Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

хохирогч Х.Дэлгэрцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр,

шүүгдэгч Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батаад холбогдох эрүүгийн 201319000801 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1980 оны 06 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хороолол 11-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасандолгорын Батаа /РД:УБ80060714/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батаа нь 2013 оны 10 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Хуурай нуга гэх газарт байрлах Мөнхговийн Эрдэнэ ХХК-ний эзэмшлийн 1 ширхэг улаан өнгийн контейнер, саарал өнгийн 1 ширхэг контейнер, 1 ширхэг дүнзэн байшинг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 83985800 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, мөн 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Бүрэгтэй ам гэх газар 00-04 УБГ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээр иргэн М.Пүрэвийн эзэмшлийн 1 тооны хургыг санаатай дайрч 50 000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Х.Дэлгэрцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг үйлдэгдээд 3 жил болж байна. Би үйлдэл дээр нь илэрүүлээд бүх зураг болон холбогдох баримтыг шүүхэд өгсөн. Үүнээс хойш 3 жил 26 хоног болж байхад надад нэг ч удаа хохирол төлөөгүй, хуулийн байгууллага хэт 1 талыг бариж шийдэж байна. Би хохирсон дээрээ улам их хохирож байна миний эд зүйлийг 13.000.000 төгрөгөөр үнлэж байгаад гомдолтой байгаа тул дахин үнэлүүлэх саналтай байна” гэв.

Гэрч Б.Хүрэлбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2013 оны 10 дугаар сарын 05-ны 17оос 18 цагийн орчим гэртээ байхад Дэлгэрцэцэг эгч надруу залгаад “Миний дүү хүрээд ирээч, машинтайгаа ирээд эгчдээ туслаач. Манай уурхайн хамаг эд зүйлийг  хүмүүс буулгаад  хулгайлах гээд байна” гэхээр нь би өөрийн Тоёота Клугер маркийн автомашинтай Төв аймгийн Жаргалант сумруу яваад Тал булаг гэх газар Дэлгэрцэцэг эгчтэй таарсан ба тухайн үед Дэлгэрцэцэг эгч 2 цагдаа болон том оврын автомашины жолооч гэх нэг залуугийн хамт манай машинд суугаад Батаа гэх залуугийн байгаа газар очиж түүнтэй уулзахад тэрээр Ланд-200 маркийн автомашинтай тухайн автомашинд нь нэг цагдлаа суусан мөн 2 залуу дотор нь сууж байсан юм. Тэгээд Дэлгэрцэцэг эгч Батаа гэх залууг миний машинд суулгаад “Чи яахаараа хүний юмыг дураараа ачиж явдаг юм бэ” гэхэд Батаа “Би хүнээс худалдаж авсан. Би урьд өмнө нь танай уурхайгаас эд зүйл хулгайлж байгаагүй” гэсэн ба бид нар Дэлгэрцэцэгийн эзэмшлийн уурхай дээр очихоор болж тухайн газар нь очиход 1 контейнарыг голоор нь хуваагаад  мөн дүнзэн модон байшины моднуудыг нь буулгаж авч явахад бэлдээд тавьсан байсан. Тэгээд бид нар Батаа гэх залуу түүнтэй хамт явж байсан хүмүүсийг Жаргалант сумын цагдаа нарт хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу буцсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-43-44 тал/,

Гэрч Б.Алтансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ амарч байхад Дэлгэрцэцэг эгч надруу утсаар залгаад “Манай уурхайн кэмпид хулгай орж байна. Тийм болохоор хамт тухайн газар руу яваад өгөөч” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд Дэлгэрцэцэг эгчийн хамт түүний жолоодож явсан СМ-3 маркийн жижиг суудлын автомашинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сумын цагдаа нартай холбоо бариж тухайн хулгай хийж байсан хүмүүсийг саатуулж байсан ба Дэлгэрцэцэг эгч бид 2 Төв аймгийн Жаргалант суманд орж ирээд нэг цагдаагийн алба хаагчтай таараад түүнийг машиндаа суулгаад Дэлгэрцэцэг эгчийн эзэмшлийн уурхай руу явсан юм. Тэгээд бид нар уурхайн кэмп дээр очиход цагдаа нар ирчихсэн том оврын крантай 63-13 УНЦ улсын дугаартай 2 хүнийг цагдаа нар үйлдлийг зогсоогоод байж байсан ба Дэлгэрцэцэг эгч том оврын автомашины жолооч нь гэх хүнээс яагаад манай уурхайгаас хулгай хийж байгаа талаар асуухад тэр залуу хэлэхдээ “Батаа гэх залуу бид нарыг хөлсөлж авчирсан юм” гэсэн ба би удалгүй Хүрэлбат гэх надтай ажил хэргийн шугмаар танилцаж байсан залуу ирсэн ба түүнийг Дэлгэрцэцэг эгч дуудсан байсан. Тэгээд Дэлгэрцэцэг эгч Хүрэлбат болон том оврын автомашины жолооч цагдаа нарын хамт Хүрэлбатын автомашинд суугаад Батаа гэх залуугийн байгаа газар явсан юм....гэх мэдүүлэг /1 дүгээр хх-45-46 тал/,

Гэрч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Дэлгэрцэцэг гэх хүнийг зүс танина. Дэлгэрцэцэг гэх эгч 2013 оны 7 дугаар сарын 10-ны орчим манай гэрт ирээд “Манай уурхайг харж хандаж байгаарай ямар нэгэн асуудал гарвал эгч рүүгээ залгаарай” гэж хэлээд надад утасны дугаар өгч байсан юм....Бид хоёрт хандан хэдэн хүмүүс уурхайн байшин, контейнэр ачаад байна гэхээр нь Дэлгэрцэцэг эгчийн утас нь болох 94225774, 96048477 дугаарын утас руу нь залгахад 96048477 дугаарын утас нь холбогдож байсан юм....Тэгээд орой нь Дэлгэрцэцэг эгч цагдаа нартай ирээд нөгөө хүмүүсийг барьсан юм....2013 оны 4 сар хүртэлх хугацаанд нэг хүн уурхайг хариуцдаг байгаад түүнээс хойш энэ уурхайд хүн амьдрахаа больсон юм. Одоо бол тус уурхай харуул хамгаалалтгүй байгаа...Тус уурхай дээр 3 контейнэр, 1 дүнзэн байшин байрлаж байсан юм. Одоо бол зөвхөн 2 контейнэр л үлдсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-47-49, 2 дугаар хх-104 тал, 3 дугаар хх-122-123 тал/,

Гэрч П.Оюун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...тухайн уурхай дээр том оврын крантай автомашин 1 шар өнгийн жийп маркийн автомашин ирээд уурхайн контейнэр, байшинг ачиж байсан юм.... надад хандан хэлэхдээ “Би уурхайн эзэнд нь энэ талаар хэлсэн байгаа. Би контейнер байшинг худалдан авч байна гэж хэлсэн...тэр хоёрт хэлэхэд Алтанцэцэг гэр рүүгээ явж болсон явдлын талаар Дэлгэрцэцэг гэх хүнд хэлсэн байна лээ.. байшин болон контейнэрууд хоосон байхын хувьд хоосон байсан...эзэнгүй хаягдал байсан бол би юу гэж хүүе хаая гээд тэр хүмүүсээс ямар учиртай ачиж байгааг нь асуухав дээ. Байшин, контейнэрийг ачиж байсан хүмүүс худалдаж авсан л гэж яриад байсан..” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-50-52, 2 дугаар хх-99-100 тал/,

Гэрч Ц.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...тус газар байрлах уурхай дээр хэсэг хүмүүс том оврын автомашинтай ирээд контейнэр ачиж байсан юм. Тэгээд би усаа авчихаад л яваад өгсөн юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-53-54 тал/,

Гэрч Д.Бямбажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.. уурхайн кемпид зориулан тэнд 1 ширхэг том дүнзэн байшин, 4 ширхэг контейнэр, 5 ширхэг гэр, техникийн сэлбэг хэрэгсэл, усны насос, гал тогооны хэрэгсэл зэрэг эд зүйлүүд байсан ба одоо би яг ямар ямар эд зүйлүүд байсан эсэх талаар санахгүй байна. Тус уурхайдн кемпид их хэмжээний л эд зүйлс байсан....гэх мэдүүлэг /1 дүгээр хх-55 тал/,

Гэрч Д.Дашдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.. надад Мөнхийн говь эрдэнэ ХХК-ийн алтны уурхайны эд зүйлүүд нь эзэнгүй байснаасаа шалтгаалаад тоногдож алдагдаад байна, компанийн удирдлагуудад нь энэ талаар хэлж мэдэгдэж өгөөч гэсэн санал хүсэлт гаргасан юм....дайрч очиход бүх контейнэруудынх нь хаалга нь онгорхой цонхнуудынх нь шил бүгд хагарсан дотор нь юу ч байхгүй, угсармал дүнзэн байшингийнх нь шал, таазны мод алдагдсан, онгорхой контейнэрууд болон байшин дотор адуунууд ороод сүүдэрлэсэн байсан... Дүнзэн байшин нь бүтнээрээ дээвэртэйгээ байсан вакум цонхтой цонхыг нь хагалсан байсан... Доторхийг нь үзэхэд шал дээвэр нь алдагдсан байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-56, 2 дугаар хх-55-56 тал/,

Гэрч Б.Баасандорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.. уг уурхай эзэнгүй байдаг гэдгийг нь мэднэ. Учир нь манайх уг уурхайгаас холгүй байдаг юм. Уг алтны уурхайг 2 хүн сахиж үлдсэн гэдэг боловч тэр 2 хүн байдаг эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-57, 2 дугаар хх-105 тал/,

Гэрч Д.Гэнэндарам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...сүүлд уг алтны уурхай ажиллаж байсан эсэх нь мэдэгдэхгүй байсан боловч алтны уурхайн сахиул айл гээд нэг гэр бүлийн залуу хүүхэн хоёр сар гаруй хугацаанд уурхайн байшинд байж байгаад яваад өгцгөөсөн... наад талынх нь контейнэрийн хаалга, цонх  хийх зорилгоор ухаж нүхэлчихсэн байдаг байсан ч хаалга цонх нь байхгүй болчихсон байсан... Байшин дотор нь бол эд хогшил гээд байх юм бол байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-60, 2 дугаар хх-101 тал/,

Гэрч Ч.Замбалгарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэр газарт би очоогүй, хажуугаар нь гарч явахдаа харахад хаалга цонхгүй онгорхой контейнерүүд л байсан. Би гэр бараа ачаагүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-63 тал/,

Гэрч Б.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би 2013 оны 10 сарын 04-ний өдөр эхнэрийн дүү Батааг дагаад Төв аймгийн Жаргалант суманд байдаг хөдөө гэрт нь очиж үзэж, салхинд гарахаар Б.Батаатай хамт хөдөө гэрт нь очсон юм.... маргааш нь байж байтал Б.Батаа “Ийшээ яваад юм үзчихээд ирье гэхээр нь Б.Батаатай хамт явахад нэг уулын аманд шороо, газрын хөрсийг сэндийчсэн газарт ирэхэд хаалга үүдгүй, тахиа шувууны баас болчихсон, балгасан контейнэр байсан, ингээд байж байтал крантай ачааны машин ирээд нэг контейнэрийг нь ачаад Б.Батаагийн өвөлжөөний ард буулгахад нь би Б.Батаагийн өвөлжөөн дээр ирээд буучихсан... Би тэр контейнерийг Б.Батаагийн өөрийнх нь контейнер юм байх гэж ойлгосон ба орой цагдаа нар ирээд Б.Батаатай юм яриад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-64 тал/,

Гэрч С.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Б.Батаа хүргэн ах Эрдэнэбаатартайгаа хамт ирчихсэн байхаар нь юу болсон бэ гэхэд би энэ контейнэрийг авсан юм гэж хэлээд тэр уурхайн саарал өнгөтэй контейнерийг крантай ачааны машинд ачаад өвөлжөөнийхөө ард буулгасан...Би Б.Батаагаа юу болсон талаар асуухад “Би энэ контейнерийг эзэнгүй юм байх гэж бодсон чинь эзэн нь ирчихлээ” гэхээр нь би гэррүүгээ явсан..Хаалга цонх байхгүй онгорхой, доторх нь малын өтгө бууц, шувууны сангас болсон эзэнгүй 4 ширхэг контейнер, дээвэр байхгүй тал модон байшин байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-65 тал/,

Гэрч Э.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.. М.Энхбат ах хувьдаа крантай ачааны машинтай ба  тэр машинаараа хүний ачаа ачиж би туслахаар нь явдаг юм. Тэгээд 2013 оны 10 сарын 04-ний өдөр М.Энхбат ахтай таарахад “нэг хүн ирээд 4 ширхэг контейнер хээр буулгачихсан чинь хүн хаалга үүдийг нь аваад явчихсан байна гэнэ тэр контейнерийг нь ойрхон газарт гэррүү нь зөөх ажил гарлаа гээд... Тэгээд нэг уулын аманд очиход хаалга үүдгүй, цонхгүй 4 ширхэг контейнер байсан.... эхний саарал өнгөтэй контейнерийг машиндаа кранаар өргөж ачаад Батаа гэдэг хүний хөдөө байдаг гэрт нь өвөлжөөнийх нь ард буулгасан ойролцоогоор 10 гаран километр газар явсан. Дараагийн нэг улаан контейнерийг ачаад Батаа гэдэг айлын гэрийн гадаа буулгахад 1 километр  орчим газарт явж байхад цагдаа ирээд Энхбат ах бид хоёрыг зогсоогоод...  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-66-67 тал/,

Гэрч Г.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2013 оны 03 дугаар сард би өөрийн эхнэр Бэрцэцэгтэй хамт очиж 2 сар болсон. 2013 оны 05 дугаар сард манай эхнэрийн бие өвдөөд Дэлгэрцэцэг эгч рүү хэлүүлж байгаад 2013 оны 05 дугаар сард эхнэр бид хоёр Улаанбаатар хотод ирсэн.... Саарал өнгөтэй 1 ширхэг контейнер, улаан өнгөтэй 3 ширхэг контейнер, дүнзэн байшин 1 ширхэг тус тус байсан. 2 ширхэг контейнер дотор нь уурхайн хүнд машин механизмийн хуучин болон шинэ сэлбэг, даралтын Шланк, хүнд хүнд том том төмрүүд, 3 ширхэг гэр ширээ сандал, зуух яндан хөргөгч, хөлдөөгч зэрэг эд зүйлүүд байсан. Модон хайрцагтай олуулаа өргөж оруулдаг 3 ширхэг хайрцагтай эд зүйлүүд байсан. Дүнзэн байшин дотор бол эд зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-68  тал/,

Гэрч М.Энхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2013 оны 10 сарын 03-ны өдөр 14 цагийн орчим надруу 99119561 дугаарын утсаар залгаад ачаа ачих ажилд явах уу гэхээр нь ... өглөө нь нэг мотоцикльтэй залуу ирээд Батаагийн дуудсан хүн үү? гэж хэлээд дагуулан яваад... доторх нь хоосон, малын өтгө бууц асгасан 4 ширхэг контейнер, нэг дүнзэн байшин буулгаж байсан. Би Батаагийн хэлснээр эхлээд нэг хоосон саарал өнгөтэй контейнерийг ачиж өвөлжөөнийх нь ард буулгаж дараагийнх нь нэг улаан өнгөтэй тал контейнерийг ачаад явж байхад Жаргалант сумын цагдаа ирээд саатуулаад шалгах болсон... юу болоод байгаа талаар асуухад миний юм байгаа юм битгий санаа зов гээд байсан... намайг Батаагийн ачааг ачих гээд очиход хаалга цонх  байхгүй, малын өтгө бууц болсон 4 ширхэг хоосон контейнер, тал дүнзэн байсан байхаа буулгаад тараачихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-70-71 тал/,

Гэрч Ю.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..манай бэр эгч Оюун ирээд Алтны уурхайн контейнерийг ачиж байна гэж хэлэхээр нь эхнэр Алтанцэцэг бид хоёр хадлангаа зогсоогоод алтны уурхайд ирэхэд танихгүй залуучууд байсан ба юу болж байгаа талаар асуухад энэ байгууламжийг худалдаж авсан гэж хэлж байсан юм... Дэлгэрцэцэг эгч рүү энэ тухай утсаар хэлж мэдэгдсэн. Тэр оройдоо 20 цагийн орчим Дэлгэрцэцэг эгч цагдаа нартай хамт ирээд барьсан юм... нэг саарал контейнерийг ачаад явсан, дараа нь хоёр залгаатай байсан улаан контейнероос нэгийг нь гагнуураар тасдаад салгаж ачиж яваад... 2013 оны 7 сарын дундуур Хуурай нугад ирэхэд кэмп дэх контейнерын хаалгууд онгойчихсон дотор тал нь хоосон байсан...вакум цонхны цагаан суурьтай /шил нь хагарсан/, хаалга нь салхинд саваад байдаг байсан байшингийн модыг нь гадна талаас нь дугаарлаж байгаад нурааж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-72-74, 2 дугаар хх-102-103 тал/,

Гэрч М.Банзрагч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...сахиулаар ажиллаж ойрхон нутагладаг байсан. Би 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сургуулийн хүүхдүүдээ аваад Төв аймаг Жаргалант сумынха төвд амьдрах болсон. Тэр үедээ Дэлгэрцэцэг эгчид эд зүйлээ хүлээлгэж өгөөд явсан... Намайг явахад манаач үлдээгүй эзэнд нь хүлээлгэж өгөөд явсан. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-75-76, 3 дугаар хх-124-125 тал/,

Гэрч Я.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.. Батаагийн хөдөө гэрт нь очсон хоносон, маргааш өглөө нь Батаа бид нарыг дагуулаад өөрийнхөө өвөлжөөнөөс урагшаа хоёр уул даваад хуучин уурхай байсан бололтой эзгүй барилга байгууламж дээр ирсэн... За энэ дүнзэн байшинг ханыг нь дугаарлаад буулга” гэж хэлэхээр нь би тэр байшинг Батаагийнх юм байх гэж бодоод ханыг нь дугаарлаад хамт буулгасан... Би тухайн үед хулгай хийж байна гэж бодоогүй, Батааг өөрөө тэр барилга байгууламжийг худалдаад авчихсан юм байх гэж бодсон...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-77 тал/,

Гэрч Д.Мөнгөнхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... би 2013.10.05-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд байхад Улаанбаатар хотоос Дэлгэрцэцэг гэдэг хүн манай Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг Хуурай нуга гэх газарт байдаг Алтны уурхайн эд зүйлийг хүмүүс хулгайлаад байна гэнээ та очоод үзэдэ шалгаад өгөөч гэхээр нь би очоод үзэхэд Баасандолгорын Батаа гэдэг залуу хүмүүстэй очоод Мөнхговийн Эрдэнэ ХХК-ийн 1 ширхэг Контейнерийг крантай машин дээр ачаад 1 километр орчим газарт явж байсан ба уурхай дээр очиж үзэхэд Дүнзэн байшинг нь буулгаад нураачихсан, ачихад бэлэн болгосон байхаар нь Батаагийн өвөлжөөн дээр очоод үзэхэд Саарал өнгийн контейнерийг өвөлжөөн дээр нь буулгачихсан байсан. Тэр үед нь би Б.Батааг хамт явсан хүмүүстэй нь саатуулж Дэлгэрцэцэг гуайг иртэл хүлээж, тайлбараар асуусан... Би тэр газар өмнө нь очиж үзээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-78, 2 дугаар хх-54 тал/,

Хохирогч М.Пүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 06 сарын 06-ны өдрийн 11 цагийн үед өөрийн дунд хүү П.Энххишигийг хонио услаад ир гээд ертөнцийн зүгээр баруун урд зүгт 4-5 км зайд байрлах шанаган ус гэх нэртэй горхи руу явуулсан  юм. Удалгүй нэг цаг орчмын дараа манай хүү П.Энххишиг үхсэн хурга чирчихсэн уйлаад гэрт хүрээд ирсэн... намайг дайрч ална гээд машинтайгаа хөөсөн тэгснээ болиод эргэж хонь луу очоод араас нь хөөгөөд нэг хурга дайраад алчихлаа... өвөлжөөний бэлчээр идүүлж байна гэж хөөсөн юм шиг байна лээ.... гэх мэдүүлэг /2 дугаар хх-227-230 тал/,

Насанд хүрээгүй гэрч П.Энххишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... хонины дундуур над руу чиглээд ирээд машиныхаа цонхоор нэг ах толгойгоо гаргаад чамайг хонио аваад зайл гэж хэлсэн юм байна шдээ гээд намайг хөөсөн тэгэхээр нь эсрэг зүгт нь зугтаасан чинь араас хөөхөө болиод буцаад манай хонь руу очоод хонины араас маш хурдтай хөөгөөд нэг хургыг гүйцэж дайрч алсан...гэх мэдүүлэг /2 дугаар хх-231-233 тал/,

 Гэрч Я.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 06 сарын 06-ны өдрийн 11 цагийн үед өөрийн дунд хүү П.Энххишиг морин дээр хар халзан зүсмийн нэг тооны үхсэн хурга тэвэрчихсэн уйлаад ирсэн. Юу болсон талаар асуухад хонио услах гээд гэрээс уруудаад явж байтал бор өнгийн жийп ирээд хурга дайраад алчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би Б.Батаа байх гэж бодоод... яагаад хурга дайраад алчив гэсэн чинь өвөлжөөний бэлчээрээс манай хонь өвс идээд байна гэхээр нь би ирж дайрч алсан хурга төл гэсэн чинь тэгвэл өвс төлж өг...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-234-235 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

- Схем зураг /1 дүгээр хх-69 тал/,

- Хүлэгт хүннү Аудит ХХК-ийн шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Y13/09 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-80-95 тал/,

- эд зүйлийн үнэлгээний нэхэмжлэл /1 дүгээр хх-96 тал/,

- Авто тээврийн үндэсний төвийн Төв аймаг дахь салбарын 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 98 тоот албан бичиг /1 дүгээр хх-126-127 тал/,

- Төрийн банкны Зуунмод тооцооны төвийн 2013 оны 12 сарын 05-ны өдрийн 316 тоот албан бичиг /1 дүгээр хх-130 тал/,

- Хаан банкны Төв салбарын 2013 оны 12 сарын 04-ний өдрийн 13/400 тоот албан бичиг /1 дүгээр хх-131 тал/,

- Үет ХХК-ийн 2013 оны 11 сарын 4-ний өдрийн 28/16 тоот тодорхойлолт /хх-149 тоот албан бичиг /1 дүгээр хх-149 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-150-153 тал/,

- Мөнх говийн эрдэнэ ХХК-иас гаргасан дүнзэн байшинд орсон эд зүйлийн жагсаалт, үнэ /1 дүгээр хх-154 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-155-156 тал/,

- Мөнх говийн эрдэнэ ХХК-иас гаргасан Сэлбэгний 40 тн улаан контнерт байсан эд хөрөнгө сэлбэг гэх эд зүйлсийн жагсаалт, үнэ /1 дүгээр хх-157-158 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-159-163 тал/,

- Мөнх говийн эрдэнэ ХХК-иас гаргасан 40 тн улаан контнер буюу оффес, гал зуух байхаар тохижуулсан гэх эд зүйлсийн жагсаалт, үнэ /1 дүгээр хх-164 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-165 тал/,

 - Мөнх говийн эрдэнэ ХХК-иас гаргасан 40 тн саарал аж ахуйн эд хогшилийн бусад зүйл хадгалдаг контнерт байсан гэх эд зүйлсийн жагсаалт, үнэ /1 дүгээр хх-166-167 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-168-180 тал/,

- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хх-01-07 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-181-183 тал/,

- “Мөнхговийн Эрдэнэ” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Хуурай нуга 12962Х дугаартай алтны шороон ордны 60га талбайн техник эдийн засгийн үнэлгээ /1 дүгээр хх-184-185 тал/,

- “Жи Ай Ди ХХК-ийн 2010 оны жилийн санхүүгийн тайлан /1 дүгээр хх-186-193 тал/,

- “Мөнхговийн Эрдэнэ” ХХК-ийн 2011 оны жилийн санхүүгийн тайлан /1 дүгээр хх-194-198 тал/,

- “Мөнхговийн Эрдэнэ” ХХК-ийн 2012 оны жилийн санхүүгийн тайлан /1 дүгээр хх-199-206 тал/,

- “Мөнхговийн Эрдэнэ” ХХК-ийн 2013 оны жилийн санхүүгийн тайлан /1 дүгээр хх-207-211 тал/,

- “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2014 оны 07 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан  /1 дүгээр хх- 243-250 тал/,

- шинжээчийг байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-1-3 тал/,

-  “Үлэмж нөхөрлөл” ХХК-ийн нэхэмжлэх /2 дугаар хх-10 тал/,

- “Үлэмж нөхөрлөл” ХХК-ийн 2014 оны 08 сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт  /2 дугаар хх- 11- 24 тал/,

- Шүүх сэтгэц гэм судлалын 2014 оны 07 сарын 25-ны өдрийн 632 дугаар магадлагаа / 2 дугаар хх-26 тал/,

- хохирлын баримт / 2 дугаар хх-34-36 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-42-46 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-57 тал/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-114 тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дельтамон” ХХК, “Золач” ХХК-иудын 2015 оны 06 сарын 11-ний өдрийн Мөнхговийн Эрдэнэ” ХХК-ийн уурхайн кемпид байсан үндсэн хөрөнгийн үнэлгэний тайлан / 2 дугаар хх-121-143 тал/,

- Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын орлогчийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний 02/1003 дугаар албан бичиг /2 дугаар хх-150 тал/,

- Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн тодорхойлолт / 2 дугаар хх-196 тал/,

- Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр / 2 дугаар хх-202-206 тал/,

- Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ / 2 дугаар хх—207 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-220 тал/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-224 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-225-226 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-237 тал/,

- Төрийн банкны 2015 оны 06 сарын 16-ны өдрийн орлогын баримт / 2 дугаар хх-242 тал/,

- хохирогч М.Пүрэвийн хүсэлт / 2 дугаар хх-243 тал/, 

- автотээврийн үндэсний төвийн лавлагаа /3 дугаар хх-19 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хх-40-43 тал/,

- Б.Батаагийн хүсэлт / 3 дугаар хх-50 тал/,

- автотээврийн үндэсний төвийн лавлагаа /3 дугаар хх-88 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хх-89 тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК, “Бэсгэ” ХХК, “Мөнх-Оргил трэйд” ХХК 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 16/01 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хх-141-150 тал/,

 

Шүүгдэгч Б.Батаагийн ял шийтгэлийг шалгах тэмдэглэлд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /1 дүгээр хх-116 тал/,

 

Шүүгдэгч Б.Батааг 2013 оны 12 сарын 04-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-105-106 тал/, 2015 оны 06 сарын 25-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл /2 дугаар хх-240-241 тал/, 2014 оны 04 сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хх-108-109, 110 тал/, 2015 оны 09 сарын 08-ны өдөр яллагдагчид ял нэмж сонсгон байцаасан тэмдэглэл / 3 дугаар хх-11-12/,  2015 оны 09 сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 3 дугаар хх-13/, 2015 оны 10 сарын 05-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 3 дугаар хх-14 тал/, 2016 оны 04 сарын 03-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл / 3 дугаар хх-126 тал/,

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Батаа нь 2013 оны 10 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Хуурай нуга гэх газарт байрлах Мөнхговийн Эрдэнэ ХХК-ний эзэмшлийн 1 ширхэг улаан өнгийн контейнер, саарал өнгийн 1 ширхэг контейнер, 1 ширхэг дүнзэн байшинг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 83985800 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, мөн 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Бүрэгтэй ам гэх газар 00-04 УБГ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээр иргэн М.Пүрэвийн эзэмшлийн 1 тооны хургыг санаатай дайрч 50 000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батаагийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Дэлгэрцэцэг, гэрч Б.Хүрэлбат, Б.Алтансүх, С.Алтанцэцэг, П.Оюун, Ц.Түвшинбаяр, Д.Бямбажав, Д.Дашдаваа, Б.Баасандорж, Н.Цэцэгээ, Д.Гэнэндарам, Ч.Замбалгарав, Б.Эрдэнэбат, С.Энхбаяр, Э.Энх-Амгалан, Г.Лхагвадорж, М.Энхбат, Ю.Цэнд-Аюуш, М.Банзрагч, Я.Мөнхбат, Д.Мөнгөнхүү, хохирогч М.Пүрэв, насанд хүрээгүй гэрч П.Энххишиг, гэрч Я.Эрдэнэчимэг нарын мэдүүлсэн мэдүүлэг, гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, төрийн банкны орлогын мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батааг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батаад хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Б.Батаагийн холбогдсон хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус тус үйлдэгдсэн мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарагдахгүй байх тул шүүгдэгч Б.Батааг өршөөлд хамааруулах үндэслэл болж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахдаа шүүгдэгч Б.Батаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн байна гэж зааснаар хүсэлтээ бичгээр шүүхэд илэрхийлсэн байх тул энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Батаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар “Эд зүйлийн үнэлгээ буруу гарсан тул хохиролыг дахин 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна Түүнчлэн хохирогч М.Пүрэвийн нэг тооны хургыг санаатай дайрч устгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 буюу танхайн үйлдлийн шинжтэй байгаа эсэхийг тодруулалгүй орхисон байгаа. Мөн Б.Батааг цагдан хорих захирамж гарсан байхад цагдан хоригдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа хууль зөрчөөд хэт 1 талыг барьсан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгоод яллагдагчаар татах тогтоол үйлдэх ёстой байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөд шууд байцаалт аваад явсан байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна.” хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Б.Батаад холбогдох эрүүгийн 201319000801 дугаартай хэргийг 2013 оны 10 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар үүсгэсэн байна. Мөн 2015 оны 06 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Батаад холбогдуулан 201518020207 дугаартай эрүүгийн хэргийг үүсгэж, дээрх хэргүүдийг 2015 оны 06 сарын 30-ны өдөр нэгтгэж, 2015 оны 09 сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял нэмж сонсгон мөн өдөр байцаалт авсан байна.

Шүүгдэгч Б.Батаад 2016 оны 08 сарын 01-ний өдрийн Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 08 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн ял өөрчилж сонсгосон нь үндэслэлтэй байна. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял нэмж сонсгосон учир дахин нэмж ял сонсгох шаардлагагүй гэж дүгнэн үзсэн.

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 74 тоот шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Батааг яллагдагчаар цагдан хорисон шүүгчийн захирамжинд түүний өмгөөлөгч гомдол гаргаж 2015 оны 07 сарын 01-ний өдрийн Ерөнхий шүүгчийн 124 дугаар захирамжаар Б.Батаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна.

Мөн хохирогч М.Пүрэвийн нэг тооны хургыг дайрч устгасан үйлдэл нь танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй бөгөөд танхайн гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлогдсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №16/01 тоот “Лэндс” ХХК, “Бэсгэ” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК-иудын хамтран шинжээчээр ажиллаж гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчаас шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж гаргуулсан байх ба уг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь хууль тогтоомж, стандартын хүрээнд өртгийн болон зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг ашиглан, хохирогч Х.Дэлгэрцэцэгийн хулгайд алдагдсан гэх эд хөрөнгийн байдлын чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг нарийвчлан судалж, хэргийн 3 хавтас материалтай нэг бүрчлэн танилцаж гаргасан нь шүүхээс уг дүгнэлтийг үндэслэлгүй буюу  зөв эсэхэд нь эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэлээ.  

Хохирлын тал дээр шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийг хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлаагүй болно.

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирлын талаар

Шүүгдэгч Б.Батаа нь хохирогч М.Пүрэвт 1 тооны хурганы үнэд 500.000 төгрөг төлсөн, хохирогч М.Пүрэв нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Х.Дэлгэрцэцэгт 13.398.311 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдах,  

Түүнчлэн шүүгдэгч Б.Батаа нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй “ гэсний дагуу шүүх шүүгдэч Б.Батааг гэм буруутайд тооцож байх тул байцаан шийтгэх ажиллагааны зардал болох хохирогч Х.Дэлгэрцэцэгийн “Хүлэгтхүннү аудит” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Y13/09 тоот шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 3.300.000 төгрөгийг, “Дельтамон” ХХК, “Золач” ХХК-иудын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс буюу Золач ХХК-ианд төлсөн 2.000.000 төгрөгийг нийт 5.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батаагаас гаргуулж хохирогч Х.Дэлгэрцэцэгт олгох,

  “Үлэмж нөхөрлөл” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №14/37 тоот эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 2.200.000 төгрөгийг /2-хх-10-24/, “Дельтамон” ХХК, “Золач” ХХК-иудын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд Дельтамон ХХК-д 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батаагаас гаргуулж дээрх компаниудад тус тус олгох,

Шүүгдэгч Б.Батаа нь Итгэлт истимэт ХХК-ийн 2014 оны 07 сарын 09-ний өдрийн №118/09 тоот шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 250.000 төгрөгийг төлсөн болохыг,

“Лэндс” ХХК, “Бэсгэ” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК-иудын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №16/01 тоот хамтарсан шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсний талаарх, Итгэлт истимэт ХХК-ийн 2014 оны 07 сарын 09-ний өдрийн №118/09 тоот шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсний талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар

2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Худалдаа хөгжлийн банкны нэр дээрх 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн №00390993 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй 00-04 УБГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батаа нь 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүд, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.10 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баасандолгорын Батааг бусдын эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Батаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 13.398.311 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүйг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “Мөнхговийн Эрдэнэ” ХХК-ийг үнэлсэн шинжээчдийн зардал болох хохирогч Х.Дэлгэрцэцэгийн “Хүлэгтхүннү аудит” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Y13/09 тоот шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 3.300.000 төгрөгийг, “Дельтамон” ХХК, “Золач” ХХК-иудын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс буюу Золач ХХК-ианд төлсөн 2.000.000 төгрөгийг нийт 5.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батаагаас гаргуулж хохирогч Х.Дэлгэрцэцэгт олгох,

“  “Үлэмж нөхөрлөл” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №14/37 тоот эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс 2.200.000 төгрөгийг, “Дельтамон” ХХК, “Золач” ХХК-иудын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд Дельтамон ХХК-д 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батаагаас гаргуулж олгох,

Шүүгдэгч Б.Батаа нь Итгэлт истимэт ХХК-ийн 2014 оны 07 сарын 09-ний өдрийн №118/09 тоот шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 250.000 төгрөгийг төлсөн болохыг,

“Лэндс” ХХК, “Бэсгэ” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК-иудын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №16/01 тоот хамтарсан шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсний талаарх, Итгэлт истимэт ХХК-ийн 2014 оны 07 сарын 09-ний өдрийн №118/09 тоот шинжээчийн дүгнэлтийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Худалдаа хөгжлийн банкны нэр дээрх 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн №00390993 дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй 00-04 УБГ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

        

7. Шүүгдэгч Б.Батаад авсан бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батаа нь 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Батаад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА