| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0459/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2018-08-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 554
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.ЖЛ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Улсын бүртгэлийн дугаар 00000000000, РД:123456 дугаартай С банкны Баян-Өлгий салбар /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Б.Н-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 324706 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25621 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5060 төгрөг, бүгд 355387 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Н нь Баян-Өлгий С банкы салбарын харьяа Өлгий тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 3228031 төгрөг дээр нэмж 319000 төгрөг, нийт 3547031 төгрөгийг 16 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлээр авсан. Эдгээр зээлийг журмын дагуу төлж байгаад 2017 оны 09 сараас эхлэн санхүүжилт нь зогсож, мөн оны 10 дугаар сард 3,547,034 төгрөгийн зээлээс 324,706 төгрөг үлдсэн. Зээлдэгч Б.Н нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг барьцаалсан боловч санхүүжилт зогссоны улмаас зээлээ хугацаанд төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. 2017 оны 9 дүгээр сарын зээл хийгдсэн, харин 10 дугаар сар буюу нэг сарын төлөөгүй зээл 250876 төгрөг байгаа. Түүний хүү 25621 төгрөг хүү нэмэгдсэн. Энэ нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сар хүртэлх хүү байгаа. Хариуцагч жилийн 18 хувиар 16 сарын хугацаатай зээл авсан. Нэг сард 3763 төгрөг байх ба 7 сарын хүү 25621 төгрөг болж байгаа. Үүнд хугацаа хэтрүүлсэн 1 хоногийг 20 хувиар тооцоход 5060 төгрөг болж байна.
Иймд зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 324706 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25261 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5060 төгрөг, нийт 355387 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбараас хариуцагч Б.Н-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 324706 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25621 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5060 төгрөг, бүгд 355387 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Учир нь, зээлдэгч Б.Н нь С банкны Баян-Өлгий салбарын харьяа Өлгий тооцооны төвөөс тэжээгч алдсаны тэтгэврийг барьцаалан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 3.228.031 төгрөг дээр нэмж 319000 төгрөг нийт 3547031 төгрөгийг 16 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, түүний тэтгэврийн зээлийн өргөдөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэвч зээлдэгч Б.Н нь С банкны Баян-Өлгий салбарын харьяа Өлгий тооцооны төвтэй байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.1 дэх хэсэгт зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон байх ба хариуцагч Б.Н зээл авсан 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дараа сарын буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуваарийн дагуу төлөх 250878 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч зээлийн гэрээнд заасан зээл төлөх үүргээ зөрчсөн байжээ.
Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний 6.2-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан ба хариуцагчаас тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн хувиараас хамгийн сүүлийн буюу 2017 оны 10 дугаар сарын төлбөр 250878 төгрөгийг төлөөгүй байх тул тэрээр гэрээний 1.3.3-т “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаандаа зээлийн хүүг төлнө” гэж заасан үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч Б.Н нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж ирсэн хэдий боловч зээлийн хуваарийн сүүлийн нэг сарыг төлөөгүй 253 хоног хугацаа хэтэрч гэрээнд заасан зээл төлөх үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгч талын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
( Жич: 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 253 хоног хугацаа хэтэрсэн )
Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нар гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбар нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй боловч хариуцагч Б.Н 2017 оны 10 дугаар сард тус банкинд төлөх зээлийн хэмжээ нь 250878 төгрөг байхад нэхэмжлэгч байгууллагаас 73828 (324706-250878 ) төгрөгийг хариуцагчаас илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Б.Н-аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 355387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Над 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хариу тайлбар (нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримт)-ыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн боловч тэрээр үүргээ биелүүлээгүй, тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн хэдий боловч нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үндэслэлээр 73828 төгрөгийг үндсэн зээлээс илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Н-аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 281559 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 73828 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т овогт Б.Н-аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүгд 281559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 73828 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 9097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Л