Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хажекберийн Талгат |
Хэргийн индекс | 161/2022/0091/Э/212/2022/0027 |
Дугаар | 2022/ШЦТ/93 |
Огноо | 2022-06-29 |
Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/93
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д ,
хохирогч Ш.Н ,
хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,
шүүгдэгч Х.Х н өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н ,
шүүгдэгч М.Т ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З ,
шүүгдэгч Х.Х , М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас шүүгдэгч Х.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2213000300088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Х.Х,1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 05 дугаар багийн бага эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЛ90000000.
2. Монгол Улсын иргэн, М.Т , 1985 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЛ85000000.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Т ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт;
2. Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Н ын толгой тус газар төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч М.Т т 2 сая төгрөгийг төлж өгөх болно гэв.
1.2. Шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч Ш.Н ын эмчилгээний зардалд 10 сая төгрөгийг төлж өгсөн. Одоо шүүхээс хуулийн дагуу хохирол гаргаж төлж өг гэвэл төлж өгөх болно. Мөн одоо надад бэлэн авчирсан 1 сая төгрөгийг хохирогч Ш.Н ад хүлээлгэн өгөхөд бэлэн байна гэв.
1.3. Шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ: Тухайн үед намайг Т , Е , Б , Н нар нийлж зодсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Би хохирлыг бүрэн хэмжээгээр л авах болно гэв.
2. Эрүүгийн 2213000300088 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч Ш.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 31-35 дугаар тал/,
2.2. Хохирогч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-40 дүгээр тал/,
2.3.Гэрч М.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 44, 46 дугаар тал/,
2.4. Гэрч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48 дугаар тал/,
2.5. Гэрч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 50, 52 дугаар тал/,
2.6. Гэрч М. Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58, 61-62 дугаар тал/,
2.7. Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-70 дугаар тал/,
2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай иргэн Ш.Н ын биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 80-83 дугаар тал/,
2.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай иргэн Х.Х н цусанд хийсэн шүүх эмнэлгийн химийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 109-110 дугаар тал/,
2.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай иргэн М.Т ийн биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 146-147 дугаар тал/,
2.11. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай иргэн М.Т ийн цусанд хийсэн шүүх эмнэлгийн химийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 172-173 дугаар тал/,
2.12. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 176, 180 дугаар тал/,
2.13. Эд зүйл болох төмөр таяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтасны 6-9 дүгээр тал/,
2.14. Яллагдагч Х.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 208-209 дүгээр тал/.
2.15. Яллагдагч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 212-213 дугаар тал/,
2.16. Хохирогч Ш.Н аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн өвчний түүх, хохирлын баримтууд, хүсэлтүүд /1 дүгээр хавтасны 10-15, 18-25, 218-232, 237-238, 2 дугаар хавтасны 33-34 дүгээр тал/,
2.17. Шүүгдэгч Х.Х н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 242-244, 250 дугаар тал, 2 дугаар хавтасны 4, 7, 11 дүгээр тал/,
2.18. Шүүгдэгч М.Т ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 243-247, 2 дугаар хавтасны 1, 5, 8, 12 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Х , М.Т нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар /Шүүгдэгч Х.Х /.
- Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Т ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
3.1.1. Хохирогч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагт Ц сумын эрүүл мэндийн төвийн шинэ жилийн үдэшлэг болно гэдгийг сонсоод 19 цагийн үед очсон.
...00 цагийн үед хүмүүсийн ихэнх нь яваад өгсөн бөгөөд бүжиглэнэ гээд 7-8 хүн үлдсэн байсан. Уг үлдсэн хүмүүс нь Б эмч, Н эмч, багийн эмч Б , Е , жолооч Н , багийн эмч Х гээд бид 7 хүн үлдсэн.
...01 цаг дөхөж гарах гэж хувцсаа өмсөж байхад Б эмч Е хоёр хоорондоо маргалдсан, юунаас болж маргалдсаныг би анзаараагүй. Е Б хоёр нэг нэг рүүгээ дайраад барилцаж авахад бид нар салгаж авсан. Тэгээд гадаа гарахад Б , Е нар дахиад нэг нэг рүүгээ дайрахад бид нар дахиад салгаад явуулсан. Тэр үед миний эхнэр болох С явъя гэж над дээр ирсэн.
...Над дээр ирээд явъя гээд намайг хөтлөөд машин дээр авч ирсэн. Тэгж байтал Е , Х нарын дунд хэрүүл маргаан үүсэж нэг нэгнийгээ цохиж, заамдалцаж байсан. Тэр үед Н эмч бид хоёр гүйж очсон. Тэр хоёрыг салгаж байхад намайг баруун талын нүдэн тус газар Н эмч цохиод авсан. Тэр үед Х гэдэг залуу миний дух, толгой, хамар хэсэг рүү цохисон. Намайг газар унагаах гэж заамдаж багалзуурдаж байгаад миний толгой руу хоёр удаа дахиад цохисон. Тэр үед миний толгой аймар өвдөөд би гараараа барьж үзэхэд цус болсон байсан. Би тухайн үед нүүрээ гараараа хамгаалаад байж байсан. Тэр үед миний толгой руу Х хэд хэдэн удаа цохиж авсан, тэр үед миний толгойны дагз хэсгээс цус гарсан байсан.
...Бид нар гадагшаа гараад зогсож байхад Е , Х нар хоорондоо маргалдаж хэрүүл үүсгэсэн. Тэгээд Н бид хоёр нөгөө хоёрыг салгаж явж байхад Х нь миний толгой, хацар руу хэд хэдэн удаа цохиод авсан.
...Н нь миний баруун талын нүд болон хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгж байтал Е ирж бид нарыг салгах гэхэд Н , Х хоёр Е тай ноцолдож улмаар Х нь миний толгойны зүүн талын чихний дээд хэсгээр цохиход би зугтахад миний хойноос хөөгөөд байсан. Х миний толгой руу цохисноос болж шалбарч цус гарсан. Ингээд би “Даамал” төвийн хажууд зогсоол дээр байсан Н ы машинд байсан төмөр таягийг аваад Н ын толгойны баруун хэсгээр нэг удаа цохисон. Тэгэхэд Х миний хойноос хөөгөөд бид хоёр төмөр таягийг булаацалдаж байхад хугарсан. Тухайн үед Н ын толгойноос цус гарсан харагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-40 дүгээр тал/,
3.1.2. Гэрч М. Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Х нь Т ийн толгой хэсэг рүү цохисон. ...Т , Н нар хоорондоо маргалдаж, Т нь миний машинд байсан төмөр хаягаар Н ын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд Н ын баруун талын чихний дээд хэсгээс нэлээн цус гарсан харагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58, 61-62 дугаар тал/,
3.1.3. Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Х гэх залуу гартаа архины хоосон шил барьсан Т ийн толгойны зүүн тал руу хоёр удаа цохиж авсан. Тэгэхэд Т ийн толгойноос цус гарсан харагдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-70 дугаар тал/,
3.1.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай “1. М.Т ийн биед зүүн чихний ар хэсэгт шарх, хамрын муруйлт, хүзүү, баруун шилбэний дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх чихний ар хэсгийн шарх нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, бусад гэмтэл мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 146-147 дугаар тал/,
3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай “1. Х.Х н биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Х.Х н цусанд 0.5% этилийн спирт илэрсэн, тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 109-110 дугаар тал/,
3.1.6. Яллагдагч Х.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой 18 цагт Ц сумын төвд байрлах “Даамал” төвд манай байгууллагын Шинэ жилийн үдэшлэг болно гэж сумын эрүүл мэндийн төвийн ажилчдын дундын хаалттай фейсбүүк группт зар байрлуулсан байсан. Тухайн өдөр би хэд хэдэн өвчтөний дуудлаганд яваад орой 20 цагийн үед “Даамал” төвд очиход манай байгууллагын ажилчид бүгд очсон байсан.
...Тэгээд бид нар “Даамал” төвөөс гараад байж байхад Е нь Б ийг дуудаж “чамайг ална” гэж орилоод байхаар нь Б ийг тэндээс явуулсан. Тэгж байтал тэнд байсан нэг нь миний толгой руу цохих шиг болсон. Чухам хэн цохисныг хараагүй. Тухайн үед уг газарт Н , Т , Е , Н , Б бид хэд байсан. Тэгээд би уурлаад архи уусан халамцуу байсан учраас Е ы нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Дараа нь жолооч Н ы нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Мөн Т ийн толгой руу нэг удаа цохисон. Тэгсэн Т нь гүйж очоод зогсоолд байрлуулсан байсан Н ы машинаас төмөр таяг авч ирээд Н ын толгойн тус газар цохисон. Тэгсэн Н ын толгойноос цус гарч, ухаан алдаж, газар унах үед Н барьж авсан. Тэгээд би Т ийг яаж байгаа юм бэ гээд түүний гарт нь байсан төмөр таягийг авах гэхэд Т өгөхгүй, миний толгой руу цохих гэхэд би гараараа хамгаалж, бид хоёр таягийг булаалцалдаж байхад хугарсан. Ингээд удалгүй цагдаа Энхсаруул ирж бид нарыг тараасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 208-209 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар;
3.2. Хэргийн үйл баримтын талаар /Шүүгдэгч М.Т /.
- Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Н ын толгой тус газар төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
3.2.1. Эд зүйл болох төмөр таяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтасны 6-9 дүгээр тал/,
3.2.2. Хохирогч Ш.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сумын төвд байрладаг “Даамал” үйлчилгээний төвд манай эрүүл мэндийн төвийн шинэ жилийн цайллага болсон. Би тус өдөр 20 цаг 30 минутын үед очсон ба намайг очиход эмч, ажилтан нар бүгд цугларсан байсан.
Ингээд тэнд сууж байгаад 00 цагийн үед Т , Б , Б , Н , Х , Е бид долуулаа тэнд үлдсэн. Бусад албан хаагчид явсан. Тэгээд Е гаднаас 0.5 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг авч ирж бид хэд хувааж уугаад сууж байхад Т , Н хоёр хоорондоо маргалдаж хэрүүл үүссэн. Тухайн үед бид хэд тэр хоёрыг салгаж авсан. Мөн Е , Б хоёр хоорондоо маргалдаж хэрүүл үүсэхээр нь бид нар “Даамал” төвөөс гадагшаа гарсан. Тухайн үед Б гэр рүүгээ яваад өгсөн. Т , Е , Н , Б бид хэд “Даамал” төвийн гадна засмалын хажууд зогсож байхад Т , Б , Н , Е нар над руу хандаж хэрүүл маргаан үүсгэж, Н нь “чамайг эрүүл мэндийн төвийн даргаар ажиллуулахгүй” гэж хэлээд дөрвүүлээ тал талаас намайг цохиж өшиглөж эхэлсэн.
Тэгж байтал “Даамал” төвөөс Х гарч ирээд тэд нарыг салгаж, Е , Б нарыг замын нөгөө талд дагуулаад явсан. Н бид хоёрын тээврийн хэрэгсэл “Даамал” төвийн урд талын зогсоолд байсан ба би машиндаа суух гээд хажууд нь зогсож байхад Т нь гартаа төмөр таяг барьсан гүйж ирээд миний толгойн духны баруун хэсгээр нэг удаа таягаар хүчтэй цохиод зугтаагаад явсан. Тухайн үед миний толгойноос нилээн цус гарсан ба Т ийн хойноос Х гүйж очоод гарт нь байсан таягийг булааж авсан. Харин би ухаан алдаад зам руу унахад Н намайг босгож авсан. Тэгж байтал Т ийн эхнэр нь С машинаар ирж бид нарын хажууд зогсоод “та нар яасан бэ, юу болсон бэ” гэж асуухаар нь “таны нөхөр Т нь миний толгойн хэсгээр төмөр таягаар цохиж гэмтээсэн, цус гараад байна” гэж хэлсэн. Тэгсэн С нь Т ийг хайгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй сумын цагдаа Энхсаруул ирсэн ба болсон асуудлыг хэлж өгсөн.
...Тухайн үед Т нь миний зүүн талын хөлний гуя хэсгээр нэг удаа хүчтэй өшиглөж, дух руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Харин Б , Е , Н нар нь над руу дайраад биеийн энэ тэндээс гараараа цохиод байсан. Тухайн үед би гараараа толгойгоо барьж, доошоо суусан учраас Б , Е , Н нар миний биений аль хэсэг рүү цохиж зодсоныг мэдээгүй.
...Духны баруун хэсэгт З см-ийн зүсэгдсэн шархтай, духны зүүн хэсэгт шалбарсан шархтай, хамрын нуруу хэсгээр шалбарсан байсан. Мөн зүүн талын хөлний гуя хэсгээр хөхөрч хавдсан.
Толгойндоо гэмтэл авснаас болж Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орж ирсэн.
...Надад нийт 28.000.000 төгрөгний хохирол учирсан ба эм тариа, эмчилгээний зардалд 12.500.000 төгрөг, замын зардал хоёр талд өөрийн болон сахиул хоёр хүний тээврийн хөлс 1.570.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж гадуур байх хугацаанд эмнэлэг рүү явсан таксины мөнгө 56.500 төгрөг, эмнэлэгт хэвтэх хугацаанд гаднаас хоол авахад 86.300 төгрөг, эмнэлгээс гарсны дараа эмчийн хяналтанд 20 гаруй хоног байсан ба хажуу өрөө түрээслэхэд 750.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
...эмчилгээний зардалд 8.559.163, ...замын зардалд 1.462.900 төгрөг нэхэмжилж байна. ...Таксины хөлс, хоолны үнэ, түрээсэлсэн байрны хөлс нэхэмжилсэнтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. ...Өмгөөлөгчийн хөлст төлсөн 4,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна.
...2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмчилгээтэй байсан, энэ хугацаандаа цалингаа авч чадаагүй, сарын цалин болох 882.000 төгрөг авах ёстой байсан учир даатгалаас 362.000 төгрөг авсан. Тэгэхэд 520.000 төгрөг нэхэмжилж байна.
Ингээд би нийт 14.542.063 төгрөгийн хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өглөө. Нийт учирсан хохирлын 28.000.000 төгрөгөөс 13.457.937 төгрөг нь сэтгэл санааны хохирол болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 31-32, 35 дугаар тал/,
3.2.3. Гэрч М. Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагт “Даамал” төвд шинэ жил болно гэж хамт олны хүмүүс хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед ганцаараа очсон.
Шөнийн 00 цаг гэхэд бүгд яваад “Даамал” төвд сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б , Е , Н , Т , Х , Б бид нар үлдсэн. Е нэг жил архи задалж тэрийг ууж сууж байтал цаг шөнийн 01 цаг дөхсөн. Е урьд нь түр хугацаагаар манай эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. Тэгээд бид нар тарах болоод хувцсаа өмсөж байхад Б нь Е д “ямар их архи уудаг юм бэ, ямар их ярьдаг юм бэ” гэж хэлэхэд Е очоод Б ий хүд тус газар цохих шиг болсон. Гэхдээ Б ий нүдэнд хүрэлгүй хөмсөг хэсэгт шүргэсэн юм байна. Тэгээд Е ыг очоод салгаж аваад гарахад Е нь “Б төмсөг минь” гэж орилж байсан. Би хэд хоногийн өмнө хөлийнхөө шагайг гэмтээж аваад таягтай явж байсан. Тэгээд би хойноос нь доглон гарч ирэхэд Төрийн банкны урд талын зогсоол дээр зодоон гарч байсан. Миний анзаарснаар Б Е хоёрын дундах асуудлаас үүдсэн зодоон гэж би өөрөө бодсон. Би гарч ирэхэд Е , Х нар хоорондоо зодолдож байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон тул тэр хоёр нэг нэгийгээ яаж цохиж зодсон талаар харсангүй. Тэр үед би Е д цагдаа дууд гэж хэлсэн. Тэгж байтал Т бас тэд нар дээр очоод зодолдсон. Тухайн үед бүгд согтуу, нэг нэгийгээ салгаж байгаа ч юм шиг, зодолдож байгаа юм шиг юм болсон. Тэр үед Т Х , Е дээр очиход Н бас очоод зодсон. Тэр үед Т тэндээс орилж зугтаж гарсан. Миний харснаар Т ийг Н , Х хоёр нийлж зодсон. Яагаад гэвэл Н , Х нарын дундаас Т зугтаж гарч ирэхэд толгойноос нь цус гарсан байсан.
Би цайллагад очихоос өмнө хөдөө дуудлагад явж ирээд машинаа тэр Төрийн банкны урд талын зогсоол байршуулсан байсан. Тухайн машин дотор миний төмөр таяг байсан. Т зугтаж гарч ирээд миний машин дотор байсан таягийг авсан. Таягийг авсны дараа Н эмч араас нь гүйж ирэхэд Т нь гартаа байсан төмөр таягаар Н ын толгойн тус газар цохисон. Н шууд газар суухад толгойноос цус гарсан ба машиндаа очоод байж байсан. Тэр үед зодооны асуудал дууссан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58, 61-62 дугаар тал/,
3.2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай “1. Иргэн Ш.Н ын биед Гавал тархины битүү хүнд зэргийн гэмтэл, гавал ясны баруун талын зулай, чамархай, хөхлөг сэртэн суурь ясны бага далавч хүрсэн олон нийлмэл ил хугаралтай, баруун зулай болон духны хажуу руу үргэлжилсэн хатуу хальсан дээрх цус хуралттай, тархины цусан хураатай, аалзан бүрхүүлийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт хамрын нурууг хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан цус хуралттай, хамрын нуруунд бага зэрэг хавантай, шалбарсан, духны зүүн талд шархтай, зулайны баруун талд шархтай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Иргэн Ш.Н ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Ш.Н ын дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болно.
3. Иргэн Ш.Н ын дээрх гэмтлүүд нь амь биед аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлөх” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 80-83 дугаар тал/,
3.2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай “1. М.Т ийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. М.Т ийн цусанд 0.7% этилийн спирт илэрсэн, тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 173-174 дүгээр тал/,
3.2.6. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Ш.Н ын биед гавал тархины битүү хүнд зэргийн гэмтэл, гавал ясны баруун талын зулай, чамархай, хөхлөг сэртэн суурь ясны бага далавч хүрсэн олон нийлмэл ил хугаралттай, баруун зулай болон духны хажуу руу үргэлжилсэн хатуу хальсан дээрх цус хуралттай, тархины цусан хураатай, аалзан бүрхүүлийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт хамрын нурууг хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд, зүүн хацарт хамрын нурууг хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан цус хуралттай хамрын нуруунд бага зэрэг хавантай шалбарсан, духны зүүн талд шархтай, зулайны баруун талд шархтай гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хоёроос дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд болно.
...Хохирогч Ш.Н ын гавал тархины битүү хүнд зэргийн гэмтэл, гавал ясны баруун талын зулай, чамархай, хөхлөг сэртэн суурь ясны бага далавч хүрсэн олон нийлмэл ил хугаралттай, баруун зулай болон духны хажуу руу үргэлжилсэн хатуу хальсан дээрх цус хуралттай, тархины цусан хураатай, аалзан бүрхүүлийн цус хуралттай гэмтлүүд нь амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар хүнд гэмтэлд хамаарч байна.
... Ш.Н ын биед үүссэн зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт хамрын нурууг хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан цус хуралттай хамрын нуруунд бага зэрэг хавантай шалбарсан, духны зүүн талд шархтай, зулайны баруун талд шархтай хавсарсан гэмтлүүд нь хоёроос дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд бөгөөд дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн гэмтэлд хамаарч байна.
...гэмтлийн зэргийг тогтооход гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндээс хөнгөн гэмтэл рүү үүссэн байдлаар тогтоодог. Мэдүүлгээр дээрх гэмтлүүдийг ялгаж салгаж асуусан болохоор Ш.Н ын биед үүссэн гэмтлүүдийг дотроос нь ялгаж тус тусдаа гэмтлийн ангиллаар нь салгаж мэдүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 176, 180 дугаар тал/,
3.2.7. Яллагдагч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Харин би согтуу байсан учраас өөрийгөө барьж чадалгүй санамсаргүй байдлаар Н ын биед халдсан гэж ойлгож байна.
... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц сумын төвд байрлах “Даамал” үйлчилгээний газарт манай байгууллагын шинэ жилийн үдэшлэг болсон. Би тус сумын эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын сувилагч ажилтай юм. Тэрээр тус өдөр хамгийн сүүлд /эмч/ Ш.Н , М. Н , М.Е , Х.Х , Х.Б , Б бид хэд үлдэж, Е нэг шил архи задлахаар нь уусан. Е нь урьд нь манай эмнэлэгт багийн эмчээр ажиллаж байгаад гарсан байсан. Ингээд түүний задалсан архийг ууж сууж байхад Б , Е нар хоорондоо хэрүүл үүсгэж, маргалдахаар нь салгасан. Тэгээд бид нар гадагшаа гараад зогсож байхад Е , Х нар хоорондоо маргалдаж хэрүүл үүсгэсэн. Тэгээд Н бид хоёр нөгөө хоёрыг салгаж явж байхад Х нь миний толгой, хацар руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тухайн үед эхнэр болох С нь намайг дагуулж авахаар ирсэн байсан. Мөн Н нь миний баруун талын нүд болон хацарлуу гараараа нэг удаа цохисон. Тэгж байтал Е ирж бид нарыг салгах гэхэд Н , Х хоёр Е тай ноцолдож, улмаар Х нь миний толгойны зүүн талын чихний дээд хэсгээр цохиход, би зугтахад миний хойноос хөөгөөд байсан. Х миний толгой руу цохисноос болж шалбарч цус гарсан. Ингээд би “Даамал” төвийн хажууд зогсоол дээр байсан Н ы машинд байсан төмөр таягийг аваад Н ын толгойны баруун хэсгээр нэг удаа цохисон.
Тэгсэн Х миний хойноос хөөгөөд бид хоёр төмөр таягийг булаалцалдаж байхад хугарсан. Тухайн үед Н ын толгойноос цус харсан харагдсан ба тэгж байтал цагдаа Энхсаруул ирээд бид нарыг тараасан. Би тухайн үед санаатайгаар Н ыг цохиж гэмтэл учруулаагүй, архи уусан халамцуу дээр нь айж сандраад таягаар түүний толгой руу нэг удаа цохисон. Өөрийн хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тухайн үед бүгдээрээ халамцуу байсан. Н , Х хоёр намайг цохисон болохоор миний уур хүрээд Н ы зогсоолд байсан машинаас төмөр таягийг аваад Н ын толгойны баруун хэсгээр нэг удаа цохисон. Тухайн үед Н ч гэсэн над руу дайраад байсан болохоор айж сандраад таягаар цохисон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 212-213 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Т , Х.Х нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгч Х.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт”-ийг,
Хохирогч Ш.Н аас “Намайг Т , Е , Б , Н нар нийлж зодсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөх тухай” тайлбарыг,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Б аас “Хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулахаар прокурорт буцаах шаардлагатай. Хохирогч Ш.Н ыг Т , Е , Б , Н нар нийлж зодсон. Болсон явдлын талаар хохирогч анхнаасаа маш тогтвортой мэдүүлэг өгсөн. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шаардлагатай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Т , Х.Х нараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Шүүгдэгч Х.Х , М.Т нарын буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлт гаргасан болно.
5. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Ш.Н , түүний өмгөөлөгч Х.Б нараас “хохирогчийг Т , Е , Б , Н нар нийлж зодсон” тул хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгохоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтээ гаргасан.
6. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Ш.Н , гэрч М.Е , Б.Б , Х.Б , М. Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай иргэн Ш.Н ын биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг тус тус тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлж үзэхэд хохирогч Ш.Н ыг тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Т нь иргэн Е , Б , Н гэгч нартай бүлэглэн зодсоны улмаас хохирогч Ш.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
7. Харин хохирогч Ш.Н ын эрүүл мэндэд үүссэн хүнд гэмтэл нь шүүгдэгч М.Т ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нөхцөл байдал бүрэн тогтоогдож байх тул хохирогч, түүний өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай санал хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүхээс дүгнэсэн бөгөөд шүүгдэгч М.Т ийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэх үндэслэлтэй.
8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон гэж үзлээ.
9. Эрх зүйн дүгнэлт.
9.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
9.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Х.Х нь хохирогч М.Т ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “зүүн чихний ар хэсэгт шарх, хамрын муруйлт, хүзүү, баруун шилбэний дунд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,
Мөн шүүгдэгч М.Т нь хохирогч Ш.Н ын мөн хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “гавал тархины битүү хүнд зэргийн гэмтэл, гавал ясны баруун талын зулай, чамархай, хөхлөг сэртэн суурь ясны бага далавч хүрсэн олон нийлмэл ил хугаралтай, баруун зулай болон духны хажуу руу үргэлжилсэн хатуу хальсан дээрх цус хуралттай, тархины цусан хураатай, аалзан бүрхүүлийн цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.
9.3. Шүүгдэгч Х.Х н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр, шүүгдэгч М.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг тус тус хүлээн авч, шүүгдэгч Х.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
9.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Т , Х.Х нарын архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
10.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
10.2. Шүүгдэгч Х.Х н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Т ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь, мөн шүүгдэгч М.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Н ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.1.1 дэх заалтад заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарын дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.
10.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
10.4. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Х нь хохирогч М.Т т гэмт хэргийн хор уршиг болох 2.000.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Х гаас гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Т т олгож шийдвэрлэв.
10.5. Хохирогч Ш.Н нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт нийт 28.000.000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүхээс шүүгдэгч М.Т ийг хохирогч Ш.Н ын толгой тус газар төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн хор уршгийг шүүгдэгч М.Т хариуцан арилгах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Т нь хохирогч Ш.Н ад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээний зардалд хэмээн 10.000.000 төгрөгийг төлж өгсөн, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд 1.000.000 төгрөгийг бэлнээр хохирогч Ш.Н ад өгөх гэсэн боловч хохирогчийн зүгээс хохирлыг бүрэн хэмжээгээр авах хүсэлтэй байна хэмээн хүлээн авахаас татгалзсан.
10.6. Хохирогч Ш.Н аас эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршигтай холбоотой /эмчилгээний болон замын зардал, дутуу авсан цалингийн тооцоо/ нотлох баримтуудыг /1 дүгээр хавтасны 218-232 дугаар тал/ тооцож үзэхэд 5.429.932 төгрөгтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгч, үлдсэн хэсгийг баримтжуулсан нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Т ээс гэмт хэргийн хор уршигт 10.000.000 төгрөгийг сайн дураараа төлж өгснөө илэрхийлсэн тул шүүгдэгч М.Т нь хохирогч Ш.Н ад гэмт хэргийн хор уршигт 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
10.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан байх ба мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх... заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”...-аас бүрдэхээр хуульчилсан байна.
Хохирогч Ш.Н нь гэмт халдлагад өртөж, улмаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Х.Б ыг сонгож авч, өмгөөллийн хөлсөнд 4.000.000 төгрөг төлсөн болох нь эрүүгийн 1 дүгээр хавтасны 230 дугаар талд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Т ээс дээрх 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Н ад олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
10.8. Харин хохирогч Ш.Н ын гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч М.Т ээс сэтгэл санааны хохирол 13.457.937 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч М.Т ээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торго ял, шүүгдэгч М.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх тухай” дүгнэлтийг,
Хохирогч Ш.Н аас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй”,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Б аас “Шүүгдэгч М.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүгдэгч М.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй. Үндэслэлийг нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Х н өмгөөлөгч С.Н аас “Шүүгдэгч Х.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршигт 2 сая төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Х г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Т ийн өмгөөлөгч Х.З аас “Шүүгдэгч М.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Х , М.Т нараас “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х , М.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага тус тус оногдуулах үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
2.3. Шүүгдэгч Х.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч М.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Х.Х , М.Т нарт тогтоогдоогүй.
2.4. Хувийн байдлын хувьд: 1.Шүүгдэгч Х.Х нь 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 05 дугаар багийн бага эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг;
2. Шүүгдэгч М.Т нь 1985 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч М.Т , Х.Х нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагаас тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
2.5. Шүүгдэгч Х.Х гийн өмгөөлөгч С.Н ын эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Х.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршигт 2 сая төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Х г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан ба шүүгдэгч Х.Х г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын санкц тусгагдаагүй байна.
2.6. Шүүгдэгч Х.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч М.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т ийг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогттол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Х.Х д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор, шүүгдэгч М.Т т оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х , М.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
2.8. Шүүгдэгч Х.Х , М.Т нарт шүүхээс торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.9. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х , М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Х гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хугарсан төмөр таяг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
2.10. Мөн шүүгдэгч Х.Х , М.Т нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т ийг 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогттол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Х.Х д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор, шүүгдэгч М.Т т оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х , М.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х гаас гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Т т олгож, шүүгдэгч М.Т нь хохирогч Ш.Н ад гэмт хэргийн хор уршигт 10.000.000 (арван сая) төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т ээс өмгөөллийн хөлс 4.000.000 (дөрвөн сая) төгрөг гаргуулан хохирогч Ш.Н ад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ш.Н ын гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч М.Т ээс сэтгэл санааны хохирол 13.457.937 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч М.Т ээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х , М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Х гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хугарсан төмөр таяг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Х , М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Х , М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ