Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/309

 

 

 

 

 

 

 

 

2020/ШЦТ/309

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Б.Ба нарыг оролцуулан

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар                  хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бийн Бад холбогдох 2012000000362 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй эдэлж байгаагүй, Б овогт Бийн Ба /РД:АЭ................./,  

 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Шүүгдэгч Б.Ба нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт “Хоёр даваа” нэртэй газарт өөрийн эзэмшлийн 99-52 АРА улсын дугаартай, Соната-7 загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч П.Мийн эрүүл мэндэд цээжний баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарлаас цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, баруун уушиг авчсан хүндрэл бүхий гэмтэл нь буюу хүнд хохирол, цээжний баруун талын 4, 5, 6 дугаар хавиргануудын хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч П.Мийн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Петровисын тойрог дээрээс гар өргөөд мөнгөлөг саарал өнгийн машин зогсоогоод Чулуут сумын Бетонон гүүр хүргээд өгөөч, гэж хэлээд үнэ хөлсөө тохироод явсан. Ингээд Ихтамир сумын нутаг, Хоёр даваа гэх газар явж байгаад зам тээврийн осолд орсон. Би Архангай аймгийн төвөөс тус аймгийн Чулуут сумын бетонон гүүр орох гээд жолоочийн хамт явж байсан. Би машины марк, улсын дугаарыг мэдэхгүй байна. Таксины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Харин би өмнөх өдөр нь бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Би жолоочийн арын суудалд сууж явсан ба тухайн үед тээврийн хэрэгсэл хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Миний бодлоор жолооч хурдтай яваад байх шиг байсан. Миний биед цээжний баруун тал, 4, 5, 6 дугаар хавирга хугарсан гэмтэл учирсан. Жолооч замын ховил хэсэг рүү дараад замын далан руу унаж осол болсон. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг би мэдэхгүй. Би жолоочтой төрөл садан, ах дүүгийн холбоо байхгүй. Зүс мэднэ. Миний бие өмнө нь зам тээврийн осолд орж, бэртэж байгаагүй. Анх тухайн машин гаднаас нь харахад ямар нэгэн бүрэн бүтэн байдал алдагдсан зүйл байсан талаар би мэдэхгүй. Уг осол нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг, Хоёр даваа гэх газар болсон. Би Архангай аймгийн Чулуут сумын бетонон гүүрний тэнд байдаг ах дүү нартайгаа уулзах гэж явсан юм. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 хуу/,

Б.Бын гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө би 24-ын уулзвар дээр өөрийн эзэмшлийн Саната 7 маркийн 99-52 АРА гэсэн машинтай явж байсан  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг, Петровисын тойрог дээр явж байтал эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогстол Чулуут сумын бетонон гүүррүү явах гэсэн юм, хүргээд өгөөч гэсэн. Тэгээд үнэ хөлсөө тохироод явсан. Ингэж яваад Ихтамир сумын хоёр даваа гэх газар явж байтал урдуур мал ороод, тэрийг өнгөрөөгөөд дарсан чинь замын хажуу талын далан руу унаж, осол гарсан. Машиныг би барьж явсан ба тухайн эмэгтэй хамт явсан. Өөр хүн хамт яваагүй. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, би тээврийн хэрэгсэл жолоодох В, С, Е ангиллын үнэмлэхтэй. Харин тэр эмэгтэй архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй байна. Архи үнэртэж байсан гэж эмч хэлж байсан. Зам тээврийн осол яагаад гарсан талаарх нарийн шалтгааныг би мэдэхгүй байна. Миний бодлоор машины баруун талын обуд хагарсан явж байсан. Тэрнээс болж гарсан байх. Ослоос болж тухайн эмэгтэйн баруун талын 3 хавирга хугарсан байна гэж эмч нар хэлж байсан. Харин миний биед гэмтэл учирсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед 70 км/цагийн хурдтай явж байсан. Би жолоо бариад, тухайн эмэгтэй ард суусан байдалтай явж байсан. Энэ осол 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөөний 11 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг, “ Хоёр даваа” гэх газар болсон. Энэ машин нь миний машин бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би Архангай аймгийн төвөөс Чулуут сумын бетонон гүүр орох чиглэлэтэй өглөөний 09 цагийн орчим хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/,

Гэрч Ц.Бгийн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Сэнгэсамбуубаатар, шинжээч, цагдаагийн дэслэгч С.Мөнхбат нарын хамтаар Ихтамир сумын нутаг, Хоёр даваа гэх газар сонота-7 маркийн 99-52 АРА улсын дугаартай замын хажуу тал руу унаж, 2 хүн гэмтсэн гэх дуудлаганд очиж, зохицуулагчаар ажилласан. Хэргийн газарт ажиллаж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ба нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/,

Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар мэдүүлсэн байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В, С, Е ангиллын эрхийн үнэмлэхтэй. Тухайн үед Архангай аймгийн төвөөс Чулуут сумын гүүр орохоор явж байсан. Би 11 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Осол болох үед би 70 км/цагийн хурдтай явж байсан. Би хамгаалах бүс хэрэглэсэн явж байсан, зорчигч хэрэглээгүй байсан. Би тээврийн хэрэгслээ үзлэг, оношилгоонд оруулсан байсан. Миний тухайд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04- хуу/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08-09 хуу/,

Хүний биеэс шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуу/,

Хохирогч П.Мийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 569 дугаартай

  1. П.Мийн биед цээжний баруун талын 4 дүгээр хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрүү багатай, 5, 6 дугаар хавирганы далны шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, баруун уушиг авчилт, цээжний баруун хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, дагз орчим язарсан шарх , арьсан доор хий хурсан гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Цээжний баруун талын 4,5,6-р хавирганы зөрүүтэй хугарлаас цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, баруун уушиг авчсан хүндрэл бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биөд аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Цээжний баруун талын 4,5,6-р хавиргануудын хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, цээжний баруун хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, дагз орчим язарсан шарх, арьсан доор хий хурсан гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/,

Хохирогч П.Мт эмнэлгийн тусламж үзүүлсэн талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 29-38 хуу/,

Шүүгдэгч Б.Бын цусанд спиртийн агууламж илэрсэн эсэхийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай “Б.Бын гэх цусанд спиртийн төрлийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44 хуу/,

Шүүгдэгч Б.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 563 дугаартай

  1. Б.Бын биед, баруун гарын бугалганд зөөлөн эдэд няцралт, баруун мөрний ард шарх, зулгаралт, зүүн мөрний ард зулгаралт гэмтлүүд учирчээ.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
  4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
  5. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх тул тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 49 хуу/,

Б овогт Бийн Ба /РД:АЭ84100313/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 хуу/,

99-52 АРА улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 69 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  1/23 дугаартай тодорхойлолт /хх-ийн 70-71 хуу/,

Ял шийтгэгдэж байсан талаарх лавлагаа /хх-ийн 81 хуу/,

Шүүгдэгч Б.Бын зүгээс хохирогч П.Мт хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 74 хуу/,

Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 72-73 хуу/ зэрэг болно.  

                             

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ба нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт “Хоёр даваа” нэртэй газарт өөрийн эзэмшлийн 99-52 АРА улсын дугаартай, Соната-7 загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч П.Мийн эрүүл мэндэд цээжний баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарлаас цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, баруун уушиг авчсан хүндрэл бүхий гэмтэл нь буюу хүнд хохирол, цээжний баруун талын 4, 5, 6 дугаар хавиргануудын хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол тус тус учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ба нь үйлдсэн болох нь:

Хохирогч П.Мийн өгсөн: “...Миний бодлоор жолооч хурдтай яваад байх шиг байсан. Миний биед цээжний баруун тал, 4, 5, 6 дугаар хавирга хугарсан гэмтэл учирсан. Жолооч замын ховил хэсэг рүү дараад замын далан руу унаж осол болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 хуу/, гэрч Ц.Бгийн өгсөн: “...Хэргийн газарт ажиллаж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ба нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В, С, Е ангиллын эрхийн үнэмлэхтэй. Тухайн үед Архангай аймгийн төвөөс Чулуут сумын гүүр орохоор явж байсан. Би 11 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Осол болох үед би 70 км/цагийн хурдтай явж байсан. Би хамгаалах бүс хэрэглэсэн явж байсан, зорчигч хэрэглээгүй байсан. Би тээврийн хэрэгслээ үзлэг, оношилгоонд оруулсан байсан. Миний тухайд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04- хуу/, хохирогч П.Мийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 569 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Ба нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт “Хоёр даваа” нэртэй газарт өөрийн эзэмшлийн 99-52 АРА улсын дугаартай, Соната-7 загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь гэрч Ц.Бгийн мэдүүлэг болон зам тээврийн ослын газар тогтоосон Замын цагдаагийн актаар тус тус тогтоогджээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас П.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаатарт 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жил хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 83-84 хуу/ гарын үсэг зуржээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч П.М нь мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлэг өгсөн /хх-ийн 12-16 ху/, шүүгдэгч Б.Баас хохирогч П.Мт 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 74 хуу/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1жилийн хугацаагаар хасч, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Б.Бгад оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн, хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.88 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 /нэг/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагаpд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.  

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Бад хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНЦЭЦЭГ