Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 123/2023/0045/З |
Дугаар | 221/МА2024/0243 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0243
Л.У-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.У
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа
Хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 123/2023/0045/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.У нь “Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 06 дүгээр тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Л.У ийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1. … Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12-р хуралдаанд Хурлын төлөөлөгч Э.Ө-с хэлэлцэх асуудалд Төв аймгийн Баянчандмань сумын Монгол ардын намын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар албан бичигт тусгасан Л.У ийн асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргасан нь дээрх хуулийн заалтад хамаарч байна. Монгол ардын намын бүлгээс хуралд асуудал оруулах эрхгүй гэж маргадаг боловч иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн гишүүн бүр нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч юм.
3.2. Хэдийгээр хууль болон хуралдааны дэгээр хуралдааны хэлэлцэх асуудлыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг бэлтгэдэг боловч дээрх маргаан нь Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудал тул уг процесс ажиллагааг заавал явуулах шаардлагагүй. Ээлжит 12 дугаар хурал дээр төлөөлөгч Э.Ө хэлсэн байдаг. Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдэхийн тулд хуралдааныг завсарлаад эсхүл 2 хоногийн өмнө шийдвэрийн төслийг тараагаад хэлэлцэх боломжгүй. Учир нь нэгдүгээрт, орон нутагтаа байгаа танил тал гээд нөлөөллийн байдал их ордог учраас төлөөлөгчид өөрсдөө сууж байгаад төлөөлөгчдийн шийдвэрээр хурлын даргыг огцруулах эсэхийг шийддэг, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан үндэслэл хурал дээр яригддаг, хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар бүгд мэдэж байсан.
3.3. Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.У ийг огцруулах тухай” тогтоол нь дотогш чиглэсэн хүчин төгөлдөр захиргааны акт болно. Учир нь Захиргааны акт нь өөрөө гадагшаа болон дотогшоо чиглэсэн 2 хэлбэртэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд хуульчилсан. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр, захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна гээд захиргааны актын талаар дурдсан. Захиргааны ерөнхий хуульд гадагшаа, дотогшоо гэсэн тайлбар байхгүй. Хуулиа өөрсдөө тайлбарлаагүй. Гэхдээ нарийвчлан зохицуулаагүй учраас онолын хувьд тайлбарлана. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг дотогшоо чиглэсэн акт нь бусдын эрх ашгийг хөндөхгүй, зөвхөн дотогшоо чиглэнэ. Хурлын даргыг огцруулж байгаа асуудал нь ажилгүй болгож байгаа гэсэн үг биш. Хурлын даргаас огцроод төлөөлөгчөө л хийнэ. Сонгуульт ажлаа хийх асуудал юм.
3.4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан улс төрийн албан тушаал хэмээн хуульчилсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хангасан нь хуульд нийцээгүй.
3.5. Дээрх үндэслэлүүдээр Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.У ийг огцруулах тухай” тогтоол нь хуулийн үндэслэлтэй тул тус хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” тогтоол нь хүчинтэй гэж үзнэ.
3.6. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Л.У нь Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах” шаардлага гарган маргажээ.
2.1. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.2. Шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.3. Маргаан бүхий Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор “... хуралдаанд оролцсон нийт 19 төлөөлөгчийн 12 буюу 63.15 хувийн саналаар Л.У ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж”, мөн өдрийн 07 дугаартай тогтоолоор “... хуралдаанд оролцсон нийт 19 төлөөлөгчийн 14 буюу 73.68 хувийн санал авсан С.Д-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож” шийдвэрлэсэн байна.
2.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж, Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан хуралдааны дэгийн 2-р зүйлийн 1-д “Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид урьдчилан боловсруулж, Төлөөлөгчдөд хүргүүлсэн байна”, 4-д “Хуралдаанд төлөөлөгч дангаараа буюу хамтран асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал уг асуудлын талаар тодорхой судалгаа, тооцоо...хууль зүйн үндэслэлийг бүрэн хангасан төслийг Хурлын даргад Тэргүүлэгчдийн хуралдаан болохоос 15 хоногийн өмнө мэдүүлж, ... Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Хурлын хороогоор дүгнэлт гаргуулан Хуралдаанд оруулна” гэж тус тус заажээ.
2.5. Дээрх хуулиар болон Хурлын дэгийг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй.
2.6. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.У ийг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээс ажлын 2 өдрийн өмнө энэ талаар мэдэгдээгүй, түүнийг огцруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж танилцуулаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
2.7. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 сарын 12-ны өдрийн А/07 дугаар захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар товлож, тухайн хуралдаанаар “Эд хөрөнгө актлах, шийдвэрлүүлэхээр уламжлах тухай, Хүүхэд бүр цэцэрлэгт аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тогтоон, хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын бэлтгэлийг хангаж, ирүүлэхийг сумын Засаг дарга (Г.А)-д даалгажээ.
2.8. Улмаар тус Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар захирамжаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах” (Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар, зөвлөлийн бүрэлдэхүнийг шинэчлэн байгуулж, журам батлах тухай) асуудлыг хэлэлцэхээр өөрчлөлт оруулсан байна.
2.9. Өөрөөр хэлбэл, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх” асуудлыг оруулаагүй, энэ талаарх холбогдох баримтыг гаргаж танилцуулаагүй, мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа уг асуудлыг шууд оруулсан атлаа нэхэмжлэгч Л.У ийг огцруулахаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
2.10. Түүнчлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг төлөөлөгчдөд танилцуулах, өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр Л.У ийг огцруулсан нь түүний Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, үүнийг Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй.
2.11. Дээрх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль болон хуралдааны дэгээр хуралдааны хэлэлцэх асуудлыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг бэлтгэдэг боловч дээрх маргаан нь Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудал тул уг процесс ажиллагааг заавал явуулах шаардлагагүй … 2 хоногийн өмнө шийдвэрийн төслийг тараагаад хэлэлцэх боломжгүй. Учир нь нөлөөлөл ордог, хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар бүгд мэдэж байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.12. Анхан шатны шүүхийн “... Хурлын даргыг огцруулсан шийдвэр нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан. Хурлыг удирдах эрх бүхий этгээдийн чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн, эрх зүй үр дагавар бий болгож захирамжилсан байдлаар бичгээр гаргасан байх тул маргаан бүхий актыг дотогш чиглэсэн акт гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байх тул энэ талаар гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн аваагүй болно.
2.13. Мөн нэхэмжлэгчийг огцруулсан Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоол, гуравдагч этгээдийг хурлын даргаар сонгосон мөн өдрийн 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон тул Л.У ийг Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаснаар түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээр байна.
2.14. Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдах тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах үндэслэл бүрдсэн эсэх, Төлөөлөгчид энэ саналыг гаргах эрхтэй талаар дүгнэлт хийгээгүй, харин “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаагүй, түүнийг огцруулах ажиллагааг зохих журмын дагуу явуулж, хуульд заасны дагуу шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй.
2.15. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ