| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0391/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 506
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Л даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт З.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Х /С.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 8776856 төгрөг, урамшуулал 300.000 төгрөг бүгд 9.076.856 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч З.М нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхад тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/179 дугаар захирамжаар ажлаас халсан. З.М нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэрээр Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/179 дугаар захирамжийг хүчингүй болгож Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны олговорт 10,103,584 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Х шат шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн З.Мийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/62 дугаар захирамжаар 05 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон. З.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийтдээ ажлын 168 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг аваагүй байна.
З.М нь ажилгүй болохоос өмнө сард 1,097,107 төгрөгийн цалин хөлс авч байсан ба үүнийг ажлын 21 хоногт хуваах юм бол нэг өдөрт 52243 төгрөг гарч байна. Үүнийг ажилгүй байсан ажлын 168 хоногоор тооцвол ажилгүй байсан хугацаанд нийтдээ 8,776,856 төгрөг /168х52243=8776856/-ийн олговор олгох хууль зүйн үндэстэй.
Мөн 2017 оны 12 дугаар сард УИХ-аас шийдвэр гарч төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал 300000 төгрөг олгосон. З.М нь тухайн үед ажлаас үндэслэлгүй халагдсан байсан учир дээрх мөнгийг аваагүй. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон учир уг 300000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал нөхөж авах ёстой.
Иймд энэ нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж З.Мийн ажилгүй байсан хугацааны олговор 8776856 төгрөг, 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгосон үр дүнгийн урамшуулал 300000 төгрөг, бүгд 9076856 төгрөгийг хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж З.М-д олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Х-д холбогдох иргэний хэргийн хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б-т 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:30 цагт хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгч нь өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хариуцагч Баян-Өлгий аймгийн Х нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/179 дугаартай захирамжаар нэхэмжлэгч З.Мийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, түүнийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаартай шийдвэрээр Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 103 584 төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч нь эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор хариуцагч байгууллагын гомдлыг хангахгүй орхиж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0875 дугаартай магадлал, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 120 дугаартай тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 09 дүгээр сарын 14-нээс эхэлж нэхэмжилж байгаа боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаартай шийдвэрээр түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо тухайн шүүхийн шийдвэр гарсан өдрийг оролцуулж тооцсон байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж тооцох нь зүйтэй байна.
Мөн ажил олгогчоос 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/62 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс буюу нэг дэх өдрөөс эхэлж Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгчийн ажилд томилсон өдрийг оролцуулахгүйгээр ажилгүй байсан хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааг тооцоход нийт 7 сар 15 хоног байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг түүний НДД №А000164436 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн ажлаас халагдахаас өмнөх 11, 10, 09 дүгээр сарын цалингийн дундаж болон хавтаст хэрэгт авагдсан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн тодорхойлолт зэргийг үндэслэж нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 1 097 107 төгрөгөөр, мөн ажлын нэг өдрийн хөлсийг 51028 төгрөгөөр тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
(Үүнд: 2017 оны 09 дүгээр сард 1 097 107 төгрөг + 10 дугаар сард 1 097 107 төгрөг + 11 дүгээр сард 1 097 107 төгрөг : 3= 1 097 107 төгрөг нэг сарын дундаж цалин, ажлын нэг өдрийн хөлс нь ( 1 097 107 төгрөг : 21.5 ажлын өдөр )= 51028 төгрөг байна.)
Нэхэмжлэгч З.Мийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаа буюу 7 сар 15 хоног ажилгүй байсан хугацааны олговор 8445169 төгрөг байна.
Үүнд: ( 7 сар х 1 097 107 төгрөг = 7 679 749 төгрөг; 15 хоног х 51028 төгрөг = 765420 төгрөг, бүгд 8 445 169 (7 679 749+ 7 65420 ) төгрөг байх тул уг нэхэмжлэлийн шаардлагаас 331687 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэгч З.М нь 2016 оны 12 дугаар сарын 09-нээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд заасны дагуу авах ёстой 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300 000 төгрөгийг мөн олгогдох ёстой байсан байна.
Харин нэхэмжлэгч З.М-ийн нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Х-аас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 776 856 төгрөг, урамшуулал 300000 төгрөг нийтдээ 9076856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х С.Берикт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гардуулж, 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдөр хариу тайлбар (нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримт)-ыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн боловч тэрээр үүргээ биелүүлээгүй, тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн хэдий боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үндэслэлээр 331687 төгрөг илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 445 169 төгрөг, урамшуулал 300 000 төгрөг нийтдээ 8 745 169 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 331 687 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээ болох 8 745 169 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 154873 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Х-аас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 445 169 төгрөг, урамшуулал 300 000 төгрөг бүгд 8745169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 331687 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160180 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Хас улсын тэмдэгтийн хураамжид 154873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.М-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Л