Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

шүүгдэгч М.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А т холбогдох эрүүгийн 2213002020181 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.А, 1963 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ЖСММ” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 06 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ63050151.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.А  нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ЖСММ” ХХК-ийн байранд иргэн У.Е тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч М.А  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213002020181 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн У.Е аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 04 минутад гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Хохирогч У.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

2.3. Гэрч Х.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч Х.Е ын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

2.6. Яллагдагч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.2. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч М.А  нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ЖСММ” ХХК-ийн байранд иргэн У.Е тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.2.1. Иргэн У.Е аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 04 минутад гаргасан “...М.А  нь миний эрх чөлөөнд халдаж зодсон...” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,

3.2.2. Хохирогч У.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед “ЖСММ” ХХК-д очиж танайхаас авсан төхөөрөмж гацаад гарахгүй гэж хэлсэн. Тэгээд тооцооны төвд сууж байсан Хуантай гэдэг хүн А  гэдэг хүнд энэ төхөөрөмжийг үзэж шалгаж өгнө үү гэж хэлсэн. Тэгээд төхөөрөмжийг А  шалгаж үнэхээр энэ төхөөрөмж ажиллахгүй юм байна гэхээр нь та нар сольж өг эсвэл янзалж өг гээд шаардлага тавьсан боловч биелүүлээгүй. Үүний дараа би А т удаа дараа очиж та нар ямар нэгэн арга хэмжээ авч өг гээд хэлсэн чинь, миний урдаас А  салаавч гаргаж одоо сольж өгөх боломж байхгүй, надаас олж ид гэх мэт зүйл хэлсэн. Тэр үед салаавч гаргаж байхад нь би нэг удаа гар луу нь цохисон чинь намайг зөрүүлж нүүрнээс нударгаар цохиод авсан,

...Надад энэ хэргийн улмаас нийт 1.080.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирлыг М.А  бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

3.2.3. Гэрч Х.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед цайны цагийн дараагаар “ЖСММ” ХХК-ийн кабелийн аппарат авахаар очоод дараалалд зогсож байхад тухайн газарт ажилладаг нүдний шилтэй эрэгтэйтэй тэнд нэг залуу хэрүүл маргаан хийж байгаад ажилтан залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуугийн гарыг барьж аваад дахиж цохих гэж байхад ажилтан нүдний шилтэй залуу түүний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуугийн хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

3.2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай “1. У.Е ын биед баруун ухархай яс, хамрын ясны хугарал, баруун, зүүн зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

3.2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаартай “...М.А ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал,

3.2.6. Яллагдагч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

... Миний бие 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед цайндаа гараад ирсний дараагаар У.Е  гэх настай хүн архи үнэртүүлчихсэн манай зурагт гарахгүй байна гээд манай “ЖСММ” ХХК-ийн аппаратыг барьчихсан ирээд энийг үзээд өг, засах боломжтой юу гэхээр нь би үзээд тэр аппарат нь цаанаасаа үйлдвэрлэлийн гэмтэлтэй юм байна гэдгийг тодорхойлоод таны аппаратыг сольж өгөх хэрэгтэй юм байна гэхдээ манай техникийн ажилтан амралтаа авчихсан байгаа, амралтаас орж ирэхээр нь шинээр солиод өгье гэхэд тэрээр “та нар ажлаа хийхгүй байна, би ч гэсэн холбооны мэдлэгтэй хүн” гээд надтай хэрэлдээд ажлын зааланд зогсоод байсан. Тэгээд бас өөр нэг хүний аппаратыг шалгаад үзэх гэж байхад тэрээр “чи наад хүнийхээ аппаратыг шалгаад болоод байна, минийхийг яагаад болохгүй байгаа юм” гээд хэрүүл хийгээд байхаар нь би түүнийг “та миний ажлыг хийлгээч” гээд түүнийг заалнаас түлхээд гаргах гэж байхад тэрээр миний зүүн хацар руу алгадсан. Тэгэхэд би түүнийг барьж аваад чи одоо яах гээд байгаа юм гээд ахиад намайг цохих гэхээр нь би түүнд цохиулахгүйгээр өөрөө түүний зүүн талын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед түүний хамраас нь цус гарахаар нь би сандраад түүнийг дахиж зодохгүй буцаад ажлын өрөөндөө ороод суучихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.А  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн дүгнэлт гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч М.А  нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “баруун ухархай яс, хамрын ясны хугарал, баруун, зүүн зовхи, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.3. Шүүгдэгч М.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.А , хохирогч У.Е  нарын хоорондын зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч М.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Е ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.А аас хохирогч У.Е ад гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч М.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч М.А ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч М.А ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М.А  нь хохирогч У.Е тай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн саналд яллагдагч М.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч М.А т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч М.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.А  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.6. Энэ хэрэгт шүүгдэгч М.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч М.А ид урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.А  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ