Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

0022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Г.З  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г-ийн З-т холбогдох 2240000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ТӨҮГ-ын харьяа ... Уулын баяжуулах үйлдвэрийн ... цехэд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн .. сумын .. дугаар баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай Б  овогт Г-ийн З . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.З  нь согтуугаар 2022 оны 05 сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” гэх баарны гадна талд Л.П-гийн эрх чөлөөнд халдан зодож биед нь дээд уруулын язарсан шарх, үүдэн 2 шүдний сулрал, хацар болон баруун шилбэний хэсгүүдийн зулгаралт, толгойн ар дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.З  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2240000000035 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны орой Б , Э  нарын хамт "Сувд" баар ороод нэг нэг пиво уугаад сууж байхад гаднаас Л.П , Д , Т  нар хамт орж ирсэн. Би Тодоо гэх залуугийн таньдаг болохоор юм яриад зогсож байхад хажуугаас Л.П  гэх залуу ирээд чи тийм том болчихсон юм уу гээд намайг алгадахаар нь би шууд бариад авсан. Манай хамт явсан хоёр найз салгасан чинь "Сувд" баарын эгч ирээд та нар гадаа гарч учраа олоо дотор муудаж болохгүй гээд гаргасан. Гадаа гараад эргэж хараад намайг мөргөсөн. Би бултаад өөрөөсөө түлхээд холдуулсан. Тэгэхэд надтай хамт явсан найзууд салгасан чинь Д  гэх залуу намайг давхар хамаад газарт унагаасан. Би босож ирээд уурлаад Д руу дайрсан чинь хажуугаас Л.П  дайраад ороод ирэхээр давхар хамж газарт унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь амнаас цус гарч байсан. Тэгтэл П-гийн ах нь ирээд та нар яаж байгаа юм гэхээр нь бид нар зугтаагаад би өөрөө шууд цагдаа дээр яваад ирсэн. Ирээд удаагүй байтал П цагдаад хэлэх гээд ирээд тааралдсан. Би бол ганц лааз пиво уусан. Өмнө нь уугаагүй байсан. Би бол бараг эрүүл байсан. Л.П  бол гайгүй л байх шиг байсан. Би тэр талаар мэдээгүй. Шууд л хажуугаас орж ирээд чи тийм том болчихсон юм уу гээд алгадаад авсан. Тэгээд л гадаа гараад зодолдсон. Надад эмнэлгийн байгууллагад үзүүлэх шаардлага байхгүй. Би газарт унагаад нүүр лүү нэг удаа өшиглөсөн юм. Би гэм буруугаа ойлгож байна. Би уулзаж амжаагүй байна. Хэрвээ эмчилгээний төлбөр мөнгө гарсан бол би бүгдийг өгч барагдуулна.гэх мэдүүлэг. /хх-ийн 34-36-р хуудас/

 

Хохирогч Л.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 05-ны 18 цаг өнгөрч байхад Т-тай хамт Бор-Өндөр сумын 3 дугаар багт байх Дэнжийн дэлгүүрт явж байгаад Д-той таарч, миний танил Ж  гэх ахын гэрт очиж 2 шил 0.75 литрийн архи, 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво авч хувааж уусан. Тэнд архи, пиво ууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад дуусаад баар хаахаас өмнө нэг газар оръё гэж яриад Д , Т бид 3 хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Сувд" бааранд ирсэн. Би уусан архиндаа нилээн согтсон байсан, ямар ч байсан архи ууж байсан газраасаа гараад "Сувд" бааранд ирснээ мэдэж байна. "Сувд" бааранд орж ирээд баарны тек рүү очиж суух ширээ асуугаад, захиалга өгснөө санаж байна. Намайг захиалга өгөөд эргээд очиход надтай хамт явж байсан Т , нэг залуутай уулзаад зогсож байсан. Тэр хоёр уулзаад юу ярьж байгааг нь сайн мэдээгүй, би тэр хоёр руу очиж уулзаад, хоорондоо маргалдаад "Сувд" баарнаас гарцгаасан. Баарны гадаа гараад З-тай маргалдаж байснаа мэдэж байна. Тэгээд юу болсныг санахгүй байна, баарнаас гарч ирээд уусан архиндаа согтоод тасарчихсан байсан, хэн намайг зодсон, баарны гадаа юу болсныг мэдэхгүй байна. Тэгж байгаад гэнэт ухаан орж сэргэхэд "Сувд" баарны гадаа байсан бөгөөд би зодуулчихсон байсан. Миний уруулын дотор талаас цус гарч байсан, мөн үүдний 2 шүд хөдөлгөөн орсон байхаар нь цагдаа руу очиж дуудлага өгсөн. Цагдаа дээд ирж дуудлага өгөөд эмнэлэг рүү очиж шархаа үзүүлэхэд миний дээд уруул дотор талдаа язарсан байсан, уг язарсан шарханд 3 ширхэг оёдол тавьсан. Мөн язарсан шархны харалдаа дээд талын зүүн 2 үүдэн шүд хөдөлгөөн орсон байсан. Миний дээд талын баруун үүдэн 1 шүд хиймэл байдаг, уг хиймэл шүд унаад хаягдчихсан байсан. Би нилээн согтсон байсан, "Сувд" бааранд орохоосоо өмнө уусан архиндаа согтоод хэсэг хугацаанд юу болж байгааг мэдэхгүй байсан. Намайг З зодсон гэж байсан. З  зодсон гэдгийг би сүүлд нь мэдсэн. Би Сувд баарны гадаа З-ай маргалдаж байснаа санаж байна. З-т яаж зодуулснаа мэдэхгүй байна. З бид хоёр өмнө нь муудаж маргалдаж байгаагүй, бид хоёрын өр авлага, өс хонзон байхгүй. Би л согтуудаа Т-ыг өмөөрч З-тай муудсан юм шиг байна лээ. Яг юуны талаар муудаж, зодуулах болсноо мэдэхгүй байна. Миний дээд уруулын дотор талд язарсан шархтай, дээд талын зүүн 2 үүдэн шүд хөдөлгөөн орсон. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/

 

Гэрч Т.Д-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өмнө нь ажиллаж байсан ажлаасаа халагдаад найзуудтай уулзсан. Бор-Өндөр сумын 3 дугаар багт байх Дэнжийн дэлгүүрт явж байгаад найз болох П , Т нартай таарсан. Тэгээд П-гийн танил ахын гэрт очиж 2 шил 0.75 литрийн архи, 1 ширхэг 2.5 литрийн сэрүүн гэх пиво хувааж уусан. Тэнд архи, пиво ууж дуусаад, тэдний гэрээс гарч Сувд бааранд орж ирснээ мэдэж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Тэгж байгаад нэг сэргэхэд гэртээ харьчихсан орон дээрээ хэвтэж байсан. Сувд бааранд болсон үйл явдлыг ерөөсөө санахгүй байна. Сувд бааранд орохоос өмнө П  хэн нэгэнд зодуулаагүй, биед учирсан гэмтэл шарх шарх байгаагүй. Би уусан согтсон болохоор юу ч санахгүй байна. Би Сувд бааранд анх орж байснаа санаж байна, тэрнээс хойш юу ч санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 337 дугаартай

  1. Л.П-гийн биед дээд уруулын язарсан шарх, үүдэн хоёр шүдний сулрал, хацар болон баруун шилбэний хэсгүүдийн зулгаралт, толгойн ар дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-н 17-18-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.З  нь согтуугаар 2022 оны 05 сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” гэх баарны гадна талд Л.П-тэй маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан зодож биед нь дээд уруулын язарсан шарх, үүдэн хоёр шүдний сулрал, хацар болон баруун шилбэний хэсгүүдийн зулгаралт, толгойн ар дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Л.П-гийн “...Баарны гадаа гараад З-тай маргалдаж байснаа мэдэж байна. Тэгээд юу болсныг санахгүй байна, баарнаас гарч ирээд уусан архиндаа согтоод тасарчихсан байсан, хэн намайг зодсон, баарны гадаа юу болсныг мэдэхгүй байна. Тэгж байгаад гэнэт ухаан орж сэргэхэд "Сувд" баарны гадаа байсан бөгөөд би зодуулчихсон байсан. Миний уруулын дотор талаас цус гарч байсан, мөн үүдний 2 шүд хөдөлгөөн орсон байхаар нь цагдаа руу очиж дуудлага өгсөн. Цагдаа дээд ирж дуудлага өгөөд эмнэлэг рүү очиж шархаа үзүүлэхэд миний дээд уруул дотор талдаа язарсан байсан, уг язарсан шарханд 3 ширхэг оёдол тавьсан. Мөн язарсан шархны харалдаа дээд талын зүүн 2 үүдэн шүд хөдөлгөөн орсон байсан. Миний дээд талын баруун үүдэн 1 шүд хиймэл байдаг, уг хиймэл шүд унаад хаягдчихсан байсан. Би нилээн согтсон байсан, "Сувд" бааранд орохоосоо өмнө уусан архиндаа согтоод хэсэг хугацаанд юу болж байгааг мэдэхгүй байсан. Намайг З  зодсон гэж байсан. З  зодсон гэдгийг би сүүлд нь мэдсэн..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 337 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Л.П-гийн эрх чөлөөнд халдан зодож түүний биед хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Л.П  нь “Миний бие Л.П  нь Г.З-аас шүдний эмчилгээний зардал болох 500,000 / таван зуун мянга/ төгрөгийг хүлээн авсан болно. Цаашид дахин гомдол хохирол байхгүй” гэх /хх-ийн 79-р хуу/ өргөдлийг гаргасан ба мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би З-тай уулзаад учраа олоод надаас уучлалт гуйсан байгаа” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл тус тус нөлөөлсөн байна. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүдэгчийг алгадсан үйлдэл нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн тул дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Г.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Г.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74 хуу/-аар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.З-ын хувийн байдлын талаар гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.З  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуульд 2008 онд элсэн суралцаж 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Бор-Өндөр сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2 жил суралцаад гагнуурчин болсон. Гагнуурчнаар 2019 онд төгсөөд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан. Гагнуурчнаар ажиллаж байгаад 2020 оны намар цэрэгт явсан. Цэргийн алба хаана хаасан гэдгийг нь мэдэхгүй байна. Цэргийн алба 2021 онд хааж ирсэн. Цэргийн алба хааж ирснээсээ хойш Бор-Өндөр УБҮ-т гагнуурчнаар ажиллаж байгаа. Ээжтэйгээ хамт амьдардаг. Эхнэр хүүхэд байхгүй. Амарсан үедээ хөдөө өвөө, эмээ дээрээ очдог. Сагсан бөмбөг тоглох их сонирхолтой. Зан аашны хувьд хүнтэй мэнд устай, их эелдэг, муухай аашилж байхыг нь би харж байгаагүй. Ажил хийгээд ээждээ тус дэм болоод л амьдардаг. Манайхаар ойр ойрхон л ирдэг сайхан эелдэг ааштай л хүү байдаг. Бас хөөрхөн дуулдаг, багахан тэмцээн уралдаанд ороод яваад байдаг. Их л ажилсаг хүүхэд.” гэх мэдүүлэг /хх-н 43-р хуу/,

 

Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү Г.З  нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бор-Өндөр цогцолбор сургуульд 2008 онд элсэж ороод 2017 онд төгссөн. Бор-Өндөр цогцолбор сургуулийг төгсөөд 2017-2019 оны хооронд Бор-Өндөр сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг гагнуурчнаар төгссөн. Гагнуурын анги төгсөөд 2020 оны 06 дугаар сард Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний цехэд гагнуурчнаар ажилд орж ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Халх гол суманд нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хаагаад 2021 оны 10 дугаар сард халагдсан. Цэргээс халагдаж ирээд Бор-Өндөр  уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний цехэд гагнуурчнаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр, хүүхэдгүй. Надтай хамт амьдардаг. Зан аашны хувьд нийтэч, инээд алдаад л гүйж байдаг. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох сонирхолтой. Дуулах дуртай, цехийнхээ тэмцээнд оролцоод л явдаг.” гэх мэдүүлэг /хх-н 46-47-р хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч Г.З  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Г-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР