| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0408/И |
| Дугаар | 555 |
| Огноо | 2018-08-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 555
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Л даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт С.Ж нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, Х овогт И.Б-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Ц” хүнсний бөөний дэлгүүрээс зээлээр худалдаж авсан барааны үнээс үлдсэн 1619200 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний “Ц” хүнсний бөөний дэлгүүрээс И.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3119200 төгрөгийн барааг зээлээр авч, үүнээс 2018 оны 02-р сарын 04-ний өдөр 1500000 төгрөгийг төлж, 1619200 төгрөг үлдсэн болно. Гэтэл уг мөнгийг И.Б нь төлж өгөхгүй шаардаж утастахад хэл амаар доромжилсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. И.Б нь 2018 оны 02 дугаар сарын дундуур надаас авсан барааг хураалгасан талаар надад хэлсэн ба би он гарахаас өмнө түүнд уг барааг хүлээлгэн өгсөн байсан. И.Б нь миний дэлгүүрээс зээлээр бараа авахдаа хугацаа нь хэтрээгүй байсан ба хариуцагч тухайн үед барааг өөрөө шалгаж авсан. Пиво нь өөрөө 3 сарын хугацаатай байдаг ба надаас авсан пивог 3-4 сарын дараа хураалгасан гэж байгаа тул би хариуцахгүй. Тэгээд ч уг хураалгасан гэж байгаа 22 ширхэг пивог хурааж авсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байгаа тул хариуцагчийн пивогийн үнэ гэж 153600 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрөхгүй тул И.Бээс зээлээр авсан бараанаас үлдсэн 1619200 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.
Хариуцагч И.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн надаас нэхэмжилсэн 1619200 төгрөгнөөс 22 ширхэг пивогийн үнэ 153600 төгрөгийг хасаж үлдсэн 1465600 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Учир нь, нэхэмжлэгч С.Ж-ын бөөний дэлгүүрээс худалдаж авсан архи, пивоноос тус Ногооннуур сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нар миний “А” нэртэй дэлгүүрээс 2018 оны 02-р сарын 07-ны өдөр нэр бүхий 22 ширхэг пиво хугацаа хэтэрсэн, дууссан гэх үндэслэлээр хурааж авсан ба уг пивогийн үнэ 153600 төгрөг ба мөн надад 100000 төгрөгийн торгууль тавьж торгосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үний дүнгээс хугацаа хэтэрсэн 22 ширхэг пивогийн үнэ 153600 төгрөгиййг хасаж, үлдсэн 1465600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч С.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд эрүүл мэндийн байдлаас болж оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж-аас хариуцагч И.Б-д холбогдуулан “Ц” хүнсний бөөний дэлгүүрээс зээлээр авсан барааны үнээс үлдсэн 1619200 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хугацаа хэтэрсэн барааны үнийг хасаж тооцож үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч С.Ж-ын “Ц” хүнсний бөөний дэлгүүрээс хариуцагч И.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.119.200 төгрөгийн барааг зээлээр худалдаж авч, үүнээс 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг төлж, 1619200 (3119200-1500000) төгрөг үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гарын баримт, зохигч нарын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан талуудын бичсэн гарын баримт болон зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 153000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгчээс зээлээр авсан бараанаас 22 ширхэг пиво нь хугацаа хэтэрсэн бараа гэж тус сумын цагдаагийн газраас хурааж авсан тул уг доголдолтой эд хөрөнгийн үнэ болох 153000 төгрөгийг нийт төлөх 1619200 төгрөгөөс хасаж тооцож үлдсэн 1465600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Гэвч хариуцагч И.Б нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөн зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар заасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй ба хариуцагч И.Б нь зээлээр авсан бараагаа өмчлөх эрхийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан байна.
Хариуцагч И.Б нь худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гарсан зардлаа нөхөн төлүүлэх, гэрээ цуцлах тухай шаардлага гаргах эрх нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан байх ба энэ хугацаанд хариуцагч И.Б тус шүүхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн дэлгүүрээс авсан гэх 22 ширхэг пиво нь хугацаа хэтэрснийг, уг пивог хугацаа хэтэрсэн гэж эрх бүхий байгууллагаас хураасан болон устгасан талаарх эрхийн акт буюу бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба түүний нотлох баримтаар гаргаж өгсөн 3 ширхэг фото зураг маргаан бүхий 22 ширхэг пиво нь хугацаа хэтэрсэн болохыг нотлохгүй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагчийн татгалзлын үндэслэл баримтад тулгуурлаагүй тул худалдагдсан бараа эд хөрөнгийн болон эрхийн зөрчилтэй эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн маргаан бүхий 22 ширхэг пивогийн үнэ 153000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үний дүнгээс хасаж тооцож өгөхийг хүссэн тухай тайлбарыг нь хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч И.Б-ээс зээлээр авсан барааны үнээс үлдсэн 1619200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х овогт И.Б-ээс зээлээр авсан барааны үнээс үлдсэн 1619200 /нэг сая зургаан зуун арван есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 40900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Жад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А. Л