Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

иргэний нэхэмжлэгч Б.Ц ,

шүүгдэгч К.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ж ад холбогдох эрүүгийн 2113000720150 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, К.Ж , 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн:

1. 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

2. 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хугацаагаар хорих ял,

3. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 12 жилийн хугацаагаар хорих ял,

Сум дундын 2 дугаар шүүхийн: 1. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 38/А дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ын 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БЮ87000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.Ж  нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Д ийн Хас банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар түүний 50********** тоот данснаас хууль бусаар 700.000 төгрөгийг автомат тооцооны машинаас бэлнээр гарган авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч К.Ж аас мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Р.Д ид 700.000 төгрөгийг төлж өгсөн. Замын зардал буюу 80.000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна.

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас надаас өөр бусад хүмүүсийг тээвэрлэсэн бөгөөд өөрт хамаарах хэсгийг төлж өгөх болно гэв.

1.2. Иргэний нэхэмжлэгч Б.Ц  мэдүүлэхдээ: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгч К,Ж ыг байгаа газраас нь Баян-Өлгий аймагт хүргэхээр машин гаргаад 4 хүний бүрэлдэхүүнтэй томилолтоор ажиллуулсан. Энэхүү ажиллагааны зардалд нийт 1.992.600 төгрөг гарсан ба энэхүү зардлаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна.

 Манай байгууллагаас машин гаргасан зорилго нь зөвхөн шүүгдэгч К.Ж ыг Баян-Өлгий аймагт хүргэх зорилготой байсан учраас анх нэхэмжилсэн мөнгөн дүнгээ бүрэн нэхэмжилж байгаа гэв.

2. Эрүүгийн 2113000720150 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн Р.Д оос 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 8 дугаар тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Ө сумын Думан зочид буудлын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг хуулба  авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 12 дугаар тал/,

2.3. Иргэн Р.Д ийн Хас банкин дахь 50********** дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 19-22 дугаар тал/,

2.4. Хохирогч Р.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-93 дугаар тал/,

2.5. Гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96-98 дугаар тал/,

2.6. Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 101 дүгээр тал/,

2.7. Гэрч Ж.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104-105 дугаар тал/,

2.8. Иргэний нэхэмжлэгч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 214 дүгээр тал/,

2.9. Шүүгдэгч К.Ж ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 128-151 дүгээр тал/ болон хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч К.Ж ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч К.Ж  нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Д ийн Хас банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар түүний 50********** тоот данснаас хууль бусаар 700.000 төгрөгийг автомат тооцооны машинаас бэлнээр гарган авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн байдал дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Р.Д оос 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 8 дугаар тал/,

3.1.2. Баян-Өлгий аймгийн Ө сумын Думан зочид буудлын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг хуулба  авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 12 дугаар тал/,

3.1.3. Иргэн Р.Д ийн Хас банкин дахь 50********** дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 19-22 дугаар тал/,

3.1.4. Хохирогч Р.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.О , Б.Б  гэх 2 найзын хамт өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу машин авах гэж гарсан. Замд Шурагийн гүүрний цайны газарт бид гурав хоол идээд сууж байтал гаднаас үл таних 2 хүн нэг нь шардуу 160-170 см өндөртэй махлаг хүн байсан. Нөгөөдөх нь намхан хар арьстай, 160 см өндөртэй 2 хүн орж ирсэн байсан. Орж ирээд Баян-Өлгий явж байна уу, бид хоёрын машин эвдэрсэн тул аваад яваач гэж хэлэхэд бид гурав Баян-Өлгий рүү аваад явсан. Толбо сум ороод машиндаа бензин аваад тэгээд шууд Баян-Өлгий аймгийн Ө сум орж ирсэн. Нөгөө хоёр залуу “очих газар байхгүй, та нартай хамт хоноё, буцаад та нартай хамт Шурагийн гүүрний тэнд байгаа машин руугаа явна” гэсэн. Тэгээд бид нар буудалд хонохоор болоод дэлгүүр орж 2 шил архи, 2 ширхэг ундаа, хэдэн бэлэн гоймон авсан. Би мөнгийг нь төлсөн. Тэгээд Ө суманд байрлах Думан нэртэй зочид буудал руу очоод 4 давхрын 1411 гэсэн тоот 2 ортой өрөөнд ороод бид тавуулаа авсан 2 шил архийг хувааж уугаад би тасарсан байсан. Өглөө босоод утсанд мессеж ирсэн байхаар нь үзсэн чинь миний Хас банкны данснаас 500.000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 цаг 04 минутанд, 200.000 төгрөгийг 05 цаг 04 минутанд бэлэн мөнгөний машинаас гаргасан гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн үед замаас дайгдаж ирсэн үл таних хоёр хүн байхгүй байсан. Толбо сумын бензин түгээх газар болон Ө суманд ирээд дэлгүүр ороход хамт орсон ба аль алинд нь миний картны нууц кодыг мэдэх боломж байсан.

...мессежийг хараад Б.Б  гэдэг найзыгаа сэрээгээд чи 500.000 төгрөгөөр юу авсан юм бэ гэж асуухад дэрэн доороо байсан хүрэмнээс виза картыг хайхад олдоогүй.

...буудлын хоногийн мөнгө болох 60.000 төгрөгийг л би уншуулсан. Өөр мөнгө төгрөгний зарлага гаргаагүй гэж надад хэлсэн.

...Буруутай этгээдээс 700.000 төгрөгийг мөн замын зардалд гаргасан 80.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-93 дугаар тал/,

3.1.5. Гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид хэд Думан гэх зочид буудалд шөнийн 01 цагийн орчимд орж 2 шил архийг хувааж уусан. Архийг хувааж уусны дараа бүгд тус буудалд нэг өрөөнд унтсан. Өглөө 08 цагийн үед манай найз Б  хамгийн түрүүнд сэрсэн бөгөөд тухайн үед нөгөө хамт ирсэн хоёр залуу байхгүй байсан. Найз Д  нь миний картнаас 500.000 төгрөг болон 200.000 төгрөгийн зарлага гарсан байна, хэн нэгэн миний картнаас мөнгө гаргаж авсан байна гэх үед түүний картнаас мөнгө хулгайд алдсаныг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

3.1.6. Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид хэд хамт хонохоор болоод дэлгүүр ороод Е  гэх эрэгтэй манай таньдаг эгчийн дэлгүүр байгаа гээд тухайн дэлгүүрээс 2 шил архи, 2 ширхэг ундаа, бэлэн гоймон аваад Думан гэх нэртэй буудлын 4 дүгээр давхрын 1411 тоот өрөөнд орсон. Үл таних 2 хүний нэг нь шардуу арьстай 160-170 см орчим өндөртэй залуу нь архи ерөөсөө уудаггүй гээд архи уугаагүй. Манай хамт явсан 2 найз тасраад би унтахдаа хэтэвчээ гадуур өмссөн хүрэмийнхээ дотор халаасанд хийгээд дэрэн доороо хийгээд унтсан. Тэгээд өглөө манай найз Д  намайг сэрээгээд чи 500.000 төгрөгөөр юу авсан юм гээд эхэлсэн. Р.Д ид ирсэн зарлагын мессежийг үзэхэд 500.000 төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр нэг удаа нийт 700.000 төгрөгний зарлага хийгдсэн байсан. Үл таних казах залуу байхгүй байсан. ...Р.Д ийн карт миний хэтэвчинд байсан би дэрэн доороо хийгээд унтсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

3.1.7. Гэрч Ж.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 01 цагийн үед К.Ж  таньдаг дэлгүүр байгаа гээд дэлгүүрт очиж, дэлгүүрээс 2 шил архи, 2 том ундаа, 1 талх, 1 хиам аваад Думан зочид буудал руу явсан. Думанд ороод архиа задлаад ууж байтал Ховдоос ирсэн машины эзэн тасарсан байсан ба би махлаг залуутай хамт үүрч орж ирсэн. Тухайн үед Х  гэх махлаг бид хоёр ууж байхад К.Ж  гараад явсан хэдэн минутын дараа ирсэн ба тэгээд Ж  манай ахын гэр рүү яваад ирье машиныг гуйгаад авахаар болсон гээд намайг дагуулаад явсан. Тэгээд бид Ховдын 3 залуугийн приус загварын машинаар би жолоо барьж яваад К.Ж ыг ахынхан хашааны гадна буулгасан.

Тэгээд К.Ж  нь Хариер загварын автомашинтай гарч ирсэн ба намайг жолоо солиод жолоодъё гэсэн, тэгээд би Хариерыг унаад Думан буудлын гадна ирэхэд би дотогшоо орж машиныг өгөөд унтлаа гэхэд хамт явъя гээд байхаар нь хамт явсан ба приусыг Думан зочид буудлын машины зогсоолд түлхүүрийг дотор нь хаяад бид 2 нэг дэлгүүр орж 1 шил соёрхол нэртэй 0.5 литр архи, 1 ундаа аваад машин дотор ууж байгаад унтаад өглөө сэрсэн чинь голын эрэг дээр байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104-105 дугаар тал/,

3.1.8. Иргэний нэхэмжлэгч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Яллагдагч К.Ж ыг Говьсүмбэр аймгаас шилжүүлэн авч ирэхэд гарсан 1.992.600 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 214 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Ж ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч К.Ж  нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг  гаргасан болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч К.Ж  нь иргэн Р.Д ийн Хас банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар түүний 50********** тоот данснаас хууль бусаар 700.000 төгрөгийг автомат тооцооны машинаас бэлнээр гарган авч уг мөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

6.2. Хохирогч Р.Д ийн мэдүүлгээс үзэхэд түүний Хас банкан дахь 50********** дугаартай данс бүхий виза картаас 2022 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 05 цагийн үед өөрт нь мэдэгдэхгүй шалтгаанаар 700.000 төгрөгийн зарлага хийгдсэн, энэхүү мөнгийг шүүгдэгч К.Ж  авах талаар амаар болон бичгээр зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.3. Шүүгдэгч К.Ж ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.

6.4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Ж ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Ж ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

8. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

8.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч К.Ж ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Д д 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч К.Ж  нь прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Р.Д ид 700.000 төгрөгийг бэлэн бусаар төлж барагдуулж, замын зардал буюу гэмт хэргийн хор уршиг болох 80.000 төгрөгийг мөн хохирогч Р.Д ид төлж өгөхөө сайн дураараа илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч К.Ж аас гэмт хэргийн хор уршигт 80.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Д ид олгохоор шийдвэрлэв.

8.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал”, 1.4 дэх заалтад “гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарах зардал”, 1.5 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-аас бүрдэхээр хуульчилсан байна.

8.4. Шүүгдэгч К.Ж  нь мөрдөн байцаалтаас оргон зайлсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр прокурорын саналыг үндэслэн шүүхээс яллагдагч К.Ж ыг мөн өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьж, улмаар яллагдагчийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд шилжүүлэн хорихоор шийдвэрлэжээ.

8.5. Иргэний нэхэмжлэгч Б.Ц гаас гаргаж өгсөн нотлох баримт болох үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахуун олгох тухай” баримтаар яллагдагч К.Ж ыг шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймаг руу хуяглан ирүүлэхэд 4.100 км газар явахад 738 литр А-92 загварын шатахуун зарцуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч К.Ж аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.992.600 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт олгож шийдвэрлэв. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх” дүгнэлтийг,

шүүгдэгч К.Ж аас “ял хөнгөрүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Шүүхээс шүүгдэгч К.Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч К.Ж  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч К.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч К.Ж ын цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

2.5. Шүүгдэгч К.Ж ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн зорилтоос үзэхэд “...зарим гэмт хэрэг үйлдсэн... хүнийг эрүүгийн хариуцлагаас... нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилжээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай, “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор яллагдагч К.Ж ын “Баян-Өлгий аймгийн Ө сумын 02 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн М.Нурболын 40-29 УБЧ улсын дугаартай, “Тоёота хариер” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэх эрүүгийн хэргийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч К.Ж ад холбогдох энэхүү эрүүгийн хэргийн дээрх Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй болно. 

2.6. Шүүгдэгч К.Ж аас битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД 3 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Ж ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж ын цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Ж аас гэмт хэргийн хор уршигт 80.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Д ид, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.992.600 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгосугай.  

6. Шүүгдэгч К.Ж аас битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн СД 3 ширхэгийг эрүүгийн 2113000720150 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Ж ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч К.Ж ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ