Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч Д.Б, Ж.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Д-н Б , Ж  овогт Ж-ийн Д  нарт холбогдох эрүүгийн 2240000140032 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ТӨҮГ-ын харьяа ... Уулын баяжуулах үйлдвэрийн ... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ... регистрийн дугаартай Х  овогт Д-н Б .

 

Монгол Улсын иргэн, 1990 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, явган цэргийн машины научик мэргэжилтэй, “..” ТӨҮГ-ын харьяа ... Уулын баяжуулах үйлдвэрийн ... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын ерөнхийлөгчийн Энхийн төлөө медалиар шагнуулж байсан, ... регистрийн дугаартай Ж овогт Ж-н Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б , Ж.Д  нар нь ... ТӨҮГ-ын харьяа ... уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны хооронд жолоочоор ажиллаж байх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт байрлах тус үйлдвэрийн харьяа Баргилт уурхай, Адаг гэх газар орчмоос тэдэнд итгэмжлэн хариуцуулсан УБИ 96-32 дугаартай Краз маркийн авто машины түлшний савнаас удаа дараагийн үйлдлээр 1963 литр дизель түлшийг завшиж Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт нийт 5,005,650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б. “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн бол шүүгдэгч Ж.Д “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс түлш дутаасан хэрэгт яллагдаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2240000140032 тоот эрүүгийн хэргээс

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай байгууллага үйлдвэрийнхээ бүх машинд "GPS" программ тавиулаад 2 жил болж байна. Манай байгууллагад "GPS" программын камерын хяналтын мэргэжилтэн А  бид нарт 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баргилт уурхайн ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түлшний савнаас 15 минут зогсох хооронд 40 литр түлш алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмнөх өдрүүдийг нь хянаад хэлээдэх гэж хэлсэн. Тэгсэн хянаж үзээд 77 удаагийн зөрчил илрүүлээд аваад ирсэн. Тухайн зөрчлүүдийг хүн бүрээр гаргахад Л.Б  нь 40 удаагийн үйлдлээр 1007 литр, Ж.Д нь 37 удаагийн үйлдлээр 965 литр түлш хувьдаа завшсан байсан. Уг асуудал гарсны дараа Д.Б , Ж.Д  нараас ямар учраас ийм олон удаагийн үйлдлээр их хэмжээний түлш хувьдаа завшсан бэ гэж асуусан машины халаагчид хийж ашигладаг. Өөр зүйлд ашиглаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш өглөө нь газар дээр нь халаагчийг нь ашиглаж үзсэн халаагч нь 1 цагт 2.5-3 литр түлш зарцуулж байсан. Халаагчийг өглөө машинаа асаахдаа л халаагчаа ажиллуулж машин нь 30 минут болоод л асаж байсан. Халаагч н ямар ч үндэслэлгүй байсан тул цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар гомдол гаргасан. Бид нар тээврийн хэрэгсэл зогсож байх үед богино хугацаанд алга болсон бензинийг гаргаж ирсэн болохоос явж байх үеийн юмыг нь хэлээгүй. Энэ түлш нь бүгд Баргилт уурхайгаас урагшаа 6 км газарт усны худаг дээрээс ус авч байх үедээ түлш дутаасан байсан. Уг худаг дээр хүн байхгүй, хяналтын камер байхгүй учраас ийм зүйл гарсан байна. Манай байгууллагын 111 тээврийн хэрэгсэл "GPS" программ суулгасан 96-32УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр түлш дутсан тээврийн хэрэгсэл байхгүй. 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүн нь өдөрт ихдээ 50 км газар л явдаг. Уг тээврийн хэрэгсэл нь өдөр бүр 50 литр түлш авах нормтой, 96-32УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өдөрт 30 гаран литр түлш зарцуулна. Тэгээд 60 литр түлшнээс 30 гаран литр түлшийг нь ашиглана. Түлшний саванд 20 гаран литр түлш үлдэнэ. Энэ янзаар 3 хоног нормын түлшээ аваад явахад банканд түлш багтахгүй болох ёстой. Тэгэхэд энэ 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн банк дүүрэхгүй, ахиад нормын түлшээ аваад яваад байсан байна. Би 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өгсөн түлшний баримтыг би гаргаж өгсөн. 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 10 дугаар сараас хойш 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4,737 литр түлш авсан. Энэнээс 1,963 литр түлшийг түлшний савнаасаа авсан байна. Тээврийн хэрэгслийн банкнаас 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш түлш гараагүй. Уг тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг хүмүүс нь төв байранд суудаг, энэ 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Баргилт цех дээр ажиллаад байгаа болохоор хяналт тавьж чадахгүй байна. Манай байгууллагад нийт 4,655,492 төгрөгийн хохирол учирсан. Нэг литр түлшийг дотоодын үнэ болох 2,826 төгрөгөөр бодсон. Ж.Д  нь саяхан орсон, Д.Б  нь олон жил ажиллаж байгаа тэтгэвэрт гарах дөхчихсөн хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ жолооч Б , Д  нарын ашигласан, хувьдаа завшсан түлшний хэмжээг зөрүүтэй хэлсэн байна. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэртэй хамтран ажиллах гэрээтэй Гайхам" ХХК-ийн GPS төхөөрөмж, түлш хэмжигч төхөөрөмжөөр Д , Б нарын авсан түлшний хэмжээг дахин нарийн тооцоолж гаргасан. Тооцоолж үзэхэд жолооч Б  нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 43 удаа, 1100 литр дизель түлш авсан. Жолооч Д нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 34 удаа, 863 литр дизель түлш авсан болох нь тогтоогдсон. Ингэхээр Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт нийт 1963 литр түлшний хохирол учирсан. Дээрх түлш дутсан тооцоог Д , Б  нарт танилцуулахад хоёулаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Жолооч Д, Б  нарын түлш завшиж авахдаа хэзээ, хаана, хэдэн литрээр, хэдэн удаа авч байсныг нь GPS төхөөрөмж, түлш хэмжигч төхөөрөмжийн тооцооллоор гаргаад, хүснэгтээр гаргаж өгсөн байгаа. GPS төхөөрөмж, түлш хэмжигч төхөөрөмж нь олон улсын ISO 9001:2015 стандартаар баталгаажсан төхөөрөмж учраас худал заах боломж байхгүй. Жолооч Д, Б  нар уурхайд учруулсан хохирлоос төлж барагдуулсан мөнгө байхгүй, Д , Б нарын ажилласан сарын цалингаас хасаж тооцож аваад, уурхайг хохиролгүй болгохоор ярилцаж тохирсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 223-р хуудас/

 

Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн одоо ашиглаж байгаа Гайхам" ХХК-ийн "GPS" программд хяналт тавьдаг. Одоогоор 111 тээврийн хэрэгсэл "GPS" программаа хянаж байдаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирээд тайлангаа хийж байх үед 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 09 цаг 12 минутад Баргилт цехээс урагш 6.65 км газарт зогсож байх үедээ 20 литр түлш нь түлшний савнаас алга болсон байсан. Тэгэхээр нь өмнөх өдрүүдийг нь ухаж шалгаж эхэлсэн. Ухаж шалгахад 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2021 оны 10 дугаар сарын 22-ноос хойш 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг бүгдийг нь шүүгээд дотоод хяналтад өгсөн. Энэ зөрчлийг илрүүлээд дотоод хяналт руу мэдэгдсэн. 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Баргилт цехээс урагш 6.65 км "Адаг" гэх газар байх худаг дээр очоод 30 орчим минут болох үедээ түлш дутсан байсан. Өөр газар явж байхдаа дутахгүй, өөр газар хэдхэн удаа нь Баргилтын кемп дээр дутсан байсан. Түлш дутах үедээ 30 орчим минут л болдог. Энэ зөрчил илэрснээс хойш 01 сарын 25-нд Ж.Д , Д.Б  нарт мэдэгдсэн. Тэрнээс хойш тээврийн хэрэгслийн түлшний савнаас түлш дутсан зөрчил гараагүй.

Энэ материалууд нь 2021 оны 10 сарын 22-ноос хойш 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн "GPS" программын баримтууд байгаа юм. Энэ "GPS" программ дээр цаг, хугацаа, түлшний хэмжээ, явж байгаа, зогсож байгаа, хурд, туулсан зайнууд нь бүгд дэлгэрэнгүй байгаа. Хамгийн дээд талд нь байгаа тод хар нь түлш мэдрэгч, дундуур нь явж байгаа бүдэг зураас нь туулсан зай, доор нь байгаа ойрхон олон гарсан зураас нь тээврийн хэрэгслийн хурд байгаа юм.

Зөрчлийг илэрүүлэхдээ “Гайхам” ХХК-ий GPS-ийн өгсөн мэдээллийг хянаад  цаг, минут, туулсан юм зэргээр зөрчлийг  тодорхойлдог. Ж.Д , Б.Б нарын тухайд тээврийн хэрэгслийг зогсоосон үедээ буюу зогсож байхдаа түлшийг банкнаас авсан нь түлш хэмжигч төхөөрөмжөөр нотлогдож байгаа. Богино хугацаанд их хэмжээний түлш буюу 20-30 литрээр хасагдаж байгаа нь түлш хэмжигч төхөөрөмж тогтоогдсон. Тээврийн хэрэгсэл асаалттай үед богино хугацаанд дээрх хэмжээний  түлш зарцуулах боломж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 225-р хуудас/

 

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехийн ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд түлш цэнэглэхдээ тогтсон хэмжээ байхгүй. Бид нарыг ажилд гарах үед Нярад өгөхдөө тээврийн хэрэгсэлд олгох түлшний хэмжээг заадаггүй. Жолооч нарын өөрсдийн түлш захиалсан хэмжээний дагуу түлш цэнэглэдэг байсан. Тухайн өдөрт олгосон түлшний тооцоог бид нар хийдэггүй, түлшний няравууд зөвхөн түлш цэнэглэх л үүрэгтэй. Түлш зарцуулсан тооцоог хийдэг хүмүүс нь өөр байдаг. Үйлдвэрт явж байгаа бүх техник хэрэгсэлд GPS төхөөрөмжтэй байдаг учраас тухайн төхөөрөмжөөрөө хяналт тавьдаг байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 227-р хуудас/

 

Гэрч Ц.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хавтаст хэргийн 172, 173 дугаар  хуудсанд байгаа баримтыг харлаа. Энэ баримт нь жолооч Д.Б , Ж.Д нарын жолооддог ус зөөврийн 96-32 УБИ улсын  дугаартай краз маркийн тээврийн  хэрэгсэлд түлш цэнэглэснийг сар сараар нь, өдөр өдрөөр нь харуулсан баримт байна. Хавтаст хэргийн 172 дугаар хуудсанд байгаа баримт нь нярваар ажиллаж байсан Энхтуяагийн олгосон түлшний баримт байна,  харин 173 дугаар хуудсанд миний олгож байсан түлшний баримт байна” гэх мэдүүлэг /хх-ийн 229-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн автотээврийн цехэд жолоочоор ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ суусан. Намайг тэтгэвэртээ гараад гэртээ байж байгаад 2017 онд эргэж хүний оронд ажилд түр орсон. Түр хугацаагаар ажиллаж байгаад 6 сарын дараа ажлаа жинхэлсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилга ёс зүйн, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би 2018 оноос Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехийн ус зөөврийн машиныг жолоодож эхэлсэн. Манай нөгөө ээлжийн жолооч Д  гэх залуу одоогоос жилийн өмнө ажилд орсон. Д  Баргилт цехийн ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай машиныг надтай ээлжилж жолооддог болсон. Ус зөөврийн машины жолоочийн цалин бага учраас энэ машиныг жолоодох хүн олддоггүй, Д  бид 2 л ээлжилж жолоодож байсан. Цалин хөлс нь бага учраас би 2021 оны намар 10 сарын сүүл үеэс эхлэн өөрийнхөө гараан дээр тааруулж 96-32 УБИ улсын дугаартай Краз маркийн машины банкнаас түлш авдаг болсон. Намайг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 43 удаа, 1100 литр дизель түлш авсан гэж Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс гаргасан байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Би нэлээн олон удаа ус зөөврийн машины банкнаас түлш авснаа. хүлээн зөвшөөрч байна, гэхдээ хэдэн сарын, хэдний өдөр, хэдэн литр түлш авсныгаа тэр болгон нарийн хэлж чадахгүй учраас уурхайгаас гаргасан хяналтын GPS төхөөрөмжийн гаргасан тоо хэмжээг зөвшөөрч байгаа юм. Би 1100 литр түлшийг энэ хугацаанд авч, хэрэглэсэн байх. Би ихэвчлэн Баргилт цехээс ус зөөвөрт явж байгаад Адаг гэх газарт очиж ус авч байхдаа машины банкнаас шланкаар соруулж канистрт хийж, канистртай түлшээ хүний нүднээс далд нуугаад, дараа нь ажлаасаа буусан үедээ очиж авдаг байсан. Мөн Баргилтын уурхай дээр байх хугацаандаа машиндаа засвар хийж байх үедээ цөөхөн хэдэн удаа канистрт хийж авч байсан. Би энэ хугацаанд машины банкнаас авсан түлшээ өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигладаг байсан. Би ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай машинаас авсан түлшээ хашаандаа авчирч хадгалж байгаад хааяа Бор-Өндөр сумаас хол хувийн ажлаар явах үедээ машиндаа хийж зарцуулдаг. Энэ түлшнээс зарж борлуулсан зүйл байхгүй....Би Баргилт цехийн ус зөөврийн машинд жолооч ганцаараа явдаг. Тийм учраас мэдэх хүн байхгүй, би өөрөө хүнд хэлж байгаагүй. Би машинд GPS, түлш хэмжигч төхөөрөмж байдгийг мэддэг. Гэхдээ ажиглахгүй байх, анзаарахгүй байх гэж бодоод авсан. ...Би өөрийнхөө хийсэн үйлдлийг мэдэж байсан учраас булзааруулах гэж худлаа ярьсан юм. Би А-гийн гаргасан тооцоог харсан, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би түүнийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би уурхайд учруулсан хохирлоо нөхөн төлөх болно.

Би 96-32 УБИ улсын дугаартай машины банкнаас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 43 удаа завшиж авсан нийт 1100 литр түлшийг бага багаар хүнд хямдхан зарж борлуулсан. Түлш зарсан мөнгөө ахуй амьдралдаа хэрэглэдэг, мөн банкны зээл төлдөг байсан. Түлш зараад мөнгийг нь өөрийнхөө хаан банкны 5946016339 тоот дансаар авдаг. Миний дансны хуулгыг харахад түлшний мөнгөн дүн нь харагдана. Би түлш зарж байгаа хүмүүст хууль бус, буруу гараар олж авсан гэж хэлж байгаагүй, би өөрийнхөө түлшийг зарж байна гэж хэлдэг байсан. Одоо надад үлдэгдэл түлш байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 200, 202-р хуудас/

 

Шүүгдэгч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2021 оны 01 дүгээр сард Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд жолоочоор орсон бөгөөд намайг анх ажилд ороход Баргилт цехийн ус зөөврийн машины дагалдан түр жолоочоор томилж байсан. Тухайн үед Б  ах миний багшаар ажиллаж байсан. Би 3 сарын хугацаанд дагалдаж байгаад ажлаа жинхэлж байсан. Би жолоочоор ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилга ёс зүй, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Б  ахтай ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай Краз маркийн автомашинд ээлжээр гарах болсон. Намайг ээлжиндээ гарч байх үед Б  ах энэ машины GPS төхөөрөмж нь ажиллахгүй байна гэж хэлэхээр нь түлш авах санаа төрж байсан. Тэгээд 2021 оны намар 11 сарын эхээр өөрийнхөө ажилд гарч байгаа гарааг тааруулж 96-32 УБИ улсын дугаартай Краз маркийн автомашины түлшний банкнаас түлш авдаг болсон. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн инженерийн гаргасан GPS төхөөрөмжийн тооцоолсноор намайг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 34 удаа, 863 литр дизель түлш авсан гэж байсан. Би GPS төхөөрөмжийн гаргасан тооцоололттой санал нийлж байна. Би ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай машины банкнаас нэлээн олон удаа, хэдэн сарын, хэдний өдөр, хэдэн литр  түлш авсныгаа нарийн тооцоолж хэлж мэдэхгүй байна, GPS төхөөрөмж худлаа тооцоолоогүй гэж бодоод зөвшөөрч байна. Би ус зөөврийн машинаас авсан нийт 863 литр түлшийг хувийн хэрэглээнд хэрэглэсэн. Би өөрөө хувьдаа портер маркийн машинтай, мөн би өөрөө морь мал уядаг, ачааны машины хэрэг гардаг болохоор машиндаа түлшээ хийдэг байсан. Энэ түлшнээс зарж борлуулсан удаа байхгүй. Би Баргилт цехийн ус зөөвөрт явахдаа Адаг гэх газарт очиж ус авдаг, ус авч байхдаа машины банкнаас шланкаар соруулж канистрт хийж, канистртай түлшээ хүнээс нууж орхиод, дараа нь ажлаасаа буусан үедээ өөрийнхөө очиж авдаг байсан. Баргилт цехийн уурхай дээр байхдаа машиндаа засвар хийж байх үедээ 2 удаа канистрт хийж авч байсан. Би энэ талаар хүнд хэлж байгаагүй. Баргилт цехээс усанд явахдаа ганцаараа явдаг учраас хүнд мэдэгдэж, хэлж байгаагүй. Би машинд GPS, түлш хэмжигч төхөөрөмж байдгийг мэддэг. Гэхдээ Б  ax GPS, түлш хэмжигч төхөөрөмж нь ажиллахгүй байна гэхээр нь түлш авахаар болсон юм. Би Ангирмаагийн гаргасан тооцоог хараад, зөвшөөрч гарын үсэг зурсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 213-р хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-н 240-242 хуу/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 218-221 хуу/, шүүх хуралдаанд шүүгдэгч нараас гаргаж өгсөн шүүгдэгч Ж.Д-н хохирол 2,200,650 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-ийн хохирол 2,805,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаарх банкны баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б , Ж.Д  нар нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд жолоочоор ажиллаж байх хугацаандаа Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт байрлах тус үйлдвэрийн харьяа Баргилт уурхай, Адаг гэх газруудад өөрт нь итгэмжлэн хариуцуулсан Краз маркийн УБИ 96-32 дугаартай тээврийн хэрэгслийн түлшний савнаас Д.Б  нь 43 удаагийн үйлдлээр 1100 литр дизель түлшийг хувьдаа завшиж 2.805.000 /хоёр сая найман зуун таван мянга-/н төгрөгийн, Ж.Д  нь 34 удаагийн үйлдлээр 863 литр дизель түлшийг хувьдаа завшиж 2.200.650 /хоёр сая хоёр зуу мянга зургаан зуун тавин/ төгрөгийн хохирлыг  Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ы“.... Манай байгууллагад "GPS" программын камерын хяналтын мэргэжилтэн Ангирмаа бид нарт 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баргилт уурхайн ус зөөврийн 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түлшний савнаас 15 минут зогсох хооронд 40 литр түлш алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмнөх өдрүүдийг нь хянаад хэлээдэх гэж хэлсэн. Тэгсэн хянаж үзээд 77 удаагийн зөрчил илрүүлээд аваад ирсэн. Тухайн зөрчлүүдийг хүн бүрээр гаргахад Л.Б  нь 40 удаагийн үйлдлээр 1007 литр, Ж.Д нь 37 удаагийн үйлдлээр 965 литр түлш хувьдаа завшсан байсан. Уг асуудал гарсны дараа Д.Б , Ж.Д нараас ямар учраас ийм олон удаагийн үйлдлээр их хэмжээний түлш хувьдаа завшсан бэ гэж асуусан машины халаагчид хийж ашигладаг. Өөр зүйлд ашиглаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш өглөө нь газар дээр нь халаагчийг нь ашиглаж үзсэн халаагч нь 1 цагт 2.5-3 литр түлш зарцуулж байсан. Халаагчийг өглөө машинаа асаахдаа л халаагчаа ажиллуулж машин нь 30 минут болоод л асаж байсан. Халаагч н ямар ч үндэслэлгүй байсан тул цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар гомдол гаргасан... Тооцоолж үзэхэд жолооч Б  нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 43 удаа, 1100 литр дизель түлш авсан. Жолооч Д нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 34 удаа, 863 литр дизель түлш авсан болох нь тогтоогдсон. Ингэхээр Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт нийт 1963 литр түлшний хохирол учирсан. Дээрх түлш дутсан тооцоог Д , Б  нарт танилцуулахад хоёулаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. " гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.А-ийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирээд тайлангаа хийж байх үед 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 09 цаг 12 минутад Баргилт цехээс урагш 6.65 км газарт зогсож байх үедээ 20 литр түлш нь түлшний савнаас алга болсон байсан. Тэгэхээр нь өмнөх өдрүүдийг нь ухаж шалгаж эхэлсэн. Ухаж шалгахад 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2021 оны 10 дугаар сарын 22-ноос хойш 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг бүгдийг нь шүүгээд дотоод хяналтад өгсөн. Энэ зөрчлийг илрүүлээд дотоод хяналт руу мэдэгдсэн. 96-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Баргилт цехээс урагш 6.65 км "Адаг" гэх газар байх худаг дээр очоод 30 орчим минут болох үедээ түлш дутсан байсан. Өөр газар явж байхдаа дутахгүй, өөр газар хэдхэн удаа нь Баргилтын кемп дээр дутсан сарын 25-нд Ж.Д , Д.Б  нарт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШД-182 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 240-242 хуу/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 218-221 хуу/, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б , Ж.Д  нар нь тус тусын өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслийн түлшний савнаас дизель түлшийг хувь, хувьдаа завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тэднийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн  сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нар нь хохирол 5,005,650 төгрөгийг /Д.Б  2,805,000 төгрөг, Ж.Д  2,200,650 төгрөг/ “Монголросцветмет” ТӨҮГ-т шилжүүлсэн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б , Ж.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Д.Б , Ж.Д  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас /хх-н 74, 76-р хуу/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлын талаар гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б ахын охин Б-тай бага байхаасаа найзалж, нэг сургуульд хамт сурч байсан болохоор Б ахыг сайн мэднэ. Б  ахын зан байдал нь төлөв даруу, томоотой, ажилсаг, хөдөлмөрч хүн. Бид нарыг хүүхэд байхаас хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй хүн байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Миний мэдэж байгаагаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэл байхгүй. Б  ах Бор-Өндөр суманд эхнэрийнхээ хамт амьдардаг. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд жолоочоор ажилладаг.” гэх мэдүүлэг /хх-н 237 хуу/,

 

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, айлын 3 дахь хүүхэд. Манайх 1981 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд шилжиж ирсэн. Аав залуу байхаасаа уурхайд жолоочоор ажилласаар ирсэн. Зан байдлын хувьд их зөөлөн сэтгэлтэй, даруухан хүн. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэртээ суусан. Тэтгэвэрт гарсан хойно нь уурхайгаас хүний оронд ажиллуулах санал тавиад, одоог хүртэл жолоочоор ажиллуулж байгаа. Онц тээвэрчнээр шагнуулж байсан. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэл байхгүй. Архаг хууч өвчин байхгүй, сэтгэцийн хувьд эрүүл саруул ухаантай. Бор-Өндөр суманд эхнэрийнхээ хамт амьдардаг. Хамт олон, гэр бүлийнхэн дундаа нэр хүнд сайтай, хүнд их тусч,.” гэх мэдүүлэг /хх-н 235 хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч Ж.Д-ын хувийн байдлын талаар гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Д  нь 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн. Бага байхаасаа аав, ээж дээрээ өсөж хүмүүжсэн. Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд сурч төгссөн. Зан байдлын хувьд томоотой, үг дуу цөөтэй, даруухан хүн. Улаанбаатар хотод Хужирбуланд цэргийн ангид ажиллаж байгаад 3 удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, Бор-Өндөр суманд ирж амьдарч байна. Бор-Өндөр суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь ажил хийдэггүй, хүүхдүүдээ хардаг. Манай дүү гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, амьдралаа тэжээж яваа. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэл байхгүй. Архаг хууч өвчин байхгүй, сэтгэцийн хувьд эрүүл ухаантай. Хамт олон, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай. Гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалингийн зээлтэй гээд мөнгө төгрөгийн асуудал байдаг. Тусдаа гэр бүл болоод гарсан учраас өөрөө амьдрал  ахуйгаа зохицуулдаг байх. Морь уях сонирхолтой, дуртай. Одоо Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто цехийн жолоочоор ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /хх-н 231 хуу/,

 

Гэрч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д  бид 2 хамтран амьдраад 7 жил болж байна, гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхэд 5, бага хүүхэд 1 настай. Манай нөхөр зан байдлын хувьд төлөв даруухан, томоотой, илүү дутуу зан ааш байхгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, их тайван хүн. Би хүүхдээ хараад гэртээ байдаг, манай нөхөр Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд жолооч хийдэг. Гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж хүн болохоор цалингийн зээлтэй, цалингаар амьдрах нь өрхийн хэрэгцээнд хүрэлцээ багатай байдаг юм. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Архаг хууч өвчин гэхээр зүйл байхгүй, сэтгэцийн хувьд эрүүл саруул ухаантай. Цэргийн алба хааж байсан, мөн энхийг сахиулах ажиллагаанд 3 удаа оролцож байсан. Хамт олон, гэр бүлийнхэн дундаа нэр хүнд сайтай, хүнд их тусч, нийтэч болохоор  хүмүүс ам  сайтай байдаг. Морь уях дуртай” гэх мэдүүлэг  /хх-н 233 хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч Д.Б , Ж.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан эрүүгийн хариуцлагын хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б , Ж.Д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х  овогт Д-ийн Б , Ж овогт Ж-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Ж.Д  нарыг тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Б , Ж.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            , ШҮҮГЧ                           Р.БАТБАЯР