Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

 

2020/ШЦТ/308

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Бийн Дид холбогдох 2012000000382 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............эх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х овогт Бийн Д /РД:АЮ............/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хойд булаг гэх газарт хохирогч Н.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг баруун гуя орчимд нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны гадна доод, дотор дунд хэсэгт хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эрүүгийн 2012000000382 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Н.Тын өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед би ганцаараа малд явж байгаад Дийн гэрт очсон юм. Тухайн үед би бага зэрэг халамцуу байсан юм. Тэгээд манай нэг бяруу Дийн үхэртэй нийлсэн байсныг авах гээд очиход манай үхэрт байхгүй гэсэн. Би Дид харж байгаарай гэж өмнө нь хэлж байхад манай үхэрт байгаа л гэж хэлээд байсан. Үүнээс болж Дтой маргалдаад, заамдалцаад салсан. Тухайн үед биднээс өөр хүн байгаагүй. Д нь чамайг ална аа гээд тогооны авдарнаасаа хутга гаргаж ирээд миний гуя хэсэг рүү хутгалсан. Хутга нь нэвтрээд үзүүр нь гараад ирсэн. Д намайг хутгалчихаад гараад явахаар нь би мотоциклио унаад харьсан. Цус их гарсан учраас багийн эмчид үзүүлээд, аймагт ирж эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Одоо шархны ойр орчимд хөндүүртэй байгаа. Бид барьцалдаж аваад салахад гэнэт л чамайг ална гээд хутга аваад гуяруу хутгалсан. Бидний дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед Д эрүүл, би харин бага зэрэг халамцуу байсан, болсон үйл явдлыг санаж байна. Д миний эмнэлгт хэвтсэн ор хоногийн мөнгийг төлсөн, өөр мөнгө өгөөгүй. Одоогоор ирж уулзахгүй, уучлалт гуйхгүй, яаж байна гэж асуухгүй байгаад гайхаж байна. Гомдол саналгүй гэж хэлж чадахгүй байна. Биеийн байдлаа болон Дийг харж байгаад болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 ху/,

Хохирогч Н.Тын дахин өгсөн: “...Надад одоо гомдол санал байхгүй. Миний бие эдгэрч сайжирч байна. Дтой учраа олсон. Энэ асуудлыг түргэн шийдүүлмээр байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/,

Б.Дийн гэрчээр өгсөн: “...Н.Т нь манай нутгийн иргэн байгаа юм. Төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хойд булаг гэх газарт малын бэлчээр дээрээ байж байхад 12 цагийн үед Т ах ирээд танай үхэрт байсан халзан зүсмийн бяруу байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т ахад саяхан байсандаа ахаа гэж хэлтэл айлын үхэррүү орсон юм болов уу гэж хэлтэл мотоциклоо унаад явсан. Орой нь намайг өвөлжөөн дээрээ байж байхад манай гэрийн гадаа мотоцикл дугараад Н.Т ах ирсэн. Би аавын гэрээс гараад иртэл манай гэррүү Т ах орсон. Би араас нь дагаад ортол Т ах би бяруугаа хайгаад олсонгүй гэхээр нь би энэ хавиар байгаа байхдаа гэж хэлтэл надруу чи муу гөлгөө олж өг гэхээр нь би дуугүй сууж байсан. Манай гэрийн баруун талын орон дээр миний хажууд ирж сууж байснаа намайг шанаа хэсэг рүү хоёр удаа цохиод авахаар нь та яаж байгаа юм бэ гэтэл чи энэ нутагт амьдрахгүй гэж хэлээд намайг хүзүүнээс боогоод одоо хувцсаа өмс хоёулаа явж бяруугаа олж авна гэхээр нь би миний охин дүү, бас миний охин байна, өглөө бярууг чинь хайя гэтэл тайвшраад зүүн талын орон дээр сууж байхаар нь өглөө ахаа бярууг чинь олно гэтэл дахиад над руу ирснээ хоолой боогоод эргүүлэг, эргэнэгний тэнд яваад очхоор нь би шүүгээгээ онгойлгоод Т ахыг болиулах гээд хутга гаргаж ирээд баруун гартаа атгаж байгаад баруун гуя хэсэгт нь дүрсэн. Тэгтэл Т ах намайг тавьсан. Би айгаад аавын гэрт орсон. Манай гэрт ирж намайг зодоод, заамдаад салахгүй байхаар нь би хутгалсан юм. Би гэртээ байсан өөрийнхөө өмчийн шар иштэй гэмээр хутгаар гуян тус газарт нь хутгалсан. Энэ талаар харсан хүн байхгүй. Гэхдээ манай дүү Мягмарсүрэн мэднэ. Өөр хэрэг гарах үед хажууд нь байсан хүн байхгүй. Т ах манайд ирэхдээ бага зэрэг халамцуу байсан, тэгтлээ согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 ху/,

Гэрч О.Нийн өгсөн: “...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хойд булаг гэх газарт өвөлжөөндөө байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед миний нөхөр Т алга болсон, айлын үхэрт байсан бяруугаа олж ирэхээр гэрээсээ гараад явсан. Өдөр нөхөр маань утсаар яриагүй мөн гэртээ ирээгүй. Би хаагуур явсан талаар нь мэдээгүй байсан. Тэгтэл Т 21 цагийн үед гэрийн гадаа мотоцикльтойгоо ирээд Нээ би үхлээ гээд орилохоор нь би гартал мотоциклоосоо буугаад гэр тойруулж барьсан хашааг даваад ороод ирсэн. Би гэртээ ороод юу болсныг харахаар дээлийг нь сөхтөл миний нөхөр Тын өмдний баруун гуя хэсгээр нэвт цус гоожсон байдалтай байсан Т нь намайг хутгалчихлаа гээд хэлэхээр нь би хэн хутгалсан талаар асуухад Бандигараа гэж дууддаг Д намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Өмдийг нь тайлахад хутгалсан гэмээр шарх харагдаж, уг шархнаас цус гарч байсан. Би нөхрийнхөө бүсэлж явсан бүсээр нь гуян дахь шархны дээд талд нь чангалуур тавьсан. Цусыг нь тогтоох зорилготой байсан. Шархны ойр орчмыг цэвэрлээд гар утсаа авч нөхрийн эцэг Нямдавааг аваад Цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага мэдээлэл өгөхөөр уул руу машинаар явсан. 23 цагийн үед манай гэрт түргэн тусламж ирсэн. 00 цагийн үед Архангай аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирсэн. Нөхрийг минь Хоршооллын эмч нар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн ирсэн өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Д болон манай нөхрийн хооронд өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Нутгийн гэмгүй сайхан ах дүү нар байгаа юм. Яагаад хутгалсан талаар би мэдэхгүй байна. Манай нөхөр Т надад хэлэхдээ бяруун дээрээс нь маргаад байж байгаад хутгалчихлаа гэж хэлсэн. Манай нөхөр гэртээ ирэхдээ архи уух нь уусан байсан. Гэхдээ нээх их согтоогүй бүх зүйлийг мэдээд үйл явдлуудыг сайн мэдэж байсан. Миний нөхөр Т бол даруу төлөв зантай нутгийн хүмүүс сайн мэднэ. Би 2013 оноос хойш би Ттай хуримаа хийгээд Хоршоолол амьдарснаас хойш Д болон түүний эцэг Б нартай нэг голд амьдарч байна. Д нь нь даруу төлөв гэмээр харагддаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/,

Гэрч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: “...Б.Д бол миний төрсөн хүү байгаа юм. Харин Т бол манай нутгийн хүн байгаа юм. Төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хойд булаг гэх газарт өвөлжөөндөө байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн гэрээсээ нөхөр Бийн хамт Улаанбаатар хот руу 12 цагийн үед гараад явсан. Тэгтэл Д орой 20 цаг өнгөрч байхад над руу залгаад Т ахтай муудалцаж байгаад би хутгаар хатгачихлаа, баларсан юм боллоо гэж хэлсэн. Би өөрийн нөхөртэй хамт Архангай аймагт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иртэл Т эмнэлэгт хэвтсэн. Биеийн байдал нь тийм ч муу биш байна. Би болсон хэргийн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Тыг Д хутгалсан болох нь үнэн байна. Т архи уусан байсан гэж манай хүүхдүүд хэлсэн. Харин Д архи уугаагүй байсан. Миний хүү Д 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдөр айлын ууган хүү болон мэндэлсэн. Миний хүү даруу төлөв зантай. Би хүүгээ их ухаантай хүүхэд юм болов уу гэж дүгнэж боддог юм. Б.Дийн өөрийн нь гэр байдаг өөрийнх нь өмчийн шаргал иштэй хуга байсан. Би энэ хутгаар хутгалсныг Доос мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 ху/,

Гэрч С.Бийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршооллын Хойд булаг гэх газарт өвөлжөөн дээрээсээ хонь ямааны мах ачаад Улаанбаатар хот орж зах зээлд борлуулахаар явах гэж байхад Т манайд ирээд одоо явах гэж байна уу гэхээр нь одоо явах гэж байна гээд хөдөлсөн. Т ч мотоциклтойгоо хөдөлсөн. Тэгээд би хот руу явж байхад манай хүүхэд Мягмарсүрэн залгаад Топгохбаяр ах ахиад орж ирээд байгаад байна, Д ахыг сураглаад байна яах гэсэн юм бол. Агаа өглөө хониндоо явсан ирээгүй байна гэж байсан. Тэгээд Элсэн тасархай дээр явж байхад Мягмарсүрэн ахиж залгаад Т ах Д ахыг гэрт зодоод гэрийн хаалга онгойлгохгүй байна гэж яриад сүлжээ унаад тасарчихсан. Тэгээд явж байгаад утасны сүлжээ ороод ирэхээр гэр лүгээ залгаад асуухад гэр лүү оруулахгүй байна. Орох гэхээр ална шүү гичий минь гээд оруулахгүй байна гэхээр нь цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд 30-аад минутын дараа ахиж гэррүүгээ залгаж асуухад Д ах Т ахыг хутгалчих шиг боллоо хөлөөс нь цус гараад явах гэхээр нь байж бай түргэн дуудаад өгье гэсэн зүгээр гээд мотоциклоо асаагаад яваад өглөө хөдлөөд явах гэхээр нь байж бай гэсэн чинь миний хөлөн дээгүүр гараад явчихсан гэж манай охин Мягмарсүрэн ярьж байсан. Т болон манай хүүхдийн хооронд өр авлага өш хонзон байхгүй. Н.Т нь Дийг зодож байгаад Дид хутгалуулсан юм шиг байна. Би энэ хэргийн талаар огт мэдэхгүй байна. Манай хүү Д нь зан байдлын хувьд даруухан, томоотой хүүхэд байгаа юм. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд сурч байгаад шилжин суралцаж 4 дүгээр сургуулийг сурч төгссөн, цэргийн алба хаасан. Эхнэр хүүхдээсээ салаад охин Наранцацрал нь миний охин гэж байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 ху/,

Гэрч Ц.Оийн өгсөн: “...Б.Д нь манай найз байгаа юм. Найзлаж нөхөрлөөд 2 жил гаран болж байна. Төрөл садангийн холбоо байхгүй. Б.Дтой сүүлийн 2 жил найзалж байна. Хөдөө мал малладаг бөгөөд аймагт орж ирэхээрээ байнга үсээ засуулдаг юм. Багадаа хаана сургууль төгссөнийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан үг дуу цөөтэй, даруухан зантай залуу гэж боддог. Хувцсаа цэвэрхэн өмсдөг, биеэ зөв авч явдаг. Ээж аавтайгаа хөдөө буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоололд амьдардаг. Би гэрт нь очиж байгаагүй. Б.Д нь хааяада архи уудаг. Би хамт ууж байсан. Архи уусан үедээ зан ааш гайгүй л байдаг юм. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Одоо хүний гуянд хутгаар хатгасан гэж өөрөө хэлж байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 ху/,

Б.Дийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би дахин ийм зүйл хийхгүй. Прокурорын тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 ху/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09 ху/,

Хохирогч Н.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 614 дугаартай

  1. Н.Тын биед баруун гуяны гадна доод, дотор дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 ху/,

Н.Тын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 40-48 ху/,

Б.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 627 614 дугаартай

  1. Б.Дийн биед зулайн урд хэсэгт хуйханд жижиг шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  1. Б.Д нь эрүүн доор хагалгааны дараах сорвитой байна. /шүд цооролын идээт хүндрэл/ гэх дүгнэлт /хх-ийн 53 ху/,

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 503 дугаартай албан тоот /хх-ийн 67 ху/,

Архангай аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/423 дугаартай албан тоот /хх-ийн 69 ху/,

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/597 дугаартай албан тоот /хх-ийн 71 ху/,

Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаартай албан тоот /хх-ийн 73 ху/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаартай тодорхойлолт /хх-ийн 75 ху/,

Х овогт Бийн Д /РД:АЮ94060617/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79 ху/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 ху/,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85 хуу/,

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /92-93 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хойд булаг гэх газарт хохирогч Н.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг баруун гуя орчимд нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны гадна доод, дотор дунд хэсэгт хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Д үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Тын өгсөн: “...Д намайг хутгалчихаад гараад явахаар нь би мотоциклио унаад харьсан. Цус их гарсан учраас багийн эмчид үзүүлээд, аймагт ирж эмнэлэгт 7 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 ху/, хохирогч Н.Тын дахин өгсөн: “...Надад одоо гомдол санал байхгүй. Миний бие эдгэрч сайжирч байна. Дтой учраа олсон. Энэ асуудлыг түргэн шийдүүлмээр байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/, гэрч О.Нийн өгсөн: “...Би гэртээ ороод юу болсныг харахаар дээлийг нь сөхтөл миний нөхөр Тын өмдний баруун гуя хэсгээр нэвт цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/, гэрч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгтэл Д орой 20 цаг өнгөрч байхад над руу залгаад Т ахтай муудалцаж байгаад би хутгаар хатгачихлаа, баларсан юм боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 ху/, гэрч С.Бийн өгсөн: “...Тэгээд 30-аад минутын дараа ахиж гэррүүгээ залгаж асуухад Д ах Т ахыг хутгалчих шиг боллоо хөлөөс нь цус гараад явах гэхээр нь байж бай түргэн дуудаад өгье гэсэн зүгээр гээд мотоциклоо асаагаад яваад өглөө. Хөдлөөд явах гэхээр нь байж бай гэсэн чинь миний хөлөн дээгүүр гараад явчихсан гэж манай охин Мягмарсүрэн ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 ху/, гэрч Ц.Оийн өгсөн: “...хүний гуянд хутгаар хатгасан гэж өөрөө хэлж байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 ху/, Б.Дийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 ху/, хохирогч Н.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 614 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 ху/, Н.Тын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 40-48 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Д нь Н.Ттай маргалдаж, улмаар түүний баруун гуя орчимд нь хутгаар хатгасны  улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун гуяны гадна доод, дотор дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 614 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Шүүгдэгч Б.Д нь хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 99-100 ху/ гарын үсэг зуржээ.  

Хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор дахин өгсөн “...Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/, хавтаст хэргийн материалтай танилцах үед “гомдол байхгүй” /хх-ийн 92 ху/, “гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 97 ху/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй, хутга 1 /нэг/ ширхгийг устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Бийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 500.000 /таван зуун мянга төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй, хутга 1 /нэг/ ширхгийг устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар  гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйл заасны дагуу хүргүүлснээс хой ш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ