Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 409

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Л даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, С овогт К.Х-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, С овогт М.Б,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, С овогт М.З нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай  40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, хууль бус эзэмшиж байгаа М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Цэнгэл сумын 2 дугаар багт амьдарч байхад 2003 онд Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан юм. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад  ажил төрлийн байдлаас болж Өлгий суманд нүүж ирсэн юм.

Гэтэл манай байшинг хамаатан болох М.Б, М.З нар хууль бусаар эзэмшиж, манай байшинд дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээс баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар эрх бүхий байгууллагад хандаж яваа болох нь тогтоогдсон юм.

Уг байшингийн байрлаж байгаа Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул “газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдоогүй юм. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Махпозын хүүхдүүдийн хооронд эд хөрөнгө булаацалдсан асуудал гарсан тул бид өөрсдийнхөө 40 м.кв дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Дараа нь хэнийг суулгах эсэхээ өөрөө шийднэ. Би 03 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотод эцгийгээ эмчлүүлэх гээд явж байхад М.З,  хойд ээж Н.А нь өөрөө явсан, уг байшинг бид нар нэр дээрээ буулгах гэж байна гээд бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байгаа гэж сонссон. Миний нөхөр К.Хд “танай байшинг З нэр дээрээ буулгаж авах гэж байна, бид нараас бичиг баримт нэхсэн зарим нь бичиж өгсөн тухай, зарим нь бичиж өгөөгүй” талаар хэлсэн байна. Тусгай хамгаалалттай газар тул бид нарт ямар нэгэн гэрчилгээ олгогдохгүй. М гэдэг хүний зөвшөөрлийн дагуу мал төллүүлж байсан.

            Иймд Цэнгэл сумын 2-р багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшиж байгаа М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэхийг хүсэж байна гэжээ.

            Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Б одоо Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. Цэнгэл сумын 2 дугаар багт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Б, М.З нарыг уг байшингаас албадан нүүлгэж өгөх тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Уг байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Е, түүний эхнэр М.З нар 600000 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшинтай хамт хадлангийн талбайг авсан байсан. Би Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт”-д хүргэн ах А.Е, эгч М.З нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Хаас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К.Хы надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К.Х нь миний эцэг М-ын төрсөн дүү юм. Миний эцэг болох А.М нь 2016 онд нас барсан юм. 2004 онд М.З болон миний нөхөр Е бид хоёрт хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг бидэнд 600000 төгрөгөөр худалдсан болно. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М.Б нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх Хатранаас 5х5 м-ийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 м-ийн дүнзэн байшин байгаа юм. Бид уг дүнзэн байшинг аваад 14 жил болж байгаа бөгөөд жил болгон хадлангийн талбайгаас өвс авч хадаж амьдарч байна. Хатранаас худалдаж авсан байшинд одоо М.Б сууж байгаа ба би нөхөртэй хамт өөр байшинд амьдарч байгаа болно.

Бид 2004 онд ааваасаа уг хашаа хороог худалдаж авсан. Би айлын ууган хүүхэд тул намайг суулгаж, малыг нь маллаж байсан. Намраас хойш нэхэмжлэгч нар над руу залгаад байшин, хашаа хорооноос гар, хэнийг суулгахаа өөрөө мэднэ, худалдах гэж байна” гэж утастаж хэлсэн. Байшин биш хашаа хороог суллах талаар утсаар ярьж шаардсан. Биднийг байшин худалдаж авч 14 жил амьдарсныг хөрш нар мэдэж байгаа. Бид Х-аас уг байшинг худалдаж авсан болохыг Цэнгэл сумын газрын даамал Т.Н сайн мэднэ. Иймд нэхэмжлэгч К.Хы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Х нь хариуцагч М.Б, М.З  нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай  40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, хууль бус эзэмшиж байгаа М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэхийг  хүсжээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай  40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг  байшинг барьсан газар  Монгол Алтай  нурууны Улсын тусгай хамгаалалтай газарт хамрагддаг болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн Цэнгэл сумын газрын даамлын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж зааснаар уг газар нь Монгол Алтай  нурууны Улсын тусгай хамгаалалтай газар байснаар газар эзэмших болон өмчлөх эрхийг олгоогүй байна.

Уг газарт 2003 онд нэхэмжлэгч К.Х нь 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг өөрийн хөрөнгөөр барьж, 2005 онд амьдралын шаардлагаар Өлгийд нүүж явахад хамаатны ах  А.М-д захиж үлдээж түүнээс хойш уг байшинд  А.М нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт хаваржиж, намарждаг байсан болох нь талуудын тайлбар, Н.А-г шүүхэд гэрчээр  өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

  Гэвч уг байшинд хаваржиж, намарждаг байсан А.М нь  2016 оны 8 дугаар сард нас барснаар түүний хоёр дахь эхнэр болон хүүхдүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд маргаж, улмаар нэхэмжлэгчийн 2003 онд барьсан байшинг А.М нь амьд байхдаа нэхэмжлэгч К.Хаас худалдаж авсан гэж маргаан үүсгэж нэхэмжлэгчээс тус шүүхэд уг байшингийн өмчлөгчөөр тогтоож, байшингаас хариуцагч нарыг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байжээ.

 Нэхэмжлэгчээс Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй буюу аваагүй болох нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэснийг мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч К.Х нь  Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай  40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн  байшинг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхтэй талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байх тул  нэхэмжлэгчийн  уг 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн  байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин  уг 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн  байшинг нэхэмжлэгч К.Х өөрийн хөрөнгөөр барьсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй болно.

Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ уг байшинг бидний эцэг  А.М нь амьд байхдаа нэхэмжлэгчээс 600.000 төгрөгөөр  худалдаж авсан тул бид нар уг байшингийн  эзэмшигч гэж маргаж, тэр хавьд амьдардаг хөрш айлуудын хүмүүсээс нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг ирүүлжээ.

 Гэвч нэхэмжлэгчээс А.М нь уг 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн  байшинг худалдаж авсан талаарх К.Х болон А.М нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ болон хөндлөнгийн бусад нотлох баримт байхгүй байгаа тул хөршүүдийн бичиж өгсөн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд маргааны эх сурвалжийг нь заасан нотлох баримт биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай  40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн  байшинг нэхэмжлэгч К.Х өөрийн хөрөнгөөр барьсан болох нь талуудын тайлбараар нотлогдож тогтоогдсон ба уг байшиндаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй ч гэсэн шударга  эзэмшигч  байх тул тэрээр  шударга бус эзэмшигчээс шаардан авах эрхтэй бөгөөд шударга бус эзэмшигч нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.З нь нөхөр Ержаны хамт өөр байшинд амьдарч байгаа нь мөн уг байшинд одоо хариуцагч М.Б амьдарч байгаа болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагч М.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 Иймд  дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/  хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  хариуцагч  М.Бы хууль бус эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/  хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшинг чөлөөлж, уг байшингаас М.Быг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч К.Хаас хариуцагч нарт холбогдуулан  өмчлөгч тогтоолгох, хариуцагч нарын хууль бус эзэмшилд байгаа байшинг чөлөөлүүлж, уг байшингаас албадан нүүлгэхийг хүссэн тухай хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг төлөх бөгөөд нэхэмжлэгчээс хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлагад нийт 140400 төгрөг төлөх ёстойгоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлж , 70200 төгрөгийг дутуу төлсөн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлж нэхэмжлэгчид олгох 70200 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй байх тул  хариуцагчаас гаргуулж  улсын орлогод  тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/  хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг баримтлан  хариуцагч  М.Бы хууль бус эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойт” гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/  хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшинг чөлөөлж, уг байшингаас М.Быг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.Л