Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 370

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сум, ..................... оршин суух, Цэвэг овогт С.М /регистрийн дугаар: ........................./

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ................................................ тоотод оршин суух Боржигон овогт Ц.О /регистрийн дугаар:........................../

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн

авч, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.О тэй 2008 онд танилцаж дотносон 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Д , 2011 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү О.Т төрсөн. Одоо охин 9 настай, хүү 7 настай. Ц.О  нь хамтран амьдарч байх хугацаандаа архи ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсан тавьж хэрүүл маргаан тасрахгүй өр зээлэнд орж, амар тайван амьдрах орчин бүрдээгүйн улмаас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэр бүлийн гэрчилгээг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх хүсэлт байхгүй. Хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа зүйл байхгүй, хүүхдийн тэтгэлэгийн тал дээр Ц.О  нь өөрөө хүнд өвчтэй элэгний хавдартай учраас эмчилгээний мөнгөө олж чадахгүй байгаа хүнээс хүүхдийн тэтгэлэг авах хүсэлгүй байгаа гэв.

Хариуцагч Ц.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэрэнноров овогтой Ц.О  миний бие нэхэмжлэх хуудас 08 сарын 09-нд хүлээн авч танилцсан. С.М нь худал хуурмаг, хүн гүжирдсэн, эд хөрөнгийн маргаан гаргаагүй өргөдөл бичсэн тул зөвшөөрч байна. Бид хоёрын гэрлэлтийн баталгааг салгаж өгнө үү. Миний бие Ц.О  нь Говь-Алтай аймгийн Алтай чуулгад 08 сарын 06-нд Морин хуурчин, хөгжимчнөөр шинээр ажилд орсон тул миний биеийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох С.М гийн нэхэмжлэл, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3019 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0000675993-1290 дугаартай О.Т ийн төрсний гэрчилгээний хуулбар, 0340318 Г-1290 дугаартай О.Д ий төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын өрхийн эрүүл мэндийн төвийн О.Т , О.Д  нарын эрүүл бойжиж буй тодорхойлолт, хариуцагч Ц.О гийн хариу тайлбар, хүү О.Т , охин О.Д  нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь Ц.О д холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.М Ц.О  нар нь 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Д , 2011 оны 02 дугаар сарын 27-ний өдөр хүү О.Т нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч С.М , Ц.О  нар нь 2013 оны 10 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй, гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр  тэдний  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин О.Д , 2011 оны 02 дугаар сарын 27-ний өдөр хүү О.Т нарыг хүүхдийн нас, хүйс, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх С.М гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Ц.О  нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.О гөөс тэтгэлэг гаргуулан хүү О.Т , охин О.Д  нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.О д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх  хэсэгт зааснаар Цэвэг овогт С.М , Боржигон овогт Ц.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн О.Д , 2011 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн О.Т нарыг төрүүлсэн эх С.М гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, .................................. тоотод оршин суух Боржигон овогт Ц.О /регистрийн дугаар:........................../-өөс 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн О.Д , 2011 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн О.Т нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Ц.О гөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ц.О , С.М нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин О.Д , хүү О.Т нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Ц.О д, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх С.М д тус тус даалгасугай.

 

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О гөөс 70.200 төгрөгийг нэхэмжлэгч С.М д олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР