Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч Ж.Э , Х.Б  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Ж-н Э , Б  овогт Х-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2240000000028 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, .. Уулын баяжуулах үйлдвэрийн ... хүчний цехэд цахилгааны мастер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг ... дүгээр байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдаж байсан, .... регистрийн дугаартай А овогт Ж-ын Э .

Монгол Улсын иргэн, 1966 оны .. дугаар сарын ..-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн . сумын ...дүгээр баг ... тоотод оршин суух,

урьд 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн УБГШ-н 62 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ... регистрийн дугаартай Б  овогт Х-ийн Б .

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Ж.Э  нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн эрчим хүчний цехийн цахилгааны хаалттай хуваарилах байгууламжийн ажилчдын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ажлын байранд архи уусан” гэх шалтгааны улмаас Х.Б-тай маргалдан нүүр хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч Х.Б  нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн эрчим хүчний цехийн цахилгааны хаалттай хуваарилах байгууламжийн ажилчдын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ажлын байранд архи уусан” гэх шалтгааны улмаас Ж.Э-тэй маргалдан цээжин тус газар 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2240000000028 тоот эрүүгийн хэргээс

Хохирогч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн эрчим хүчний цехэд цахилгаанчин хийдэг байсан юм. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 08 цагт ажил дээрээ очиж ажлын нарядаа авч ажилдаа гарсан. Би ажил дээрээ хариуцсан ажлаа хийж байгаад орой 17 цаг 30 минут өнгөрч байхад эрчим хүчний цехийн хаалттай хуваарилах байгууламжийн ажилчдын өрөөнд байж байхдаа өөрийнхөө сэйфэнд байсан 150 грамм цэвэр спиртийг ганцаараа уусан. Тухайн үед би ажилчдын өрөөнд ганцаараа байсан, устай холиод уусан. Би орой 19 цаг 30 минут гээд ажлаасаа буух ёстой байсан боловч миний дараагийн ээлжийн хүн ирээгүй байсан болохоор мастер Э  рүү утсаар ярьж миний дараагийн ээлжинд гарах хүн ирэхгүй байна, би ажлаасаа буумаар байна гэж хэлсэн. Тэгэхэд Э  миний өөдөөс "Юу гээд томроод байгаа юм, би одоо очлоо" гэж хэлсэн, тэгээд бид 2 утсаар хоорондоо нилээн маргалдаж байгаад утсаа тасалсан. Намайг ажилчдын өрөөнд ганцаараа байж байхад орой 19 цаг 50 минутын үед Э  мастер ганцаараа орж ирээд над руу уурлаж миний нүүр лүү нэг удаа цохиж унагаасан. Намайг босоход дахиж цохихоор нь би ширээний булан мөргөж унасан. Тэгээд Э-г дийлэхгүй байсан болохоор ширээн дээрээс юм хайсан чинь хутга харагдахаар нь аваад Э-тэй ноцолдож байгаад цохиулсан уурандаа Э-г 2 удаа хутгалсан. Гэхдээ би Э-г хутганы үзүүрээр бага зэрэг хатгасан гэж бодож байсан. Бид хоёрыг ноцолдож байхад гаднаас А , Э 2 хамт ирээд салгасан. Тэгээд миний гарт байсан хутгыг ширээн дээр тавиулсан. Э-гийн цээжний орчмоос цус гарч байхыг нь харсан. Э үйлдвэрийн эмчид мэдэгдэж, анхны тусламж үзүүлээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явсан би хэрэг болсон газар үлдсэн... Би цэвэрлэгээний зориулалтаар өгсөн спиртээс үлдсэнийг нь өөрийнхөө сэйфэнд хийж, хадгалсан байсан юм. Би ажилчдын өрөөнд ганцаараа байхдаа хадгалсан спиртээ уусан юм. Би ажлын байранд архи согтууруулах ундаа ууж болохгүй гэдгийг мэднэ, гэхдээ ажлаас буух дөхөж байсан учраас гайгүй байх гэж бодоод уусан...Э  орж ирээд намайг зодсон, тэгээд би Э-тэй ноцолдоод дийлэхгүй байсан учраас айлгах гэж хутга бариад, ноцолдож байхдаа 2 удаа хутгалсан...Миний дух зулгарсан, 2 хацар орчимд хөхөрсөн. Мөн нэг шүд угаараа хөдөлгөөн орсон байсан, өөр учирсан гэмтэл шарх байхгүй...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

Хохирогч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа гараад, ажлынхандаа ажлын нарядыг өгөөд, өөрийнхөө хариуцсан ажлыг хийж байгаад, ажлаа дуусгаад 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоолоо идэж дуусаад гэрт байсан хагас шил архийг ганцаараа уусан. Тэгж байгаад орой 19 цагийн үед гэрээс ганцаараа гараад Ажнай дэлгүүрийн үүдэнд манай цехийн цахилгаанчин А-тэй таарч, эргэж гэр лүүгээ хүргүүлсэн. Намайг А -гийн машинд суугаад гэр лүү хүргүүлж байхад манай ажлын Б  над руу утсаар яриад "Миний дараагийн ээлж ирэхгүй байна, ээлжийн хүн яав аа" гэж хэлэхээр нь "Би одоо ээлжийн хүнийг явууллаа" гэж хэлсэн чинь архи уусан бололтой над руу уурлаж, хашгирч ярихаар нь "Чи ажлын байран дээр яагаад архи уугаад байгаа юм бэ" гэж асуухад миний өөдөөс маргалдаж, хэрэлдэхээр нь А-г ажил руугаа явж бай гэж хэлээд ажлынхаа албаны машиныг дуудаад Б.Э-ыг албаны машинтай ирэхээр нь суугаад ажил руу явсан. Үйлдвэрийн харуулын байрны гадаа ирээд зогсоход А  машины кабинд суугаад хамт хаалттай хуваарилах байгууламж руу очсон. Ажилчдын өрөөний гадаа ирээд би түрүүлээд орсон, А , Э  2 ард үлдсэн. Намайг ажилчдын өрөөнд ороход Б  архи уусан, согтуу байгаа нь илт мэдэгдэж байхаар нь "Ажлын байранд яагаад архи уугаад байгаа юм бэ" гэж хэлэхэд өөдөөс нь маргалдахаар нь би түрүүлээд шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Надад цохиулаад ширээний булан мөргөөд унаж байсан. Тэгээд босож ирэхдээ баруун гартаа хутга барьчихсан байхаар нь хутгыг нь булааж авах гээд хоорондоо зууралдсан. Б-тай ноцолдож байхад гаднаас А , Э 2 орж ирээд бид 2-ыг салгасан, Б-гийн барьж байсан хутгыг тавиулсан. Тэгтэл миний цээжний зүүн хэсгээс цус гарч байна гэхээр нь харсан чинь миний цээжний хэсэгт хутгалчихсан байсан. Тэгээд үйлдвэрийн эмчийг дуудаж анхны тусламж аваад, Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд миний цээжний баруун, зүүн хэсэгт 2 удаа хутгалсан байсан. Миний шарханд оёдол тавьж, биеийн байдал гайгүй байсан учраас маргааш өдөр нь эмнэлгээс гарсан. Би гэртээ ганцаараа хагас шил архи уусан байсан, миний согтолт гайгүй байсан, би юу болж байгааг мэдэж байсан...Намайг үйлдвэр дээр ирээд, хаалттай хуваарилах байгууламжийн ажилчдын өрөөнд ороход Б  ганцаараа байсан бөгөөд архи уусан, согтуу байхаар нь "Ажлын байран дээр архи уулаа" гэж загнаад хувийн арга хэмжээ авъя гэж бодоод цохичихсон. Уурхайн удирдлагууд мэдвэл Б  ажлаас халагдах учраас дээшээ мэдэгдэлгүйгээр би өөрөө арга хэмжээ авах гэж цохисон юм. Тэгтэл Б гартаа хутга барихаар нь хутгыг нь булааж авах гзж ноцолдож байгаад хутгалуулчихсан байна...Б  бид 2 өмнө нь муудаж маргалдаж байгаагүй, бид 2-ын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Бид 2 нэг оны цэрэг, он жав гээд хоорондоо арай илүү ойр харьцаатай байдаг байсан. Надад цохиулсандаа уурлаж намайг хутгалсан байх гэж бодож байна...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Б  миний эмчилгээнд гарч байгаа зардлыг төлж барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

 

Гэрч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт цахилгаанчнаар ажилладаг. Би 2022 оны 03 сарын 31-ний өдөр 19 цаг 30 минутанд ээлж хүлээлцэж ажилдаа гарах байсан ба 19 цаг 40 цагийн үед ажлын гаднах зогсоол дээр машинаа тавьчхаад цааш үйлдвэр дотор байх төв хуваарилах байгууламж руу албаны автомашинд суугаад цахилгааны мастер Э , жолооч Э-ын хамт очсон. Очоод Э  ах түрүүлээд орсон. Э бид 2 тус байгууламж руу 19 цаг 50 минутын үед машиныхаа гэрлийг унтраачхаад ороход дотор ертөнцийн зүгээр зүүн урд талд Э  ах Б  ах 2 хоорондоо зодолдоод хананд шахагдаад барьцалдсан байдалтай байсан. Тэгэхээр нь Э бид 2 харахад Б баруун гартаа улаан хүрэн иштэй хутга барьчихсан байхаар нь хутгыг нь салгая гээд бид 2 тэр хоёрыг салгаад Б  ахын гараас хутгыг нь салгаж аваад би тэр хутгыг өрөөнд байх тавиур дээр тавьсан. Тэгээд эргээд хартал Э  ахын цээжний зүүн хэсгээс цус гарчихсан байсан. Э ах дээгүүр хувцсаа тайлахад цээжний зүүн хэсэгтээ хутгалуулсан байдалтай байсан. Тэгэхээр нь эмийн хайрцагаас хөвөн бинт аваад цус гарч байсан газарт нь дарсан...Тухайн үед бид хоёрыг өрөөнд ороход Э  ах, Б ах хоёроос өөр хүн тэр өрөөнд байгаагүй. Б  ах Э ахыг хутгалсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

 

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт засварчин, мотор ороогчоор ажилладаг. Би 2022 оны 03 сарын 31-ний өдөр гэртээ байхад 19 цаг өнгөрч байх үед цахилгааны мастер Э  ах над руу залгаад очиж албаны машинаа авна гэж хэлсэн. Удалгүй байрны чинь гадаа ирчихлээ гараад ир гэж залгасан. Би гараад очиход Э  ах ирчихсэн хөл өвдөөд байна машин байрны гадаа аваачаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би уулын баяжуулах үйлдвэрийн албаны фермер маркийн автомашиныг жолоодоод явж байтал Э  ах руу ажлаас залгаад хүнтэй ярьсан. Тэгээд хамт шууд уурхай ороод ээлж сольчхоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг жолоодоод Э ахтай уурхай руу очсон. Үйлдвэрийн үүднээс А  машинд суугаад хамт үйлдвэр дотор байх төв хуваарилах байгууламж руу 19 цаг 50 минутын үед очсон. Очиход Э ах түрүүлээд орсон. Би А-тэй хамт машины гэрлийг унтраачхаад ороход Э  ах Б  ах 2 дотор хоорондоо зодолдоод байж байсан. Тэгэхээр нь бид 2 салгах гэхэд Б-гийн гарт хутга байсан. Бид 2 гарыг нь барьж байгаад хутгыг нь салгаад А  хутгыг нь булааж аваад цааш нь тавьсан. Тэр 2-г салгаад харахад Э ахын цээжнээс цус гарч байсан. Фодволкыг нь татаад үзэхэд Э  ахын цээжний зүүн дээд хэсэгт хутгаар хатгачихсан юм шиг зүсэгдсэн шархтай цус гарч байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 16 цагаас ажилдаа гараад, ажлын байран дээрээ байж байтал 20 цагийн үед нэг залуу орж ирээд "манай цехийн 2 хүн хоорондоо маргалдаад байна" гэж хэлэхээр нь юу болсон юм бэ лавлаж асуухад “нэгийгээ хатгачихлаа" гэж хэлэхээр нь ойлгоод үзлэгийн цүнхийг аваад хамт хэрэг болсон газарт ирсэн. Намайг хэрэг болсон газарт ирэхэд Э  гэдэг хүний цээжний хэсэгт 2 хутганы шарх байсан. Э-гийн цээжний баруун талд үүссэн шархнаас цус гарахгүй, харин цээжний зүүн талд үүссэн шархнаас нилээн цус гарч байсан. Би Э-г үзээд цус тогтоох тариа, өвчин намдаах тариа хийж, шархан дээр цэвэр боолт хийгээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан.Э-гийн биеийг үзэж анхны тусламж үзүүлж байхад архи үнэртэж байсан, согтуу байгаа бололтой байсан. Харин Э-г хутгалсан хүнийг архи уусан үгүйг мэдээгүй, надтай ойрхон ирж уулзаагүй, надаас зугтаад холуур яваад байсан болохоор сайн мэдээгүй...Эн-гийн биеийн байдал цээжний зүүн хэсэгт учирсан шархнаас цус алдсан цонхийсон, бага зэрэг шокийн байдалтай байх шиг байсан. Харин Б-гийн бие ямар байсан, биед нь ямар гэмтэл учирсныг үзээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаартай

  1. Ж.Э-гийн биед цээжний зүүн 2-р хавирганы түвшинд эгэмийн шугамаарх хөндлөн байрлалтай, баруун 3,4-р хавирганы түвшинд суганы шугамаарх босоо байрлалтай цээжний хөндийн рүү нэвтрээгүй хатгагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх цээжний зүүн 2-р хавирганы түвшинд эгэмийн шугамаарх хөндлөн байрлалтай, баруун 3,4-р хавирганы түвшинд суганы шугамаарх босоо байрлалтай цээжний хөндийн рүү нэвтрээгүй хатгагдсан шарх нь шинэ гэмтлүүд байна.
  4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн цадвар алданлтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-н 28-30-р хуу/ гэх дүгнэлт,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 284 дугаартай

          1. Х.Б-н биед 12-р шүдний булгарал, духанд зулгаралт, 2 хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх 12-р шүдний булгарал, духны зулгаралт, 2 хацрын цус хуралт нь шинэ гэмтлүүд байна.

          4. Дээрх 12-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  52.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          5. Цаашид 12-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. /хх-н 15-46-р хуу/ гэх дүгнэлт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

          -Шүүгдэгч Ж.Э , Х.Б  нар нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн эрчим хүчний цехийн цахилгааны хаалттай хуваарилах байгууламжийн ажилчдын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж Ж.Э  нь Х.Б-гийн нүүрэн тус газар гараараа цохиж, Х.Б нь хутга хэрэглэн Ж.Э-гийн цээжин тус газар хоёр удаа хатгаж бие биендээ хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Х.Б-н “...Би орой 19 цаг 30 минут гээд ажлаасаа буух ёстой байсан боловч миний дараагийн ээлжний хүн ирээгүй байсан болохоор мастер Э рүү утсаар ярьж миний дараагийн ээлжинд гарах хүн ирэхгүй байна, би ажлаасаа буумаар байна гэж хэлсэн. Тэгэхэд Э миний өөдөөс "Юу гээд томроод байгаа юм, би одоо очлоо" гэж хэлсэн, тэгээд бид 2 утсаар хоорондоо нилээн маргалдаж байгаад утсаа тасалсан. Намайг ажилчдын өрөөнд ганцаараа байж байхад орой 19 цаг 50 минутын үед Э  мастер ганцаараа орж ирээд над руу уурлаж миний нүүр рүү нэг удаа цохиж унагаасан. Намайг босоход дахиж цохихоор нь би ширээний булан мөргөж унасан...." гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Э-гийн “...Намайг ажилчдын өрөөнд ороход Б  архи уусан, согтуу байгаа нь илт мэдэгдэж байхаар нь "Ажлын байранд яагаад архи уугаад байгаа юм бэ" гэж хэлэхэд өөдөөс нь маргалдахаар нь би түрүүлээд шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Надад цохиулаад ширээний булан мөргөөд унаж байсан. Тэгээд босож ирэхдээ баруун гартаа хутга барьчихсан байхаар нь хутгыг нь булааж авах гээд хоорондоо зууралдсан. Б-тай ноцолдож байхад гаднаас А , Э 2 орж ирээд бид 2-ыг салгасан, Б-гийн барьж байсан хутгыг тавиулсан. Тэгтэл миний цээжний зүүн хэсгээс цус гарч байна гэхээр нь харсан чинь миний цээжний хэсэгт хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.А-гийн “...Э ах Б  ах 2 хоорондоо зодолдоод хананд шахагдаад барьцалдсан байдалтай байсан. Тэгэхээр нь Э бид 2 харахад Б баруун гартаа улаан хүрэн иштэй хутга барьчихсан байхаар нь хутгыг нь салгая гээд бид 2 тэр хоёрыг салгаад Б  ахын гараас хутгыг нь салгаж аваад би тэр хутгыг өрөөнд байх тавиур дээр тавьсан. Тэгээд эргээд хартал Э ахын цээжний зүүн хэсгээс цус гарчихсан байсан. ******* ах дээгүүр хувцсаа тайлахад цээжний зүүн хэсэгтээ хутгалуулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Э-н“...Э  ах Б  ах 2 дотор хоорондоо зодолдоод байж байсан. Тэгэхээр нь бид 2 салгах гэхэд Б-гийн гарт хутга байсан. Бид 2 гарыг нь барьж байгаад хутгыг нь салгаад А  хутгыг нь булааж аваад цааш нь тавьсан. Тэр 2-г салгаад харахад Э ахын цээжнээс цус гарч байсан. Фодволкыг нь татаад үзэхэд Э  ахын цээжний зүүн дээд хэсэгт хутгаар хатгачихсан юм шиг зүсэгдсэн шархтай цус гарч байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Б-ын “...Намайг хэрэг болсон газарт ирэхэд ******* гэдэг хүний цээжний хэсэгт 2 хутганы шарх байсан. *******гийн цээжний баруун талд үүссэн шархнаас цус гарахгүй, харин цээжний зүүн талд үүссэн шархнаас нилээн цус гарч байсан. Би Э үзээд цус тогтоох тариа, өвчин намдаах тариа хийж, шархан дээр цэвэр боолт хийгээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг, 

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 283, 284 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Э , Х.Б нар нь тус тусын өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул тэднийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа болон асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж чадаагүй байдал тус тус нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Э , Х.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ж.Э  нь ял шалгах хуудас /хх-н 103 хуу/-аар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь, шүүгдэгч Х.Б нь ял шалгах хуудас /хх-н 125-133 хуу/-р хоёр удаа ял шийтгүүлж байсан нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Э-гийн хувийн байдлын талаар гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* бид 2 анх 1981 онд танилцаж, 1992 онд гэр бүл болж тусдаа гарч байсан. Гэр бүлийн баталгаатай. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Манай нөхөр Улаанбаатар хотод цахилгаан, эрчим хүчний чиглэлээр сургуульд сурч төгссөн. Одоо Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний цехийн цахилгааны мастер хийдэг. Зан байдлын хувьд их цагаахан, шулуун шударга хүн, хүний болохгүй байгаа зүйлийг шууд нүүрэн дээр нь хэлчихдэг, үүнд нь хүмүүс дургүй байдаг. Хааяа найз нөхөдтэйгээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уусан үедээ гайгүй, зүгээр байдаг. Хүнтэй муудаад байх асуудал гаргадаггүй. Хүнд хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчхээд араас нь хэтрүүлчихлээ гэж санаа зовдог. Би *******тэй ханилаад 30 гаран жил болж байна, энэ хугацаанд хүнтэй муудаад, зодолдож ноцолдож байсан удаа байхгүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Салбарын эрчим хүчний тэргүүний ажилтан, тэргүүний уурхайчин, хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналаар шагнагдаж байсан. Сүүлийн үед тулуй өвчнөөр хөл нь өвддөг болсон. Хамт олон найз нөхөд дундаа нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /хх-н 83-84 хуу/,

 

Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2007 онд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний цехэд ажилд орсон, тэгэхэд Э тэнд ажилладаг байсан юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Э-тэй хамт ажиллаж, найзалж нөхөрлөж байна. Зан байдлын хувьд төлөв томоотой, өөрийн хариуцсан ажилдаа сайн, шулуун шударга, хүнд хэлье гэсэн зүйлээ нүдэн дээр хэлчихдэг зантай хүн. Манай найз хааяа, баяр ёслолоор архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв ааш авир байхгүй, мөрөөрөө байдаг. Э  эрчим хүчний тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэл байхгүй. Бор-Өндөр суманд эхнэрийн хамт амьдардаг, одоо эрчим хүчний цехийн цахилгааны мастер хийдэг. Ажлын хамт олон, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, бусдадаа үлгэр дууриал болж, заавар зөвлөгөө өгдөг хүн байгаа юм. Би Э-тэй хамт ажиллаж байх хугацаандаа хүнтэй муудаж байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Б-гийн хувийн байдлын талаар гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б  ах бид 2 Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний цехэд хамт ажиллаж байсан. Би Б  ахыг одоогоос 10 гаран жилийн өмнөөс мэдэх болсон, тэр үеэс өдийг хүртэл хуурай ах дүү нар гэж нөхөрлөж байна. Зан байдлын хувьд дуугай, томоотой, даруухан хүн, үг яриа цөөтэй. Б  ах өөрийнхөө хариуцсан ажилдаа сайн, уурхайгаас шагнал урамшуулал авч байсан, ажлаа тасалж байгаагүй, шударга хүн. Миний мэдэж байгаагаар надтай найзалж нөхөрлөснөөс хойш гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Бор-Өндөр суманд эхнэр хүүхдийнхээ амьдардаг, нэг хүүхэд нь оюутан болсон. Архи согтууруулах ундааг хааяа баяр ёслолын үеэр хэрэглэдэг, архи уусан үедээ гэр бүлийнхээ хүнтэй муудаад байдаггүй, гэртээ унтаад өгдөг. Ажлын хамт олон, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, хүнтэй муудаж сайдаад байдаггүй, томоотой хүн. Сая ямар учраас ******* муудсаныг нь мэдэхгүй байна, ингээд байдаг хүн биш. Уурхайд олон жил ажилласан учраас мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж байгаа байх, тэрнээс биш архаг хууч өвчин байхгүй, мөн сэтгэцийн хувьд эрүүл саруул ухаантай. Энэ хэргээс болж ажлаасаа халагдсан. Гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, оюутан хүүхэдтэй, банкны зээлтэй гээд төлбөр мөнгөний асуудал ихтэй байгаа. Ажлаасаа халагдаагүй байсан бол удахгүй тэтгэвэртэй гарах байсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 78-79 хуу/,

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид 2 Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт 2000 онд хамт ажилд орж, бие биенээ таньж мэдэх болсон, тэр цагаас хойш өнөөг хүртэл найзалж нөхөрлөж байна. Зан байдлын хувьд даруухан, хүнтэй муудаад байхгүй, томоотой, элдэв янзын ааш авир байхгүй. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, архи уухаараа их сайхан зантай байдаг, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бие биенийхээ үгэнд ордог. Архи уухаараа их томоотой байдаг, гэхдээ сая ямар учраас энэ хэргийг үйлдэх болсныг мэдэхгүй байна. Хийсэн хэргээсээ болж ажлаасаа халагдсан, гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байдаг, нэг хүүхэд нь оюутан. Надтай найзалж нөхөрлөснөөс хойш гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Байгууллагын шагнал урамшуулал авч байсан. Найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, хүнд их тусархуу хүн.” гэх мэдүүлэг /хх-н 80-81 хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор хангаж, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос гаргасан шүүгдэгч тус бүрийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч нар нь зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсэг нь 11 см урт хүрэн өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А овогт Ж-н Э , Б овогт Х-йн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э , Х.Б нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 12 см, бариулын урт 11 см, хүрэн өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ж.Э , Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР