Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Г-гийн А-д холбогдох 2240000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай Х  овогт Г-н А . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А  нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг Өвөр  хадны бууц гэх газраас иргэн Д.Г-н нэг тооны хонийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2240000000018 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг өнгөрөөж босоод хоол хийж идчихээд 11 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад баруун талынхаа гэрт очиж өөрийнхөө эзэмшлийн мотоциклио аваад чигээрээ хойшоо гарсан. Хойшоо гараад явж байх үед замын баруун талд хонь байсан. Тэр хонинуудын баруун талд нэг хонь салчихсан тусдаа байхаар нь барьж аваад хүлсэн. Би мотоциклийнхаа домкратыг дээш нь сойж уясан байсан цэнхэр өнгийн уяагаа тайлж аваад тэр хонийг хүлсэн. Тэр хонийг хүлж орхиод цаашаа "Арвижих хүдэр" уурхай явсан. Уурхай дээр очих үед хүн байхгүй байхаар нь буцаад явсан. Тэгээд буцаж яваад хонь хүлээд орхисон газраа ирсэн. Би буцаад хонин дээр ирээд хонио өргөсөн эцэнхий байхаар нь буцаагаад тавьсан. Намайг хонин дээр ирээд байх үед хойноос явган хүн ирж байхаар нь би мотоцилтойгоо хөдөлсөн чи юун хүн бэ гэхээр нь би хойд уурхайгаас явж байна гэж хэлээд чигээрээ Бор-Өндөр сум руу явсан. Бор-Өндөр сумаас ойролцоогоор 7км газар л би хонь хүлж орхисон. Би ажил төрөлгүй байсан болохоор хүнсэндээ хэрэглэхээр авъя гэж бодож байсан юм. ...Би цаашаа уурхай руу явахаасаа өмнө нь замын баруун талд хүлж орхиод явсан. Тэгээд буцах замдаа авах гэж байсан юм. ....Би үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн  ойлгож байна, маш их гэмшиж байна. ...Мал хариулж яваа хүн харагдахгүй байхаар нь хүлж орхисон юм.  ...Би хүлээд орхисон хонийг авч явах гээд буугаад үзсэн туранхай байхаар нь буцаад мотоцикл дээрээ суух үедээ тэр хүнийг харсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 48-50-р хуудас/

Хохирогч О.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хонь ямаагаа харж байхдаа 1 цэнхэр өнгийн мотоциклтой хүн манай хониноос 1 хонь уяж авч явах гэж байгаад орхиод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр Г  цагдаад мэдэгдсэн гэсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би хонь, ямаагаа тоолоход өмнөх өдөр алдсан хонь байгаагүй, урьд нь хэзээ алдсаныг мэдэхгүй 11 хонь дутаж байсан. Нөхөр өмнөх өдөр болсон зүйлийг сайн мэдэж байсан учраас цагдаад мэдэгдсэн гэсэн. Тэгээд 03 сарын 07-ны өдөр ажилдаа явсан. Дутсан гэх 11 тооны хонийг хэзээ алдсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямаагаа бол тоолж үзээгүй. Манай хүү хонь ямаагаа бол мэдэхгүй, би өөрөө хонь ямаагаа хардаг, хүү бод мал буюу адуу тэмээ үхрээ хардаг. Энэ болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байгаа.

Хонь маань хар хүзүүтэй, буруу чих урдаасаа ухам, зөв чих араасаа ганзага имтэй хязаалан эр хонь байсан. Би зах зээлийн ханшаар үнэлнэ. ...тэр хулгай хийсэн хүний мотоциклын суудал, банк нь тэр чигтээ хонины нэхийгээр хуччихсан болохоор хонь дүүрээд  явчихлаа гэж харсан гэсэн. Тэрнээс эхэлж хонь дүүрч яваагүй гэсэн. Тэр нэхийг нь буруу харчихсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 55-р хуудас/

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Бор-Өндөр сумын 6-р баг Өвөр хадны бууц гэх газарт гэрээсээ хойд зүгт 1.2 км газарт үхэр болон хонь, ямаагаа хараад явж байсан. Би үхрээ эргүүлээд хойд зүгээс урагш гараад ирэхэд надаас урагш 500-600 метрийн зайд байсан хонь, ямаан дээр маань 1 мотоциклтой хүн оччихоод малыг маань хураагаад байсан. Тэгэхээр нь би үхрээ орхичхоод хонь ямаа руугаа алхаад очсон. Намайг анх харахад тэр мал хурааж байсан мотоциклтой хүн 1 хонь дүүрээд мотоцикл дээрээ ачаад явчих шиг харагдсан. Мотоциклоос хонь үргээд холдсон чинь 1 хонь газарт хэвтээд байсан. Би алхаж очоод харахад манай 1 хонийг маань цэнхэр өнгийн уяагаар 4 хөлийг нь хүлчихсэн авч явахад бэлдсэн байсан. Би тэгэхээр нь тэр хүлсэн хонийг тэнд нь орхиод хонио эргүүлээд хүлээстэй байгаа хонины баруун хойд талд 60-70 метр зайд ажиглаад байж байтал яг 20 орчим минутын дараа нөгөө мотоциклтой хүн буцаад хүрээд ирсэн. Тэгээд тэр хүлсэн хонийг авах гэж байхаар нь би амдаж гүйж очоод хөөе зогс чи юун хүн бэ гэтэл, хойд уурхайгаас явж байна гэж хэлчхээд миний хажуугаар хөдлөөд зугтаасан. Би яг хажуугаар өнгөрөхөд нь хувцас мотоцикл зэргийг нь харсан. Сүүлд ирсэн мотоциклтой хүн өмнөх 1 хонь дүүрээд явдаг мотоциклтой хүн яг мөн байсан. Хувцасны өнгө, мотоцикл зэрэг нь мөн байсан. Миний хажуугаар өнгөрөхөд нь би харахад цэнхэр өнгийн хөгжимтэй, шинэвтэр, Даюун маркийн улсын дугааргүй, хигээсэн обудтай, суудал болон банкан дээгүүрээ нэлэнхийд нь хонины нэхий бүтээчихсэн, рульны 2 тал доош унжсан цацагтай мотоцикл унасан, хар өнгийн ноосон малгайтай, малгайн урд дух хэсгээс шар өнгийн үс цухуйсан тэгэхээр шар үстэй хүн байсан, богино хар савхин куртиктэй, өмдийг ажиглаагүй, хар өнгийн урт түрийтэй гуталтай 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Миний хажуугаар яваад өнгөрсөн. Би малаа бүртгэж чадаагүй байгаа, би байнга мал дээрээ байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай хүү, эхнэр 2 байнга байдаг учраас бүртгэнэ. Би хүлээд тавьсан байсан 1 хонио хүлээсийг нь тайлаад малтайгаа нийлүүлчихсэн байгаа. Хүлсэн байсан хонь маань хар хүзүүтэй, буруу чих урдаасаа ухам, зөв чих араасаа ганзага имтэй хязаалан эр хонь байсан. Би зургийг нь авсан. Манай хонины А данс эхнэр Ц-н нэр дээр байдаг. Ер нь манай хонь, ямаанууд буруу чих урдаасаа ухам, зөв чих араасаа ганзага имтэй байгаа. Тэр хүн эхлээд явахдаа Бор-Өндөр сум руу буюу хойноос урагш чиглээд явсан. Дараа нь ирээд дахин Бор-Өндөр сум руу чиглээд явсан. Тэгэхээр Бор-Өндөр суманд байж магадгүй.

....Өчигдөр бол холоос харсан  болохоор  хонь өргөөд мотоцикл дээр тавьж байхыг хараагүй, би очоод харахад 1 хонь хүлсэн байхаар нь нэгийг хүлж орхиод, нэгийг аваад явчихлаа гэж бодсон. Яг хонь мотоцикл дээр ачиж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 30-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-17-р хуу/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21-р хуу/, “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШД-71 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37-р хуу/, “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШД-118 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64-р хуу/, дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А  нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг Өвөр  хадны бууц гэх газраас иргэн Д.Г-ын нэг тооны хонийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч О.Ц-н “...Манай нөхөр 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хонь ямаагаа харж байхдаа 1 цэнхэр өнгийн мотоциклтой хүн манай хониноос 1 хонь уяж авч явах гэж байгаад орхиод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр Г цагдаад мэдэгдсэн гэсэн. ...Хонь маань хар хүзүүтэй, буруу чих урдаасаа ухам, зөв чих араасаа ганзага имтэй хязаалан эр хонь байсан. Би зах зээлийн ханшаар үнэлнэ" гэх мэдүүлэг,

Гэрч Д.Г-ын “...Би үхрээ эргүүлээд хойд зүгээс урагш гараад ирэхэд надаас урагш 500-600 метрийн зайд байсан хонь, ямаан дээр маань 1 мотоциклтой хүн оччихоод малыг маань хураагаад байсан. Тэгэхээр нь би үхрээ орхичхоод хонь ямаа руугаа алхаад очсон. Намайг анх харахад тэр мал хурааж байсан мотоциклтой хүн 1 хонь дүүрээд мотоцикл дээрээ ачаад явчих шиг харагдсан. Мотоциклоос хонь үргээд холдсон чинь 1 хонь газарт хэвтээд байсан. Би алхаж очоод харахад манай 1 хонийг маань цэнхэр өнгийн уяагаар 4 хөлийг нь хүлчихсэн авч явахад бэлдсэн байсан. Би тэгэхээр нь тэр хүлсэн хонийг тэнд нь орхиод хонио эргүүлээд хүлээтэй байгаа хонины баруун хойд талд 60-70 метр зайд ажиглаад байж байтал яг 20 орчим минутын дараа нөгөө мотоциклтой хүн буцаад хүрээд ирсэн. Тэгээд тэр хүлсэн хонийг авах гэж байхаар нь би амдаж гүйж очоод хөөе зогс чи юун хүн бэ гэтэл, хойд уурхайгаас явж байна гэж хэлчхээд миний хажуугаар хөдлөөд зугтаасан. Би яг хажуугаар өнгөрөхөд нь хувцас мотоцикл зэргийг нь харсан..." гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн  сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

          Шүүгдэгч Г.А  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг Өвөр хадны бууц гэх газраас иргэн О.Ц-гийн өмчлөлийн нэг тооны  хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч явахыг завдсан боловч хүн ирж явааг хараад, хүлсэн хонио орхиж зугтсанаар түүний мал хулгайлах гэмт үйлдэл туйлдаа хүрч төгсөөгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзлээ.

Хохирогч О.Ц  нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан эрүүгийн хариуцлагын хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн Даюун маркийн улсын дугааргүй, L7GPCKLY4M1157553 арлын дугаартай, DY162FMJ-2M5155063 хөдөлгүүрийн дугаартай мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А-д буцаан олгохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х  овогт Г-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг 1 (нэг)  жилийн хугацаагаар тэнссүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга  хэмжээ авсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн Даюун маркийн улсын дугааргүй, L7GPCKLMY4M1157553 арлын дугаартай, DYFMJ-2M5155063 хөдөлгүүрийн дугаартай мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклыг шүүгдэгч Г.А-д буцаан олгосугай.
  7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР