Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч М.Ц  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт М-ын Ц-д холбогдох эрүүгийн 2240000000026 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ... регистрийн дугаартай Б  овогт М-ын Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц  нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг Жаргалантын 303 тоотод оршин суух Ц.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай эсгийн гэрийн цоожийг эвдэн орж 13,000 төгрөг, индукцэн плитк, 1 кг тахианы мах 1 кг хатуу чихэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хохирогч Ц.Э-т 125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2240000000026 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би тухайн хэрэг болдог өдрийн өмнөх өдөр бас архи уусан юм. Тэгээд орой болж харанхуй болсон. Б  нилээд согтоод орон дээрээ хэвтээд өгсөн. Би ч бас нилээд согтоод ус уух гээд хайгаад байхгүй болохоор нь гараад хажуу айл руу нь орж ус байвал ууя гэж бодоод гарсан. Тэгээд л салхинд цохиулаад согтсон. Би тухайн үед айлд орсноо бол үнэхээр санахгүй байна. Нэг ухаан ороход л би индукцийн плитк бариад зүүн тийшээ алхаж байсан. Орой болж байсан болохоор шууд Ө  эгчийн гэр лүү та үүнийг худалдаад авчих гэж хэлсэн. Ө  эгч буруу гарын зүйл байвал яах юм бэ гээд авахгүй, надад мөнгө алга авахгүй гээд байхаар нь манай гэрийнх байгаа юм, та надад архи өгчих эсвэл худалдаад авчих гэж хэлсэн. Тэгэхэд надад мөнгө алга дараа бол гээд байхаар нь би гэрт нь орхиод гараад явсан. Дараа нь би эргэж очиж авъя гэж бодож байгаад дүү маань Дорноговь аймаг руу нүүхээр нь гэрийн нь ачаад Айраг сум руу хүртэл гаргаж өгөөд буцаад ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа Соёмбо ахлах дэслэгч орж ирээд намайг дагуулаад цагдаа дээр ирээд тайлбар аваад Ө  гэх айлаас чиний зарах гэж өгсөн индукцийн плиткийг хурааж аваад ирлээ гэсэн. Намайг харахад миний оруулж өгсөн плитк мөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 119-120 хуу/

 

         Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Дорноговь аймгийн Иххэт сумын 1-р баг "Улаан зээг" гэх газарт нөхрийн хамт мал маллаж амьдардаг. Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Жаргалантын 303а тоотод монгол гэртэй. Задгай хашаанд 3 гэр байгаагийн дунд талын гэр манай гэр байгаа. Би хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бор-Өндөр суманд байх гэртээ ирээд 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед хөдөөнөөс Бор-Өндөр суманд байх гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн, гэртээ ороод харахад гэрийн хойд хэсэгт байх шүүгээнд байсан эд зүйлсийг онгойлгоод онгичсон байдалтай байсан. Тэгээд би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэхэд гэрийн хойд талын тавиур дээр байсан цагаан эрээн өнгийн мөнгөний гахайг газарт хагалаад задгай 10, 20 төгрөгийг үлдээгээд бусдыг нь авчихсан, тэр тавиурын дотор талд байсан нөхрийн хүрэн өнгийн түрүүвчин дотор байсан 8.000 төгрөг /8 ширхэг мянган төгрөг/, тус тавиурын ертөнцийн зүгээр зүүн талд хөргөгч тавиур 2-н дунд шалан дээр байсан индукцэн плитк алдагдсан, хөргөгчин дотор байсан 1кг тахианы мах, гэрийн зүүн талд байх ширээний доор байсан шар өнгийн хайрцаг дотор байсан 1 кг чихэр зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Би тус хашаанд баруун талын гэрт амьдардаг хадам дүү Б-гээс энэ талаар асуухад 04 сарын 01-ний өдөр цоожтой байсан, өмнөх шөнө буюу 04 сарын 01-нд гэрт нь Б  гэх хүн хонохоор  ирээд шөнө гараад явчихсан гэж хэлсэн.  Хашаанд  байх зүүн талын гэрт хүн байхгүй эзгүй гэр байгаа. Тэр гэрт ямар  нэгэн хүн ороогүй цоож нь хэвийн байсан. Мөнгөний гахайг 15,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба дотор нь ойролцоогоор 5000 төгрөг байсан, 2 ширхэг 1000 төгрөг, 25 ширхэг 20 төгрөг, 5 ширхэг 500 төгрөг байсан. Бусад 10 төгрөг, 20 төгрөгийг үлдээсэн байсан. Нөхрийн түрүүвчнээс алга болсон 8 ширхэг 1000 төгрөг буюу 8000 төгрөг алдагдсан. Бэлэн 13,000 төгрөг алдагдсан. Индукцэн плитк 2021 оны 08 сард 85,000 төгрөгөөр худалдаж авч байсан, маркийг нь сайн мэдэхгүй байна хар өнгөтэй, 2 хажуу талдаа бариултай плетк, тахианы махыг би 2022 оны 03 сарын 26-ны өдөр дэлгүүрээс 13,000 төгрөгөөр, чихрийг мөн тухайн өдөр дэлгүүрээс 15,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөний гахайг 15,000 төгрөг, индукцэн плиткийг 85,000 төгрөгөөр, тахианы махыг 13,000 төгрөгөөр, чихрийг 15,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Бэлэн 13,000 төгрөг байсан. Б-н гэрт 04 сарын 01-ний өдөр ирсэн Б-г сэжиглэж байна. Бас тэдний гэрээр ирээд байдаг Ц-ыг мөн сэжиглэж байна.

Надад 127,000 төгрөгийн хохирол учирсан. Одоогоор надад төлүүлсөн хохирол байхгүй байна. Индукцэн  плетк маань бол олдоод эд мөрийн баримтаар  цагдаад хураалгасан байгаа. Тийм болохоор надад мөнгөний гахайны 15,000 төгрөг, тахианы махны 12,000 төгрөг, хатуу чихрийн 15,000 төгрөгний хохирол байна. Би энэ хохирлыг нэхэмжлэхгүй. Би зөвхөн индукцен плиткаа авчихвал болно” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-р хуудас/

 

            Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид 3 манайд сууж байхад бэр эгч Э  орж ирээд гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр бид 3 гэрт нь орж харсан. Эгч цагдаа дуудъя гэхэд тэр хоёр явлаа гээд байсан. Манайхаас гарахдаа Ц  надад цагдаа дээр асуудалтай байгаа битгий цагдаад хэл гээд эгчдээ хэлээд өг гэсэн. Би чи авчихсан юм уу гэхэд үгүй гээд л гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

Гэрч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 04 сарын эхэн үед яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна гэртээ ганцаараа байж байхад гаднаас Бор-Өндөр суманд амьдардаг М-н Ц  гэж эрэгтэй орж ирээд ирэхдээ надад ууттай чихэр /хилийн/ идээрэй гэж өгөөд мөн уутанд хийчихсэн хар өнгийн хоёр талдаа бариултай Акира гэсэн бичигтэй индукцэн плиткийг намайг худалдаж авах уу, та худалдаад авчих гээд орж ирсэн. Тэгэхээр нь би хэнийх юм бэ гэж асуухад миний, манай өөрийнх гэж хэлсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор орхичих дараа нь мөнгийг нь би мөнгөтэй болохоор нь өгье гэхэд за гээд надад үлдээгээд явсан. Би мөнгийг нь өгөөгүй хэдэн төгрөгөөр зарахаа ч хэлээгүй. Түүнээс хойш манайхаар дахиж орж ирээгүй. Би плиткийг хураалгахад татгалзах зүйлгүй. Ц-с нэхэмжлэх зүйл байхгүй. Манайд ганцаараа ирээд явсан. Надад 1 кг орчим хилийн чих өгсөн би хэрэглээд дууссан.  Акира маркийн индукцэн плиткийг би хэрэглээгүй гэртээ байлгаж байсан. Өөр эд зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

 

Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Жаргалантын гудамжинд байдаг Б-гийн гэрт очсон. Тэдний гэрт Б-тэй хамт архи уугаад сууж байхад Ц  тэдний гэрт орж ирээд хамт бид 3 архи ууж байгаад Ц хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна орой гараад явсан. Тэгээд би дараа нь гэр рүүгээ очоод байж байхад Б  манай гэрт ирэхээр нь хамт хонохоор Б-ийн гэрт очсон. Тэгээд бид 2 тал шил архи байхаар нь хувааж уугаад унтсан. Би шөнө яг хэдэн цагт боссоноо сайн мэдэхгүй байна, нэлээд шөнө босоод гэрт нь ус хайгаад уух гэтэл байхгүй болохоор нь ам цангаад Б-ийн гэрээс гараад гэртээ очсон. Тэгээд 2022 оны 04 сарын 02-ны өглөө би Б-гийн гэрт очсон. Очиход Ц  ирсэн байсан. Ц , Б нартай хамт архи авахаар дэлгүүр ороод архи аваад буцаад Б-гийн гэрт ирэхэд Б-ийн бэр эгч нь хулгайд гэрт ороод плитк аваад явчихсан мөнгөний гахайг хагалчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц-ын хамт яваад өгсөн. Харин дараа нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би Ц-той гэрийн гадаа таарахад хамт архи ууя гээд Ц  дэлгүүр ороод 1 шил архи аваад тэрийгээ уугаад сууж байхдаа би Б-ийн эгчийнх нь гэрээс хэн плиткийг нь хулгайлчихваа гэхэд Ц  надад хэлэхдээ та битгий хүнд хэлээрэй би гэрийнх нь цоожийг чулуугаар цохиж онгойлгож ороод гэрт нь байсан мөнгөний гахайг нь хагалаад, индукцэн плиткийг нь аваад явчихсан юм гэж хэлсэн. Хаана зарж борлуулсан талаар огт юм хэлээгүй. Би асуугаагүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

              “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШД-141 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/, эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-32-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 Шүүгдэгч М.Ц  нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг Жаргалантын 303 тоотод оршин суух Ц.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай эсгийн гэрийн цоожийг эвдэн орж 13,000 төгрөг, индукцэн плитк, 1кг тахианы мах, 1 кг хатуу чихэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хохирогч Ц.Э-т 125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ц.Э-ийн “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед хөдөөнөөс Бор-Өндөр суманд байх гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн, гэртээ ороод харахад гэрийн хойд хэсэгт байх шүүгээнд байсан эд зүйлсийг онгойлгоод онгичсон байдалтай байсан. Тэгээд би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэхэд гэрийн хойд талын тавиур дээр байсан цагаан эрээн өнгийн мөнгөний гахайг газарт хагалаад задгай 10, 20 төгрөгийг үлдээгээд бусдыг нь авчихсан, тэр тавиурын дотор талд байсан нөхрийн хүрэн өнгийн түрүүвчин дотор байсан 8.000 төгрөг /8 ширхэг мянган төгрөг/, тус тавиурын ертөнцийн зүгээр зүүн талд хөргөгч тавиур 2-н дунд шалан дээр байсан индукцэн плитк алдагдсан, хөргөгч дотор байсан 1кг тахианы мах, гэрийн зүүн талд байх ширээний доор байсан шар өнгийн хайрцаг дотор байсан 1 кг чихэр зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би гэр рүүгээ ороод юу юу алга болсныг харах гээд шүүгээ, тавиур, хөргөгч, хайрцаг зэрэг эд зүйлдээ хүрээд үзчихсэн. Би тус хашаанд баруун талын гэрт амьдардаг хадам дүү Б-гээс энэ талаар асуухад 04 сарын 01-ний өдөр цоожтой байсан, өмнөх шөнө буюу 04 сарын 01-нд гэрт нь Б  гэх хүн хонохоор  ирээд шөнө гараад явчихсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

Гэрч Л.Ө-ын ...Би 2022 оны 04 сарын эхэн үед яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна гэртээ ганцаараа байж байхад гаднаас Бор-Өндөр суманд амьдардаг М-н Ц гэж эрэгтэй орж ирээд ирэхдээ надад ууттай чихэр /хилийн/ идээрэй гэж өгөөд мөн уутанд хийчихсэн хар өнгийн хоёр талдаа бариултай Акира гэсэн бичигтэй индукцэн плиткийг намайг худалдаж авах уу, та худалдаад авчих гээд орж ирсэн. Тэгэхээр нь би хэнийх юм бэ гэж асуухад миний, манай өөрийнх гэж хэлсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор орхичих дараа нь мөнгийг нь би мөнгөтэй болохоор нь өгье гэхэд за гээд надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Б-гийн “...Харин дараа нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би Ц-той гэрийн гадаа таарахад хамт архи ууя гээд Ц  дэлгүүр ороод 1 шил архи аваад тэрийгээ уугаад сууж байхдаа би Б-ийн эгчийнх нь гэрээс хэн плиткийг нь хулгайлчихваа гэхэд Ц  надад хэлэхдээ та битгий хүнд хэлээрэй би гэрийнх нь цоожийг чулуугаар цохиж онгойлгож ороод гэрт нь байсан мөнгөний гахайг нь хагалаад, индукцэн плиткийг нь аваад явчихсан юм гэж хэлсэн. Хаана зарж борлуулсан талаар огт юм хэлээгүй. Би асуугаагүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл  зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул түүнийг хүн байнга амьдрах зохиулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн  сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

Шүүгдэгч М.Ц-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зохиулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Хохирогч Ц.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би зөвхөн индукцэн плиткаа авчихвал болно, бусад хохирлыг нэхэмжлэхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

          Шүүхээс шүүгдэгч  М.Ц-д  ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ба уг хорих ялаас 10 сар 03 хоногийг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Акира маркийн хар өнгийн индукцэн плиткийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Э-т буцаан олгох нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

  1. Шүүгдэгч Б  овогт М-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр өмнө нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, М.Ц-н биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 10 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 2 жил 10 сар 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ц-ын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Акира маркийн хар өнгийн индукцэн плиткийг шийтгэх тогтоол хүчин болмогц хохирогч Ц.Э-т /РД: ..../ буцаан олгосугай.
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР