| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/88 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/88
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгч Е.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Т д холбогдох эрүүгийн 2213000000124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Е.Т , 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн У суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэр, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Нью констракшн ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн У сумын 08 дугаар баг, О 00 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ЧТ79000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Е.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт байрлах “Нью констракшн” ХХК-ний ажилчдын байрлаж байсан эсгий гэрт иргэн Б.П г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Е.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Торгох ял шийтгэж өгнө үү гэв.
2. Эрүүгийн 2213000000124 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-5 дугаар тал/,
2.2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,
2.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
2.4. Иргэн Е.Т ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
2.5. Хохирогч С.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
2.6. Гэрч Л.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
2.7. Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
2.8. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
2.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
2.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 404 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
2.11. Яллагдагч Е.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.Т ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Е.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт байрлах “Нью констракшн” ХХК-ний ажилчдын байрлаж байсан эсгий гэрт иргэн Б.П г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Е.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах “Нью констракшн” ХХК-ний ажилчдын байрлаж байсан эсгий гэр дотор хохирогч Б.П г үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
3.1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-5 дугаар тал/,
3.1.2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,
3.1.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
3.1.4. Иргэн Е.Т ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
3.1.5. Хохирогч С.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед ажлаа дуусгаад байрлаж байсан гэртээ ороход М , Т нар “ажлаа дуусгасан юм чинь ганц юм уугаад амарцгаах уу” гэхээр нь “за тэгье, өнөөдөр би аваад өгье” гэж хэлээд нэг дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архинаас нэг шил архи авсан. Тэгээд уг архийг М , Т бид гурав ууцгаасан. Тэгээд бид нар архи уугаад сууж байхад миний эхнэр над руу залгахаар нь эхнэртэйгээ яриад сууж байхад Т чанга дуугаар “чи яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ утсаар ярьж дуусаад Т од “би эхнэртэйгээ ярьж байхад чи яагаад хүн шургаад архи уулаа гээд яриад байгаа юм бэ” гэж уурлаад бид хоёр хоорондоо жаахан муудалцаж байгаад хоёулаа асуудлаа өглөө ярьцгаая гэж хэлээд бид хоёр унтаж амарцгаасан.
Тэгээд өглөө нь 05 цагийн үед би босоод гэрийн хаалганы үүдэнд шаланд байсан тамар лопаткийг нэг гараараа барьж аваад Т ын хажууд ирээд “хөөш босоорой, өглөө болсон байна” гээд хөнжпийг нь татаад лопаткаар түүний хөл рүү нь зөөлөн нэг удаа цохиход Т босож ирээд лопаткийг надаас булааж аваад лопаткаар миний гэдэс тус газарт нэг удаа, гар руу нэг удаа цохиж газарт унагааж авахад М ах салгаж авсан.
...Эхлээд миний баруун гарт байсан лопатка төмрийг миний гарнаас хүчээр татаж авахад миний баруун гарын алга нь төмөрт зүсэгдчихсэн. Тэгээд уг төмрөөр миний гэдэсний зүүн талд нь нэг удаа, зүүн гарны шуу хэсэгт нь төмрөөр дахин нэг удаа цохиод намайг хойшоо түлхэхэд би хоёр орны завсарт газар унасан. Газарт унасанаас хойш миний аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсон болохыг нь мэдэхгүй байна. Тухайн үед ухаанаа алдсан байсан.
...Хэргийн улмаас учирсан хохирол гэвэл миний зүүн гарын шууны яс нь хугарсан байна, мөн баруун гарын алга нь зүсэгдсэн. Бид нар хоорондоо зохицож, эвлэрсэн байгаа болохоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
3.1.6. Гэрч Л.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... үүрээр 05 цагийн үед хүмүүсийн орилж хашхирсан дуу сонсогдохоор нь дүү бид хоёр цочиж сэрээд би хувцсаа өмсөж байх хооронд надаас түрүүлээд дүү Баатарсайхан унтлагын хувцастайгаа гарч гүйгээд П нарын гэрт очоод удалгүй буцаад орж ирсэн ба П гийн гарыг Т хугалаад хаясан байна гээд орж ирээд хувцсаа өмсөж байхад нь би гараад тэдний эсгий гэр рүү явж байхад П гараад ирсэн ба түүний хоёр гарнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
3.1.7. Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... үүрээр 05 цагийн үед түс тас болоод явахаар нь сэрэхэд Т , П г хоёр орны хоорондох завсарт шаланд П г Т унагааж дээрээс нь дарж авсан гартаа лопатка барьж тэрүүгээр цохиж, зодож байхад нь Т ын араас нь барьж тэвэрч аваад хойшоо татаж салгаж авсан. Тэгээд байж байтал Баатарсайхан гэрт орж ирээд П г газраас босгоход П гийн хоёр гарнаас нь цус гарч байсан.
...Би сэрээд харахад П газарт нуруугаараа дээшээ харж хэвтэж байсан ба түүний дээрээс нь Т доошоо харж тонгойсон байдалтай гартаа лопатка барьж лопаткаар цохиж зодож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
3.1.8. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... үүрээр 05 цагийн үед чанга чанга дуу гарч орилолдсон дуу чимээ сонсогдохоор нь би гэрээсээ гарч гүйгээд тэд нарын гэрт яваад очиход Т нь П г хоёр орны завсарт газарт унагаачихсан би чамайг ална шүү гэээд хөлөөрөө дэвсэж байхад нь би ороод Т ын араас нь барьж аваад салгасан. Тэгээд П г босгоход хоёр гарнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
3.1.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай “1. Е.Т ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Иргэн Е.Т ын биенээс авсан гэх цусанд 1,4 % промилли этилийн спирт илрэв.
3. Иргэн Е.Т нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
3.1.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 404 дугаартай “1. Иргэн Б.П гийн биед Зүүн гарын шуу ясны битүү хугаралттай, духны баруун талд, баруун хөмсгөнд, баруун хацарт, хамрын үзүүрт тус-тус шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Иргэн Б.П гийн дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Иргэн Б.П гийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах, тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
3.1.11. Яллагдагч Е.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үеэс эхлээд хамт байсан Б.П , Д.М бид гурав гэрт архи согтууруулах ундаа уусан. Тухайн үед архийг П бид хоёр яваад дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай хараа нэртэй архинаас 1 шил архи авч ирсэн байсан. Уг архийг уугаад сууж байхад П гийн утас руу эхнэр нь залгасан тул П эхнэртэйгээ утсаар яриад гар утасны дууг нь чанга дээр нь тавьж /спеакр/ ярьж байсан. Энэ үед П гийн эхнэр нь П д хандаад “чи архи уугаад байгаа юм биш үү” гэж асуухад нь би “П архи уугаад байгаа шүү” гэж тоглоод марзганаад хэлчихсэн. Тэр үед эхнэр нь уурлах шиг болоод утсаа тасалчихсан. Энэ үеэс П надад агсам тавьж “чи дандаа ингэж байдаг, би чамайг ална шүү” гэх мэтээр хэрүүл маргаан үүсгээд намайг заамдаж барьж аваад зодолдох гээд байхаар нь би нэг их юм яриагүй “чи зүгээр бай, ярих юмаа өглөө ярь” гэж хэлээд сууж байхад гаднаас тусдаа нэг гэрт амьдардаг Баатарсайхан орж ирээд П г болиулаад та нар унтаж амар гээд бид хоёрыг загнаад байхаар нь би орондоо ороод унтаад өгсөн.
Тэгээд үүрээр 05 цагийн үед би унтаж байтал П миний үснээс татаж чирээд эхэлсэн. Тэгээд би орноосоо чирэгдэж босоход намайг тавьчхаад өөрөө гэрт байсан лопатка төмрийг барьж аваад надруу далайлгаж ирж байхад нь би түүнийг гарт байсан лопаткийг барьж аваад ноцолдож булааж авахад П газарт уначихсан тэр үед би уурлаад тухайн лопаткаар П гийн өөрийг нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгж байтал хамт нэг гэрт байсан М босож ирээд миний гараас лопаткийг аваад намайг татаж салгаж авсан. Тухайн үед болж өнгөрсөн асуудал бол маш хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед би түүний гарт байсан лопаткийг булааж аваад л тэр попаткаар гар луу нь 2-3 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. Харин тухайн үед түүний баруун гарны алга нь бас зүсэгдэж гэмтсэн байсан, тэр нь унах үед төмөр орны ямар нэгэн төмөр зүйлд нь зүсэгдсэн юм болов уу гэж сүүлд нь бодсон. Бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй.
Би Баян-Өлгий аймагт анх удаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр компаны хүнд оврын машиныг жолоодож ирсэн. Харин П намайг ирснээс хойш хэд хоногийн дараа автобусаар ирж байсан. Бид хоёр Баян-Өлгий аймагт ирээд л нэг нэгийгээ таньдаг болсон, тийм учраас урьд өмнө өс хонзонгийн асуудал гэх зүйл бол байхгүй. Тухайн үед П миний үснээс чирээд зулгааж босгосон. Өөр цохиж зодсон зүйл бол болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.Т ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е.Т “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” хэмээн тайлбараа гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
6.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Е.Т нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “зүүн гарын шуу ясны битүү хугаралттай, духны баруун талд, баруун хөмсгөнд, баруун хацарт, хамрын үзүүрт тус тус шалбарсан” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
6.3. Шүүгдэгч Е.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.Т ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Шүүгдэгч Е.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.П гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.П гээс мөрдөн шалгах ажиллагаанд “Би Е.Т той сайн дураараа эвлэрч хохирлын талаар ямар нэгэн санал гомдол байхгүй болно” /хавтаст хэргийн 91 дүгээр тал/ гэж баталгаа гаргасан тул шүүгдэгч Е.Т ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Е.Т од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
шүүгдэгч Е.Т оос “бага хэмжээгээр торгох ял шийтгэж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.
2.2. Шүүхээс шүүгдэгч Е.Т од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.3. Шүүгдэгч Е.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Е.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.Т од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Е.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.5. Энэ хэрэгт шүүгдэгч Е.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Е.Т од урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Т ыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Т од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Е.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн лопатка төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймгийг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Т од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Е.Т од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ