Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н  д холбогдох эрүүгийн 2213001230138 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Н, 1994 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б  сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БВ94082418.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Н  нь Баян-Өлгий аймгийн Б  сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд 2021 оны намар түүнд итгэмжпэн хариуцуулсан 10.508.000 төгрөгний үнэ бүхий бог малын зөөврийн усан ванныг албан тушаалын байдлыг ашиглаж хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Н.Н аас мэдүүлэхдээ: Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Эрүүгийн 2213001230138 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,

2.2. Иргэн Н.Н ыг Баян-Өлгий аймгийн Б  сумын тархвар зүйч хариуцсан мэргэжилтэн, тус сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, Улсын байцаагчийн ажилд томилсон, ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалууд, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 25-36 дугаар тал/,

2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,

2.4. Гэрч А.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

2.5. Гэрч Ө.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/

2.6. Шинжээч “ А” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0172 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 71-74 дүгээр тал/,

2.7. Яллагдагч Н.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-91 дүгээр тал/,

2.8. Яллагдагч Н.Н ы ХААН банкин дахь дансанд 6.138.379 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон дансны хуулбар /хавтаст хэргийн 120 дугаар тал/,

2.9. Шүүгдэгч Н.Н ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 95, 97-100, 102, 105-107, 110-112 дугаар тал / болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Н ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Н.Н  нь Баян-Өлгий аймгийн Б  сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд 2021 оны намар байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан 10.508.000 төгрөгний үнэ бүхий бог малын зөөврийн усан ванныг албан тушаалын байдлыг ашиглаж хувьдаа завшсан үйл баримт, хэргийн байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,

3.1.2. Иргэн Н.Н ыг Баян-Өлгий аймгийн Б  сумын тархвар зүйч хариуцсан мэргэжилтэн, тус сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, Улсын байцаагчийн ажилд томилсон, ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалууд, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 25-36 дугаар тал/,

3.1.3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай Б  сумын бог мал угаах усан зөөврийн ваннаг Б  сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасагт улсын байцаагчаар ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн Н.Н  нь хүлээлгэж өгөлгүй өдий хүрсэн ба өнөөдөр бид цагдаагийн байгууллагаас зөөврийн усан ваннаг үзлэг хийлгүүлэн хүлээж авлаа. Ямар нэгэн дутуу зүйлгүй бүрэн бүтэн байна. Одоо манай байгууллагад Н.Н аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,

3.1.4. Гэрч А.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Н ыг Улаанбаатар хотод оюутан байх үеэс танина. Б  сумын захиргаанд ажилладаг байсан ба бид хоёр найзууд. 2021 оны 06 дугаар сараас хойш надаас Н  бага багаар мөнгө зээлж авдаг байсан ба 2021 оны намар гэхэд Н  надад 800.000 төгрөгөөс илүү төгрөгний өртэй болсон. Тэгээд би мөнгөө нэхэхэд Н  мөнгөө өгнө, өгнө гээд өгч чадахгүй нийлээн удсан. Би тэдний гэрт буюу хашаанд нь ирэхэд том чиргүүл байсан ба энэ ямар чиргүүл бэ гэж Н аас асуухад мал эмнэлгийн чиргүүл гэж хэлсэн, надад болохоор энэ чиргүүл актлагдсан гэж хэлсэн үү, актлагдана гэж хэлсэн үү, тиймэрхүү утгатай юм хэлсэн.

Тэгээд би 800.000 төгрөгний өр төлбөрт энэ чиргүүлээ өг гэсэн чинь “тэгье” гэж хэлээд надад өгсөн. Миний хашаанд уг чиргүүл нийлээн хугацаанд буюу 2-3 сар байсан байх, уг чиргүүлийг А  гэх залуу манай хашаанаас үзээд надад ирээд “зарах уу” гэхээр нь би чиргүүлийг 800.000 төгрөгөөр үнэлээд зарчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

3.1.5. Гэрч Ө.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны өвөл яг хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна, М  гэгч хүнд зардаг малын зөөврийн усан ванна байгаа гэхээр нь хэдээр зарах бэ гэж хүнээр дамжуулан асуулгахад 800.000 төгрөгөөр зарна гэсэн. Би аавтайгаа хамт төмрөөр пийшин, зуух хийдэг учир тэнд хэрэглэе гэж бодоод 800.000 төгрөг бэлэн тоолж өгөөд худалдаж авсан. Авсны дараа манай хашаанд нийлээн байсан хэдэн сарын дараа байх нэг танихгүй залуу ирээд би энэ ваннаг М т зарсан, буцаагаад худалдаж авъя гэхээр нь нэгэнтээ бид өөрсдөө худалдаж авсан болохоор 1.500.000 төгрөгөөр авбал ав гэсэн боловч юм ярилгүй яваад өгсөн, хэсэг хугацааны дараа 7 долоо хоног өнгөрсөн үү дахин буцаж ирээд энэ байгууллагын эд зүйл байгаа юм буцааж өгөхгүй бол болохгүй байна гэхээр нь тэгвэл 1.000.000 төгрөгөөр ав гэж хэлээд нөгөө хуучин эзэн гэх Н  гэх залууд 1.000.000 төгрөгөөр худалдсан. Өөрөө машин авчраад чирээд аваад явсан, бид зөөврийн усан ваннаг авсан хэвээр нь байлгасан, эвдэж сүйтгээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/

3.1.6. Шинжээч “ А” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0172 дугаартай үнэлгээ тогтоосон “2021 оны 11 дүгээр сарын байдлаар малын зөөврийн угаалгын ванн /хуучин/ 10.508.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-74 дүгээр тал/,

3.1.7. Яллагдагч Н.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Б  сумын тархвар зүйчээр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороод нэг жилийн дараа 2019 оны намар Б  сумын 60 жилийн ойн баяраар Мал эмнэлгийн ерөнхий газраас Б  сумын Мал эмнэлгийн тасагт зөөврийн ванныг хүлээлгэн өгч, надад уг ванныг эд хариуцагчаар томилсон. Тэгээд би ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сард төрийн албаны шалгалт өгөөд тэнцээгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажиллаж байхад хариуцуулж өгсөн зөөврийн ванныг манайх огт ашигладаггүй болохоор нь тэрнийг би өөрөө хувийн журмаар мөнгө зээлсэн А.М т өр төлбөр болох 800.000 төгрөгний оронд өгсөн.

Тэгээд Цагдаагийн байгууллагаас намайг байгууллагын өмчийг зарж хувьдаа завшсан гэсэн асуудлаар шалгах үед би А.М ээс уг зөөврийн ванныг буцаан авч мал эмнэлгийн нярав А.Х ад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн юм. Хийсэн хэрэгт гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж, миний хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

5. Хууль зүйн дүгнэлт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Н ы хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Н  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэх дүгнэлтийг гаргасан болно.   

5.2. Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа захиран зарцуулах байдлаар завших санаа бий болж хэрэгждэгт оршино.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.Н  нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/16, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар тус тус Баян-Өлгий аймгийн Б  сумын тархвар зүйч хариуцсан мэргэжилтэн, мөн тус сумын Мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Шүүгдэгч Н.Н  2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн боловч түүнд Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газраас итгэмжлэн хариуцуулсан 10.508.000 төгрөгний үнэ бүхий бог малын зөөврийн усан ванныг 2021 оны намар албан тушаалын байдлыг ашиглаж хувьдаа завшиж захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

5.3. Шүүгдэгч Н.Н ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан албан байгууллагын эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Н ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Бид цагдаагийн байгууллагаас зөөврийн усан ваннаг үзлэг хийлгүүлэн хүлээж авлаа. Ямар нэгэн дутуу зүйлгүй бүрэн бүтэн байна. Одоо манай байгууллагад Н.Н аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Н ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүгдэгч Н.Н д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч нараас хохирогч талд хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн саналд яллагдагч Н.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төргөрөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Н.Н  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 129-130 дугаар тал/.

2.2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Н.Н д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.3. Шүүхээс шүүгдэгч Н.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.4. Шүүгдэгч Н.Н  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Н.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогттол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

2.7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Н.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Н ыг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогттол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ