Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч .... нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овогт Д-н О-т холбогдох эрүүгийн 2239000000176 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хэргийн харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1992 оны ... дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 30 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эх, эхнэрийн хамт Улаанбаатар хот ..дүүрэг .. дугаар хороо .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Д-ийн О . Регистрийн дугаар: ...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О  нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Элстэй гэх газрын орчимд байрлах А0501 дугаартай хатуу хучилттай зам дээр 25-76 УНҮ улсын дугаартай “Toyota corоna” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зэвсэг буюу хутга хэрэглэж хохирогч А.Н-г хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт “Бид нар Налайхаас ямаа самнах зорилготой явсан.  Тэгээд Эрдэнэ сумаас нэг шил архи авч уусан. Сүүлийн архийг Цэнхэрмандал сумаас авч уусан. Бид хоёрын хооронд маргаан зодоон болоогүй, би санаатай хутгалаагүй...” гэв.

Хохирогч А.Н  шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Цэнхэрмандал сумаас хөдлөхдөө О-г хутга аваад өгчих гэж хэлсэн. Тэгээд хутга авч өгөөгүй болохоор нь карманд байсан хумсны хутгаар савыг зүссэн. Тухайн үед савыг архи уух гэж зүссэн. Энэ мэдүүлгээрээ ярина. Тэрнээс бол бид хоёрын хооронд хэрүүл маргаан, зодоон болоогүй. Хоорондоо инээлдэж, хөхрөлдөөд явж байсан. Д.О-г юм хэлэх шиг болохоор нь урагшаа болтол зүүн эгэмний доор хүчтэй цохих шиг болсон...” гэв.

 

Эрүүгийн 2239000000176 дугаартай хэргээс

1.Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б , М , Н бид дөрөв 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Болдбаатарын улсын дугаарыг нь санахгүй байна toyota corona маркийн тээврийн хэрэгсэлтэй Налайх дүүргээс Хэнтий аймгийн Баянхутаг сум руу ямаа самнахаар явж байсан юм. Явж байх замдаа Төв аймгийн Эрдэнэ суманд байх нэрийг нь мэдэхгүй байна 1 дэлгүүрт М Н  бид 3 ороод 1 ундаа, 1 ус, 2 хайрцаг тамхи, 1 шил эликс гэх нэртэй архи аваад цааш хөдөлсөн юм. Авсан архиа замдаа жолоочоос бусад нь буюу Н , М бид 3 уугаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум орохын өмнөхөн дууссан юм. Тэгээд Цэнхэрмандал суманд байх дэлгүүр рүү М Н  бид 3 ороод 1 шил 0,75 гр хараа архи 1 кола ундаатай хамт авсан юм. Тухайн үед зогсож байхдаа машины багажнаасаа чанасан мах. 2 шилтэй бууз зэргийг оруулж ирээд явж байх замдаа идсэн юм. Явж байх замд машины ус халаад байхаар нь усаа хөргөх гээд хэсэг хугацаанд зогсоод 1,5 л савтай усаа машиндаа хийгээд цааш хөдөлсөн. Тухайн үед машин зогсож байх үед Б , М хоёр гадаа машинаа янзалж байсан юм. Тэгтэл Б  ах мах идэх юм бол багажнаас хутга гаргаж өгье гээд бор иштэй хутгыг машиныхаа багажнаас гаргаж ирсэн юм, Тэгээд цааш хөдлөөд мах болон буузаа идээд явж байгаад машины голын хайрцаг дээр мах болон хоолоо тавьсан байсан бөгөөд цааш явж байхад дахиад ус халахаар нь зогсож усаа хөргөөд бие засацгаагаад цааш хөдөлсөн юм. Тэгээд Жаргалтхаан сум өнгөрөөд Мөрөн сумын нутагт орсон явж байх үед Н  бид хоёр бөх яриад инээлдээд явж байсан ба хойд талд харагдаж байгаа Өлзийт сум гэж яриад явж байсан. Тэгээд Н намайг хутгаа өгч бай андаа гэхээр нь би голын хайрцаг дээр байсан хутгыг баруун гараараа зүүн талын мөрөө давуулж хойш нь өгсөн юм тэгээд би хутгаа алдсан уу, Н  авсан уу гэдгийг мэдэхгүй байна. Удалгүй Н  цус гараад байна гээд орилохоор нь би эргээд хартал Н.н зүүн талын мөр хэсгээс нь цус гарч байхаар нь Мөнх-Оргил бид хоёр даавуугаар цусыг нь дараад Б  ахыг хамгийн ойрхон эмнэлэгт очъё гэж хэлтэл Б  ах хамгийн ойрхон нь Мөрөн сумын эмнэлэг байгаа гээд Мөрөн сумын эмнэлгийн үүдэнд очтол М буугаад нацилк авчраад М бид хоёр Н-г хэвтүүлээд өргөөд оруулсан. Би тухайн үед драгер багаж үлээхэд 2,31% гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/

 

2.Хохирогч А.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай найз болох О  миний цээж хэсэг рүү 1 удаа хутгалж намайг гэмтээсэн. Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт машинд явж байх үед машин дотор хутгалсан. Тоглож юм ярьж байгаад гэнэт хутгалсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй, урд суудал дээр сууж байгаад  гэнэт хутгалчихсан. ...би хоёр удаа хагалгаанд орсон. Надад гомдол санал байхгүй. Бид хоёр багын найзууд” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

3.Хохирогч А.Н-гийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын эхээр манай найзууд болох М , О  нар надтай уулзаад хэд хоногоос хэдүүлээ Хэнтий аймаг руу ямаа самнахаар явах уу гэж хэлж байсан юм, тэгээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед М , О  бид гурав Б  гэх хүний корона маркийн машинтай Налайх дүүргийн гордок дээрээс хөдөлсөн. Тэгээд наашаа явж байх замдаа Төв аймгийн Эрдэнэ сумын хүнсний дэлгүүр дээр ирж зогсоод М , О  бид гурав юм авахаар дэлгүүр орсон, дэлгүүр орох доо бол архи авахаар ороогүй, тэгээд дэлгүүр дотор ороод бид гурав замдаа ганц юм уучих уу гээд хоорондоо ярилцаад 0.75 гр-ын эликс нэртэй архи болон ойр зуурын юм аваад гарсан, тэгээд наашаа явах замдаа авсан архиа М , О  бид гурав машин дотор архиа тойруулж уугаад явсан, Цэнхэрмандал сум руу орж ирэхэд архи дууссан болохоор Цэнхэрмандал сумын зам дагуух нэг хүнсний дэлгүүр рүү М О  бид гурав ороод 0.75 граммын "Хараа" нэртэй архи, мөн ойр зуурын юм аваад хөдөлсөн, тэгээд машин дотор архиа тойруулах гэсэн аяга байхгүй болохоор нь жижиг усны сав зүсэх гээд О-ыг хутгаа аваад өгчих гэж хэлсэн, О  надад хутга авч өгөөгүй, тэгэхээр нь би усны савыг шүдээрээ тасдаж аяга болгоод М , О  бид гурав архиа тойруулж уугаад дуусаж байхад машины тосоол нь халаад байна гээд замын хажуу руу зогссон, М , Б  хоёр машинаас буугаад машиныхаа хамрыг сөхөөд зогсож байсан, О  бид хоёр машинд архинаасаа ганц нэг татчихаад машинаас гарч зам дагуу явж байгаа машинд гар өргөж хэдэн машин зогсоолгосон, тэгээд тухайн зогссон машинуудаас жоохон тосоол, ус хунар гуйж аваад машиндаа хийгээд Болдбаатар ах машинаа бариад, жолоочийн хажуу талын суудал дээр О  суусан, жолоочийн ард М , би болохоор О-ын ард суугаад хөдөлсөн. Тэгээд наашаа явж байхад М миний хажуу талд унтаад өгсөн, тэгээд нилээн явж байхад О  нэг юм хэлэх шиг болохоор нь надад хандаж юм хэлсэн юм болов уу гээд О  руу суудал дээрээсээ цээжээрээ жоохон урагшилтал О цээжээрээ над руу хагас эргэснээ баруун гараараа миний зүүн эгэм рүү цохих шиг болсон, би ч арагшаа суудлын түшлэг налтал миний зүүн эгэм халуу дүүгэх шиг болохоор нь зүүн эгмээ гараараа тэмтэртэл хувцасны цаанаас цус нэвтэрч байсан. Тэгэхээр нь О-т чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхэд М сэрснээ О-аа чи яаж байгаа юм бэ гэж хэлж байсан тэрнээс хойш би огт юм санахгүй байгаа юм. Би урьд нь өгсөн мэдүүлэгтэй буруу ярьсан юм шиг байна, О  жолоочийн хажуу талын суудал дээр зам руугаа хараад сууж явсан, хутгалах даа бол цээжээрээ хагас эргэж хараад баруун гараараа миний зүүн эгэм рүү цохих шиг болсон би О-ын гарт хутга байгааг ч хараагүй, яг намайг хутгалах үед нь ч би хутгалсан гэж мэдээгүй, зүүн эгэм рүү баруун гараараа цохих шиг л болсон, тэрний дараа л гарч эхлэхээр нь хутгалчихлаа гэж мэдсэн. О  цээжээрээ бол над руу эргэж хараагүй. Би тухайн үед нэлээн согтсон байсан, тэгэхдээ зарим хэлж барьсан зүйлээ бол санахгүй байгаа, зарим зүйлээ бол санаж байгаа. Миний санаж байгаагаар бол маргаан болоогүй л болов уу гэж бодож байна. ... О намайг хутгалахаас өмнө би О-ыг хутга аваад өгчих гэж хэлээгүй, мөн ямар нэгэн юм яриагүй, О  л урд сууж явснаа нэг юм хэн нэгэнд хэлэх шиг болохоор надад хандаж юм хэлж байгаа юм байх гээд суудал дээрээсээ цээжээрээ жоохон урагшилсан чинь О  цээжээрээ хагас эргээд баруун гараараа миний зүүн эгэм рүү цохих шиг болсон. Цэнхэрмандал суман дээрээс архи аваад хөдлөхдөө л би усны сав зүсэх гээд О-аас хутга аваад өгчих гэж хэлж байсан, тэгэхэд О  надад хутга авч өгөөгүй, тэрнээс хойш чинь машин тосоолгүй болоод, архи дуусаад гадаа харанхуй болчихсон, нилээн хэдэн цаг өнгөрсөн. О урд талын суудал дээр тухайн хутгаар мах огтлоод идэж байхыг харсан, тэгэхэд яг хаана явж байснаа санахгүй байна. Тэрнээс хойш хутга хаана байсныг би хараагүй. Б  архи уугаагүй. О  бид хоёр багийн найзууд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 хуудас/

 

4.Гэрч Д.Б-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө өмнө таньдаг байсан дүү болох О залгаад Хэнтий рүү явж ямаа самнах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд 11 цагийн үед би О-ын гэрт очиход О , Бүдүүкаа гэх зүс үзсэн залуу болон үл таних 1 залуугийн хамт хөнжил гудасаа аваад гарч ирээд бид дөрөв 25-76 УНҮ улсын дугаартай корона маркийн тээврийн хэрэгслээр дундаасаа мөнгө гаргаад бензинээ хийгээд Хэнтий аймгийн Баянхутаг сум руу ямаа самнах зорилгоор Налайх дүүргээс гарсан. Тэгээд замдаа Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах хүнсний дэлгүүр рүү ус, ундаа зэргийн зүйлс авахаар О , Бүдүүкаа хоёр үл таних залуугийнхаа хамт орсон. Тэгээд би араас нь орох гэтэл дэлгүүрийн үүдэнд О  зогсож байхаар нь би 2,200 төгрөг өгөөд энэ дээр нэмээд тамхи аваарай гэж хэлээд буцаад машиндаа сууж байтал дэлгүүр орсон гурав 1 шил ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй байна архи, ундаа, цэвэр ус, тамхи, кофе зэргийг авч гарч ирсэн. Тэгээд бид цааш явж байгаад замдаа зогсоод О , Бүдүүкаа хоёр хутгалуулдаг залуугийн хамт гурвуулаа архиа ууж дуусгаад цааш хөдөлсөн. Замдаа явж байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ямар нэртэй дэлгүүр гэдгийг нь мэдэхгүй байна хойшоо харсан дэлгүүр байсан тэр дэлгүүр рүү О , Бүдүүкаа хутгалуулдаг залуу гурав ороод дахиад 1 шил архи, ус, ундаа аваад гараад ирсэн. Тэгээд замдаа явж байтал машины ус халаад би замдаа зогссон юм тэгээд зогсож байгаад машин даллаж зогсоож жоохон тосол гуйж машиндаа хийгээд хөдлөх гэтэл жоохон архи үлдсэн байна ууж дуусгаад хөдөлье гэхээр нь тэр архийг нь ууж дууссаны дараа цааш хөдөлсөн. Бүдүүка миний ард суучихсан хутгалуулдаг залуу О-ын ард суучихсан Бүдүүкаа унтаад явж байсан ба О урд суудал дээрээ эргэж хараад өвдөглөөд суучихсан нөгөө залуутайгаа дуу дуулаад замдаа инээж хөхрөөд явж байсан тэгтэл Мөрөн сум руу дөхөж байх замд хутгалуулдаг залуу гараа хараад цус байна гэхээр нь би зогсоод хартал зүүн талын цээж хэсгээс нь цус гарчихсан машины голын хайрцаг дээр байсан илгэн алчуураар дарсан байсан. Тэгээд тэр залуу чи намайг хутгаар дүрчихлээ ш дээ гээд О  луу орилоод байсан. Тэгээд би шууд Мөрөн сумын эмнэлэг дээр очоод О  ороод нацикл авч гарч ирээд машины хажууд тавьтал нөгөө залуу бууж ирээд нацикл дээр хэвтэхээр нь О  бид хоёр хоёр талаас нь өргөөд эмнэлэг рүү оруулсан. Тэгээд оруулж орон дээр тавиад гадаа гараад машиндаа сууж байтал цагдаа нар ирсэн. О тухайн хүнийг хутгалсан хутгалуулдаг залуугийн хажууд Бүдүүкаа унтаж байсан. Би машинаас буулгахдаа хартал 1 удаа цээж хэсэг рүү нь хутгалсан байсан. Хүрэн иштэй хутгаар хутгалсан тухайн хутга нь миний багажинд байсан миний хутга ба бид нар замдаа чанасан мах хөшиглөж идэж байгаад машины урд хайрцагт хийчихсэн байсан. Би О-ыг урд хайрцагнаас хутга авсан гэдгийг мэдээгүй. О  хутгалуулдаг залуу хоёрын хооронд  машин дотор явж байх үед хэрүүл маргаан болоогүй. Би машин барьж явж байсан болохоор анзаараагүй байж магадгүй. О  Н-г хутгалах  үед М буюу Бүдүүкаа унтаж байсан. ...Н гэх залуу О-ыг зодож цохиогүй, биед нь халдаагүй. О Н хоёр нэлээн согтуу байсан. О хутгалахаас өөр гэмтэл шарх Н-д учруулаагүй. Би хутганд хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

 

5.Гэрч Д.Б-ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэр хоёр ч хэсэг чимээгүй болоод Жаргалтхаан сум өнгөрөөд явж байхад ард сууж явсан Н  гэх залуу "дүрчихлээ ш дээ" гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм гээд гээд эргээд харахад Н  гэх залуу цээжнийхээ зүүн талд гараараа дарчихсан, гарынх нь цаанаас цус гарч байсан, тэгэхээр нь юу болоод байгаа юм гээд О  луу харахад О  миний өөдөөс гөлийсөн байдалтай харчихсан "би яагаа ч үгүй, наадах чинь баашилж байхгүй юу" гээд тоохгүй байхаар нь та нар яацгаагаад байгаа юм, хутга чинь хаана байна гэж асуухад О  байхгүй гээд гаргаж өгөхгүй байсан, тэгэхэд М сэрээд Н-г харснаа ах машинаа зогсоохгүй хурдан яваарай гэж хэлсэн, би ч машины элгэн алчуур авч өгөөд шархан дээр нь сайн дараарай гэж хэлчхээд шууд наашаа давхисан, тэгээд Мөрөн сум таарахаар нь шууд эмнэлэг дээр ирээд эмнэлэг рүү оруулсан. Миний бодлоор бол Н намайг дүрчихлээ ш дээ гэж хэлэхэд би Н-г харчихаад О луу харахад О  над руу гөлийсөн байдалтай сууж байхаар нь чи яагаад нэгнийгээ хутгалчхаж байгаа юм бэ, хутга чинь хаана байна гэхэд "зүгээрээ наадах чинь баашилж байгаа юм" гээд тоохгүй байсан, тэгээд наашаа нилээн явж байхад О  гэнэт ухаан орсон уу яасан ах хурдан яваарай, эмнэлэг бараадахгүй бол болохгүй юм байна гээд сандраад байсан. Миний бодлоор бол О  тухайн үед тасарчихсан байхдаа Н-г хутгалчихсан байх гэж бодож байна, тэрнээс бол машин дотор маргалдаж муудсан асуудал байхгүй. Би мөн хутгалж байхыг нь бас хараагүй. Бид хэд гэрээсээ ууттай мах авчихсан байсан болохоор махаа хутгаар хөшиглөөд идэцгээгээд явж байсан, сүүлд тэр хэдийг архи ууж дууссаны дараа би махан дээр байсан хутгыг гялгар ууттай махтай нь машины урд талын хайрцаг руу хийсэн тэрнээс хойш тэр хайрцгаас гаргасан үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн хутга бол миний багажинд байсан хутга, мах иднэ гээд багажнаас гаргаж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 167 хуу/

 

6.Гэрч Ж.М-н 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед О , Н , Б  нарын хамт Б  ахын машинтай Хэнтий аймаг руу ямаа самнахаар Улаанбаатар хотын Налайх дүүргээс гарсан явах замдаа О  Н бид гурав Төв аймгийн Эрдэнэ сумаас Эликс архины 0,75гр нэгийг, ус, ундаа, кофе, тамхи зэргийг аваад замдаа гарсан явах замдаа архиа ууж явж байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байх нэрийг нь мэдэхгүй байна 1 дэлгүүр рүү О , Н  бид гурав ороод 1 шил 0,75 гр Хараа архи, тамхи, дэвтэр, ундаа, ус зэргийг авсан тэгээд замдаа архиа ууж явж байх үед хаана гэдгийг нь мэдэхгүй байна машины ус нь халаад тосолгүй болоод зогсчихсон юм тэгээд зогсож байхдаа Б ах бид хоёр 1 машин зогсоогоод тосол гуйж аваад өөрсдийнхөө ууж байсан усыг хийж байх хооронд машин дотор Н , О  хоёр архи уугаад сууж байсан тэгээд цааш хөдлөөд би жолоочийн ард талын суудал дээр унтаж байтал миний хажууд сууж байсан Н хүүе ээ зоочихлоо ш дээ гээд орилоод байсан тэгээд би сэрээд хартал баруун гарынх нь алга хэсэг цус болчихсон байхаар нь энгэрийг нь татаад хартал цамц фудволк нь цус болчихсон байхаар нь би урдаас нойлын цаасаар дарж байгаад голын хайрцаг дээр байсан илгэн алчуурыг цус гарч байгаа хэсэг дээр дараад толгойг нь өвөр дээрээ тавиад Мөрөн сумын эмнэлэгт очсон. Эмнэлгийн гадаа очоод нацикл дээр Н-г хэвтүүлээд О  Б ах хоёр өргөөд эмнэлэг рүү оруулсан. Би унтаж байсан болохоор хэн нь хутгалсан гэдгийг хараагүй. Машиныг Б  ах жолоодоод явж байсан болохоор О  хутгалсан. Миний харснаар зүүн талын цээж хэсэг рүү нь хутгалсан байсан. Хэдэн удаа хутгалсан гэдгийг нь мэдэхгүй. Би хэний хутга гэдгийг нь мэдэхгүй. Хаанаас гарч ирсэн хэний хутга гэдгийг  нь хараагүй. О Н  хоёр машинд явж байхдаа болон өмнө нь хэрүүл маргаан үүсгэж маргалдаагүй. О  Н  бид 3 багаасаа найзалж байгаа 20 гаран жил найзалж байна. Н  нь манай ээжийн том ахынх нь хүүхэд. Болдбаатар ахыг өмнө ганц нэг удаа харж байсан сайн танихгүй. Н О-ыг зодож цохиогүй биед нь халдаагүй. О, Н бид гурав нэлээн согтолттой байсан. Болдбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. О , Н-г хутгалахаас өөр гэмтэл шарх учруулаагүй. Би хутганд хүрээгүй. Ямар хутга байсныг ч хараагүй. О  машины урд талд жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Мөрөн сумын төвөөс холгүй байсан юу гэдэг нэртэй газар гэдгийг нь  мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

7.Гэрч О.Б-н 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний 17 цагийн үед хэн гэдгийг нь мэдэхгүй  байна нэг согтуу хүн эмнэлэгт орж ирээд нацикл хаана байна гээд эмнэлгийн нацилк авч гараад нил цус болсон хүнийг нацилк дээр өргөөд оруулаад ирсэн тэгэхлээр нь би хувцсыг нь тайлаад үзлэг хийж нэрийг асуухад өөрийгөө Н  гэдэг гэж хэлсэн. Тухайн иргэний зүүн талын эгэм хэсгийн доор дээрээсээ доошоо чиглэлтэй ойролцоогоор 4*2 см хэмжээтэй ангайсан шарх учирсан ба шархны гүн болон хэмжээг цус их олгойдож гарч байсан болохоор нарийн үзээгүй. Тэгээд шархных нь дотор болон гадна талд оёдол тавьж шингэн залгасан ба тухайн иргэний даралт унасан бие нь тамирдсан байсан. Удалгүй дусал хийж дуусгаад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн машинаар хүргэсэн. Н  нь хутгалуулж биедээ гэмтэл авсан байсан. Анх орж ирсэн хүнийг хэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Манай найз машинд дарагдаад биедээ гэмтэл авчихлаа гэж хэлж орж ирсэн. А.Н-гаас архи үнэртэж байсан хэр согтолттой байсан гэдгийг нь мэдэх боломжгүй байсан. А.Н-н биед  хэн гэмтэл  учруулсан гэдгийг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

8.Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д.О  нь янз бүрийн ааш араншингүй, дуу цөөтэй, хүнд тусархуу, муу санаагүй, их итгэмтгий зантай хүн. Өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд орооцолдож байгаагүй. Манай ах  хэрэгт холбогдохынхоо өмнө МАК блокны үйлдвэрт блок хийдэг байсан. Хэрэг үйлдэх үедээ ямаа самнахаар хөдөө явж байсан. Д.О  нь хааяа архи, пиво уудаг, уусан үедээ ямар нэг зан ааш гаргахгүй унтаад өгдөг. Манай ах хөл бөмбөг их сайн тоглодог арван жилдээ урлаг спорт болон хичээлдээ их сайн байсан” гэх мэдүүлэг /хх-н 51-52 хуу/

 

9.Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү болох Д.О  нь муу зуршилгүй, дөлгөөхөн элдэв янзын зан ааш гаргадаггүй. Одоогоор ээж, ах нарын хамт амьдардаг. Найз охин нь буюу хамтран амьдрагч нь саяхан өвчний улмаас нас барсан. Д.О нь 2001 онд Налайх дүүргийн Чандмань цогцолбор ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2009 онд 9 дүгээр ангиа төгсөж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн орж 1 жил суралцаад Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 805 дугаар ангид цэргийн алба хаасан. Д.О  нь спорт тал дээр их авьяастай хүүхэд байсан. Сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох сонирхолтой, сургуульд байх үедээ үндэсний бөхөөр хичээллдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-н 55-56 хуу/

 

10.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн  №230 тоот шинжээчийн

1. А.Н  биед цээжний хөндийн нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс болон чацархайд няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх цээжний хөндийн нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс болон чацархайн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.4. Дээрх цээжний хөндийн нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс болон чацархайн няцрал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5.6. Дээрх амь насанд аюултай цээжний хөндийн нэвтэрч уушги гэмтээсэн шарх цээжний хөндийн цусан хураа нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, хэвлийн битүү нарийн гэдэс болон чацархайд няцрал нь 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 74-75 хуу/

11.Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-н 117-122 хуу/

12.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11 хуу/

13.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 15-17 хуу/,

14.Хохирол барагдуулсан тухай баримт /хх-н 170-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг буюу хутга хэрэглэн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч С.Нарангэрэл “Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувийн таарамжгүй харьцааны улмаас санаатайгаар хутгалсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийг цээжин тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн” гэж тус тус мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О  нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Элстэй гэх газрын орчимд байрлах А0501 хатуу хучилттай зам дээр 25-76 УНҮ улсын дугаартай “Toyota corona” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн хохирогч А.Н-гийн цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг сэргээн тогтоож, дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “хохирогчийн эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулаагүй, зүүн мөрөн дээгүүр хутга давуулж өгөхөд хутгалагдсан байсан” гэж үйл баримтын талаар мэдүүлдэг боловч шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан

-Хохирогч А.Н-гийн “...О  нэг юм хэлэх шиг болохоор нь надад хандаж хэлсэн юм болов уу гээд О  луу суудал дээрээсээ жоохон урагшилтал О  цээжээрээ над руу хагас эргэснээ баруун гараараа миний зүүн эгэм рүү хүчтэй цохих шиг болсон, би ч арагшаа суудлын түшлэг налтал миний зүүн эгэм халуу дүүгэх шиг болохоор нь зүүн эгэмээ гараараа тэмтэртэл хувцасны цаанаас цус нэвтэрч байсан...” гэх мэдүүлэг

-Гэрч Д.Б-ын “...Намрсай гэх залуу "дүрчихлээ ш дээ" гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм гээд эргээд харахад Н  гэх залуу цээжнийхээ зүүн талд гараараа дарчихсан, гарынх нь цаанаас цус гарч байсан, тэгэхээр нь юу болоод байгаа юм гээд О  луу харахад О миний өөдөөс гөлийсөн байдалтай харчихсан "би яагаа ч үгүй, наадах чинь баашилж байхгүй юу" гээд тоохгүй байхаар нь та нар яацгаагаад байгаа юм, хутга чинь хаана байна гэж асуухад О  байхгүй гээд гаргаж өгөхгүй байсан, тэгэхэд М сэрээд Н-г харснаа ах машинаа зогсоохгүй хурдан яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

-Гэрч Ж.М-ын “...цааш хөдлөөд би жолоочийн ард талын суудал дээр унтаж байтал миний хажууд сууж байсан Н хүүе ээ зоочихлоо ш дээ гээд орилоод байсан тэгээд би сэрээд хартал баруун гарынх нь алга хэсэг цус болчихсон байхаар нь энгэрийг нь татаад хартал цамц фудволк нь цус болчихсон байхаар нь би урдаас нойлын цаасаар дарж байгаад голын хайрцаг дээр байсан илгэн алчуурыг цус гарч байгаа хэсэг дээр дараад толгойг нь өвөр дээрээ тавиад Мөрөн сумын эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн үед шүүгдэгч нь хохирогчид хутга өгөх шаардлага байгаагүй болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч урагш өндийх үед хутгалагдсан бус шүүгдэгч нь цээжээрээ хагас эргэх хөдөлгөөн хийж гараараа хүчтэй цохисон үйлдлийг хийсэн болохыг хохирогч тодорхой мэдүүлдэг болно.

Шүүх хуралдаанд хохирогч нь “цэвэр усны саваар архины хундага хийх зорилгоор шүүгдэгчээс хутга гуйсан” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас авсан архиа уух үедээ цэвэр усны савыг тайрч архины хундага хийж, авсан архиа ууж дууссан, энэхүү хэрэг Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт үйлдэгдсэн үйл баримт тогтоогддог тул хохирогчийн энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч энэхүү гэмт хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэр дээр маргаж, мэтгэлцсэн тул үүнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлсон.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.

Энэхүү гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримттай холбож үзвэл. Нэгдүгээрт шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус нийгэмд аюултай гэдгийг ухамсарлаж ойлгож байсан ба тухайн хор уршгийг хүсээгүй гэх субъектив сэдэлт, зорилго байхгүй байсан. Хоёрдугаарт өөрийн үйлдлийн улмаас хор, уршиг учрахыг мэдэж байсан, түүнийг мэдээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин эсргээр буюу шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай үйлдэл гэдгийг мэдсэн хэр нь түүнийг хүсч, тухайн хор уршигт зориуд хүргэсэн талаарх нотлох баримт хэрэгт хангалттай авагджээ.

Мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүссэн эсхүл үүсээгүй эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Гэмт хэргийн субъектив талын шинж буюу өөрийн үйлдэлд хандаж буй сэтгэхүйн хандлагыг гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээр  тодорхойлдог болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, түүнийг үндэслэн хийсэн хууль зүйн дүгнэлтээр тогтоогдоно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул тус зүйл ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг баримтлан ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь дээрх хуулийн заалтыг хэрэглэх гол шалгуур нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх явдал юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь прокуророос сонсгосон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлага тавигддаг бол энэхүү хэргийн тухайд шүүгдэгч гэмт хэргийг санаатай үйлдээгүй гэж мэдүүлж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

    

Иймд шүүхээс шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.5 см урттай, хүрэн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж”  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.О-ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.5 см урттай, хүрэн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ

                                                 ШҮҮГЧИД                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                              Р.БАТБАЯР