Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 557

 

 Ж.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Насанжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Ж.Жд холбогдох эрүүгийн 1808049361455 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................, 1972 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Буянт цагаан хад” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 3-8 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 577 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Ж.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран 28-2 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, урьд нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан Б.Уранчимэгийг “манай эхнэрийг мууллаа” гэх шалтгаанаар хамар, эрүү, цээжин тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.Жд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ж.Жгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ш.Эрдэнэбилэг бичсэн эсэргүүцэлдээ: “Хохирогч Б.Уранчимэг болон гэрч Д.Болд-Эрдэнэ нар нь удаа дараа мэдүүлэг өгч, мэдүүлгүүддээ үйл баримтын дэс дарааллыг урд хойно нь оруулж мэдүүлсэн байх боловч эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь харилцан эсрэг, нэг нь нөгөөгөө үгүйсгэж, няцаасан мэдүүлгүүд гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч, хэсгийн байцаагч Г.Гантүвшин нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тухайн өдөр хохирогч Б.Уранчимэг, гэрч Д.Болд-Эрдэнэ нарын ярьсан зүйл, хэрэг гарсан гэх нөхцөл байдлын талаар хохирогч Б.Уранчимэг, гэрч Д.Болд-Эрдэнэ нарын мэдүүлгээс илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байх боломжтой бөгөөд энэ нь уг мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн хохирогч Б.Уранчимэг нь хэсгийн байцаагч дээр очсон талаараа мэдүүлсэн боловч очсон өдрөө санахгүй байна гэж, мөн гэрч Д.Болд-Эрдэнэ хэрэг гарсан өдрөөс хойш 2 хоногийн дараа очсон гэж мэдүүлсэн нь гэрч Г.Гантүвшингийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хохирогч Б.Уранчимэг болон гэрч Д.Болд-Эрдэнэ нар нь удаа дараагийн мэдүүлэгтээ Ж.Жг гараа арагшаа савж тохойгоороо цохисон талаар мэдүүлсэн. Тухайлбал, хохирогч Б.Уранчимэгийн хохирогчоор 2 дахь удаа өгсөн мэдүүлэгт “Ж.Ж бие засах гээд зогсоод урагшаагаа унах гээд байхаар нь би ар нуруу хэсэг буюу бөөр орчмоос нь куртикнээс нь татаад зогсож байтал баруун гарын тохойгоороо эхлээд цээж рүү нэг удаа цохихоор нь яаая гээд жаахан тонгойс хийтэл дахиад баруун гарын тохойгоороо хамар руу нэг удаа цохисон. Хамарнаас гарсан цусаа тогтоох гээд алгаараа хамраа барьтал дахиад цохих гэж байхад нь баруун гарын булчин хэсгээрээ хаасан. Тэгсэн манай нөхөр намайг цохиулж байхыг хараад яаж байнаа...” гэж тодруулж мэдүүлэг өгсөн /хх-80/, гэрч Д.Болд-Эрдэнийн “...тэр архиа ууж дуусаад Ж.Жг унтуулчихья гэтэл явна гээд гарч бие засна гэсэн. Тэгэхээр нь би Б.Уранчимэгийг гаргаад бие засуулчих гээд араас нь гаргасан. Тэгсэн нилээд удаад байхаар нь би араас нь гартал Ж.Ж Б.Уранчимэгийн нүүр рүү тохойгоороо цохиод, тэгээд цээж рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад болиоч гэтэл чамд хамаагүй гэхээр нь хэсэг харж байгаад очиж салгасан” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн 12867 дугаартай “Б.Уранчимэгийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү, цээж, зүүн бугалганд үүссэн цус хуралт гэмтлүүд нь дангаар болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтээр шүүгдэгч Ж.Ж нь хохирогч Б.Уранчимэгийн хамар тус газар тохойгоороо цохиж гэмтэл учруулсан нь нотлогдож байна гэж үзнэ. Шүүхийн цагаатгах тогтоолд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6, 28.1 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн атлаа аль заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаар болон яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд тусгах тухай” заалтыг зөрчсөн байна. Шинжээчийн 12867 дүгнэлтэнд “...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж тодорхой тусгасан нь нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Б.Уранчимэг нь хэрэг учрал болсноос хойш хугацаанд ирж үзүүлсэн тул тухайн цаг үед ямар байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгийг уг гэмтэл үүссэн даруйдаа ямар байсан, хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн утгаар ойлгох нь учир дутагдалтай. Мөн түүнчлэн хохирогч Б.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12867 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхад “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

            Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Б.Уранчимэгт хөнгөн хохирол учирсан байдаг. Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Жд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа хохирогч Б.Уранчимэгийн биед хөнгөн хохирол учирсан хэргийг шүүх шийдвэрлээгүй. Хохирогч Б.Уранчимэгт хөнгөн хохирол учирсан нь бусдын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосонд эсэргүүцэл бичсэн. Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлт нь хоорондоо зөрчилтэй байсан. Үүнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэсэн заалтыг удирдлага болгож байна гэсэн атлаа цагаатгах тогтоолдоо шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд шинэ, хуучин гэмтлийн аль нь болох зэргийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан боловч энэ ажиллагааг хийгээгүй байна гэсэн хоёр талтай дүгнэлт хийсэн байдаг. Хэрвээ уг хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь хуульд нийцэхгүй, энэ ажиллагааг заавал шалгах шаардлагатай гэж үзсэн бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломжтой байсан. Нөгөөтэйгүүр хохирогч Б.Уранчимэг, гэрч Д.Болд-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Жгийн мэдүүлгүүдийг яаж үгүйсгэж няцаасан үндэслэлийг цагаатгах тогтоолдоо дурдаагүй байдаг. Иймд бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Ж.Жг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран 28-2 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, урьд нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан Б.Уранчимэгийг “манай эхнэрийг мууллаа” гэх шалтгаанаар хамар, эрүү, цээжин тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ж.Жд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тусгана” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогч Б.Уранчимэгийн “...Жамъян нилээн согтоод надтай маргалдаж эхлээд гэрээс гараад 00 орно гэхээр нь би араас нь гараад гадаа зогсож байтал гараа хойш нь саваад тохойгоороо хамар руу цохичихсон. Тэгсэн Болд-Эрдэнэ араас гарч ирээд тэр үед миний хамарнаас цус гараад хамар гэмтсэн. Жамъян тохойгоороо хамар руу 1 удаа цохисон, тохойгоороо эрүү рүү 1 удаа цохисон, цээж рүү тохойгоороо савж цохисон. Хамар, эрүү, цээж хөхөрч гэмтсэн. ...” /хх7-8/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12867 дугаартай дүгнэлт /хх-20/ зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Ж.Жг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх, хохирогч Б.Уранчимэгийн мэдүүлгүүд зөрүүтэй, гэрч Д.Болд-Эрдэний мэдүүлгүүд зөрүүтэй, түүнчлэн хохирогч Б.Уранчимэг, гэрч Д.Болд-Эрдэнэ нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, гэрч Г.Гантүвшингийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, Ж.Ж хохирогчид ямар байрлалаас яаж цохиж гэмтэл учруулсан нь тодорхойгүй, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хууль зөрчсөн, хохирогч 6 хоногийн дараа цагдаад гомдол гаргасан, 6 хоногийн дараа эмчид үзүүлсэн зэргээс үзэхэд Ж.Жг хохирогчид гэмтэл учруулсан эсэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэжээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийн аль хэсэг зөрүүтэй, уг зөрүүтэй байдал нь шүүгдэгчийн үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болсон эсэх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлттэй хамаарал бүхий байдал, 6 хоногийн дараа гомдол гаргасан, эмчид үзүүлсэн зэрэг нь хохирогчид учирсан гэмтлийг Ж.Жг учруулаагүйг үгүйсгэх хангалттай үндэслэл болж чадахуйц байдалд хамаарах эсэхэд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Хохирогчийн мэдүүлгээр “Ж.Ж түүнийг 3 удаа цохьсон, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хэд хэдэн удаагийн үйлдлээр гэмтэл учирсан байдал” тогтоогдсон байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзэв.

Иймд Ж.Жыг үндэслэлгүй цагаатгасан талаарх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Жд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ