| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0397/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 397
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Л даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Улсын бүртгэлийн дугаар .............1, РД:000000001 дугаартай А банк /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Х.Хд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 5.361.611 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 957.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.959 төгрөг бүгд 6.360.321 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Зээлдэгч Х.Х нь Х банкны Баяннуур тооцооны төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №201642764343 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 5,619,723 төгрөг дээр нэмж 1,000,000 төгрөг, нийт 6,619,723 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлээр авсан.
Зээлдэгч Х.Х нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг төлж байгаад 2017 оны 07 дугаар сарын зээлийн төлбөрөөс эхлэн зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 294 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5,361,611 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 957751 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40959 төгрөг, нийт 6,360,321 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Х нь улсад 25 жил хөдөлмөрлөсөн, ял шийтгэлгүй. Хүүхдийн цэцэрлэгт нярав ажилтай. Сумын салбар тооцооноос цалингийн зээл 5 сая төгрөг авч цаг тухайд нь төлж байсан, уг банкнаас бизнесийн зээл, малчны зээл 30,0 сая төгрөг хүртэл авч байсан, найдвартай түнш байсан юм.
Би хоёр хүүхдийн тэтгэмж төлдөг, сар болгон 200000 төгрөг төлдөг, сарын цалин 386000 төгрөг авдаг, үлдсэн 186000 төгрөг эм тангийн мөнгө юм. 10 сарын өмнө тус салбар банканд өргөдөл өгч, цалингийн зээлийн хүүг зогсоохоор хяналт шалгалтын нягтлан бодогч Үсенд хэлж, салбар банкны эрхлэгчид өргөдөл өгсөн юм. Иймд миний цалингийн зээлийн хүүгийн хүү болох 1 сая төгрөгийг хасаж, үлдсэнийг хуулийн дагуу шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбараас хариуцагч Х.Хд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 5.361.611 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 957.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.959 төгрөг, бүгд 6.360.321 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Х.Хд шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, зээлдэгч Х.Х нь Х банкны Баяннуур сум, Баяннуур тооцооны төвөөс цалингийн зээлийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулан эхний зээлийн үлдэгдэл 5,619,723.73 төгрөг дээр 1.000.000 /нэг сая/ төгрөг нэмж бүгд 6,619,723.73 / зургаан сая зургаан зуун арван есөн мянга долоон зуун хорин гурван төгрөг, далан гурван мөнгө/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатай авч, уг цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч Х.Х, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Жархын нар гарын үсэг зурж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ201642764343 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл Х банкны Баян-Өлгий салбарын Баяннуур тооцооны төвтэй байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ201642764343 дугаартай Зээлийн гэрээний 2.1.7 дахь хэсэгт зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөхөөр тусгасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээгээр сар болгон хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр банктай тохиролцсон хэдий боловч зээл авсан 2016 оны 09 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний хүртэл авсан зээлээ төлөөгүй, мөн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан нь зээлийн бүртгэлийн карт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь мөн зээл төлөх хугацааг 294 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагчаас тус банканд гаргасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг багасгаж өгөх тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагч Х.Х нь зээлийн гэрээнд заасан зээл төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдлоо.
Хариуцагчаас би хоёр хүүхдийн тэтгэмжийн мөнгийг төлдөг, тус банканд 10 сарын өмнө зээлийн хүү зогсоох тухай өргөдөл гаргасан боловч зээлийн хүүг зогсоогоогүйн улмаас зээлийн хүү 1.000.000 төгрөгийг хасаж үлдсэн мөнгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гэвч нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбартай байгуулсан барьцаат зээлийн гэрээндээ зээлийг төлөх боломжгүй нөхцөлд зээлдэгчийн хүсэлтээр хүү зогсоох тухай талууд харилцан тохиролцоогүй байх тул хариуцагчийн банкнаас авсан үндсэн зээлийн хүүд бодогдсон хүүгийн 957751 төгрөгийг хасаж тооцох боломжгүй болно.
Талуудын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Барьцаат зээлийн №ЗГ201642764343 дугаартай зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д дараах тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэсэн ба 7.1.1 дэх хэсэгт “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” нөхцөлд мөн зээлийн гэрээний 2.4.4-д “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө”, мөн гэрээний 8.1-д заасан “зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө” гэж тус тус харилцан тохиролцсон байх ба зээлдэгч Х.Х нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан зээл төлөх үүргээ зөрчсөн, зээлдэгчид зээл төлөх талаар банкны зүгээс мэдэгдэж байсан мэдэгдэл болон зээлдэгчийн тус банканд гаргасан өргөдөл, зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нар гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Хгаас зээлийн үндсэн төлбөр 5.361.611 төгрөг, зээлийн хүү 957.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.959 төгрөг, бүгд 6.360.321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан РД:123456788, Ж овогт Х.Хгаас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүгд 6.360.321 /зургаан сая гурван зуун жаран мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116715 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 116715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Л