Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч М.Г  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт М-ын Г-д холбогдох 2240000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “...” ТӨҮГ-ын харьяа ... Уулын баяжуулах үйлдвэрийн “...” цехэд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ...дугаар баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай Б  овогт М-ын Г . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г  нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” гэх баарны гадна Б.У-тай маргалдаж, түүн рүү чулуу шидсэний улмаас духанд зүсэгдсэн шарх үүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу.” гэв.

2240000000031 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 15 цагийн үед цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд тэмцээн болж дуусаад 18 цагийн үед нилээн олон эцэг эхчүүдийн хамт "Сувд" баар луу орсон. Бид нар олуулаа байсан болохоор 2 шил "Аураг" нэртэй архийг захиалаад хувааж уусан. Би тэр архинаас 4-5 хундага л уусан. Тэгээд 22 цагийн үед гадаа гараад У  гэх залуутай таараад тамхи татаад зогсож байхад баарнаас манай эхнэр гарч ирээд У-т хандаж чи дотор яагаад байгаан аятайхан бүжиглээч гэхэд чимээгүй зогсож байгаад эгч буцаад баар луу орох гээд явсан чинь араас нь янхан минь зүгээр байгаарай гэсэн, эгч сонсоогүй ороод явчихсан. Манай эхнэр хажууд зогсож байгаад сонсоод чи одоо эмэгтэй хүнийг юу гээд байгаан гэсэн чинь манай эхнэрийг янхан минь зайл гээд байсан. Би тэгэхээр нь эхнэрээ татаад дотогш нь оруулаад өөрөө үлдээд У-ыг дагуулаад баарны зүүн талд нь очоод наашаа яваад ир гэхэд ирэхгүй зогсоод байсан тэгэхээр нь би газраас нэг жижиг чулуу аваад араас нь шидсэн чинь яг эргэж харах таараад яг духанд нь оночихсон. Тэгээд хойшоо хартал баарны гадаа цагдаа нар байсан тэгээд юу болоод байна гээд бид хоёрыг цагдаа дээр авч ирээд батлан даалтад өгөөд явуулсан. Эхнэрийг минь хэл амаар доромжлоод янхан гичий гээд дуудаад байхаар нь уурандаа жижиг чулуу газраас аваад шидсэн чинь яг дух хэсэгт нь оносон юм. Ойролцоогоор 1-2 см орчим хэмжээтэй жижигхэн чулуу авч шидсэн. ...У  бол нилээн согтолттой байсан. Хүнд юу гэж хэлж байгаагаа ч мэдэхгүй байсан байх. Сүүлд нь уулзаад асуухад би санахгүй байна гээд байна лээ. Би толгойгоо бариулж байгаа гээд над руу ярихаар нь би 50.000 төгрөг өгөөд байгаа. Дахиад эм тарианы  мөнгө болон үзүүлж харуулах мөнгө нэхэмжлэвэл өгнө.гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/

Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой "Сувд" бааранд 22 цагийн алдад ороод нэг шил пиво уучхаад гадаа гараад тамхи татаад М.Г  гэх залуутай юм яриад зогсож байхад хажуугаар нэг эгч гараад явсан тэгэхдээ надад нэг юм хэлэх шиг болсон би яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна тэгэхээр нь би янхан минь гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь тэр эгч яваад өгсөн. Надтай юм яриад зогсож байсан М.Г-ын эхнэр нь манай эгчийг янхан гэж хэллээ гээд над руу дайраад түлхэж аваад л байсан. Би эхнэрийнх нь эгч гэж мэдээгүй. М.Г  намайг хоёулаа жоохон урагшаа гараад уулзъя гэхээр нь дагаад урагшаа очтол газраас чулуу хайж байгаад аваад над руу шидсэн. Чулуу нь миний духан дээр оноод цус гарахаар нь нүүрээ дараад доошоо сууж байгаад харахад Г байхгүй явчихсан байсан. Би босоод харахад баарны урд талд цагдаа нар байхаар нь би очоод над руу хүн чулуу шидээд ийм болгочихлоо гээд хэлсэн. ... Би бол нэлээн согтолттой  байсан. Гэхдээ болсон  бүх зүйлийг бол мэдээд байгаа.  Г  бол гайгүй л байх шиг байсан. Би Г-тай муудах шалтгаан  бол байгаагүй. Би тэр хамт явсан эгчийг нь янхан гээд хэлчихсэн юм. Тэгээд эхнэр нь над руу дайраад байсан тэгээд л эхнэр эгч хоёрыгоо өмөөрөөд л над руу чулуу шидчихсэн байх гэж бодож байна. ...Би Г-д гомдол байхгүй, нэхэмжлэх ч зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

Гэрч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 04 дүгээр сарын 07-ны өдөр цэцэрлэгийн хүүхдийн маань тэмцээн болоод "Сувд" баар луу хоол идэх орой 19 цагийн алдад хэдэн эцэг эхчүүдийн хамт орсон. Ороод хоол идээд ганц, хоёр пиво уучхаад сууж байхад манай нөхөр М.Г  гадаа тамхи татахаар гараад явахаар нь араас нь гартал үүдэнд нэг залуутай манай нөхөр юм яриад зогсож байсан. Бид 3 тэгээд зогсож байтал хамт явж байсан цэцэрлэгийн хүүхдийн ээж нь та хоёр орооч ээ гэж хэлээд машинруугаа яваад өнгөртөл нөхрийн хажууд байсан У  гэх залуу эд нар шиг хүүхнүүд ингэхгүй ээ би энд энэ хоёртой юм ярих гэж байна гээд араас орилохоор нь би эгчийн дүү ингэж ярьж болохгүй эгч хүмүүсийг чи хүндлэх хэрэгтэй гэж хэлсэн чинь намайг янхан, гичий гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд л би босоод уурлаад надад чам шиг дүү нар хоёр, гурваараа байна гэтэл манай нөхөр хажуунаас яагаад манай эхнэрийг доромжлоод байгаа юм гэж хэлээд намайг одоо орж бай гээд баарлуу оруулчхаад өөрөө У гэх залуутай гадаа үлдсэн. Нилээн согтолттой байсан. Дараа нь надтай уулзаад таныг би юу гзж хэлсэнээ мэдэхгүй байна гэж байсан. Цэцэрлэгийн эгчийн араас орилоод л та нар шиг хүүхнүүд гэж ирээд л орилоод байхаар нь чи эгч хүнийг хүндлээч гэхэд л намайг шууд янхан, гичий гэж дуудаад л ирсэн. Тэгээд намайг баар луу оруулаад манай нөхөр маргалдаад муудсан юм шиг байна лээ. Би яг маргалдаж муудахад нь хамт байгаагүй. Сүүлд цагдаа нар ирэхэд л мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 295 дугаартай

  1. Б.У-н биед духанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-н 18-19-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г  нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” гэх баарны гадна талд Б.У-тай маргалдаж, түүн рүү чулуу шидсэний улмаас духан тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.У-н “...М.Г  намайг хоёулаа жоохон урагшаа гараад уулзъя гэхээр нь дагаад урагшаа очтол газраас чулуу хайж байгаад аваад над руу шидсэн. Чулуу нь миний духан дээр оноод цус гарахаар нь нүүрээ дараад доошоо сууж байгаад харахад Г  байхгүй явчихсан байсан. Би босоод харахад баарны урд талд цагдаа нар байхаар нь би очоод над руу хүн чулуу шидээд ийм болгочихлоо гээд хэлсэн..." гэх мэдүүлэг,

Гэрч Г.С-н “...Цэцэрлэгийн эгчийн араас орилоод л та нар шиг хүүхнүүд гэж ирээд л орилоод байхаар нь чи эгч хүнийг хүндлээч гэхэд л намайг шууд янхан, гичий гэж дуудаад л ирсэн. Тэгээд намайг баар луу оруулаад манай нөхөр маргалдаад муудсан юм шиг байна лээ. Би яг маргалдаж муудахад нь хамт байгаагүй. Сүүлд цагдаа нар ирэхэд л мэдсэн..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 295 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Г  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.У  луу чулуу шидэж духан тус газар оносны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Би Г-д гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн биеэ барих чадвар сул, хохирогчийн зүй бус харилцаа хандлага, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн  хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч М.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас /хх-н 66 хуу/-аар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Г-ын хувийн байдлын талаар гэрч З.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөртэйгээ 2016 онд танилцаад гэр бүл болоод 7 жил болж байна. Одоо бид хоёр, 2 хүүхдийн хамт Бор-Өндөр сумын 3-р багт амьдарч байна. Манай нөхөр нь УБҮ-ийн Фабрик цехэд засварчнаар ажилладаг. Ажилд ороод 7 cap гаруй болж байна. Өмнө нь хөдөө мал маллаж байсан. Манай нөхөр бол архи бүр уудаггүй. Пиво л хааяа ганц хоёрыг л уудаг. Тамхийг бол татдаг. Манай нөхөр найз нөхөд олонтой, өөрөө бөхийн спортоор хичээллэдэг. Үндэсний бөхөөрөө сумын харцага цолтой. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу, хүнд үгүй гэж хэлдэггүй тэгье гэхэд за л гэж байдаг. Бас сүүлийн 4 жил гаруй хугацаанд шагайн харваагаар хичээллэж байна. Настай хүмүүс их байдаг болохоор архи дарс уухгүй тэмцээн уралдаанд л их явдаг. Хүнтэй маргалдаж муудаад байдаггүй тохитой, томоотой хамаатнууд дундаа ч нэр хүнд сайтай байдаг..” гэх мэдүүлэг /хх-н 36 хуу/,

 

Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү М.Г  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. 10 дугаар ангиа Бор-Өндөр суманд төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2021 оноос УБҮ-т ажилд ороод одоо 1 жил гаран ажиллаж байна. М.Г  нь 2014 Дорнод аймгийн Мэнэнд цэргийн алба хаасан. Ер нь манай дүү бол дөлгөөхөн, хүнтэй муудаад байдаггүй хүлээцтэй тийм л залуу. Үндэсний бөхөөр хичээллэдэг. Бөхөөрөө сумын харцага цолтой. Архи дарс нээх уудаггүй би лав ууж байхыг нь хараагүй. Тамхи бол татдаг. Найз нөхөд олонтой хүнд тусархуу найз нөхдийн дунд нэр хүнд өндөр би дүүгээ мундаг л гэж боддог. Цайлган, хүнд буруу муу юм санаад байдаггүй хүнд их тусалдаг тийм залуу байгаа юм. Одоо бол Бор-Өндөр сумын 3-р баг Нарлагт эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байна..” гэх мэдүүлэг /хх-н 38 хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч М.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт М-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР