Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шинжээч Ж.Жаргалтуяа /цахимаар/

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ч-н Б-холбогдох 2240000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “...” ТӨҮГ-ын харьяа ... Уулын баяжуулах үйлдвэрийн “...” цехэд экскаваторын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай Д овогт Ч-н Б . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” бааранд согтуугаар иргэн Ш.Б-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, баарны шалан дээр хөмөрч унагааж, нүүрэн тус газар өшиглөсний улмаас Ш.Б-ын зүүн хөмсөгт язарсан шарх зөөлөн эдийн  няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Би гэм буруугаа хүлээж байгаа” гэв.

2240000000029 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оын 04 сарын 07-ны орой 22 цагийн алдад Сувд нэртэй бааранд ороод 5 шилтэй пиво захиалаад уугаад сууж байхад гаднаас хамт ажилладаг Б нилээн согтуу орж ирсэн. Нэг шилтэй пиво барьчихсан манай ширээн дээр ирээд суусан. Тэгэхээр нь би найз Э той хамт тамхилахаа гарсан. Бид хоёрыг гадаа гараад тамхи татаад зогсож байхад араас Б гарч ирээд Э-оос нэг ширхэг тамхи аваад татаж эхэлсэн. Тамхи татаж байхдаа надруу хандаад хэрүүлийн чанартай үг ярьж эхэлсэн. Чи намайг гадуур юу гэж ярьж явдаг гэлээ мангар бацаан минь гээд л байсан. Бас чи чинь хаанаас ирсэн пизда вэ гээд байхаар нь маргалдаад яахав гэж бодоод буцаад орсон. Ороод ширээндээ Э-той сууж байхад Б орж ирээд шууд миний хажууд шахаад суусан. Сууж байгаад шууд хажуу талаас намайг алгадаад авсан. Тэгээд бид хоёр хоорондоо заамдалцсан чинь Э  салгасан. Надаас салаад эсрэг талд Э-ын хажууд суугаад архины хундага надруу шидсэн. Би уурлаад босож ирээд нэг удаа цээж хэсэгт гараараа цохьсон. Тэгээд би маргалдаад яахав гэж бодоод өөр ширээн дээр очоод суусан. Гэтэл араас ирээд яг юу гээд байгаа нь мэдэгдэхгүй намайг хараагаад л байсан. Би тэгээд 10 гаруй минут сууж байгаад гарах гээд үүдрүү алхтал араас гүйгээд надруу дайраад ирсэн. Би тэгэхээр нь сандраад шууд барьж аваад хөмөрч унагаагаад нэг удаа нүүррүү нь өшиглөсөн юм. Тэгээд Б-ыг босож ирэхээр нь харсан чинь хөмсөгнөөс нь цус гарч байсан. Яг тийм зүйл болж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг цагдааруу авч ирсэн. Орой бааранд орж ирсэнээсээ хойш өдөөд л хэл амаар доромжлоод байсан. Сүүлдээ арга ядаад гарах гэж байхад араас гүйгээд ирэхээр нь сандраад хөмөрч унагаад нэг удаа өшиглөсөн юм. Би дайраад ирэхээр нь сандраад хөмрөөд унагаасан тэгээд газар нүүрээрээ унахдаа газар мөргөөд гэмтээсэн байж магадгүй. Би бол тухайн болсон зүйлийг санаж байгаа. Б  бол гаднаас нилээн согтуу орж байсан. ...Би Н.Б-д эмчилгээний болон эмнэлгээр үзүүлсэний төлбөр мөнгө өгөөгүй байгаа. Эмнэлгээр үзүүлээд эмчилгээний зардал гарвал би өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна. Н.Б-ын биед халдаж гэмтэл учруулсан нь миний буруу. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна.гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62-р хуудас/

Хохирогч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой нийтийн байранд байх гэртээ ажлынхаа Х , Б хоёртой "Валинтайнс" гэдэг нэртэй хоёр шил виски хувааж уугаад 23 цагийн алдад гараад 38 дугаар байранд байх гэрийнхэн гадаа алхаад дөхүүлж өгчөөд буцах замдаа 23:20 минутын алдад ганцаараа "Сувд" нэртэй бааранд орсон. Бааранд ороход манай ажлын Б гэх залуу тэнд байсан. Би очоод Б-тэй хамт нэг ширээнд суугаад ойр зуурын юм яриад суусан. Б нь гадуур намайг сагсны багтаа аваагүй гэж яриад л яваад байгаа сурагтай байсан. Надад болохоор хэлэхгүй гадуур хүмүүсд муулаад л яваад байгаа юм шиг байсан. Би тэгээд хамт сууж байгаад чи нэг ч удаа зааланд ирэхгүй байж яаж сагсны багт орох гээд сайгаа юм гэхэд намайг хүүхэн шиг пизда гээд л хүмүүсд сонсогдохоор хэлээд байсан. Тэгээд л маргалдаж эхэлсэн. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан хөмсөгнөөс цус гарчихсан толгой нил цус болчихсон байсан. Бас миний үүдэн нэг шүд хөдөлгөөн орчихсон байсан. Би арай гэж босоод эмнэлэг рүү алхаад очиж үзүүлээд гэртээ хариад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгсөн. Би нилээн согтолттой байсан. Зарим болсон зүйлийг бол сайн санахгүй байна. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Би яг муудсанаас хойш бараг юм санахгүй байна. Сувд баарны зааланд байсан болохоор камерт нь тодорхой харагдах байх. Ер нь бол бааранд нилээн их хүн байсан. Бид хоёр маргалдаад удаагүй юм шиг байна лээ зууралдаж аваад намайг унагаагаад нүүррүү нэг өшиглөөд л яваад өгсөн юм шиг байна лээ. Бүжгийн заал нь бүдэг гэрэлтэй болохоор хүмүүс нээх анзаараагүй байж магадгүй гэж бодож байна. Би эрүүл мэндээрээ хохироод мөн сорви үлдэх юм шиг байна. Тийм болохоор эмчилгээ хийлгэсэн зардлуудаа гаргуулан авах саналтай байна. Хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдаад өвчлөөд акт авч байгаа болохоор актны мөнгө гэж аягүй бага мөнгө ордог тийм болохоор энэ өвчтэй байх хугацаандаа орсон актны мөнгөө үндсэн цалингийн мөнгөөсөө хасуулаад зөрүү мөнгөө авах саналтай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 04 сарын 07-ны орой 22 цагийн алдад манай найз Б надруу залгаад "Сувд" бааранд хүрээд ирээч гэсэн. Намайг яваад очиход Б ирчихсэн 5 лаазтай "Сэрүүн" нэртэй пиво захиалчихсан сууж байсан. Бид хоёр тэгээд тэрийн ууж дуусаад дахиад 7 лаазтай пиво захиалаад сууж байхад гаднаас Б  гэх залуу нилээн халамцуу орж ирээд бид хоёрын ширээн дээр миний хажууд суугаад байхаар нь би Б-тэй тамхи татах гээд гартал араас дагаж гарч ирээд надаас тамхи гуйгаад авч татсан. Гадаа байхдаа Б-ийг ярих зүйл байвал ярь гээд л жоохон үг хаях маягтай л байсан. Тэгээд чамайг Бор-Өндөрт сайхан амьдрахыг чинь харна аа гээд л байсан. Тамхиа татаж дуусаад ороод суутал араас орж ирээд ширээн дээр сууж байгаад гэнэт Б-г алгадаад авсан. Тэгсэн чинь тэр хоёр заамдалцахаар нь би салгаж байхад Б Б-г нэг удаа цээжрүү нь цохих шиг болсон. Б  нилээн халамцуу байсан болохоор газар унаад өгсөн. Босож ирээд гайгүй болоод ширээндээ суусан. Б  тэгээд ширээнд дээр архины хундага байсан чинь Б лүү шидсэн. Дахиад маргалдах гээд байсан чинь Б өөр ширээн дээр очоод суучихсан. Тэгээд 10 гаруй минут суусан байх намайг гаръя гээд дохихоор нь гарах гэж байтал Б гараа далайгаад Б рүү гүйгээд очсон чинь Б хөмөрч унагах шиг л болсон. Б-ыг унаад босоод ирэхээр нь харахад хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тухайн үед гаднаас яг цагдаа нар орж ирээд Бат-Эрдэнийг цагдаа руу авч яваад Б-ыг эмнэлэг яваад үзүүлээд ир гэсэн. Тийм л зүйл болсон. Надад бол сүүлд би унагаагаад нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн гэж ярьж байсан. Тэгээд Б-ийг О  гэх залуу батлан даалтаар авч өгөөд яваад өгөхөөр нь бид хоёр усан оргилуур ороод сууж байхад Т гэх манай найз залгаад Б , Тэ  хоёр ирээд хамт суугаад юм ярьж байхад Б  нь сая цагдаагийн баруун талд Б гэх залуу манай дүү Б-г цохиод дээрэлхсэн гэхээр нь би уурлаад нэг удаа цохисон чинь амаа дараад шүд эвгүй болчлоо гээд цагдааруу орчихлоо гээд бид хоёрт ирээд ярьж байсан. Б  бол нилээн согтуу байсан. Б бол гайгүй л байсан. ...Тэрийг бол би мэдэхгүй байна. Ер нь Б нь өдөөд л байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 294 дугаартай

  1. Ш.Б-ын биед  зүүн хөмсөг т язарсан шарх зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх зөөлөн эдийн  няцрал, 11-р шүд хөдөлгөөнтэй гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд тус бүрдээ мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-н 39-40-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б  нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” бааранд согтуугаар иргэн Ш.Б-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, баарны шалан дээр хөмөрч унагааж, нүүрэн тус газар өшиглөсний улмаас Ш.Б-ын зүүн хөмсөгт язарсан шарх зөөлөн эдийн  няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ш.Б-ын “...Би тэгээд хамт сууж байгаад чи нэг ч удаа зааланд ирэхгүй байж яааж сагсны багт орох гээд сайгаа юм гэхэд намайг хүүхэн шиг пизда гээд л хүмүүсд сонсогдохоор хэлээд байсан. Тэгээд л маргалдаж эхэлсэн. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан хөмсөгнөөс цус гарчихсан толгой нил цус болчихсон байсан. Бас миний үүдэн нэг шүд хөдөлгөөн орчихсон байсан. Би арай гэж босоод эмнэлэг рүү алхаад очиж үзүүлээд гэртээ хариад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгсөн.." гэх мэдүүлэг,

Гэрч С.Э-ын “...Тэгээд 10 гаруй минут суусан байх намайг гаръя гээд дохихоор нь гарах гэж байтал Б гараа далайгаад Б лүү гүйгээд очсон чинь Б хөмөрч унагах шиг л болсон. Б-ыг унаад босоод ирэхээр нь харахад хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тухайн үед гаднаас яг цагдаа нар орж ирээд Б-ийг цагдаа руу авч яваад Б-ыг эмнэлэг яваад үзүүлээд ир гэсэн. Тийм л зүйл болсон. Надад бол сүүлд би унагаагаад нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 294 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Ш.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж, баарны шалан дээр хөмөрч унагааж, нүүрэн тус газар өшиглөсний улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Ш.Б  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Миний Улаанбаатар хотод  эмчлүүлсэн эмчилгээний төлбөр, ирж очих унааны мөнгө болох 2,600,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр надад  дансаар шилжүүлсэн. ... Одоо надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл тус тус нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүдэгчрүү архины хундага шидсэн, цохихоор далайсан гэх үйлдэл нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн тул дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ч.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас /хх-н 108 хуу/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн хувийн байдлын талаар гэрч З.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Б нь Хэнтий аймгийн Норовлин суманд 1995 онд төрсөн. Ерөнхий боловсорлын сургуулиа 2014 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг төгссөн. Одоо УБҮ-т ажилд ороод 5-6 жил болж байна. Одоо УБҮ-ийн Баргилт цехэд экскаваторын оператор хийдэг. Би нөхөртэйгээ тус сумын 1-р багт амьдардаг. Манай нөхөр найз нөхөд цөөхөн. Дотны найзууд цөөхөн гэж боддог. Хааяа найз нөхөдтэйгээ ажлынхаа зав чөлөөгөөр гадуур гардаг. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаггүй. Ихэнхдээ ажилтай байдаг болохоор хааяа ганц л гардаг. Уусан үедээ хүнтэй муудаж маргалдаад байдаггүй. Хүний арга эвийг их сайн олдог, нийтэч, хүлээцтэй аягүй тайван хэзээ ч түргэн уурлаж бухимдаад маргаад байдаггүй. Манай нөхөр гэрээсээ гараад гадуур яваад байдаггүй. Ганц хоёр амралтын өдрөөрөө гэртээ л байдаг. Би бол нөхрийгөө мундаг сайн аав, сайн хүн гэж боддог.” гэх мэдүүлэг /хх-н 71 хуу/,

Гэрч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Ч.Б  нь  Хэнтий аймгийн Норовлин суманд 1995 онд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа 2014 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод  Батлан хамгаалах Их сургуулийн ахлагчийн ангийг 1 жилийн хугацаатай сурч төгссөн. Мэргэжлээрээ ажиллаагүй ээ. Одоо УБҮ-т ажил ороод 5 жил болж байна. Одоо УБҮ-ийн баргилт цехэд экскаваторын оператор хийдэг. Манай дүү Б  нь эхнэр хүүхдийн хамт Бор-Өндөр сумын 1-р баг 38-41 тоотод амьдарч байан. Б нь архи согтууруулах ундааны зүйл бараг л хэрэглэдэггүй хааяа л жоохон уудаг байх. Тамхи бол татдаг. Манай дүү цайлган цагаан, хүнд юм хэлдэггүй нийтэч сайн хүүхэд байгаа. Энэ занг нь ашиглаад хүмүүс дээрэлхээд байж магадгүй  гэж би боддог. Ажилдаа сайн хичээнгүй, тус ч хүнд муу санаад байдаггүй тийм л  хүүхэд байгаа юм. Их олон найзтай хүн болгонтой эвтэй харьцдаг.” гэх мэдүүлэг /хх-н 69 хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д овогт Ч-н Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР