Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.С  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт Б-ны С-д холбогдох 2240000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн .. сумын .. дугаар баг .. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай У  овогт Б-ны С . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 06 сарын 14-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн .. сумын .. дугаар баг .. тоотод оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч Ч.С-той гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр болон зүүн талын хавирган тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2240000000040 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх "..." нэртэй пабыг ажиллуулдаг юм. Би тухайн өдөр 23 цагийн үед гэртээ харихад эхнэр бараг тасарчихсан хүүхдүүд баачихсан цэвэрлээгүй хэцүүхэн байдалтай байсан. Бор-Өндөр суманд би эхнэрийн хамт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Ирсэнээс хойш 3-4 хоног л эрүүл байсан бусад бүх өдөрт бараг согтуу байсан. Тэгээд л согтоод хүүхдүүдээ анзаарахгүй хүүхдүүд маань том нь 2 настай, дундах нь 1 ой гарантай, бага нь 5 сартай болохоор аягүй хэцүү байдаг. Тэр орой бол аргаа ядаад л ажиллаж ажиллаж ирж байхад согтуу тэгээд хүүхдүүд пампарсандаа бааж шээсэн цэвэрлээгүй аймар юм байсан. Би ороод учрын хэлтэл уурлаад намайг хардаад байхаар нь нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Бас дайраад байхаар нь зүүн талын хавирга хэсэгт нь нэг удаа л цохисон. Тийм л зүйл болсон. Өмнө нь хотод манай гэрт  Ч.С  манай аав, ээжтэй минь хамт амьдарч байсан болохоор тийм зүйл огт байдаггүй байсан. Сүүлд Бор-Өндөр суманд ирснээс хойш бол маргаан мэр сэр гарах болсон. Гэхдээ би гар хүрээд зодож цохиж байсан зүйл бол огт байхгүй. Манай эхнэр бол ер нь сүүлийн үед аягүй их уудаг болоод байгаа гэртээ байхдаа ганцаараа л уучихдаг болохоор хэцүүхэн л байдаг юм. Тэр орой бол гэрт ирэхэд хүүхдүүд бааж шээчихсэн, хүүхдүүдийнхээ памперсийг солиогүй арай дэндүү байхаар нь хэлтэл өөдөөс намайг хардаад уурлаад байхаар нь нэг удаа нүүрлүү нь цохисон юм. Би нэг удаа зүүн нүдэнд нь цохисон юм. Маргааш нь харахад нүд нь хавдсан цус хуралт тогтсон байж байгаад нүүгээд баруун талын нүдний зовхи нь бас улайгаад цус хуралт тогтсон байсан. Бас бүсэлхий хавьд нь бол нэг удаа цохьсон. Бас өөр нээх биед нь халдаад цохиод байсан зүйл бол уг нь байхгүй. Манай эхнэр гэхдээ тэр орой өөрөө нилээн согтолттой газар унаж босоод байсан тэрнээс болоод бас зарим няцралт гэмтэл үүссэн байх. Би бол нүүрэнд нь 1, бүсэлхий хэсэгт нь 1 удаа л цохисон. Бид гэр бүлээ батлуулж амжаагүй байна. Удахгүй батална. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа миний буруу, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40-р хуудас/

Хохирогч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухайн өдөр гэртээ байж байгаад ганцаараа гараад "Морьтон" нэртэй дэлгүүр ороод нэг шил 0.33 литрийн "Хараа" нэртэй архи аваад гэртээ ирээд уусан юм. Би тэр өдөр нөхөртөйгөө жоохон маргалдсан байсан юм. Орой ажлаасаа манай нөхөр 23 цагийн үед гэртээ ирсэн. Намайг харахад согтуу уучихсан юм шиг харагдахаар нь би уурлаад хардаад хэнтэйгээ хаагуур архи уугаад яваад байдаг юм бэ гэхэд чи өөрөө бас уучихсан байгаа юм бишүү гээд надруу уурлаад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Бас биеийн зүүн талын хавирга хэсэгт нэг удаа цохьсон. Маргааш хөхөрсөн байсан. Тэгээд л намайг цохичихоор нь уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Батлуулж амжаагүй байна. Бид хоёр 2012 онд танилцаад 2018 онд хамт амьдарч эхэлсэн. Одоо бид хоёр дундааасаа 3 хүүхэдтэй. Нэг охин, хоёр хүүтэй. Хүүхдүүд маань том нь 2 настай, дундах нь 1 настай, бага нь 5 сартай. Би орж ирэхээр нь архи уусан байна гээд уурлаад тэгтэл чи өөрөө бас ууцан байна гээд хэрэлдээд намайг нүүрэнд нэг удаа, зүүн хавирга хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би л ер нь хардаж уурлаж уурын хүргэсэнээр л тийм зүйл болсон. Уул нь манай нөхөр архи дарс уудаггүй юм. Ажлаа л хийгээд явдаг юм. Би л гэрт хүүхдүүдээ хараад стрессдээд л нөхрөө зовоогоод хараад л тийм зүйл боллоо. Тийм зүйл байхгүй. Нэг удаа ийм үйлдэл гаргаж байгаагүй. Би тухайн үед ухаан алдаагүй. Эмчдээ тэгээд хэлчихсэн юм. Би өөрөө уучихсан байсан болохоор нөхөрөө айлгаж жоохон худлаа ярьчихсан юм. Зүүн гарын чигчий хуруу бол зүсэгдсэн биш нойлын хадаасанд урчихсан байсан юм. Манай нөхөр бол нэг удаа нүүрлүү нэг удаа зүүн талын хавирга орчим нэг удаа цохисон. Надад гомдол санал байхгүй. Би өөрөө архи уучихаад тэнэглээд хардаад уурлаад тэгээд л тийм зүйл болсон. Би өөрөөсөө л болсон. Бид дөрвийг, тэжээж байгаа нөхөртөө ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний бие одоо зүгээр болсон. Эмчилгээ хийлгээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 434 дугаартай

  1. Ч.С-н биед зүүн дээд доод зовхи, баруун доод  зовхи, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг  болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд.
  4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-н 9-10-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С  нь 2022 оны 06 сарын 14-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч Ч.С-той гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр болон зүүн талын хавирган тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.С-ын “...Намайг харахад согтуу уучихсан юм шиг харагдахаар нь би уурлаад хардаад хэнтэйгээ хаагуур архи уугаад яваад байдаг юм бэ гэхэд чи өөрөө бас уучихсан байгаа юм бишүү гээд надруу уурлаад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Бас биеийн зүүн талын хавирга хэсэгт нэг удаа цохьсон. Маргааш хөхөрсөн байсан. Тэгээд л намайг цохичихоор нь уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.С  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Ч.С-ын нүүр болон зүүн талын хавирган тус газар гараараа цохисоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Ч.С  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал байхгүй. Би өөрөө архи уучихаад тэнэглээд хардаад уурлаад тэгээд л тийм зүйл болсон. Би өөрөөсөө л болсон. Бид дөрвийг, тэжээж байгаа нөхөртөө ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний бие одоо зүгээр болсон. Эмчилгээ хийлгээгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, гэр бүлийн таарамжгүй харилцаа тус тус нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.С  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 103 хуу/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С-гийн хувийн байдлын талаар гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ".." лабд тогоочоор ажиллаад 2 cap болж байна Анх ажилд орсоноос хойш л мэддэг болсон. Б.С  бол "..." пабын захирал гэдэг албан тушаалыг хашдаг. Б.С  бол эхнэр 3 хүүхдийн хамт .. сумын .. дугаар баг ... тоотод амьдардаг. Манай захирал бол эелдэг, даруухан, хүнтэй их гоё харьцдаг мундаг хүн гэж боддог. Би ер нь нээх уурлаж бухимдаж байхыг нь бол сайн мэдэхгүй байна. Лав л ажилчиддаа тийм зан гаргаж байгаагүй. Байнга л ажил төрөл нь яаж байна. Болж бүтэхгүй юм байвал шууд хэлээрэй гээд л би бол сайн хүн гэж бодож явдаг. Манай захирал зураг гоё зурдаг өөрөө зурсан зургаа өөрийнхөө "..." пабдаа хүртэл өлгөсөн байгаа. Эхнэр Ч.С  нь гэртээ хүүхдүүдээ хараад байдаг гэсэн. Хүүхдүүд нь жоохон гэж сонсож байсан. Өөр бол эхнэрийнхэн талаар бол мэдэхгүйгэх мэдүүлэг /хх-н 46-47-р хуу/,

Гэрч Ү.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би "..." пабд тогооч болон менежерийн ажлыг давхар хашдаг. Би энэ пабд ажилд ороод 4 cap болж байна. Анх ажилд орсоноос хойш л мэддэг болсон. Б.С  бол ".." пабын захирал гэдэг албан тушаалыг хашиж явдаг. Б.С  бол эхнэр 3 хүүхдийн хамт ... сумын ... дугаар баг  ... тоотод амьдардаг. Манай захирал бол ааш зангийн хувьд эелдэг зан харьцаа, зөөлөн хүний арга эвийг олдог. Янз янзын муу харектер байхгүй, болгоё бүтээе гэсэн сэтгэлтэй хүнд их тус ч сайн залуу гэж боддог. Ирсэнээс нь хойш хамт ажиллдаж байна энэ хугацаанд уурлаж бухимдаж, хүнтэй дээрэнгүй муухай аашлаж байхыг нь лав хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-н 49-50-р хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У овогт Б-ы С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР