Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

     2022       07        21                                             2022/ШЦТ/48

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч С.Т /Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимаас цахимаар/ нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт С-ийн Т-нд холбогдох 2239000000239 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 16-ны өдөр Х аймгийн Д суманд  төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг, Б 4 дүгээр баг Ц байр 1-17 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл:

 Хэнтий аймгийн Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн .00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнб шүүхийн 2022 оны 04 дүгээр 25-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ийн Т. /РД:...../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Тнь 2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Д сумын Б 4 дүгээр багийн нутагт байх “Тоонот төгөл” гэх нарсан ойд Б.Э-той ямааны ноолуурны гарцнаас болж болж маргалдаж, улмаар түүний зүүн чих рүү модоор цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний омог орчмын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч С.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 223......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 тал/

2.Хохирогч Б.Э-гийн “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би сумын төвд гэртээ байж байтал манай найз Э утсаар намайг дуудсан юм. Тэгэхэд орой 22 цаг 30 минут болж байсан. Би найз Б-ийн хамт явж очсон. Намайг очиход сумын төвийн хойд талын нарсан дотор архи ууцгааж байсан. О, Тн, М, Энар байсан. Энэ хэд пиво ууж байсан. Тэгээд бид хэд нийлээд юм ярьж суугаад 2 том пиво уусан. Тэгээд цаг орой болсон тул би харьж амрах гээд байж байтал М надтай маргалдаад байсан. Би М явлаа гээд цааш түлхтэл хажуу талаас М-ийн найз Т  намайг модны том үндэс модоор зүүн чих рүү цохисон. Тэгээд судас таараад их хэмжээний цус гарсан. Тэр үед Т намайг дахиад зодно гээд хөөгөөд байсан. Би цус их гарсан болохоор шууд явган эмнэлэг рүү зугтаасан. Тэр үед манай найз Болдоо машин дотор унтаж байсан. Би эмнэлэг дээр очоод цусаа тогтоолгоод 1 оёдол тавиулсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10, 26-28 дугаар хуудас/

3.Гэрч Н.Б-ын ...2022 оны 05 дугаар сарын 02-ны орой би өөрийн найз Э-ой хамт байж байхад найз нь гээд залуу утсаар дуудсан. Бид хоёр явж очиход тэр залуучууд сумын төвийн хойд модонд сууж байсан. Э очоод буугаад тэр хэдтэй гадаа юм ярьж байсан. Би машин дотор унтаад өгсөн. Нэг мэдэхэд муудалцаад байх шиг байсан. Гараад харахад Э байхгүй байсан. Тэгээд удалгүй тэр залуучууд яваад өгсөн. Удалгүй Эрзориг эмнэлгээс ирсэн. Араас нь цагдаа нар ирсэн. Тэгээд юу болсоныг Э-с асуухад Т-тэй муудалцаад Т-д чихрүүгээ модоор цохиулчихлаа гэсэн. Цохьсон модыг харахад том модны үндэс байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас /

4.Гэрч Б.Э-ийн ...2022 оны 05 дугаар сарын 02-ны орой би өөрийн найз болон зарим ах нартайгаа сумын төвийн хойд талын модонд архи уусан. Тэгэхэд Э, О, Э ах, Б, Т нар байсан. Э, Б хоёр сүүлд ирсэн. Бид нар архи уугаад байж байгаад ноолууран дээрээс болоод муудалцсан. Э ах манай эндэхийн нэг ямаанаас 300 грамм ноолуур гардаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дундговьд нэг ямаанаас 2.5 хил ноолуур гардаг гэж хэлсэн. Тэгтэл Э ах итгэхгүй уурлаж эхэлсэн. Т бид хоёр нийлээд 2.5 хил ноолуур гардаг гээд Э ахруу дайраад байсан болохоор Э ах бид хоёрлуу худлаа яриад байгаач гээд уурлаж байсан. Тэгээд би ойрхон бие засчихаад ирэхэд Эах байхгүй болчихсон байсан. Тэгээд би Э хаачив гээд асуусан чинь бид хоёр муудалцаад цаадах чинь яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би өглөө Э ахтай уулзахад зүүн чихнийхээ хажууд оёдол тавиулсан байсан. Тэ өчигдөр орой намайг модны үндсээр цохьсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас /

5.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 351 дугаартай шинжээчийн:

1.Б.Э-ийн биед зүүн чихний омог орчмын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч С.Тэ-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Дсумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутагт байх “Тоонот төгөл” гэх нарсан ойд Б.Э-той ямааны ноолуурны гарцнаас болж болж маргалдаж, улмаар түүний зүүн чих рүү модоор цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний омог орчмын язарсан шарх бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Т-гХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ болон түүний хувийн зан байдал зэрэг  шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц овогт Б-ийн Э /РД:.............1/-ийн биед зүүн чихний омог орчмын язарсан шарх бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад“...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.

Иймд хохирогчийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Т-гийн  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүх шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед зүүн чихний омог орчмын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч С.Т нь урьд хоёр удаагийн ял шийтгүүлсэн боловч засарч хүмүүжээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг түүний хувийн байдалд хамааруулан, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Тэ-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Х аймгийн  Д сумын төвөөс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Т-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 45 см урттай, 20 см өргөнтэй модны үндэс /үмхэрсэн мод/ нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:   

 

  1.Шүүгдэгч Б овогт С-ийн Т-нг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-ийн Тэ-нд өөрийн оршин суух газар болох Х аймгийн  Д сумын төвөөс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Т-нд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Т-нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

5.Шүүгдэгч С.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 45 см урттай, 20 см өргөнтэй модны үндэс /үмхэрсэн мод/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

7.Шүүгдэгч С.Т-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ