Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О д холбогдох эрүүгийн 2213001430141 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.О, 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д  суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Д  сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЖ95000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.О  нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Д  сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр,  “Хар үзүүр” гэх газарт иргэн К.Ө ийг үл ялих зүйлээр маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.О  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213001430141 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч К.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 18 дугаар тал/,

2.2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 415 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/,

2.3. Яллагдагч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.2. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.О  нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Д  сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр,  “Хар үзүүр” гэх газарт иргэн К.Ө ийг үл ялих зүйлээр маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.2.1. Хохирогч К.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Д  сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хар үзүүр” гэх газарт өөрийн эзэмшлийн мотоциклээр сумын төв рүү ирж байхад замдаа Б.О  өөрөө ганцаараа мотоциклтэй зогсож байсан. Би түүнийг эхэндээ О  гэдгийг таниагүй хажууд нь ирээд зогссон ба малгайгаа тайлсан үед О  гэдгийг мэдсэн. Тэгээд би түүнд мэндэлсний дараа О  надад хандаж “чи миний араас янз бүрийн юм ярьж байгаа юм уу, чиний аав чинь намайг муулсан байна, би та нарыг ална” гэх мэтээр хэрүүл маргаан гаргаж эхэлсэн. Тэр үед би түүнд “юу яриад байгаа юм бэ, алах юм бол алчхаач” гэж хэлэхэд О  миний цээжний тус газраас нэг удаа цохисон. Дараа нь би газарт унасан үед миний дээр суучхаад миний нүүрэн тус газраас удаа дараа цохисон ба би тохойгоо нугалж өөрийгөө хамгаалсан. Тэр үед О  босоод надад “та нар шиг хамаатан хүмүүс байхгүй, чи хэлдэг газарт очиж хэлээрэй” гэж хэлээд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Б.О  ямар нэгэн зэвсэг хэрэглээгүй, зөвхөн гараараа цохиж зодсон.

...Миний зүгээс Б.О д холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн ба эд хөрөнгийн маргаангүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 18 дугаар тал/,

3.2.2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 415 дугаартай “1. К.Ө ийн биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, цус хуралттай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, доод эрүүний баруун талд шархтай, хүзүү хоолойд багалзуур орчим 3 ширхэг цус хуралттай, зулайны баруун талд хавдартай, зулайны зүүн талд хавдартай, зүүн талын нүдний булангаар хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Иргэн К.Ө ийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/,

3.2.3. Яллагдагч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр би Д  сумын төвөөс гэр болох 4 дүгээр баг руу явж байх үед замд К.Ө тэй тааралдаж бид хоёр мотоциклоосоо бууж хоорондоо мэндэлсний дараа би Ө д хандаж “чи миний араас янз бүрийн зүйл ярьж муулдаг, чиний аав чинь бас хүн муулдаг хүн байна” гэж хэлэхэд Ө  надтай хэрүүл маргаан үүсгэж бид хоёр нэлээн хэрэлдсэн юм. Уг нь би зүгээр тоглох санаатай тэгж хэлсэн бөгөөд бид хоёр хоорондоо зодолдоно гэж огт бодоогүй. Ө ийг мотоцикл дээрээ сууж байх үед нь би Ө ийн цээж хэсэг рүү нь нэг удаа цохиход Ө  нь газарт унаад босож ирээд дараа нь миний нүүр хэсэгт цохиход нь би ахиад Ө ийн хамар тус газар дахин нэг цохисон бөгөөд ахиж бид хоёр нэг нэгэнтэйгээ зодолдоогүй хоорондоо хэрэлдэж байгаад гэр лүүгээ яваад өгсөн юм.

Б.Ө  тухайн үед миний зүүн шанааны хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Би Ө т цохиулах үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй учир нь Ө  намайг цохиход зүүн гараа өргөж хамгаалах үйлдэл гаргахад түүний гар миний зүүн шанаанд зөөлөн хүрсэн юм.

Би Ө ийг цохих үедээ түүний хамар тус газар гараараа нэг удаа цохисон бөгөөд ямар нэгэн зэвсгийн чанартай зүйлээр цохисон асуудал байхгүй.

Бид хоёр нэг нэгнээ сайн таньдаг, нэг омогийн хүмүүс юм. Мөн манай айл болон Ө ийн айлууд зуны улиралд хамт нэг газарт зусдаг юм. Ө  бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй.

Ө ийг зодож гэмтэл учруулсандаа би маш их гэмшиж байгаа, Ө  надаас хохирол гэж ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлээгүй. Харин би Ө ийг надаас болж Д  сум аймаг хоёрын хооронд зардал гаргаж явсан учраас би Ө ээс уучлалт гуйж Ө ийн аймагт ирж явсан зардлыг нь төлж өгөхөөр болсон юм.

Би Ө ийн биед халдаж түүнд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа.

Мөн би Ө ээс уучлалт гуйсан ба Ө  нь намайг уучилж бид хоёр одоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.О гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.О  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” хэмээн дүгнэлт гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.О  нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, цус хуралттай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, доод эрүүний баруун талд шархтай, хүзүү хоолойд багалзуур орчим 3 ширхэг цус хуралттай, зулайны баруун талд хавдартай, зулайны зүүн талд хавдартай, зүүн талын нүдний булангаар хөх ягаан туяатай цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.3. Шүүгдэгч Б.О гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.О гийн зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Б.О гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Ө ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.О гаас хохирогч К.Ө т гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.О г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Б.О д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.О  нь хохирогч К.Ө тэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн саналд яллагдагч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б.О  нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 75 дугаар тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б.О д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч Б.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.О  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Б.О д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ