Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 112/ШШ2021/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ж.Д-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* сумын Засаг дарга Г.Б-д холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгал дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э, гэрч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь  нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар ******* сумын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 10  дугаар сарын 16-ны өдрийн Б/59 дугаартай захирамжаар жинхлэн томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа аймагтаа ажлын үзүүлэлтээрээ 1-р байрт шалгарч, Монголдоо Эко сургуулийн туг, Алтан гэрэгэг гурван удаа авч, ******* сумын шинэ сургуулийн барилгыг бариулах ажлыг санаачлан зохион байгуулж хүлээн авахад бэлэн болгосон зэргээр гүйцэтгэж байсан. Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн дүгнүүлж байсан. Говь-Алтай аймагт 2020 оны Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам сонгогдож нутгийн удирдлагыг шилжүүлэн авсантай холбоотойгоор аймгийн ИТХ-н дарга Д.Д, ИТХ-ын төлөөлөгч Д.Ч нар 2021 оны 01-р сард ******* сумд ажиллахдаа сумын Засаг даргыг шахаж 2021 оны 01-р сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай захирамж гаргуулан үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байна. Ийнхүү намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хульд заасан үндэслэл журмыг баримтлалгүйгээр сонсох ажиллагаа хийхгүйгээр гэнэт хууль бус захирамж гаргасан гэж үзэж байгаа учир гомдол гаргаж байна. 2021 оны 01-р сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч одоо болтол ямар ч хариу өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай Ж.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамж хууль бус болохыг тогтоож захирамжийг хүчингүй болгож Ж.Д-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү. Тендерийн асуудал ярьж байх шиг байна. 2017-2018 онд тухайн байгууллага дээр тендер зарладаг байсан. Тендерийг сумын Засаг даргын Тамгын газар дээр зохион байгуулдаг. Сургуулийн захиралд эрхийг нь өгсөн боловч сургууль дээр А сертификаттай хүн байхгүй учир Засаг даргын Тамгын газар дээр нэгдсэн журмаар тендер зарлаад тэндээс ирсэн тендер дээр сургуулийн захирал гэрээ байгуулж ажилладаг. Тэрийг яагаад сумын Засаг дарга мэдэхээ байсан юм. Цэдэв гэдэг хүнийг авсан гэж байна. 2020 оноос үдийн цайг сургууль дээрээ хий гэдэг шаардлага тавьсан. Үдийн цайны тогоочийг шалгаруулж авах тендер зарлаад 6 хүн бүртгүүлсэн байдаг. Энэ ажлыг сургуулийн бага ангийн эрхлэгч Б хариуцсан. 6 хүнээс 3 хүн нь үдийн цай хийнэ гэдэг том ажил байна хийхгүй гэж хэлээд гарсан. Нэг нь үнэмлэх байхгүй. Хоёр хүн өрсөлдөөд Цэдэв гэдэг хүн сонгон шалгаруулалтад ялсан байсан. Заах аргын нэгдлээр хэлэлцээд оруулж ирсэн. Тухайн үед  бүх хүн өрсөлдөх эрх нь нээлттэй учир сонгон шалгаруулалтад орсон байсан. Би тухайн үед Засаг даргад хэлж байсан. Сонгон шалгаруулалтаар манай эгч орж ирсэн байна. Яах юм бэ гэхэд өөрөө мэд урамшуулал, ур чадварыг дур мэдэн өгөхгүй гэдэг санал тавьсан. Үдийн цайны тогооч нь өгсөн материалаар хүүхдүүдэд хоол хийж өгдөг. Ахлах тогооч биш, үдийн цайны туслах тогоочоор ажиллах хүн байгаа. Үр дүнгийн гэрээний асуудал яригдаж байна. Сар бүр тайлан өгдөг, энэ хүн өөрөө тушаалаа гаргаад 95 хүртэл ажлыг маань үнэлсэн байсан учир 12 дугаар сарын 22-нд урамшууллаа бодож авсан. Тэгэхээс биш би өөр дээрээ урамшуулал бодож авдаггүй. Боловсролын дарга тушаалын дагуу бичиг тоотоо танилцуулаарай гэдэг. Тухайн бичиг тоотын дагуу танилцуулдаг. Ирсэн бичгийн дагуу манай нягтлан бодогч цалинг бодож олгосон. Сонсох үйл ажиллагаа явуулсан гэж байна. Сонсох үйл ажиллагааны талаар Г.Б дарга уулзсан. Уг нь чамайг ажиллуулмаар байна. Гагцхүү дээрээс чамайг хал гэж байна гэсэн. Хэн хал гээд байгаа юм, би 07 дугаар сар хүртэл ажиллая. Тэрнээс хойш та нар хэнийгээ ажиллуулна уу хамаагүй. Ер нь ******* сумд улс төрийн ажил хэтрээд байна. Би 07 дугаар сарын 01-н хүртэл ажиллаад ажлаа өгье гэхэд чамайг дээрээс хал гэж хэлсэн гээд тэр бичиг тоотоо надад үзүүлсэн. Сонсох ажиллагааны талаар төрийн албанд ажиллаж байгаа хүн тийм алдаатай бичиж болохгүй. Энхжаргалын тухайд өмнө нь Тамгын газар дээр нягтлан харьяатай байдаг байсан. Санхүү цалин мөнгөө бодуулдаг байсан. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллага бүр дээр нягтлан бодогч нарыг шилжүүлсэн. Манай дээр ажиллаж байсан Цэдэвсүрэн гэдэг хүнийг эмнэлэг рүү тавиад сургууль дээр Энхжаргал гэдэг хүнийг санал болгосон учир сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээнд тэр хүнийг нь ажилд авсан. Туршлагатай хүн гэдэг утгаараа Энхжаргалыг ажилд томилж авсан. Гэтэл Э энэ хоёр хоорондоо хувийн өс хонзонтой байсан байна. Би тушаалын дагуу Э-ыг ажилд авсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.Д-ийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд түр томилж байсан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр жинхлэн томилсон байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай ******* сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө төлөвлөгөө дүгнүүлээгүй, албан эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус томилгоо хийсэн гэдэг байдлаар чөлөөлсөн. Сонсох ажиллагааны тэмдэглэл гэж хавтаст хэрэгт ирсэн ч хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгдээгүй байна. Сонсох ажиллагаатай холбоотой цуглуулсан ямар нэгэн баримт хэрэгт ирээгүй. Тэгэхээр сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. Мөн албан эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус томилгоо хийсэн гэж байна. Өнөөдрийн байдлаар Ж.Д-тэй холбоотой хууль бус томилгоо хийсэн гэдэгтэй холбоотой, хууль бус гэдгийг тогтоосон ямар нэгэн шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй талаар тэмдэглэх нь зүйтэй. Захирамжид заасан үндэслэлүүд хавтаст хэргээр нотлогдсонгүй. Төлөвлөгөө дүгнүүлээгүй гэдэг асуудал төлөвлөгөөг өгөөд байхад энэ төлөвлөгөөг дүгнээгүй байж бид нарт төлөвлөгөө өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Засаг даргын захирамжаар ажлыг нь дүгнээд урамшуулал олгосон байж би энийг хараагүй үзээгүй гэдэг байдлаар хэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Бичээч нэр орууллаа гэхэд Засаг дарга тамгаа дараад гарын үсэг зурахдаа хавсралтаа хардаг байх ёстой. Гэтэл үүнтэй холбоотой би хараагүй зурсан байна. Ж.Д гэдэг нэрийг өөрөө ирээд бичсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үнэхээр харамсалтай. Өнөөдөр тайлан ирснээр гэрээг дүгнэдэг. Тайлангаа өгч байгаа нь ажил дүгнэх нөхцөл бүрдсэн. Тэгэхээр тайлангаа өгөөд байгаа дээр дүгнэх ажиллагаа хийгдээгүй нь Ж.Д-ийн зүгээс ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Үр дүнгийн гэрээг өгсөн байхад дүгнээгүй байдаг. Энэ хүн тайлангаа өгсөн гэдэг асуудал бүрэн тогтоогдож байна. Сонсох ажиллагааг ажлаас халах гэж байгааг танилцуулдаг мэтээр ойлгоод байгаа нь харамсалтай. Үнэхээр нөхцөл байдал ямар байсан. Аудитын актаар гараад байгаа асуудлуудыг тайлбар болгоод ярих биш нотлох баримтуудаа цуглуулчихаад Ж.Д-ээс тайлбар аваад байж байх ёстой. Хариуцагчийн талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд ерөнхийдөө шүүхэд хандсанаас хойш гаргаж өгсөн нотлох баримтууд байгааг шүүх анхаарах байх. Нотариатаар гэрчлүүлсэн, хуулбар үнэн тэмдэг даруулсан огноо нь шүүхэд хандсанаас хойш гаргасан баримтууд байгаа. Шийдвэр гаргахаас өмнө цуглуулсан нэг ч баримт байхгүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.Д нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчин, сонсох ажиллагаа хийхгүйгээр гэнэт ажлаас халсан тухай захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16:10 цагт сумын ИТХ-ын дарга Ц.Б, Засаг дарга миний бие, Засаг даргын орлогч Г.Л нар хамт байлцан, Засаг даргын албан өрөөнд сургуулийн захирал Ж.Д-ийн төсвийн шууд захирагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бүтэц, орон тоог одоо хүртэл батлуулахгүй хууль зөрчиж байгаа асуудлаар сонсох ажиллагааг явуулсан бөгөөд сонсох ажиллагааны явцад Д нь “ажлаа өгөхөд татгалзаад байх зүйлгүй гээд, гэхдээ эхний хагас жилийн ажлаас дуусгаж, 5 жилийн тэтгэмжээ аваад ажлаа хүлээлгэж өгөх саналыг тавьсан боловч миний бие уг саналыг хүлээж авах боломжгүй болохоо хэлэхэд тэгвэл та нар хална л биз, би хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ” гээд гарсан болно. Мөн Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Днь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрхэлсэн ажилдаа алдаа гаргаж, ИТХ-н Тэргүүлэгчдийн 2017 оны 35 дугаар тогтоолоор “Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халагдаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон А.Э-ыг өөрт олгогдсон албан эрх мэдлээ хэтрүүлэн /хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2/ нягтлан бодогчоор авч ажиллуулсан, мөн дээр дурдсан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнүүлээгүй 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, бүтэц орон тоогоо батлуулаагүй зэрэг зөрчлийг гаргасан учир Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан хуулиар олгогдсон эрхийн дагуу хариуцлага тооцож, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан /сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэн ажлаас чөлөөлнө/ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Тэрээр сургуулийн захирлын 2019 оны Б/03 тушаалаар, төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халагдсан А.Э-ыг ажилд томилсон, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл “албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт хязгаарлалт”-ын 11.1 дэх /албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, БСШУС-ын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан журмын нэгдүгээр хавсралтын 4.3.5 дахь хэсэг /Удирдах ажилтан нь албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бус томилгоо хийхгүй байх/-ыг тус тус зөрчин, сумын хүүхдийн цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байсан өөрийн төрсөн эгч Ж.Ц-ийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/01 тушаалаар сурагчдын үдийн цайны тогоочоор томилсон зэрэг хууль бус томилгоонуудыг хийсэн. Тамгын газрын даргаар ажиллаж байсан А.Жигжидбавуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орж ирээд “маргааш төрийн сангийн гүйлгээ хаагдах учир төсвийн менежерүүдийн 2020 оны урамшуулал олгох захирамж гаргаж өгөөч” хэмээн захирамжийн төсөл оруулж ирэх үед сургуулийн захирал Ж.Д гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дүгнүүлээгүй байсан учир яаралтай гэрээгээ дүгнүүлэхийг анхааруулж, Тамгын газрын даргын хүсэлтийн дагуу Б/17 захирамжийг баталж өгсөн боловч Ж.Д нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар өөртөө үр дүнгийн урамшуулал 45 хувиар бодуулж авсан байсан бөгөөд сургуулийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинээр томилогдсон захирал дараа нь надаар дүгнүүлсэн болно. 2020 оны сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны тайланд аймгийн Төрийн аудитын газраас дүгнэлт хийгдсэн. Сургуулийн санхүүтэй холбоотой 2 удаа төлбөрийн акт, 3 албан шаардлага ирсэн. Хууль бусаар томилсон нягтлан, тогооч нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүнийг худалдах тухай хуульд заасны дагуу тендер зарлаж тендерт шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авах ёстой байсан. Гэтэл ямар ч  гэрээ байгуулалгүйгээр бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Мөн Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж арилжааны банканд данс нээлгэсэн ноцтой зөрчил гаргасан. Өмнөх Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. 2020 оны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай танилцахад Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2018 оны А/243 дугаартай захирамжаар батлагдсан боловсролын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм гээд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 5 эрх зүйн актыг зөрчсөн байгаа. Ганбатын Туул нь ******* сумын сургуульд 20-оод жил багшаар ажиллаж байгаа. 2016 оны 06 дугаар сард сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан. Өмнөх сургуулийн захирал 60 нас хүрээд тэтгэвэртээ гарч томилогдон ажиллаж байсан. Ж.Д-ийг ажлын алдаа дутагдал дээр нь үндэслэж ажлаас чөлөөлсөн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай Ж.Д-ийн ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарыг хэлээд байх шиг байна. Ажил олгогчийн зүгээс байгууллагын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй, хууль бус томилгоо хийсэн, ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт үүнтэй холбоотой гаргасан Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн байдаг. Хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт байгаа. Ажил олгогчийн зүгээс байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж батлуулаагүй гэдэг асуудлыг тавьдаг. Гэтэл бид нар төлөвлөгөө гаргаад өгсөн байхад дүгнээгүй гэдэг асуудлыг яриад байна, ямар төлөвлөгөө яаж гаргаж өгсөн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогчид, өмгөөлөгчид нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардах эрхтэй гэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тэргүүн ээлжинд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Гэтэл гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж өгсөн байхад дүгнээгүй гэдэг асуудал ярьж байгаа боловч ямар гүйцэтгэлийн төлөвлөгөө өгсөн гэдэг нь ойлгомжгүй. Үр дүнгийн гэрээ би хийж өгсөн гэдэг асуудал ярьж байна. Гэрч орж ирээд ажил хүлээлцсэний дараа акт үйлдэхэд үр дүнгийн гэрээний асуудал яригдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт үр дүнгийн гэрээ байхгүй, тухайн гүйцэтгэлийн төлөвлөгөө ч байхгүй. Ажил олгогчийн зүгээс ажлаа чөлөөлсөн захирамж дээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад энэ хүн өөрийн ашиг сонирхол бүхий ах дүүсийг ажилд томилоод байгаа үйл баримт тогтоогдоод байдаг. Дээд шүүхийн тогтоолоор ажлаас халсан шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад тэр хүний ашиг сонирхол яваад байна. Төрийн албан хаагчид хориглосон заалтыг зөрчсөн нь харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Боловсролын сайдын тушаал байдаг. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулаагүй, батлуулаагүй байдаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Мөн хэргийн харьяаллын асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн ажлаас чөлөөлсөн захирамжийг аваад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Хавтаст хэрэгт Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн алба тоот байгаа. Тухайн албан тоот нь төрийн үйлчилгээний албан тушаалтныг тодорхойлсон байдаг. Боловсролын байгууллагын захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдах бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний ангиллын ТҮБД-5 зэрэглэлд орсон байгаа. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалтыг томилох, хөдөлмөрийн маргаантай холбоотой харилцааг хянан шийдвэрлэхээр хуульчилсан байгаа учир таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж Төрийн албаны зөвлөлөөс хариу ирсэн байдаг. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхээр зааж өгсөн байдаг. Гэтэл нийтийн эрх зүйн маргаан бол урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг заавал хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх шаардлагагүй байгаа. Гэтэл урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг нэхэмжлэгчийн зүгээс хийлгэсэн боловч энэ нь нийтийн эрх зүйн маргаан биш байна. Таны маргааныг бид харьяалан шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Төрийн үйлчилгээний албан тушаалтан байна гэж гомдолд хариу ирсэн байгаа учир энэ нь нийтийн эрх зүйн маргаан биш байна. Мөн хавтаст хэргийн материалд үр дүнгийн гэрээний асуудал яригдаад байдаг. Гэтэл хавтаст хэргийн материалд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үр дүнгийн гэрээ байгаа. Энэ үр дүнгийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийг үндэслэл болгон байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа. Тэгэхээр захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна. Хөдөлмөрийн гэрээтэй төрийн үйлчилгээний албан хаагч байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  буцаах үндэслэл тогтоогдож байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрийг гаргах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад энэ хүн үр дүнгийн гэрээгүй юм байна. Мөн нийтийн эрх зүйн маргаан биш хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн төрийн үйлчилгээний албан хаагч буюу иргэний эрх зүйн харилцааны маргаан болох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Гуравдагч этгээд нь ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 1/109 дугаартай захирамжаар сургуулийн захирлаар томилогдсон. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Гуравдагч этгээд Г.Тын өмгөөлөгчөөр оролцож байна. Г.Тыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/109 дугаартай захирамжаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилсон. Нэхэмжлэгч Ж.Д нь Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ хүний эрх ашиг нь хөндөгдсөн. Энэ эрх ашиг нь хөндөгдсөнтэй холбоотой шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохоор болсон. Гуравдагч этгээд Г.Т хуулийн дагуу захирлын албан тушаалд томилогдсон. Нэхэмжлэгч Ж.Д нь захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг зөрчиж захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.Д нь 2018 онд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон байгаа. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгэм бодлогын хэлтсийн дарга Н.Э-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Ингээд ажилтан, ажил олгогч нарын дунд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Энэ хүн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан хэдий ч манайх хэлэлцэх байгууллага биш. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 17 дугаар тогтоолоор манайх авч хэлэлцэх боломж байхгүй гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс харьяалал зөрчсөн юм уу гээд судлаад үзэхээр Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл байгаа. Үүний нэг дэх хэсэгт ТҮБД-5 ерөнхий боловсролын сургуулийн захирал гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлмөрийн гэрээ байдаг. Хуулиар олгосон үүргээ биелүүлээгүй. Энэ талаар холбогдох нотлох баримт байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчиж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн харьяалал бус гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ж.Д-ээс ******* сумын Засаг дарга Г.Б-гийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

   Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан байна.

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд хуульд зааснаар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг сумын Засаг дарга эдлэх болсон байна.

Хэргийн харьяаллын талаар:

Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас  энэхүү маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн гэж маргаж байгааг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг” ойлгохоор, 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;” ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг 6.1.1.төрийн улс төрийн алба; 6.1.2.төрийн захиргааны алба; 6.1.3.төрийн тусгай алба; 6.1.4.төрийн үйлчилгээний алба” гэж ангилан тогтоосон байх бөгөөд энэ хуулийн 14 дүгээр зүйлд тоочин заасан төрийн үйлчилгээний албан тушаалд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал багтахаар хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл тухайн маргаж буй захиргааны шийдвэр нь  захиргааны актын шинжийг агуулсан байх буюу нэхэмжлэгчид шууд хамааралтай байхаас гадна тус шийдвэрийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд гаргасан бол захиргааны хэргийн шүүх тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн маргасан хүрээнд хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн учир захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй гэж тайлбар гаргадаг.

Төрийн албаны хууль тогтоомжид Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийн маргааныг урьдчилан шийдвэрлэхээр тусгагдсан бөгөөд энэ хариу нь нэхэмжлэгч төрийн албан жинхэнэ хаагч биш гэдгийг нотлох боловч нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болохыг үгүйсгэхгүй юм.

Иймээс маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашихтай холбоотой харилцаа тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Нэг. ******* сумын Засаг дарга Г.Б-гийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоолын 4.5.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 4.3.5 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

Дээрх хууль тогтоомжид үндэслэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж дүгнүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлж хууль бус томилгоо хийсэн зэрэг ажлын хариуцлага алдсан гэж Ж.Д-ийг ажлаас чөлөөлжээ.

1.1 Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд:

1.1.1. Монгол Улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь бүх шатны Засаг даргаас өөрийн бүрэн эрх, тухайлсан хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах нийтлэг эрхийг илэрхийлсэн заалт юм.

1.1.2. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж заажээ.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх, үүргийг түр орлон гүйцэтгэгчийг ажилд томилох талаар санал солилцож, зөвшилцөөгүй болох нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар албан бичгээр тогтоогддог.

1.1.3. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглож, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, хариуцлагын талаарх журмыг Засгийн газар батлахаар тус тус заасан байгаа нь төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийг ажлаас чөлөөлөх нөхцөлийг тогтоосон заалтууд гэж дүгнэх боломжгүй байна.

1.1.4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ыг  баталсан байсан бөгөөд энэхүү тогтоол Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болж, шинэчлэн батлагдсан журам 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж дүгнүүлээгүй гэж маргаж байх боловч энэ нь нотлогдохгүй байгаа болно. Учир нь Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар албан бичигт 2020 оны төлөвлөгөөг батлуулсан гэж тодорхойлсноос гадна гэрч Г.Л гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг надад өгсөн, одоо ч надад байна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн хариуцагчийн өөрийнх нь гарын үсэг бүхий 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар захирамжид жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр нэхэмжлэгчид урамшуулал олгосон болох нь нотлогддог.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан ба энэ дүрмийн 4.3.5-т Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлсхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхүүлэн дэмжихгүй байх; гэж заасан байна. Нэхэмжлэгч энэхүү ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах үүрэг бүхий удирдах албан тушаалтан юм.

1.1.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашин сонирхол  нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно  гэж тус тус заажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;” зааснаас үзвэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байгаа болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно,” гэжээ.

Хуулийн зохицуулалтаас үзвэл тус хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж хянуулах, тус албан тушаалд томилогдсоноор жил бүр хуульд заасан хугацааны дотор хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хууль болон журамд заасан үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилгүй илэрхийлсэн мэдэгдэл гаргах, ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Д-ийн хувийн  ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянасан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 05/3400 дугаар албан бичигт: “...Харин нэр дэвшигч Ж.Д-ийн төрсөн эгч Ж.Д тус аймгийн ******* сумын сургуулийн бага ангийн багшаар, төрсөн ах Ж.В сантехникчээр, дүү Ж.Ж жижүүрээр тус тус ажиллаж байгаа тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй болно.” гэжээ.

Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан нэхэмжлэгчийн төрсөн ах, эгч, дүү нар ******* сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа боловч нэхэмжлэгч тэдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа тайлбар мэдүүлэг гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан П., ******* сумын Засаг даргын Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан О.Б нарын лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар тайлбар мэдэгдэл гаргаж байгаагүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар өөрийн төрсөн эгч Ж-ийн Ц-ийг сурагчдын үдийн цайны тогоочоор томилсон байдаг.

Дээр дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг товч тайлбарлавал, 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29.2.4-д энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар нарийвчлан зохицуулсан байна.

Иймд Ж.Д нь төрсөн эгч буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийг үдийн цайны тогоочоор томилон ажиллуулсан зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан зохицуулалтуудыг хэрэглэн, энэ үндэслэлээр гарсан ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр тухайн сурагчдын үдийн цайны тогоочийн ажлын байрыг нийтэд нээлттэй зарлан сонгон шалгаруулалтын дүнгээр Ж.Ц шалгарсан байх боловч энэ нь нэхэмжлэгчийг хуулиар тогтоосон хориглолтыг зөрчих эрхийг олгохгүй  юм.

Мөн Ж.Ц нь өнөөг хүртэл тус сургуульд ажиллаж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглолтыг зөрчсөн зөрчил хэвээр үргэлжилж байгаа нь нотлогдож байна.

1.2. Хэргийн оролцогчдын гаргасан бусад тайлбар, үндэслэлийн талаар:

   1.2.1. Хариуцагчаас нэхэмжлэгчийг төрийн албанаас халагдсан А.Э-ыг ажилд томилсон гэж буруутгаж байх боловч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан  төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагад төрийн албанаас халагдсан бол буцаан томилохгүй гэсэн шаардлага тусгагдаагүй. А.Э нь сумын ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогчийн албан тушаалд буюу төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа болох нь тогтоогддог.

   1.2.2. Нэхэмжлэгч сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргаж байх боловч хэргийн оролцогчдын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар сонсох ажиллагааг хйисэн болох нь тогтоогдож байна.

   1.2.3. ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тавигдсан актуудыг дүгнэвэл: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/89 дүгээр  актаар ажилчдын цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг хасаагүй илүү олгосон 373,3 мянган төгрөгийг буцаан төлөх гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэ нь нягтлан бодогчийн албан тушаалын чиг үүрэгт илүү хамааралтай байна.

   Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/106 дугаар  актаар 3,294,1 мянган төгрөгийн авлага барагдуулаагүй гэжээ. Энэ акт мөн л нягтлан бодогчийн албан тушаалын чиг үүрэгт илүү хамааралтай байна.

   Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/106 дугаар  актаар 2,947,9 мянган төгрөгийн худалдан авалтыг шууд хийсэн гэжээ. Харин энэ зөрчил нь төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан нэхэмжлэгчид хамааралтай байна.

   Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/145 дугаар  актаар төрийн сангийн харилцах данснаас гадуур 2,449,6 мянган төгрөг бүхий данс арилжааны банкинд сургуулийн нэрээр нээсэн байгааг хааж, төрийн сангийн дансад төвлөврүүлэх гэжээ. Нэхэмжлэгчээс сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хэсэг ажилчид уг дансыг нээсэн, нягтлан бодогч бид нар гүйлгээг нь хийдэггүй байсан гэж тайлбарлаж байх ба хариуцагч энэ талаар маргаагүй болно. 

   Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/10 дугаар  зөрчил арилгуулах албан шаардлагаар шилэн дансны цахим хуудсанд 5 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын 1 /нэг/ мэдээллийг мэдээлээгүй байна гэжээ. Энэ нь төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд албан шаардлагын хариуг хүргүүлэх үүрэг хүлээжээ.   

   ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгээр тавигдсан актуудаас харахад төсвийн шууд захирагчийг ажлаас халах хэмжээний зөрчил гаргаагүй гэж шүүхээс дүгнэлээ.

   1.3. Нэхэмжлэгч Ж.Д-ийг ажлаас чөлөөлсөн бусад үндэслэлүүд тогтоогдохгүй байх боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглолтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.

   Иймээс нэхэмжлэгчийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

 Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасан байна. Энэхүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтаас харахад шүүхээс ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

Иймээс нэхэмжлэгчийг  эрхлэж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ж.Д-ээс ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага” бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ОЮУНСҮРЭН