| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт М-ын Б-д холбогдох 2240000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, .... регистрийн дугаартай Ц овогт М-н Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Нийтийн байрны коридорт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Д-той маргалдан түүний толгойн зүүн хэсэг, нурууны зүүн тал орчимд тус тус нэг удаа хутгалж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2240000000025 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ танил дүү М-тэй хамт "Хараа" нэртэй 0.5 литрийн архинаас нэг ширхгийг уусан. Архи ууж байхад найз З.Д 12 цаг өнгөрөөгөөд залгахаар нь ярьсан. Утсаар ярьсан гэртээ байна хүрээд ирээч гэхээр нь гэрээсээ гараад З.Д-ийн амьдарч байгаа Д-гийн гэрт очсон гэрт нь байхгүй байсан. Тэгэхээр нь З.Д-ийг хаана байгааг асуусан чинь эхнэртэйгээ хамт Ц-ын гэрт байгаа гэхээр нь гэрт нь очсон тэдний гэрт "Хараа" нэртэй 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво уучихсан сууж байсан. Би гэрт нь тэр хэдтэй хамт юм яриад суусан. Архи уугаад сууж байгаад З.Д намайг ганц шил архи аваад өгчхөөч гэхээр нь тэгье гээд тэдний гэрээс цуг гарсан. Гэрээс нь гараад шууд дэлгүүр орж "Хараа" нэртэй 0.75 литрийн архи аваад буцаж Ц-ийн гэрт орж бөөндөө уусан. Тэнд тэр архиа уугаад дуусгасан З.Д хоёулаа Баяраагийн гэр рүү явъя гээд байхаар нь чи одоо унтаа хөгшөөн гэсэн чинь такси дуудчихъя цуг явъя гээд такси дуудчихаар нь цуг Б-ийн гэр рүү явсан. Б-ийн гэрт очиход гэрт нь Т , Э , Б энэ гурав гэрт архи ууж байсан. Бид хоёр гэрт нь ороод ууж байсан архинаас нь би нэг татаад, З.Д хоёр, гурав татсан. Тэгээд манай гэрлүү явж ганц шил архи ууя гээд гэрээс нь З.Д-той цуг гарсан. Б-ы гэрээс гараад манай гэр рүү алхаад явсан. Гэрт орж ирээд ухаан ороод арай гайгүй болоод байсан чинь З.Д нэг шил архи авчих гээд байхаар нь би мөнгө байхгүй, түрүүнд байсан мөнгөөрөө архи авчихсан одоо мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг шууд цохиод авсан. Тэгээд л бид хоёр гэрийн хаалганы үүдэнд зодолдсон намайг доороо хийгээд зодоод байсан. Намайг З.Д нэг удаа цохисноос хойш юу болсон талаар би санахгүй байна. Бид хоёрыг коридорт зодолдож байхыг Нямхүү гэдэг манай байрны залуу хараад салгасан гэсэн. Би яг хутга хаанаас аваад З.Д-ийг зүссэнээ мэдэхгүй байна. Манай гэрт бол 2 заазуур, 1 ширхэг жижиг хутга байдаг. . Миний зүссэн хутга нь манай гэрийн жижиг модон шар иштэй байсан. Би хэзээ гэр рүү ороод хутга авснаа санахгүй байна. Нилээн их согтолттой байсан. Гэртээ яаж ирснээ бараг санахгүй байна. З.Д той үүдэнд зодолдож байснаа бүдэг бадаг л санаж байна. З.Д-д учирсан гэмтлийг би гэрийнхээ үүдэнд зодолдож байхдаа учруулсан. З.Д нь маргааш нь бие өвдөөд байна гээд байхаар нь би 4 шил "Хараа" нэртэй 0.75 литрийн архи гэрт нь аваачиж өгсөн. Мөнгө төгрөг бол өгөөгүй. Би одоохондоо ажилгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40-р хуудас/
Хохирогч З.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Бор-Өндөр суманд эхнэрийн хамт хадмын гэрт байсан. Хадмын гэрийн хаягийг мэдэхгүй байна. Би 03 сарын 11-ний өглөө эхнэр Э.Б-гын хамт гараад найз Ц-гийн гэрт очсон. Ц-ийн гэрт очоод "Хараа" нэртэй 0.75 литрийн архи уугаад дуусч байсан гаднаас М.Б орж ирсэн. М.Б хүрээд ирэхээр нь би ахиж "Хараа" нэртэй 0.75 литрийн архи нэг ширхгийг, 2.5 литрийн шар айрагтай цуг авсан. Тэр архи пивыг М.Б , манай эхнэр Э.Б , Ц нөхөртэйгөө хамт хувааж уусан. Ууж дуусаад М.Б намайг цуг явъя манайд очъё гээд байхаар нь цуг явчхаад ирье гээд цуг явсан. Ц-гын гэрээс гараад М.Б-Бор-Өндөр сумын 2 дугаар баг Нийтийн байр 3-11 тоотод очсон. Гэр лүү нь явах замдаа "Хараа" нэртэй 0.75 литрийн архинаас 1 ширхгийг авсан. М.Б-ний гэрт хүн байхгүй, бид хоёр хоёулаа архиа хувааж уусан. Архиа уугаад сууж байгаад маргалдсан, юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Бид хоёр цуг архи ууж сууж байгаад хоорондоо зодолдсон. Тэгж хоорондоо зодолдох үед миний биед гэмтэл учраагүй, М.Б-нийнүд хөхөрсөн байсан. Би тэгээд гэрт нь зодолдож байгаад гэрээс нь гараад коридорт нь явж байсан араас гүйж ирээд шилэн хүзүүний доод талд нэг удаа хутгалсан. Тэгээд л би цус алдаад ухаан балартчихсан байсан. Хутгалснаас нь хойш өөдөөс нь ноцолдсон юм шиг байна лээ. Миний толгойн орой хэсэг, урд хэсэгт нэг нэг удаа зүсчихсэн байсан. Сүүлд хутгалснаас нь хойш ноцолдох үед зүссэн байх. Би согтолт ихтэй, дээрээс нь цус алдсан болохоор сүүлийн үйл явдлыг санахгүй байна. Миний толгойд хоёр зүсэгдсэн, нурууны гол хэсэгтээ нэг хутгалуулсан. Одоо миний толгой зүгээр, халуунтай, цээж хөндүүр байгаа. Үрэвсэл дарах эм сайн уугаарай гэж хэлсэн. М.Б манай эхнэрийн ээжийн дүүгийнх нь хүүхэд. Хааяа Бор-Өндөр суманд ирэхээрээ уулздаг. Дотно харилцаатай биш. Бид хоёрт хоорондоо өс санасан зүйл байхгүй, архи ууж согтсон байсан болохоор ийм зүйл болсон байх. Би нилээн их согтолттой байсан. М.Б гайгүй байсан байх. Би тэрийг нь мэдэхгүй байна. Би хутгыг нь хараагүй, гэрт нь ил хутга харагдахгүй байсан. Надад гомдол байхгүй, би эм тариа авсан мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Нийтийн байр 1-5 тоотод байх гэртээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэр, охины хамт байх үед коридорт түжгэнээд байхаар нь гэрээсээ ганцаараа гарч харсан. Гэрээсээ гараад харсан М.Б ах, З.Д нар хоорондоо зодолдож байсан. Би гэрээс гараад ирэхэд хоёулаа нил цус болчихсон дээгүүрээ шалдан зодолдож байсан. Тэр хоёр хоорондоо зодолдож байхаар нь би голоор нь ороод салгасан З.Д ах М.Б ах руу дайраад ахиад зодолдоод байсан. Тэгж зодолдож байгаад болиод хоорондоо эвлэрээд цусаа угаацгаасан. Намайг коридорт гарч ирэх үед л хоорондоо зодолдож байсан. Намайг коридорт гарч ирэх үед хутга харагдаагүй. Би хаана нь ямар хутгаар хутгалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд салгаад арай гайгүй болгоод байсан цагдаа нар аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Нийтийн байрны коридорт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Д-той маргалдан түүний толгойн зүүн хэсэг, нурууны зүүн тал орчимд тус тус нэг удаа хутгалж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч З.Д-ийн “...Бид хоёр цуг архи ууж сууж байгаад хоорондоо зодолдсон. Тэгж хоорондоо зодолдох үед миний биед гэмтэл учраагүй, М.Б-ий нүд хөхөрсөн байсан. Би тэгээд гэрт нь зодолдож байгаад гэрээс нь гараад коридорт нь явж байсан араас гүйж ирээд шилэн хүзүүний доод талд нэг удаа хутгалсан. Тэгээд л би цус алдаад ухаан балартчихсан байсан. Хутгалснаас нь хойш өөдөөс нь ноцолдсон юм шиг байна лээ. Миний толгойн орой хэсэг, урд хэсэгт нэг нэг удаа зүсчихсэн байсан. Сүүлд хутгалснаас нь хойш ноцолдох үед зүссэн байх..." гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Н-ийн“...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэр, охины хамт байх үед коридорт түжгэнээд байхаар нь гэрээсээ ганцаараа гарч харсан. Гэрээсээ гараад харсан М.Б ах, З.Д нар хоорондоо зодолдож байсан. Би гэрээс гараад ирэхэд хоёулаа нил цус болчихсон дээгүүрээ шалдан зодолдож байсан. Тэр хоёр хоорондоо зодолдож байхаар нь би голоор нь ороод салгасан З.Д ах М.Б ах руу дайраад ахиад зодолдоод байсан. Тэгж зодолдож байгаад болиод хоорондоо эвлэрээд цусаа угаацгаасан...." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч З.Д-ийн толгойн зүүн хэсэг, нурууны зүүн тал орчимд тус тус нэг удаа хутгалсны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч З.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол байхгүй, би эм тариа авсан мөнгөө нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү М.Б нь Дорнод аймаг 1991 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн. Манайх Хэнтий аймгийн Бэрх хотод амьдраад миний хүү 3 дугаар ангиа Бэрхэд төгссөн. Тэгээд Хэнтий Бор-Өндөр суманд 2000 онд шилжиж ирсэн. Б ирээд 4 дүгээр ангид ороод 8 дугаар ангиа энд төгссөн. Төгсөөд Бор-Өндөр сумын МСҮТ-ийн хүнд машин механизмын ангийг 2010 онд төгссөн. Сургуулиа төгсөөд УБҮ-т ажилд ороод нээх удаагүй ажлаасаа гарсан. Тэрнээс хойш хувийн уурхайгаар л ажиллаж байна. Яг тогтсон ажилгүй орж гараад л явж байна. Хүү маань цэргийн алба хаагаагүй хүйтний харшилтай гээд явж чадаагүй юм. Хувцсаа тайлахаар нь бие нь дээгүүр нь юм туураад гараад ирдэг. Хааяа баяр ёслол гээд тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэхээрээ ээж, аавынхаа хажууд бол зүгээр юу ч мэдэгдэдгүй. Найз нөхөдтэйгээ уухаараа ямар зан ааш гаргадагийг бол мэдэхгүй байна. Хүү маань найз нөхдийн дунд нэр хүнд сайн, маш их тусархаг, хүнд үгүй гэж хэлдэггүй яахуу гээд л гүйж байдаг. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг байхгүй. Хааяа хүйтэнд даарахаараа бие нь дээгүүр нь юм туураад байдаг. Төрийн өмчит уул уурхайгаар ажиллаагүй болохоор улсаас авсан гавьяа шагнал байхгүй. Одоогоор хүү маань эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 44 хуу/
Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.Б нь Дорнод аймаг 1991 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн. Би ээжтэй нь 2002 онд гэр бүл болоод тэрнээс хойш Б-ийг мэднэ. Б нь Хэнтий Бор-Өндөр суманд 2010 онд МСҮТ-ийн хүнд машин механизмын ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд нээх онц хийсэн ажилгүй хувийн уурхайнуудаар л ажиллаж байна. Тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, уухаараа гайгүй л байдаг. Ээж бид хоёрын үгэнд сайн ордог, харь амар гэхээр за гээд л гэртээ харьдаг хүүхэд байсан. Найз нөхөд нь бас уруу татаж архи дарс уулгаад буруу замруу хөтлөөд байна гэж бодож байна. Улсад ажлаагүй болохоор улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Эрүүл мэндийн хувьд бол архаг хууч өвчин эмгэг байхгүй. Даарахаараа биеэр нь юм туураад гардаг тэрнээсээ болоод цэргийн алба хааж чадаагүй гэж ярьдаг.” гэх мэдүүлэг /хх-н 46 хуу/-ийг тус тус өгчээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр хот тохижилт” Төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газар /ТБАГУТҮГ/-т өдөрт 8 (найм) цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, ажлын хэсэг 11 см, бариул 11 см, нийт 22 см урттай хутгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР