Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

     2022       07        01                                            2022/ШЦТ/45

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Хохирогч А.Б

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Очир овогт Сэр-Одын Баярсайханд холбогдох 224........... тоот эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х. аймгийн Б суманд  төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, хамтран амьдрагчийн хамт Х аймгийн Б сумын 3 дугаар баг, 11.. тоотод оршин суух хаягтай, “С” уурхайд засварчин, ээлжийн мастер ажилтай, урьд ял шийтгэл:

 Х аймгийн Б сум дах Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, О овогт С -ын Б. /РД:................../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих  шөнө 02 цагийн үед Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Х -1103 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Б -ыг найзтайгаа хардсаны улмаас сандлаар  толгой хэсэгт нь цохиж, хоолойг нь боож, зүүн гуянд нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож А.Б -ны биед толгойн оройн хэсэг болон зүүн гуяны хэсгүүдэд зөөлөн эдийн няцрал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Б -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

2.Хохирогч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. С.Б хутга аваагүй, зөвхөн сандлаар л цохьсон, өмнө нь миний биед халдаж байгаагүй, би уурандаа тийм мэдүүлэг өгсөн байсан. Одоо бид эвлэрч хамт амьдарч байгаа. Миний биед зөөлөн эдийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан, эмчилгээ хийлгэх шаардлага гараагүй, биеийн байдал сайн байгаа, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Эрүүгийн 224...............дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч А.Б -ы “...Би Баярсайхантай хамт амьдраад 11 cap болж байна. Тухайн орой 21 цагийн үед Н, Б  гэх хоёр залуу манай гэрт ирээд архи уусан. Ирээд манай найз залуу Б-тай архи ууж байхад гаднаас Ж гэх залуу орж ирээд хамт архи ууж байгаад нилээн орой 23 цагийн үед Ж, Н хоёр харилаа гээд яваад өгсөн. Б гэх найз нь согтоод манай гэрт унтаад үлдсэн. Тэр хоёрыг гараад явсаны дараа найзуудтайгаа хардаад намайг нүүрлүү нэг удаа гараараа цохьсон. Би яаж байгаан гэтэл намайг янхан, гичий гээд хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлээд хаалгаа түгжээд гал тогооны шүүгээний хажууд байсан сандлаар миний толгойруу 1-2 удаа цохьсон. Тэгээд миний хоолойг боогоод миний дух хэсэгт 1-2 удаа цохиод бас миний зүүн хөлрүү    1-2 өшиглөсөн. Тэгээд гал тогооны шүүгээнээс хутга авах гэж байгаа юм шиг ухаад байхаар нь очоод болиултал баруун ор луугаа яваад өгөхөөр нь би гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн. Ер нь бол хартай тэгээд л найзуудтайгаа хардаад л намайг тэр орой зодсон. Өөр бол шалтгаан байхгүй. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэд байхгүй... Батзаяа гэх найз нь бүр тасраад унтаж байсан. Ямар ч ухаан байгаагүй. Энэ талаар юу ч мэдээгүй байна лээ...Өмнө нь бол хардаж, гэрээсээ хөөж тууж байсан. Гэхдээ гар хүрч зодож байсан зүйл бол байхгүй. Би одоо буцаад учраа олоод хамт байгаа. Над дээр ээжтэйгээ хамт ирээд уучлалт гуйгаад дахиж тэгэхгүй гээд учраа олсон. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас /

2.Гэрч О.Б-гийн “...Би тэр орой 22 цагийн үед Н-тэй хамт Б-ны гэрт очсон. Тэгтэл Н цалин буусан ганц шил архи авч өгье гаръя гэхээр нь би Б-д хандаж би хувцсаа солиод буцаад яваад ирье гээд салаад явсан. Би гэртээ хариад хувцсаа солиод эргээд ирэхэд Н, Б хоёр нэг шил "Эликс" нэртэй архи уугаад талдаа орж байсан. Би тэр архинаас нь уугаад л нилээн халаад унтаад өгсөн юм. Би өмнөх өдөр нь 24 цаг гараад унтаагүй явж байсан болохоор нам унтсан байна лээ. Намайг сэрэхэд өглөө болж байсан. Гэрт нь Б бид л хоёр байсан. Намайг сэрэхэд Б шөнө эхнэртэйгээ муудаад цагдаа яваад үүрээр ирлээ гэж хэлсэн. Би гайхаад юу болсон юм гэхэд мэдэхгүй согтоод эхнэртэй маргалдсан юм шиг байна гэсэн...Шөнө Б, эхнэр Б-тай маргалдаж муудаж байхыг би сонсоогүй. Бүр нам унтсан байна лээ. Өглөө л надад Б цагдаа яваад ирлээ гээд хэлэхээр нь л мэдсэн...Энэ хоёр хамт амьдраад 1 жил болох гэж байна. Би  байнга гэрт нь ирээд байдаггүй болохоор мэдэхгүй байна. Би Б-тай найзлаад 22 жил болж байна. Манай найз уул нь хүнд их тусч найз нөхдийн дунд нэр хүндтэй мундаг л залуу гэж найзыгаа дүгнэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дүгээр хуудас /

3.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 361 дугаартай шинжээчийн:

-А.Б-ны толгойн оройн хэсэг болон зүүн гуяны хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, хүзүүны хэсгийн зулгаралт, зүүн гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 -Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас / зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02 цагийн үед Х аймгийн сумын 3 дугаар баг Х-1103 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Б-ыг найзтайгаа хардсаны улмаас сандлаар  толгой хэсэгт нь цохиж, хоолойг нь боож, зүүн гуянд нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож А.Б-ы биед толгойн оройн хэсэг болон зүүн гуяны хэсгүүдэд зөөлөн эдийн няцрал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч С.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Б-ыгХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ болон түүний хувийн зан байдал, шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол зэрэг  шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Боржигон овогт А-ийн Б /РД:..../-ы биед толгойн оройн хэсэг болон зүүн гуяны хэсгүүдэд зөөлөн эдийн няцрал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэв.

Иймд хохирогчийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүдийг үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ны  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн ажил эрхэлж буй байдлыг түүний хувийн байдалд хамааруулан үзэж, прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бнь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд 3 хувааж төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон жижиг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

1.Шүүгдэгч О  овогт С -ын Б-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт С -ын Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд гурав хувааж төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон жижиг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

7.Шүүгдэгч С.Б-нд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ