Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03388 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ё.Нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 825 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Т

Хариуцагч: Ё.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын сангийн аж ахуйн харьяа Улиастайн ферм гэх хотоос 13 км зайтай газарт газар эзэмшдэг бөгөөд өөрийн охин Э.Халиунд эзэмшүүлэхээр харьяа газрын албанд хүсэлт гаргаад явж байгаа, уг газартаа олон жил амьдарч байна.

Гэтэл 2016 оны 05 дугаар сард намайг ажилтай байх хойгуур Ё.Н өөрийн нөхөр, хүүхэд, хүргэнтэйгээ хамт очиж хашааг буулгаж, эвдсэн. Ингэхдээ миний эгчийг зодож хөнгөн гэмтэл учруулсан байсан. Бид энэ талаар харьяа цагдаагийн хэлтэст хандаж, шалгуулсан боловч хариуцагчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагчийг ийм үйлдэл гаргасны дараагаар түүнээс учирсан хохирлоо төлүүлэхээр 2-3 удаа шүүхэд хандсан боловч түүний оршин суугаа хаяг нь олдоогүй ба эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, холбогдох шийдвэр гарсан бөгөөд үүнд 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж хохирсон.

Миний бие өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хамт эвдэрсэн хашаагаа дахин засварлахаар Цайз захаас 705 000 төгрөгийн үнэтэй банз, 45 500 төгрөгийн үнэтэй хадаас, бээлий худалдан авсан ба буцаан барих зардлыг тооцохгүйгээр нотариатын хөлс 4 300 төгрөгийн хамт нийт 825 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Улиастайн бригадын 33 тоотыг эзэмшиж байна. Гэвч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөр маань цус харваж, хэвтэрт орсон учир бид яах аргагүй хашаанаас явсан ба тухайн үед сараалжин хашаатай үлдээсэн.

Ингээд уг хашааг хайхрахгүй явж байтал 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газарт чинь өөр хүн хашаа бариад байна гэж утсаар хэлсний дагуу очиход зөвшөөрөлгүй хашаа барьж байсан ба Ц.Туул гэх эмэгтэй байсан. Тэр эмэгтэй надтай ярилцахгүйгээр шууд өөрийнхөө үс гэзгээ зулгаагаад хашгирсан тул энэ хүнтэй үг хэлээ олохгүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм.

Гэвч дуудлага өгснөөс хойш 2 цагийн дараа цагдаа ирж, шалгалт хийсэн бөгөөд Ц.Туулыг босоход цагдаа та байнга л ингэж байдаг ш дээ, болиоч гэж хэлээд биднийг маргааш өглөө материалаа аваад ир гээд явсан.

Би 2002 онд тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан бөгөөд сунгаагүй, харьяа дүүргээс тухайн газрыг өгнө, өгөхгүй, устай горхитой гэх мэтээр шалтаг хэлж өдий хүрсэн. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хаягтай, харин би 20 дугаар хороонд оршин суудаг.

Намайг нэхэмжлэгчийн хашааг эвдсэн, буулгасан гэдгийг тогтоосон баримт байхгүй, би ямар нэгэн байдлаар эвдэх, буулгах үйлдэл хийгээгүй, тухайн газрыг үзүүлэх гэж цагдаатай хамт явах хойгуур нэхэмжлэгч тал эвдэрсэн өөр хашааны зургийг авахуулсан байсан. Нөхөр минь өвдөөд бид хотод хаяггүй учир Чингэлтэй дүүрэгт байх охиныхоо гэрт хэсэг хугацаанд амьдарсан.

Миний бие нэхэмжлэгчийн хашааг эвдээгүй, машинаар үйрмэг болгосон гэж байна. Гэтэл үйрмэг болгосон гэх зураг байхгүй, хашааг мөргөсөн бол манай машин тэгвэл яасан байх вэ, банз м.куб нь 120 000 төгрөг, нэг боодолдоо 120 байдаг ба нэхэмжлэгч тал 5 м.куб банзаар хашаагаа барьж, будаад зурсан байсан гэв.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заалтыг тус тус үндэслэн хариуцагч Ё.Наас 750 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 22 562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь надаас 705 000 төгрөгийн үнэтэй банз, 45 500 төгрөгийн үнэтэй хадаас, бээлийний үнэ гэж нэхэж байна. Хариуцагч талаас шинэ банз огт аваагүй байж худалдаж авсан мэтээр надаас шинэ банзны үнэ үндэслэлгүйгээр нэхэж байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн хашааны зураг нь өөрсдийнх нь хашааны зураг биш байсан, огт өөр зургийг шүүхэд өгсөн байсан. Энэ тухай би шүүх хуралд хэлж байсан, өөр хашааны зураг өгөөд байна гэдгийг хэлж байсан боловч шүүх энэ талаар нухацтай авч үзээгүй. Мөн би хариуцагч талаас шинэ хашаа огт худалдаж авч, бариагүй гэдгийг ч хэлж байсан.

Ер нь яаж бодсон тэр их хэмжээний ойролцоогоор 300 ширхэг банзыг би нураах ямар ч боломжгүй. Анх намайг очиход тухайн айлын хашааны зарим нь баригдсан, зарим нь огт баригдаагүй, хашаа нь газар дэлгээстэй хэвтэж байсан. Энэ зургийг би шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл дэлгээтэй дэлгээтэй банзнууд байсан, би тухайн банзны эзэн Туултай л миний газар гэж нааш цааш бид хоёр. маргалдсан болохоос биш нурааж эвдсэн асуудал байхгүй. Тэгээд ч Ц.Тын хашаа биш учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

Хэрэв намайг хашаа нураасан гэж үзвэл би зөвхөн хашааг буцаан барих 1, 2 ширхэг хашааны зардлыг л төлөх ёстой болох байх.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас гаргуулсан 750 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Ё.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 825 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Ё.Н нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн ферм гэх газар иргэн Ц.Тийн барьсан хашааг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр маргааны улмаас нураасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч нь хохирлыг төлөх үүрэгтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлоогүйгээс гадна эвдэрсэн хашааны банзыг хариуцагчид өгөөгүй, тэрээр уг газрыг эзэмших эрхгүй, хариуцагч нь уг газрыг эзэмших эрхтэй байсан боловч эрхийн хугацаа дуусгавар болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээг 50 хувиар багасган тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагчаас 375 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.   

 

            Анхан шатны шүүх 74 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

 

            Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн нэрийг буруу бичснийг зөвтгөх нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03388 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ё.Наас 375 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэлээс 449 750 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “22 562” гэснийг “11 907” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА