Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н т холбогдох эрүүгийн 2213000000133 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Н, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц сумын 07 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЛ88000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр О.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.Н  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна гэв.

2. Эрүүгийн 2213000000133 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн О.Б гаас 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...нөхөр болох А.Н  нь гэртээ согтуу ирж, эрх чөлөөнд минь халдаж зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дугаар тал/,

2.3. Иргэн А.Н ийн согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

2.4. Хохирогч О.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дугаар тал/,

2.5. Гэрч О.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

2.6. Гэрч Т.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

2.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

2.8. Яллагдагч А.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Н ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд.

3.1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Н  нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч, эхнэр О.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар халуун шөл цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн О.Б гаас 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...нөхөр болох А.Н  нь гэртээ согтуу ирж, эрх чөлөөнд минь халдаж зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.1.2. Иргэн А.Н ийн согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

3.1.3. Хохирогч О.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өглөө Я.М  гэдэг залуу машинтай манай гэрт ирээд нөхөр болох А.Н т “хөдөө яваад ирэх үү” гэж хэлээд авч явсан. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан ба би гэртээ гурван хүүхдийн хажууд байсан. Тэгээд үдээс хойш манай нөхөр яг хэдэн цагт залгасныг сайн анзаараагүй ба, нэг дугаараас над руу ярьсан. Тэгэхэд би А.Н ийн архи уугаад явж байгаа байдлыг шууд мэдсэн бөгөөд, тэгээд чи хурдан гэртээ ирээч гэж хэлсэн ба А.Н  над руу утасны цаанаас уурлаад “чамайг гэртээ очоод ална” гэж хорио цээрийн үгээр доромжилж утсаа тасалсан юм.

Гэтэл оройхон гэртээ явган ирсэн ба, нийлээн согтчихсон байдалтай ирсэн. Тэгээд шууд над руу дайрч “чи намайг хэдэн найз нөхдийн хажууд архи уухаа боль гэж хэлсэн, яах гээд байна” гэж хэлээд шууд зодож эхэлсэн ба нүүр хэсгээр хэд хэдэн удаа алгадаж, нуруу тус газарт өшиглөж, зүүн гарын тохойн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон. Тэр үед ухаан алдаж орон дээр сууж байгаад газар унасан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан ороод босоод ирэх үед гал дээр буцалгаатай байсан хоолны шөлийг халбагаар хутгаж авч миний зүүн талын гуя хэсэг рүү цацаж түлсэн юм.

Тэр үед ээж рүү залгаж сумын цагдаа дуудаж өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нэг удахгүй 10 минутын дотор сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр манай гэрт ирсэн. Тэгээд болсон асуудлыг үзээд, А.Н ийг гэрээс аваад явчихсан.

...Би нөхөр А.Н ээс бодит хохирол нэхэмжлэхгүй. Яагаад гэвэл нэг гэрт хамт амьдарч байгаа учраас хохирол нэхэмжлэхгүй. Мөн уг хэргийн улмаас надад учирсан материаллаг хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дугаар тал/,

3.1.4. Гэрч О.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ерөнхий эмч К.Ө  надад 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 30 минутын үед утсаар дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу Ц сумын төвд иргэн А.Н  гэдэг айлд очиж эхнэрийг нь үзсэн. Тэгээд эмнэлгийн түргэний жолоочоор уг айлд очиход А.Н ийн эхнэр О.Б  байсан. Юу болсон бэ, ямар зовиуртай байна гэж асуусан. Тэгэхэд О.Б  надад хэлэхдээ манай нөхөр А.Н  гэртээ согтуу ирж намайг зодож, улмаар гал дээр байсан халуун шөлийг миний зүүн талын гуяны урд хэсэг рүү асгасан гэж хэлсэн. Тэгээд би О.Б гийн зүүн талын гуяны урд хэсгийг үзэхэд өнгөц түлэгдсэн, цэвэрүү үүссэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

3.1.5. Гэрч Т.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин О.Б  над руу оройхон байсан, цагийг нь сайн мэдэхгүй байна, утсаар ярьж А.Н  надыг зодож байна, хурдан сумын цагдаа руу дуудлага өгөөч гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчийн утас руу залгаж дуудлага өгсөн. Тэгэхэд цагдаа нар нэг их удалгүй дуудлагын дагуу очсон байсан. Тухайн өдөр охин О.Б  намайг А.Н  гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон гэж хэлсэн. Ямар шалтгаанаар зодсоныг ойлгохгүй байна. Урд өмнө нь тэгж зоддоггүй байсан. Тэр өдөр юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

3.1.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай “1. Иргэн О.Б гийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн эгэм доор, цээжний зүүн талд, зүүн хөхний дээр тус-тус хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяд дунд урд хэсэгт 3-р зэргийн түлэгдэлтэй гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 /хоёр/-оос дээш удаагийн болон өндөр температурын /хэт халууны/ үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй.

4. Иргэн О.Б гийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд бүгд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

3.1.7. Яллагдагч А.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр найз М ий хамт түүний машин дотор Хараа нэртэй 0,5 литрийн архийг хувааж уусан. Дараа түүний гэрт ороод гэрт нь байсан 2,5 литрийн савлагаатай пивог ууж дуусгасан. Тэгээд М  гэртээ амарсан харин би гэр лүүгээ яваад очсон. Тэдний гэрээс гарахдаа нийлээн халчихсан байсан гэртээ яг хэдэн цагийн үед очсоноо санахгүй байна. Ямар ч байсан гэртээ ороход эхнэр над руу уурлаад архичнгаар дуудаад байхаар нь нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. Дараа нь нуруу руу нь бас хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэр хооронд эхнэрийн хөлрүү халуун шөл цацсан байна лээ. Тэр үйлдлээ сайн санахгүй байгаа, халамцуу согтуу байсан. Би гэмшиж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Н ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А.Н ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6.  Эрх зүйн дүгнэлт.

6.1. Шүүгдэгч А.Н , хохирогч О.Б  нар нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэр болсон, Баян-Өлгий аймгийн Ц сумын 07 дугаар багт хүүхдүүдийн хамт оршин суудаг байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ. Дээрх хуульд зааснаар шүүгдэгч А.Н , хохирогч О.Б  нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

6.2. Шүүгдэгч А.Н ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Н ийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа зэргээс болсон байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч А.Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс гэмт хэргийн хор уршигт хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч А.Н ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүгдэгч А.Н т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А.Н  нь хохирогч О.Б тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн саналд яллагдагч А.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А.Н  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/.

2.2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч А.Н т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.3. Шүүгдэгч А.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н т оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Н т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н т оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ