Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/1072/З |
Дугаар | 221/МА2024/0317 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2024/0317
“Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******
Нэхэмжлэгч: “Б*******” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/1072/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0176 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад "... нэхэмжлэгч "Б*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/491 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай." гэж шийдвэрлэсэн.
2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/491 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд ба мөн нэхэмжлэгч талаас сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргадаг.
2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь үндэслэлийн тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0176 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийж, газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаагаа манайд мэдэгдсэн бол бид 2023 оны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөх боломжтой байсан" гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ" гэжээ.
2.4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан. Мөн нэхэмжлэгчээс байгуулсан газар ашиглах гэрээнд улирал бүрдээ төлнө гэж заасан байдаг боловч тус үүргээ хэрэгжүүлэлгүй Татварын алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сануулж, мэдэгдсэн бол төлбөрөө төлөх байсан гэсэн нь үндэслэлгүй, шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны төлбөрөө төлөөгүй талаарх баримтууд авагдсан ба шүүх хуралдаанд 2023 оны төлбөрөө төлөөгүй гэдгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн адил хүлээн зөвшөөрдөг. Иймд Газрын тухай хуулийн 40.1.5 дахь үндэслэл үндэслэлтэй гэж үзэж байна.
2.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь үндэслэлийн тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0176 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт хамтран ажиллаг гэрээнүүдийг дурдаж тус гэрээнүүд нь газраа зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10." Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
2.7. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно." гэж заасан.
2.8. Нэхэмжлэгчийн дурдсан хамтран ажиллах гэрээ болон Байгаль орчны төлөв байдлын тайлан хийсэн нь газраа зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэлд хамаарахгүй, мөн газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, барилга байгууламж бариагүй гэдгийг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрдөг боловч үүнийг шүүх дүгнээгүй байна.
2.9. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасан.
2.10. Тус хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албан ёсны цахим хуудсанд байршуулсан боловч нэхэмжлэгчээс хариу тайлбараа ирүүлээгүй байдаг. Тус хариу тайлбарыг ирүүлээгүй гэдгээ шүүх хуралдааны явцад мөн хүлээн зөвшөөрдөг.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/491 дүгээр тушаал үндэслэлтэй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.2. Маргаан бүхий тушаалаар газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 1 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, тусгайлан заасан.
2.4. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч “Б*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн аманд байрлах 1 га газрыг ашиглах эрх үүссэнээс хойш 2 жилийн хугацаанд дараалан ашигласан эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот саналыг үндэслэн шууд шийдвэрлэсэн нь буруу байна.
2.5. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь “Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалт бүхий 1 га газрыг зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулсан буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Ханх цэнгэл” ХХК-тай №01/22 тоот “Цутгамал төмөр бетон рам, хана хосолсон системийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, “Амирлан” аялал жуулчлалын бааз, шашны төв байгуулах төслийн Байгаль орчны төлөв байдлын тайлан боловсруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Шүрэн завьяа” ХХК-тай №25/2022 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулж байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хийлгэн, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Армонде” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр геологийн судалгааны дүгнэлт гаргуулж, өрөмдлөг хийсэн зэргээс үзэхэд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
2.6. Нэхэмжлэгчээс “...жил болгоны эцэст газрын төлбөрөө бүхэлд нь төлдөг байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрөө төлсөн байсан” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн төлөх ёстой газрын төлбөр нь жилд 14,087,451 төгрөг, нэг улиралд 3,521,862.75 төгрөг байх ба 2021 онд 10,565,484 төгрөг, 2022 онд бүтэн жилээр 14,087,451 төгрөг, урьд онуудын үлдэгдэл 17,521,828 төгрөгийн хамт нийт 31,908,868 төгрөгийг төлж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №01122-2021/02105 дугаар тооцоо нийлсэн акт болон татварын албаны газрын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогджээ.
2.7. Түүнчлэн 2023 оны төлбөрийн тухайд маргаан бүхий акт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасны дагуу 3 дугаар улирлын төлбөрийг төлөх боломжтой хугацаа дуусаагүй тул 3 дугаар улирлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй.
2.8. Харин 2023 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдож байх боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэж заасны дагуу 2023 он дуусаагүй, газрын төлбөрийн жилийн тайлан гарч, эцсийн тооцоо хийгдээгүй байхад 2023 оны төлбөрийг төлөөгүй гэж үзэхээргүй байна.
2.9. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №2021/111 дүгээр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний 5.5-д “газрын төлбөрийг газар ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөх” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 1, 2 дугаар улирлын төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олголгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.
2.10. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” 27.2.2.-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.
2.11. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаал нь зөвхөн нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан байх тул хариуцагчийн “...21-ээс дээш тооны аж ахуй нэгжид, ...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны веб хуудас дээр байршуулж мэдэгдсэн...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
2.12. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, түүнээс газрыг хэрхэн ашигласан талаар асууж, тайлбар гаргах, газрын төлбөрийг алдангийн хамт төлөх боломжоор хангаагүй, хуулийн дээрх заалтыг зөрчжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН