| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2021/0022/З |
| Дугаар | 112/ШШ2021/0026 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 112/ШШ2021/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэн Г.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Л-т холбогдох, тус аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай Г.Быг ажлаас чөлөөлөх тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг буруутай албан албан тушаалтнаас гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Х.Л, гуравдагч этгээд Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Г.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор уг албан тушаалд түр, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор жинхлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон байдаг. 2017 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байдаг. Ажиллаж байх хугацаанд нь Говь-Алтай аймагт орон нутгийн сонгууль болсонтой холбоотой Цээл сумд ардчилсан нам ялсан гэдэг үндэслэлээр анхдугаар хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж, 01 дугаартай тогтоолоор Г.Б-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Тэгэхээр энэ тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож Г.Б-ыг урд эрхэлж байсан ажил буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг буруутай албан тушаалтнаас гаргуулж эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан байгаа. Г.Б-ыг ажлаас халахдаа хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан хориглох зүйл болсон гэж үзэж байгаа. Мөн энэ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх түр чөлөөлөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа учир захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахын өмнө Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Гомдлыг хүлээж аваад Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад буцааж ажилд нь авахыг даалгасан боловч өнөөдрийг хүртэл буцааж ажилд нь аваагүй байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэгт өөрөө үр дүнгийн гэрээ боловсруулаад тэрийг ажил олгогчтой байгуулах үүрэг байдаггүй. Энэ үүрэг нь төрийн жинхэнэ албан хаагчийн ажил олгогчид үр дүнгийн гэрээ байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах тэрийг боловсруулах шаардлага байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж ажил олгогчтой байгуулах үүрэг байдаггүй. Эрхэд нь хуульд заасны дагуу үр дүнг нь үнэлэхийг харьяалах дээд шатны байгууллагаас шаардах, үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэсэн шаардлага байдаг. Тэгэхээс биш ямар гэрээг боловсруулах үүрэг байдаггүй. Ажлыг нь үнэлэхгүй байгаа тохиолдолд төрийн жинхэнэ алба хаагч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа. Тухайн ажлаас чөлөөлсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд орон нутгийн сонгуулиар буюу оноос өмнө 2019 оны сүүлээс томилогдсон байдаг. 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй байдаг. 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүйг өөрөө тайлбартай нь танилцаад гаргаж ирүүлсэн байдаг. Гэхдээ хийсэн ажлын тайланг тухай бүр гаргаад явж байсан. Тайланг иргэдийн Хурлын хуулбар үнэн тэмдэг дараад хавсаргаж өгсөн. Гэтэл нэгэнт 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй тохиолдолд 2020 оны сүүлээр яаж дүгнэх байсан гэдэг нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй зүйлийг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол энэ үүрэг нь ажил олгогчид байдаг учраас энэ нь ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Бараг ажил үүргээ гүйцэтгэхийг нь шаардах эрхгүй болсон нөхцөл байдал харагдаж байна. Мөн урьд нь болж байсан маргаантай асуудлууд дээр Г.Быг буруутгаж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь шүүхийн шат, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шат, сонгуулийн хороотой холбоотой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажил үүрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар юу хэлэлцэгдсэн байдаг гэхээр улс төрийн шалтгаанаар чамайг чөлөөлж байна гэдэг асуудлыг тэргүүлэгчдийн хэд хэдэн хүн дурдсан байдаг. Тэр үндэслэлээр ажлаас чөлөөл гэдэг асуудал тавигдсан байдаг. Тухайн хурал дээр ажил үүрэгтэй холбоотой, ажлын үнэлэлт дүгнэлттэй холбоотой асуудал нэг ч дурдагдаагүй байдаг гэв.
Хариуцагч Х.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар түр томилогдсон тогтоол байдаг. Түүнээс хойш Г.Б-ыг жинхэлсэн хууль ёсны тогтоол байхгүй гэж үзэж байгаа. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тогтоол гаргасан байдаг. Энэ нь орон нутгийн сонгуулийн будилаантай асуудлуудаас болж хууль бус хуралдаан явагдсан. Энэ нь 3 шатны шүүхээр явж ардчилсан намын талд гарсан. Тухайн анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд хүчингүй болсон байдаг. Тэгэхээр Баасанжаргалын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол эрх зүйн чадамжгүй тогтоол байгаа. Мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр асуудлууд шийдэгдсэн учир Баасанжаргалын тогтоол хүчингүй болсон. Г.Б нь 2017 оны 05 дугаар сард төрийн албаны шалгалтад тэнцсэн байдаг. Тэнцсэн талаар аймгийн Төрийн албаны зөвлөлөөс Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллуулахыг зөвшөөрсөн. Гэтэл Баасанжаргал 03 дугаар сарын 29-нд төрийн албан шалгалт өгөөгүй байсан хүнийг жинхэлсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Цээл сумын анхдугаар хуралдаан хүчинтэй хуралдаж би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. 2019 онд Г.Б нь надтай үр дүнгийн гэрээ байгуулсан боловч үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй. 2020 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг хийж батлуулаагүй. Байгууллагын ажлын төлөвлөгөөг хийлгүй 2020 оныг дуусгасан. Энэ асуудал 2021 оны 01 дүгээр сарын 05-нд залуу хүнийг ажлаас нь халуулж яах вэ гэж бодоод төлөвлөгөөг хэлсэн боловч хийгээгүй. Тэгээд харамсалтай нь шүүхэд өгсөн байсан. Байгууллагын гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөө хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй нь Г.Б-ыг ажлаас халах үндэслэл болж байгаа гэж үзэж байгаа. Г.Б-ыг ажлаас халахыг урьдал болгоогүй. Цээл сумын Засаг даргын тамгын газарт байгаа 2 албан тушаал дээр албан тушаалыг бууруулан ажиллуулах талаар сонсох ажиллагаа явуулсан. Сумын иргэний бүртгэлийн ажилтан, нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллах гэдэг санал оруулж сонсох ажиллагаа явуулсан боловч үүнийг Г.Б хүлээн зөвшөөрөөгүй. 2021 оны 01 дүгээр сарын 06-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал хийх болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6 зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажлын албатай байна. Тэргүүлэгчдийн хурлаар хуралдаж нарийн бичгийн даргыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасны дагуу Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь ардчилсан намын гишүүдээс хүсэлт ирүүлсэн байгаа. Намын бүлэг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн хүсэлт гомдлыг үндэслэж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тэргүүлэгчдийн хурал хийсэн. Хэлэлцээд Г.Б-ын ажилд нь үнэлэлт өгөхөд 7 тэргүүлэгчийн 5 хангалтгүй, 2 хангалттай гэж үнэлгээ өгсөн. Хангалтгүй гэсэн үнэлгээ өгч байгаа учир ажлын байран дээр итгэл үзүүлэх талаар санал явуулахад итгэл үзүүлэхгүй гэж 4, итгэл үзүүлнэ гэж 3 хүн санал гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ердийн олонхын саналыг үндэслэж баталгаажуулдаг учир би тогтоол гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Г.Б үндсэн ажлаас гадуур сонгуульт ажлуудад төрийн албан хаагчийн үүргээ хэрэгжүүлэхэд хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа. 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр сонгуулийн хорооны дарга байх үедээ хууль бус Засаг дарга Цанжидын үг удирдлагаар ажиллаж тухайн сумд сонгуулийн хороо байгуулах тухай олон ажлыг хийж байсан. Г.Б үр дүнгийн гэрээ хийгээд авч ирэхэд нь би дүгнээгүй мэт зүйл яриад байна. Энэ хувь хүнээс шалтгаалах асуудал. Би үр дүнгийн гэрээ хий, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөө батлуул гэдэг зүйлийг олон удаа тавьсан гэв.
Гуравдагч этгээд Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр Г.С намайг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04-р сарын 07-ны өдрийн захирамжаар гуравдагч этгээдээр татсан байна. Иймд Г.С би энэ захиргааны хэргийн холбогдох материалуудтай танилцлаа. Г.Б-ын нэхэмжлэлтэй энэ захиргааны хэрэгтэй холбогдуулан, Г.С миний талаас ямар нэгэн тайлбар гаргах шаардлагагүй, өөрт хамааралгүй гэж үзэж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, энэ хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална” гэсэн заалтуудыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Б-ын 2020 оны ажлын гүйцэтгэлд хяналт хийж ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн зөрчил доголдол гаргасан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн байна.
Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлд “ИТХ-ын дарга Х.Л: ...Г.Б-д бид өчигдөр санал хэлсэн өөр ажилд шилжиж ажиллах талаар үүнийг хүлээж авах талаар ямар шийдтэй байна, Тэргүүлэгч Я.Г: ...төлөөлөгчдийн хурал дээр бусад асуудал гэж “Алтайн Хүдэр” компаний талаар хэлэлцэхээр бусад гэж оруулсныг яагаад хасч оруулж ирсэн үүнийг зөрчил гэж үзэж байна ...нийгмийн ажилтан болчихоор яагаад байгаа юм ...үнэнийг хэлэхэд намчирхаж байгаа юм, Тэргүүлэгч Б.Г: ...ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэж байгаа учраас тэргүүлэгч нартай бодлого таарахгүй гэж үзэж байна ...өөр ажилд ор л гэсэн шүү дээ. Итгэхгүй байгаа бол Засаг даргыг дуудаж хэлүүлж болж байна ...чамайг шууд халаад орхихгүй Засаг даргын Тамгын газарт хоёр ч ажлын байр байна, нийгмийн ажилтнаар ажиллаач гэж санал болгож байна ...одоо чамайг халах юм бол аймагт хэн хүнгүй шүүхдэлцээд явахаар бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелдэггүй шүү. Ялаад ч нэмэргүй юм байна лээ, Тэргүүлэгч Л.Н: ...чи яагаад энэ ажил дээр байх гээд байгаа нөгөөдүүл чинь битгий өг гээд байна уу ...ардын намынхан ... шуудхан хэлэхэд намчирхаж байгаа л ухаантай юм. Яг үнэнийг хэлэхэд энэ 4 жил бид нартай битгий зууралд чиний ирээдүйн төлөө хэлж байна, ИТХ-ын дарга Х.Л: ...Г.Б бол бидний саналыг хүлээж авахгүй юм байна. Тэргүүлэгчид Г.Б-той хамтарч ажиллахгүй гэж байна. Тэргүүлэгчид намын бүлэг дотроо нэлээд ярилцаж орж ирсэн байх. Тийм учраас тогтоолын төсөл одоо эндээ бичээд танилцуулъя. Эхлээд Г.Б-той хамтран ажиллах тал дээр зарчмын санал хураая ...Г.Б-д итгэл үзүүлэх тал дээр санал хураахад 2 тэргүүлэгч итгэл үзүүлнэ, 5 төлөөлөгч үзүүлэхгүй гэсэн санал өгөв. Өөр санал гарсангүй. Саналыг таслав” гэж тэмдэглэлд тусгагдсан байна.
Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Г.Б-ын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх талаар хэлэлцээгүй харин Г.Б-ыг ажлаа хүлээлгэн өгөөд өөр ажил албан тушаалд томилох талаар санал болгож, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол орон нутагт нам ялсан тэргүүлэгч нартай үзэл бодол таарахгүй гэх улс төрийн шалтгаанаар итгэл үзүүлэх эсэх талаар санал хурааж, албан тушаалаас нь чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Хариуцагчаас Г.Б-ыг ажлаас чөлөөлөх үндэслэлээ “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын “бусад” гэсэн заалтыг хасаж ...тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийг дур мэдэн өөрчилж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар тогтоож, хурлаар сумын ИТХ-ын болон сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах, сумын 2021 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах тайлагнах хяналт тавих журмын сангаас олгох зээлийн дээд хэмжээг тогтоох зэрэг 8 асуудлыг, 9 дүгээрт нь бусад гэсэн байдлаар нийт 9 асуудлыг хэлэлцэхээр 27 дугаар тогтоол гаргасан байна. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд хэлэлцэхээр баталсан асуудлаа танилцуулж мөн дээр нь зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай, албан татвар ногдуулах тухай гэсэн 2 асуудлыг нэмж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хэлэлцэх асуудлаа батлаад хуралдсан байхад бусад гэсэн асуудлыг хассан гэдэг үндэслэлээр Г.Б-ыг буруутгах үндэслэлгүй юм.
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0554 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гарсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хүчингүй акт гэж үзэхээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль бус хүчингүй гэж тайлбарлах боломжгүй.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 104 хоногийн олговор 6.967,202 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд ирүүлсэн тайлбарт: “...гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөгөө дүгнүүлэхээр бэлдсэн байсан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дүгнээгүй. Бусад ажлын тайлан мэдээгээ цаг тухай бүрт нь дээд шатны байгууллагад явуулж байсан. Миний гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг дүгнэхгүй байсан нь намайг ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлөхөөр төлөвлөсөн...”, Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлд: “ИТХ-ын дарга Х.Л ...гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөний тухайд Цээлд байхгүй төлөвлөгөө боловсруулж батлуулсан. Хуулийн хугацаанд дүгнүүлээгүй. Би ч дүгнээгүй. Энэ алдаагаа бид 2 хүлээн зөвшөөрч байна...”, хариуцагч Х.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Г.Б нь 2019 онд албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж үр дүнгийн гэрээ хийсэн боловч дүгнүүлээгүй, 2020 онд байгууллагын гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөө батлуулсан боловч албан тушаалын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй, үр дүнг нь тооцуулаагүй...” гэсэн тайлбараас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолоор баталсан ““Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 104 хоногийн олговор 6.967,202 /зургаан сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ