Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0423/З |
Дугаар | 221/МА2024/0242 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0242
Ж.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны дэргэдэх газар эзэмших ашиглах эрхийн хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/010542 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Ж.Н-н газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2020/0423/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Н нь “Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны дэргэдэх газар эзэмших ашиглах эрхийн хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/010542 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Ж.Н-н газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг гарган маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-с Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан гаргасан Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тус зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлага, Баянгол дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/01-054-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын нэхэмжлэгч Ж.Н-н эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н-с Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/24 тоот шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хавсралтад авагдсан давхцалын зургаас үзэхэд Ж.Н-н газартай инженерийн шугам сүлжээ давхцаагүй байх ба уг зурган үзүүлэлтэд цахилгааны шугам, цэвэр шугамыг өнгөөр ялган будсан байдаг.
3.2. Ж.Н 1999 оноос эхлэн маргаан бүхий газрыг ашиглаж ирсэн ба энэ хугацаанд тасралтгүй газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах өргөдөл, хүсэлтээ гаргаж ирсэн ба газар ашиглах эрхийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн дагуу ашиглаж ирсэн. Анх Ж.Н-д газар ашиглах эрхийг олгохдоо Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/43 дугаар захирамж нь 1999 оны Газрын тухай 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.5 дахь заалтад заасныг, улмаар тус дүүргийн Засаг даргын 2004 оны “Газар эзэмших эрх шилжүүлэх, баталгаажуулах байршил солих тухай” 256 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах”, 38 дугаар зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гэж заасныг үндэслэн гарсан.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанаас Ж.Н т газар эзэмших эрх олгоогүй, газар ашиглах эрх олгосон гэж тайлбарладаг ч Ж.Н т эрх олгосон захиргааны актууд нь газар эзэмших эрхийн хуулийн зохицуулалтуудыг үндэслэсэн байгаа. Маргаан бүхий захиргааны акт болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших ашиглах эрхийн хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр Ж.Н-н газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлд заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангаагүй байхаас гадна хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрөл бүрийн үндэслэлээр тайлбарлаж байсан ба хамгийн сүүлд инженерийн шугам сүлжээтэй давхцалтай, дүүргийн Засаг даргад эрх байхгүй, Ж.Н нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэж тайлбарлан маргасан байна.
3.4. Өөрөөр хэлбэл Ж.Н нь 1999 оноос эхлэн газар эзэмшиж, ашиглаж ирэхдээ Баянгол дүүргийн Засаг даргын захиргааны үйл ажиллагаанд итгэн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба төрийн байгууллагын залгамж, тасралтгүй байх зарчим алдагдсанаас миний үйлчлүүлэгч Ж.Н нь ноцтой хохирсноос гада Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэнэ гэж үзэж байна.
3.5. … Ж.Н нь шүүхэд маргаж байх явцад түүний эзэмшиж, ашиглаж байсан газарт байрлах цайны газрын барилгыг хүч хэрэглэн нураах үйл ажиллагааг явуулсан ба Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс тус дүүргийн Засаг даргын 2022 оны А/35 дугаар захирамжийн хүрээнд албадан чөлөөлсөн гэж тайлбарладаг. Энэ захирамжийн үйлчлэл нь нэгэнтээ хэрэгжиж Ж.Н-н цайны газрын барилгыг хууль бусаар нураасан захирамжийн үйлчлэлийн хууль зүйн үндэслэлийг хянуулахаар нэхэмжлэл гаргахад хүчингүй болгуулах шаардлага гаргах боломж, бололцоо байгаагүй бөгөөд үүгээрээ Засаг даргын 2022 оны А/35 дугаар захирамжийг шүүх хянахгүй байх үндэслэл болохгүй.
3.6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.2-т “... Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/977, 2017 оны А/736 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэхээр олгогдсон, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газартай давхцалгүй байх тул Хот, байгуулалт, хөгжпийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/01-054-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын нэхэмжлэгч Ж.Н-н эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ. Гуравдагч этгээд “Т ” ХХК-д олгосон Хот, байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/01-054-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбай нь Ж.Н-н газартай бүхэлдээ давхцалтай нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог бөгөөд эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэдгээр субъектив эрхийг шууд үгүйсгэж болохгүй.
3.7. Дээр дурьдсанчлан иргэн Ж.Н анх дүүргийн Засаг даргаас эрх олгоход болон дараагийн эрх зүйн актдаа газар эзэмшүүлэх хуулийн зохицуулалтыг үндэслэдэг бөгөөд газар эзэмшүүлэх асуудлуудыг нь бүрэн шийдвэрлээгүй атлаа “газрын төлбөрийг тодорхойлох тухай акт” гэх зүйд гаргаж жил бүрт сунгалт гэх зүйл хийдэг нь Ж.Н т цаашид газар эзэмших, ашиглах эрхийн баталгаа үүссэн гэх ойлголтыг төрүүлж ирсэн байна. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасанд нийцүүлэн Ж.Н-н тус хугацаанд эзэмшиж буй газрын асуудлыг шийдвэрлэдэггүй атлаа төрийн захиргааны байгууллагын төлөвшлийг бий болгоогүй захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж, зөрчигдөж байгааг анхаарч үзнэ үү.
3.8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ж.Н нь анх Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа “2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/010542 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Ж.Н-н газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах” гэж тодорхойлжээ.
2.2. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч Ж.Н-н ашиглаж байсан газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь хэрэгт авагдсан баримтууд, шүүхээс хийсэн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргад тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрх хуулиар олгогдоогүй байна. Нэхэмжлэгчийн хувьд 1999 онд олгосон газрын гэрчилгээний дагуу 4 жил эзэмшсэн бөгөөд үүнээс хойш Газар ашиглах гэрээ байгуулан жил бүр сунгуулсан үйл баримт тогтоогдсон, харин газрыг хууль ёсны дагуу эзэмшээгүй байна ... Нэхэмжлэгчээс эхлээд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байхыг, улмаар тухайн акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжсэн байх урьдач нөхцлийг шаардах бөгөөд маргаан бүхий тохиолдолд эдгээр нөхцөл хангагдахгүй байна. Хэргийн үйл баримтаас нэгтгэн дүгнэвэл энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дугаарт дурдсан газар ашиглах төлбөр тогтоох тухай актыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан нь нэхэмжлэгчид ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож улмаар хохирол учруулсан гэж үзэхээр байна ... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/010542 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь нийслэлийн Засаг даргын 2014 оны А/977, 2017 оны А/736 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэхээр олгогдсон, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газартай давхцалгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргад газар эзэмших талаар аливаа өргөдөл, хүсэлт гаргаагүй” гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25 дугаар байрны баруун урд өнцөгт 24 м2 бүхий талбайд павилион барихыг нэхэмжлэгч Ж.Н т зөвшөөрч гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөрийг дүүргийн газрын санд оруулахыг Газар эдэлбэр, байгаль орчны асуудал хариуцсан зохион байгуулагч С.Б-д үүрэг болгож, уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нь 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай 36м.кв газар ашиглах гэрээ байгуулан 2004 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл улирал тутам сунган ашиглаж байгаад Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 256 дугаар захирамжаар тус гэрээг хугацаа тодорхойгүйгээр сунгуулж, 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 8010/5028 дугаар бүхий Газар эзэмшүүлэх гэрээг байгуулан 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогдож байна.
2.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид 1999 онд 4 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас өөрөөр уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Ж.Н-н цайны газрын барилгыг хууль бусаар нураасан захирамжийн үйлчлэлийн хууль зүйн үндэслэлийг хянуулахаар нэхэмжлэл гаргахад хүчингүй болгуулах шаардлага гаргах боломж бололцоо байгаагүй бөгөөд үүгээрээ Засаг даргын 2022 оны А/35 дугаар захирамжийг шүүх хянахгүй байх үндэслэл болохгүй” гэжээ.
2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан. Уг зохицуулалт нь эхлээд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, тодорхой шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт хэрэгжсэн, хэрэгжээд дууссан, нэхэмжлэл хангагдах боломжгүй болсон тохиолдолд үргэлжлүүлэн хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэл гаргаж болохоор байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх зохицуулалт хэрэгжих тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.7. Мөн давж заалдах гомдолдоо “... Гуравдагч этгээд “Т ” ХХК-д олгосон Хот, байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/01-054-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбай нь Ж.Н-н газартай бүхэлдээ давхцалтай нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог бөгөөд эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэдгээр субъектив эрхийг шууд үгүйсгэж болохгүй” гэжээ.
2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/977 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож ашиглахыг хориглосон нийтийн орон сууцны барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх эрхийг “Т ” ХХК-д олгож Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар захирамжаар 3522 м.кв газрыг тус компанид эзэмшүүлж шийдвэрлэсэн нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.
2.9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “тус албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлагыг орхигдуулсан, шийдвэрийн Тогтоох хэсэгт 2 гэж давхар дугаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.10. Маргаан бүхий Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж.Н т хандан “... Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай ирүүлсэн таны хүсэлтийг судлан, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх “Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан болно. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.
2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан.
2.12. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 дугаар албан бичиг нь маргаан бүхий асуудлаар бие дааж шийдвэр гаргасан захирамжилсан шийдвэр биш, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байх тул захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй юм.
2.13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “… Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах гэсний дараа Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, “2” гэж давхар дугаарласныг “3” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ