Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 157/2022/0041/Э |
Дугаар | 2022/ШЦТ/44 |
Огноо | 2022-07-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
2022 07 01 2022/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Э-ийн Ч-д холбогдох 224..........тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн сумын 3 дугаар баг Х- 9-911 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Э-ийн Ч-. /РД:0000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Чнь 2022 оны 05 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Г- 1611 тоотод байрлах Л.П-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй гар барилдан маргалдсаны улмаас заазуураар Б.Т-ийн толгойн дагз хэсэгт гүн зүсэгдсэн шарх, нүүр хүзүүний хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Ч- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй гээд ...бид хоёрын хоорондын маргаан бөгөөд гэмтлийг би учруулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хүний хийж болохгүй зүйлийг хийчихлээ би...” гэв.
Эрүүгийн 224....... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/
2.Хохирогч Б.Т-ийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед Геологийн байранд байх С-ийн гэрт Ч, Ц бид 3 ороход тэдний гэрт Ч, Схоёр сууж байсан. Би ороод буцаж гараад Л.П-эй утсаар яриад тэдний гэрт хамт буцаж ороод тэдний гэрээс П-ийн гэр лүү явсан. Явах замаараа Кантнертай дэлгүүрээс 4 том пиво, 1 шил 0.75 литрийн "Эликс" нэртэй архи аваад гэрт нь ирээд оролгүй гадаа хашаан дотор нь бөөндөө суугаад ууцгаасан. Эхний нэг пиво ууж байхад Цэ, С хоёр явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Ч, П, Ч бид 4 үлдээд уусан. Ууж байхад өдөр 12 цагийн үед Н, Онар ирээд хамт ууцгаасан. Тэгээд гадаа халуун байна гээд Пүрэвсүрэнгийн гэрт орсон. Ер нь л өглөөнөөс хойш Ч ах намайг үгээр идээд л бацаан гээд л байсан. Гэрт ороод намайг гар барилдъя гээд тэгээд надад ялагдаад уурлаад чи олон хүний нүдэн дээр намайг яплаа гээд байсан. Бид хоёр тэгээд муудалцаад гэр дотор зууралдаж аваад шалан дээр өнхөрч байсан. Би бас сүүлдээ нилээн согтоод зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм. Намайг босох гээд газар сууж байхад л араас толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Эргээд харахад Ч ах гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Би тэгээд толгойныхоо ар талаар гараараа тэмтэрч үзэхэд нил цус гараад байсан. Бид хэд тэгээд миний цусыг тогтоох гээд нэг цаг болсон. Сүүлдээ цусаа тогтоогоод би өөрөө цагдаа, эмнэлэг дуудаад яах юм, эндээ учраа олъё гээд байж байхад л гаднаас цагдаа нар ороод ирсэн...Гар барилдаад надад ялагдаад л уурлаад тэгээд л зодолдоод эхэлсэн. Болж байгаа зүйлийг гадарлаад мэдээд л байгаа. Гэхдээ согтолт бол нилээн байсан. Чг зүгээр л муухан таньдаг. Найзалж нөхөрлөж явдаг зүйл байхгүй. Өмнө нь маргалдаж муудалцаж байсан зүйл ч байхгүй. Би толгойндоо 6 оёдол тавиулсан. Одоогоор нилээн олон эм ууж байгаа. Цаашдаа бариачаар бариулах шаардлагатай гэсэн. Би Чинсанаагаас эмчилгээ хийлгэсэн төлбөр болон эм тарианы мөнгө гарсан бүх зардлуудаа нэхэмжилнэ. Хэрвээ надад гарсан бүх зардал эмчилгээний төлбөр мөнгийг өгчихвөл надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
3.Гэрч Б.Оын “...Би Нарлагт найзындаа байж байгаад Н-ын хамт Л.П-ийн гэрт нь 13 цагийн үед очсон. Гэрт нь очиход П, Ч, Т, Ч нар архи болон пиво ууж байсан. Очоод нилээн суугаад бас хамт гадаа хашаанд нь ууцгаасан. Гадаа дулаахан, халуун байсан болохоор гэрт оръё гээд гэрт орцгоосон. Гэрт орсоны дараа Т, Ч хоёр гар барилдаад байсан. Тэгээд тэрнээсээ болоод гадаа гараад маргалдаад байх шиг байсан. Тэгээд манай найз охин 16 цагийн үед ирээд хамт ажил руу нь яваад буцаад орой 18 цагийн үед ирэхэд тэр хэд уух юм нь дуусчихсан хоорондоо маргалдаад зодолдсон юм шиг тэр хавиар нил цус болчихсон байсан. Би ирээд юу болсон талаар асуухад гэрт Чинсанаа, Тэмүүжин хоёр маргалдаад зодолдоод, тэгсэн чинь Ч Т-г доошоо хараад байж байхад нь толгойных нь ард заазуураар цохичихлоо гэж Н, П хоёр надад хэлсэн. Нээг их удаагүй байтал П-ийн ээж цагдаа явуулаад бид нарыг цагдаа руу дагуулаад ирсэн. ...Ямар ч л байсан хоорондоо гар барилдаад л чи яллаа гээд л маргалдаад байх шиг байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/
4.Гэрч Л.П-ийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед ажлаасаа буугаад ирэхэд Т залгаад та С гэх залуугийн гэрт хүрээд ирээч гэсэн. Намайг очиход Ч, С, Ч, Ц нар хамт гэрт байсан. Би гэрт ороод нээх удаагүй манай гэрлүү явахаар болоод бид нар гараад Кантнер дэлгүүр ороод 4 том Сэрүүн нэртэй пиво, 0.75 литрийн "Эликс" нэртэй архи аваад манай гэрт очоод хашаан дотор сууцгаагаад ууцгаасан. Уугаад нээх удаагүй байхад С, Ц нар яваад өгсөн. Манай хашаанд Т, Ч, Ч бид 4 хамт үлдээд үлдсэн архи, пивоо уусан. Өдөр 12 цагийн алдад Н, О нар орж ирээд хамт уусан. Гадаа халуун нартай байна гээд л гэрлүү бүгдээрээ орцгоосон юм. Гэрт ороод ууж байхад гадаа гараад Т, Ч хоёр маргалдаад байсан. Сүүлд гэрт орж ирээд газраар өнхрөөд байх шиг байсан. Тэгээд Ч босож ирээд гал тогооны шүүгээ ухаад байхаар нь би цааш нь түлхээд хутга, шөвөг хайгаад байгаа юм уу гээд заазуураа аваад цааш нь нуух гэж байхад гараас шүүрч аваад Т-ийн толгойны ар хэсэгт зүсчих шиг болсон. Намайг харахад заазуур газар шалан дээр байсан. Би шууд цохьсон уу надаас аваад шидсэн үү гэдгийг нь бас сайн харж чадаагүй. Би бас өөрөө нилээн согтолттой байсан. Тэгээд Ч өөрийнхөө хар өнгийн пудболкоор цусыг нь тогтоох гээд дараад байсан. Ядаж байхад манай гэрт ус байхгүй байсан юм. Тэгж байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн...Гэрт ороод тэр хоёр гар барилдаад Ч нь 2-3 удаа ялагдсан юм. Тэрнээс болоод л чи намайг яллаа гээд л маргалдаад байх шиг байсан...Тэр хоёр ер нь бол нилээн их согтолттой байсан. Юу болж байгааг бараг санахааргүй л харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас /
5.Гэрч Т.-ын “...Би 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Л.П-ийн гэрт О-ын хамт очиход, Т, Ч, Ч нар архи ууж байсан. Тэгээд гэрт нь ороод хамт ууж байхад О найз охин нь ирээд яваад өгсөн. Бид хэд үлдээд ууж байгаад бүгд хоорондоо гар барилдаад сууж байхад Ч, Т хоёр гар барилдаад Тэмүүжинд ялагдчихсан юм. Тэгээд л жоохон маргалдах гээд байсан. Тэгээд гадаа гараад юм ярьж байснаа тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байхаар нь П-г гарч салга гэж хэлсэн. Гайгүй болоод буцаад гэрт орж ирээд байхад Тбас Ч ахыг өдөөд үгээр идээд л байх шиг байсан. Тэгсэн чинь гэрийн зүүн урд талд гал тогооны шүүгээний наад талд зодолдоод байсан. Би ч нилээн уусан маргалдаад байхаар нь нээх ч тоогоогүй. Тэгсэн чинь Ч ах юм хайгаад байгаа бололтой гал тогооны шүүгээ онгойлгоод буцаагаад хаасан. Тэгтэл Пү босоод шүүгээнээсээ заазуур авч байх шиг байсан. Гэтэл Ч ах аваад шууд Т рүү шидчихлээ л гэж харсан. Тэгээд тэр хоёр зууралдаад л нээх удалгүй салаад учраа олоод эвлэрээд байх шиг байсан. Би бас өөрөө нилээн согтолттой байсан болохоор зарим зүйлийг муу санаж байна. Удалгүй толгойноос нь цус гарсан чинь Чинсанаа ах дагуулж гараад савтай усаар угааж өгөөд л цусыг нь тогтоох гээд л байх шиг байсан. Гадаа гараад эвлэрээд цагдаа дуудахгүй гэж ярьж байсан чинь хэн ч цагдаа дуудсан юм гаднаас цагдаа нар орж ирээд удалгүй эмнэлэг ирээд Тэмүүжинг эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас /
6.Гэрч Т.Ч-ийн “...Би тухайн өдөр П-ийн гэрт Т, Ч, С бид хэд очсон. Очоод нилээн их архи ууцгаасан. Сэ уухгүй гээд эрт яваад өгсөн. Бид хэд үлдээд ууж байхад Ч, Т хоёр муудчих гээд л маргалдаад л байсан. Би яг юунаас болоод байгааг нь нээх анзаараагүй. Анх гадаа ууж байгаад П-ийн гэрт нь орсон. Ороод ууж байхад Н, О хоёр орж ирж байсан. Нээг их удаагүй О найз охин дуудаад гээд гараад яваад өсгөн. Тэгээд бид хэд үлдээд ууж байхад Ч, Т хоёр гэрт юм яриад л байх шиг байсан. Тэгээд хоорондоо заамдалцаад л муудаад байх шиг байсан. Би цаана нь Н-ын хамт пиво уугаад сууж байсан. Тэгсэн чинь Тэ миний хажууд ирээд суусан толгойг нь дагаад нил цус болчихсон байсан. Би яасан юм бэ гэхэд Ч заазуураар зүсчихлээ гэсэн. Тэгээд сууж байхад П-ийн ээж нь гаднаас цагдаа нартай яваад ирсэн...Би бол тухайн үед нилээн согтолттой байсан. Тэр маргалдах муудахыг анзаарах сөхөө надад нээг их байгаагүй. Би Ч-г заазуур аваад Т рүү дайраад гэмтэл учруулсаныг бол яг сайн харж чадаагүй. Нэг харахад л миний хажууд Тэмүүжин нил цус болчихсон суухаар нь юу болов оо гэж асуухад Чинсанаа хутгаар миний толгойны ард зүсчихлээ гэсэн. Ямар ч л байсан аягүй их цус хүзүүг нь дагаад урссан байсан...Тухайн үед Ч, Т нар ер нь нилээн их согтолттой байсан. Өглөөнөөс хэрэг гардаг хүртэл 5-6 шил архи бол уусан. Би бол цагдаа дээр ирсэнээ энэ тэр болсон үйл явдлыг бүдэг бадаг л санаад байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/
7.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн:
-Б.Т-ийн биед толгойн дагз хэсгийн гүн зүсэгдсэн шарх, нүүр, хүзүүний хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
-Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Г- 1611 тоотод байрлах Л.П-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Тэ-тэй гар барилдан маргалдсаны улмаас заазуураар Б.Т-ийн толгойн дагз хэсэгт гүн зүсэгдсэн шарх, нүүр хүзүүний хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Э.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээ нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Б-рын Т- /С............/-гийн толгойн дагз хэсэгт гүн зүсэгдсэн шарх, нүүр хүзүүний хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд учирсан.
Хохирогч Б.Т 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би толгойндоо 6 оёдол тавиулсан. Одоогоор нилээн олон эм ууж байгаа. Цаашдаа бариачаар бариулах шаардлагатай гэсэн. Би Ч-аас эмчилгээ хийлгэсэн төлбөр болон эм тарианы мөнгө гарсан бүх зардлуудаа нэхэмжилнэ. Хэрвээ надад гарсан бүх зардал эмчилгээний төлбөр мөнгийг өгчихвөл надад гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн боловч хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байна.
Шүүгдэгч Э.Ч нь хохирогч Б.Т-ийн ХААН банкин дахь 5946523032 тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирол барагдуулж 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулбар болон хохирогч Б.Т-ийн “...С.Ч-аас хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөгийн 950,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэн авсан, 50,000 төгрөгийг бэлнээр авсан, гомдол санал байхгүй.” гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Чинсанаагийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүх шүүгдэгч Э.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, зэвсгийн чанартай зүйл болох заазуураар толгойн дагз хэсэгт гэмтэл учруулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийн одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа, өөр ажилд орохоор бичиг баримтаа өгсөн байгаа гэх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ч-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 27 см урттай бор шаргал өнгийн хуванцар иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ийн Ч-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Э.Ч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Б.Т-д хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 27 см урттай, бор шаргал өнгийн хуванцар иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
7.Шүүгдэгч Э.Ч-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ