| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0152/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 390
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Л даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт Ж.Б-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сургууль / захирал Х.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1421735 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Монгол Улсын иргэн Ж.Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн А сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Ажилд томилох тухай” 74 тоот тушаалаар намайг тус сургуульд англи хэлний цагийн түр багшаар томилсон боловч ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрөөс иргэний боловсролын хичээлийн багшаар ажиллуулахаар 81 тоот тушаал гаргасан юм.
Одоо Ж.Б би тус сургуульд иргэний боловсролын багшийн ажлыг хийж байна. Миний орон тоонд томилогдсон багшийн иргэний боловсролын багшаас чөлөөлөөгүйгээс болж надад ажил олгогч 9 цагийн хичээл өгснөөр би зохих хэмжээгээр цалин хөлсөөр хохирч байна. Үндсэн багшийн ажилд томилогдсон багш хүн долоо хоногт 19 цагийн хичээл заах журамтай. Ж.Б би 2017 оны 12 дугаар сард 532500 төгрөгийн цалин авахаас 70000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 535500 төгрөг авахаас 18000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 532500 төгрөгийн цалин авахаас 87776 төгрөг авсан. Миний үндсэн цалин 532500 төгрөг юм.
Иймд Ж.Б миний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 1421735 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулах, нэхэмжилж буй цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад тус сургуулийн хэсэг багш нарын өгсөн өргөдлийн мөрөөр газрын даргын баталсан 04/395 тоот удирдамжийн дагуу Боловсролын хяналтын ахлах байцаагч А.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.И, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч С.Р нарт шалгалт хийхэд боловсролын хяналтын чиглэлээр багш нарын диплом, бусад бичиг баримттай танилцахад иргэний боловсрол хичээлийн цагийн багш Ж.Б нь англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй байгаа нь тус сургуулийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Иргэний боловсролын багшийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын “түүх, нийгмийн ухааны багш” мэргэжилтэй байх шаардлагыг хангахгүй байгаа тул мэргэжлийн багш ажиллуулахыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №04-09-046/288 тоотоор шаардсан албан шаардлага хүргүүлж, албан шаардлагын биелэлтийг хангаж зөрчлийг арилгаж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны дотор биелэлтийг гаргаж Мэргэжлийн хяналтын газарт бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн.
Албан шаардлагын биелэлтийг хангаж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ж.Быг 98 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилсон. Ж.Бд тушаалыг бичиг хэргийн ажилтан М.Н өвчтэй байсан тул сургалтын менежер А.Х уг тушаалыг хүлээлгэн өгөх гэхэд элдэв тайлбар өгч аваагүй юм.
2. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр иргэний боловсролын багшаар томилсноор Ж.Бтай холбоотой асуудал дуусаж хэрэг хаагдсан
3. Тус сургуульд 2017 онд ажилласан багш нарын мэдээг статистик хариуцсан сургалтын менежер нэгтгэж мэдээллийн санд оруулдаг. Тус мэдээллийн санд хамрах /хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, илгээсэн огноо 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр. Ж.Б дунд ангийн цагийн багш гэж бүртгэгдсэн нь цагийн багш мөн болох нь тогтоогдож байна.
4. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс иргэний боловсролын түр цагийн багшаар ажиллаж, заасан цагийн хөлсийг бүрэн авч байгаа тул үндсэн багшийн цалингаар цалинжих боломжгүй болсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үндсэн цалин хөлсний зөрүүг санхүүгээс гаргуулах боломжгүй.
5. Авсан цалин хөлсний шимтгэлтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байгаа. Иймд Ж.Бы 2017 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1421735 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг хүчингүйд тооцох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А сургуульд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1421735 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Өлгий сумын А сургуулийн захирал Х.Х-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт, нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 81 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг үндэслэн Ж.Быг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус сургуулийн иргэний боловсролын хичээлийн багшаар томилсон байна.
Гэтэл ажил олгогчоос ажилтан Ж.Быг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус сургуулийн иргэний боловсролын хичээлийн багшаар томилсон өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 9 цагийн хичээл заалгаж түүнд оногдох цалин хөлс олгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Ж.Бы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус сургуулийн цалингийн тодорхойлолт, зохигч нарын тайлбараар нотлогдож байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй боловч хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг бодит биелүүлээгүй, ажилтан Ж.Бд 9 цагийн хичээл заалгаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх болон ажилтны цалин хөлс авах эрхийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгч Ж.Быг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай тушаалаар Иргэний боловсрол хичээлийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхэлж иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах цагийн багшаар томилсон тул 2017 оны 12 дугаар сараас хойш үндсэн багшийн цалин төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж уг тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг үндэслэн иргэний боловсролын хичээлийн багшаар томилсноос хойш нэхэмжлэгч Ж.Бд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, зөвхөн илүү гарсан цаг буюу 9 цагийн хичээл заалгаж түүнд оногдох цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Ж.Бы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн А сургуулийн багш нарын 2017оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул ажил олгогчоос нэхэмжлэгчийг цагийн багш болгосон 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай тушаал нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Нөгөөтэйгүүр ажил олгогчоос 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний боловсролын багшийн ажлаас чөлөөлж, улмаар нэхэмжлэгч Ж.Б нь тус шүүхэд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн А сургуулийн багш нарын 2017 оны 12 дугаар сарын цалингийн хүснэгтийн 6-д: нэр Ж.Б, албан тушаал багш, ажилласан 0, үндсэн цалин 535286 төгрөг, бодогдсон-0, илүү цаг 36, хөлс 109490 төгрөг, мөн Баян-Өлгий аймгийн А сургуулийн багш нарын 2018 оны 01 дүгээр сарын цалингийн хүснэгт-ийн 5-д: нэр Ж.Бы, албан тушаал багш, ажилласан 0, үндсэн цалин 535286 төгрөг, илүү цаг 9, хөлс 27373 төгрөг, Баян-Өлгий аймгийн А сургуулийн багш нарын 2018 оны 02 дугаар сарын цалингийн хүснэгт-ийн 7-д: нэр Ж.Б, албан тушаал багш, ажилласан 0, үндсэн цалин 535286 төгрөг, бодогдсон-0, илүү цаг 36, хөлс 109490 төгрөг гэж тус тус тооцон олгож байсан.
Мөн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор РД:БЮ90102713 Ж.Б 2017 оны 12 дугаар сард цалин 109490 төгрөг, төлөх шимтгэл 22992.90 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сард цалин 27373 төгрөг, төлөх шимтгэл 6295.79 төгрөг, 2018 оны 02 дугаар сард цалин 109490 төгрөг, төлөх шимтгэл 22992.90 төгрөгийг тус тус ажил олгогч Баян-Өлгий аймгийн 4-р ахлах сургуулиас төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Бы 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацааны дутуу цалингийн зөрүү болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг үүрэг болгохыг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
Тус сургуулийн ня-бо Д.З-ын гарын үсэгтэй, тэмдэг дарж баталгаажуулсан тодорхойлолтод нэхэмжлэгч Ж.Бы сарын цалин 535286 төгрөг гэсэн мөн Баян-Өлгий аймгийн А сургуулийн багш нарын 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн хүснэгттэй бичигдсэн нэхэмжлэгч Ж.Бы нэг сарын үндсэн цалин хөлс нь 535286 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд үндсэн цалинг ажил олгогчтой байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 532500 төгрөг гэж бичсэнийг үндэслэж тооцож өгөхийг хүссэн тул нэхэмжлэгчийн авах ёстой нэг сарын үндсэн цалин 532500 төгрөгөөс тухайн саруудад дутуу авсан цалингийн зөрүүг тооцох нь зүйтэй байна.
Үүнд: 2017 оны 12 сард авах ёстой үндсэн цалин 532500 төгрөгөөс -тухайн сард авсан 109490 төгрөгийг хасаж тооцоход = 423010 төгрөг дутуу авсан; мөн 2018 оны 01 сард авах ёстой үндсэн цалин 532500 төгрөгөөс -тухайн сард авсан 27373 төгрөгийг хасаж тооцоход =505127 төгрөг, 2018 оны 02 дугаар сард авах ёстой үндсэн цалин 532500 төгрөгөөс -тухайн сард авсан 109490 төгрөгийг хасаж тооцоход = 423010 төгрөгийг тус тус дутуу авсан авсан байна. (2017 оны 12 дугаар сард дутуу авсан 423010 төгрөг + 2018 оны 01 дүгээр сард дутуу авсан 505127 төгрөг + 2018 оны 02 дугаар сард дутуу авсан 423010 төгрөгийг нэмж тооцоход = бүгд 1351147 төгрөг дутуу авсан байна).
Иймээс нэхэмжлэгч Ж.Бы 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэл цалингийн зөрүү дутуу олгосон нийт 1351147 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн А сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70588 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Бы 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэлх цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн А сургуулийн захирал /Х.Х/-д үүрэг болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1351147 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 36568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1351147 ( нэг сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин долоо) төгрөгийг Баян-Өлгий аймгийн А сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70588 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ботахара едил овогт Жекейханы Бауыржаны 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн А сургуулийн захирал /Х.Х/-д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сургуулийн санхүүгээс 36568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Л