| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2018/0319/И |
| Дугаар | 571 |
| Огноо | 2018-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 571
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Л даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, М овогт Х.А,
Хамтран нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, М овогт А.Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт К.М,
Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт М.М нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч К.М, түүний өмгөөлөгч К.Е, хамтран хариуцагч М.М, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багийн нутаг дэвсгэрт байрлалтай 504 м2 газар болон уг газарт блокоор барьсан 8х4 хэмжээтэй буюу 32 м2 байшингийн (хаалга, цонхгүй) шударга эзэмшигчээр А.Ж мөн болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон байшинг чөлөөлүүлж, хариуцагч нарыг албадан нүүлгэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү А.Ж нь Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр болох 18-р Хүүхдийн цэцэрлэгийн хажууд байршилтай, С.Х хууль ёсны эзэмшилд байгаа 504 м2 газрыг түүний зөвшөөрлөөр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний дагуу өвлийн байшин барих зорилгоор 2016 оны 10 дугаар сард 1000000 төгрөгөөр худалдаж авсан. Бид газрын үнээс 700.000 төгрөгийг бэлэн өгч, 300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Манай хүү тухайн газарт байшин барих гээд К.М-аас байшингийн материал авахад 1.6650.000 төгрөг гарсан. Тухайн газрын гэрчилгээг К.М-д барьцаанд тавьж тухайн газрын үлдэгдэл үнэ болох 300.000 төгрөгийг авч өгсөн. Нийт 1.965.000 төгрөг болсон.
Байшинг барьж дуусгасны дараа мөнгөний бололцоогүй байдлаас болж К.М-аас зээлээр авсан барилгын материалын үнэ 1950000 төгрөгийг төлж чадаагүй байтал К.М нь зээлийн барьцаанд тухайн газрын гэрчилгээг барьцаалахыг шаардсан тул газрын гэрчилгээг барьцаанд өгсөн. Энэ онд К.М-аас зээлээр худалдан авсан барилгын материалын үнэ өртөг болох 1950000 төгрөгийг буцаан өгч, барьцаанд тавьсан газрын гэрчилгээг авах гэтэл гэрчилгээг өгөлгүй, миний хүүгийн барьсан байшингийн хамт М.М гэдэг хүнд худалдчихсан, тэр хүн миний хүүгийн байшинг хууль бусаар эзэмшин авч, засвар хийж байсныг мэдсэн. Уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид ядуу хүн тул К.Маас тухайн газарт байшин барих зорилгоор барилгын материал үнэ болон зээлдэж авсан 300000 төгрөгийн үнийг төлж өгч чадаагүй байсан. Одоо К.М-д өгөх мөнгө бэлэн байгаа. А.Ж хашаа байшингүй, 2 хүүхэдтэй 504 м.кв газрыг С.Х-аас миний хүү А.Ж худалдаж авсан. Иймд К.М-ы мөнгийг нь төлөөд газрыг хүү А.Ж-ийн нэр дээр буулгаж байшингийн шударга эзэмшигчээр тогтоолгож, хариуцагч нарыг албадан нүүлгэх хүсэлттэй байгаа гэжээ.
Хамтран хариуцагч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Ж миний бие Өлгий сумын 13 дугаар багт байршилтай, иргэн Ханатханы эзэмшилд байсан 504 м2 газрыг, газар эзэмшигч Ханатханаас 1 сая төгрөгөөр худалдан авсан, тухайн газарт 32 м2 талбай бүхий байшинг А.Ж би өөрөө барьж босгосон, уг байшинг барихад зориулж К.Маас барилгын материалыг зээлээр худалдаж авсан.
Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 32 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох нэг өрөө байшингийн хууль ёсны эзэмшигч А.Ж би бөгөөд эцэг Х.А нь К.М-ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, А.Ж миний эзэмшилд авч өгөх үүднээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн хэргийг шалгах явцад газар эзэмшигч С.Х түүний эхнэр Х.А нараас үнэ өртгийг өгч худалдан авсан 504 м2 газрыг хариуцагч К.М нь өөрийн дүү М.Мийн эзэмшилд хууль бусаар шилжүүлсэн болох нь хариуцагч К.Мы нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн газар эзэмших эрхийн, нэгж талбарын 8312007561 тоот дугаартай, 000684816 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр батлагдаж байна. Тус шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр миний эцэг Х.А-ын гаргасан нэхэмжлэлдээ Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 32 м2 талбай бүхий байшингийн хууль ёсны өмчлөгч Х.А болохыг тогтоож гэснийг өөрчилж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багийн нутаг дэвсгэрт байрлалтай С.Х-аас худалдан авсан 504 м2 газар болон уг газарт баригдсан 32 м2 талбайтай байшингийн шударга эзэмшигчээр А.Ж мөн болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон байшинг чөлөөлүүлж, хариуцагч нарыг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч К.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А.Ж, А.Д гэх ах дүү хоёр залуу ирж байшин барих гэхээр одоогоор бэлэн мөнгө байхгүй тул зээлээр банз, нуруу мод, шургаа зэрэг материалууд өгөхийг хүсэж мөнгийг нь 1 сарын дотор буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл өгөхөөр тохиролцон хэд хэдэн удаагийн давтамжтайгаар 1210000 төгрөгийн үнэ бүхий материал авсан.. Тухайн газарт баригдсан байшингийн материалыг надаас авсан. Гэрчилгээг нэхэмжлэгч нар надад авчирч өгөхдөө газар дээр байшин бариад өөр хүнд худалдаад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн тул би байшин барихад нь тусалж барилгын материал өгсөн. Уг байшингийн блок минийх биш. Зөвхөн модон материал, цемент, дээврийн материалыг надаас авсан. Би Х.А, А.Ж нар С.Х-д хэдэн төгрөг өгч, хэдэн төгрөгөөр тус газрыг худалдаж авсан талаар мэдэхгүй. Гэхдээ Х.А, А.Ж нар С.Х-ны эхнэрийг дагуулж ирэхэд “мөнгийг нь та өгнө, гэрчилгээг нь тэр хүн өгнө” гэж хэлсэн. Би тухайн үед мөнгөтэй байсан. Би хэдэн төгрөг өгөх бэ гэж асуухад 300.000 төгрөг гэж хэлсэн. Би 300,000 төгрөгийг өгөхөд С.Х-ны эхнэр гэрчилгээг хэнд өгөх бэ гэхэд Х.А нар надад өгүүлсэн. Харин С.Х гэдэг хүн М.Мийн нэр дээр тус газрыг шилжүүлж өгсөн. Би нэхэмжлэгч талд тусалснаас өөр буруу зүйл байхгүй. Хоёр жилийн хугацаанд нэхэмжлэгч тал надад мөнгө өгөхгүй чирэгдүүлсэн. Шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Би гэрчилгээг барьцаанд авсан. С.Х гэдэг хүн газрыг өөр хүний нэр дээр шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр К.М гэдэг хүн надад “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт нэг газар байна, 2 жил болж байна, ямар ч мөнгө төгрөгийг нь төлөөгүй” гэхээр нь бид тухайн газрыг очиж үзэж авсан. Гэрчилгээг надад үлдээгээд явсан гэж хэлсэн. Тухайн газар С.Х гэх хүний нэр дээр байдаг ба тухайн хүн гаальд ажилладаг байсан. Бид сураглаж байхад 04 дүгээр сарын 04-ны өдөр С.Х аймгийн төвд ирсэн. 04 дүгээр сарын 05-ны өдөр С.Хтай очиж уулзаж нотариатаар баталгаажуулж, тухайн газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тухайн өдөр бүх бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлж, мөнгийг нь төлсөн. Тухайн газрыг 2011 онд өмчилж авсан байсан. Гарсан мөнгийг бид 2 хувааж төлсөн. С.Х-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний нэр дээр газрын гэрчилгээ гарсан. Газрын гэрчилгээний төлбөр болох 83.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг нь С.Х төлсөн ба үлдсэн мөнгийг би төлсөн. Уг мөнгө болон бусад гарсан зардлыг би төлсөн ба баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Би гэрчилгээ аваад газар дээр очиж харахад 6х4 хэмжээтэй хаалга, цонхгүй байшин баригдсан байсан. Байшинд хэмжилт хийлгэсэн. Бид нар хууль ёсны дагуу газраа өөрийнхөө нэр дээр буулгаж авсан тул тус байшинд хаалга, цонх хийлгэсэн. Цахилгаан татуулах мөнгийг нь төлсөн. Кадастрын зурагт 40.000 төгрөг төлсөн. Газрын албаны кадастр хийдэг хүнийг дагуулж очсон. Мөн хашаа татах төмөр, модыг худалдаж авсан. Хууль бусаар тухайн газрыг аваагүй учир тухайн газарт байшин барих гээд материалыг нь бэлдсэн байсан. 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж уг байшинг янзлаад очно гэж байхад эгч маань над руу залгаж “тухайн газарт нүүж очихгүй байж байгаарай, Х.Аын газар ба маргаан гаргаж байгаа тул нүүж очихгүй байж байгаарай” гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн зүйл хийгээгүй. Худалдаж авсан материалууд хэрэглэгдээгүй байгаа. Би уг газрыг С.Х гэх хүнээс хуулийн дагуу авсан тул өөрийнхөө эзэмшилд авмаар байна. Би Х.А гэдэг хүнийг танихгүй. Х.А 2-3 жилийн өмнө газрыг авсан бол тухайн газрыг хүүхдийнхээ болон өөрийнхөө нэр дээр яагаад шилжүүлж авдаггүй юм вэ гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар хариуцагч К.М, хамтран хариуцагч М.М нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багийн нутаг дэвсгэрт байрлалтай 504 м2 газар болон уг газарт блокоор барьсан 8х4 хэмжээтэй буюу 32 м2 (хаалга, цонхгүй) байшингийн шударга эзэмшигчээр А.Ж мөн болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон байшинг чөлөөлүүлж, хариуцагч нарыг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хамтран нэхэмжлэгч А.Ж-ийн хамтран хариуцагч М.М-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.А, хамтран нэхэмжлэгч А.Ж нарын хариуцагч К.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, хамтран нэхэмжлэгч А.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багийн нутаг дэвсгэрт байрлалтай 504 м2 газрын эзэмшигч С.Хаас тухайн газрыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар амаар гэрээ байгуулж, 700.000 төгрөгийг бэлэн өгч, 300.000 төгрөг үлдсэн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар гэрч С.Х, Х.А нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Уг газрын үнээс үлдсэн 300.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч К.М-аас зээлдэж авч оронд нь тухайн маргаан бүхий иргэн С.Хы нэр дээр байгаа газар эзэмших гэрчилгээг түүнд түр барьцаанд тавьж мөн тухайн газарт барьсан блокон буюу 8х4 хэмжээтэй 32 м2 байшингийн дээврийн нуруу мод болон бусад хэрэглэх материалыг зээлээр авсан нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, С.Х, Х.А нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг үйл баримтаар тогтоогдсон.
Гэтэл хариуцагч К.М нь хамтран нэхэмжлэгчийн газрын үнээс үлдсэн 300.000 төгрөгийн оронд барьцаанд тавьсан газар эзэмшигч С.Хы эзэмшил дээр байгаа газрыг, газрын үнийг би төлсөн гэж хууран мэхэлж тухайн маргаан бүхий газрыг хадам дүү нь болох М.Мийн нэр дээр шилжүүлэг хийлгэж, газар эзэмших эрхийг М.М-т олгосон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэр бүл хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч эрхийн 000684816 дугаартай гэрчилгээ, С.Х, Х.А нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч нарын тайлбараар нотлогдон тогтоогджээ.
Нэхэмжлэгч А.Ж-ээс С.Х-ны нэр дээр байгаа газар эзэмших гэрчилгээг К.Мд байлгаж барьцаалахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахдаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр” заасныг зөрчиж байгаа боловч хамтран нэхэмжлэгчээс уг газар эзэмших гэрчилгээг хариуцагч К.Мы эзэмшилд түр байлгасан нь тухайн маргаан бүхий газрын, газар эзэмшигч К.М гэж үзэхгүй бөгөөд газар эзэмшигч С.Х-тай газар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээнд заасан газрын үнийг төлсөн мөн тухайн газартаа К.М-аас дээврийн мод болон бусад материалыг зээлдэж авч блокон 32 м2 хэмжээтэй ( хаалга, цонхгүй ) байшин барьсан хүн нь хамтран нэхэмжлэгч А.Ж байх ба тэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч байна гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр хамтран хариуцагч М.М нь уг маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар газар эзэмшигч С.Х-ны зөвшөөрлөөр шилжүүлж авч байгаа боловч газар эзэмшигч С.Х-тай газрын үнийг төлөөгүй, тухайн маргаан бүхий газар нь К.М-д барьцаанд байсныг мэдэж байсан ба тэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж шүүх үзлээ.
Харин К.М нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар тухайн маргаан бүхий газрын, газар эзэмших гэрчилгээг өөрийн мэдэлд түр байлгаж байгаа болохоос тэрээр эзэмшигч биш бөгөөд хамтран нэхэмжлэгчид зээлдүүлсэн 300000 төгрөг болон барилгын материалын үнийг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад дур мэдэн газрын үнийг би төлсөн гэж газар эзэмшигчийг хууран мэхэлж маргаан бүхий газрыг өөрийнхөө хамаатан буюу хадам дүү нь болох М.М-ийн нэр дээр шилжүүлэг хийлгэсэн үйлдэл нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд хамтран нэхэмжлэгч А.Ж хариуцагч К.Маас зээлдэж авсан мөнгө болон барилгын материалын үнийн оронд түр өөрийн мэдэлд байлгаж байгаа С.Х-ны нэр дээрх газар эзэмших гэрчилгээтэй газрыг хамтран хариуцагч М.М-ийн хууль бус эзэмшилд шилүүлж өгсөн байх ба М.М нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар уг газрыг шударга эзэмшигчид буцааж өгөх үүрэгтэй бөгөөд харин хамтран нэхэмжлэгч А.Ж нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар газар болон уг газарт барьсан байшингаа хамтран хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардаж авах эрхтэй байна.
Хариуцагч нараас тухайн маргаан бүхий газарт баригдсан блокон байшингийн хэмжээ нь 6х4 хэмжээтэй байсан гэж маргаж байгаа боловч уг блокон байшингийн хэмжээ нь 8х4 хэмжээтэй болох нь тухайн маргаан бүхий байшингийн фото зураг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын зурагт барилгын хэмжээг хэмжсэн хэмжилтээр нотлогдлоо.
Иймд дээрх үндэслэлээр хамтран нэхэмжлэгч А.Ж-ийн хамтран хариуцагч М.Мт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багийн нутаг дэвсгэрт байрлалтай 504 м2 газар болон уг газарт блокоор барьсан 8х4 хэмжээтэй буюу 32 м2 (хаалга, цонхгүй) байшингийн шударга эзэмшигчээр А.Ж мөн болохыг тогтоож, хариуцагч М.М-ийн хууль бус эзэмшилээс уг газар болон блокон байшинг чөлөөлүүлж, хариуцагч М.М-ийн албадан нүүлгэж, нэхэмжлэгч Х.А, хамтран нэхэмжлэгч А.Ж нарын хариуцагч К.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч Х.А-аас хариуцагч К.М-д холбогдуулан байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлүүлж ирүүлсний дараа нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ихэсгэж маргаан бүхий газар болон 32 м2 байшингийн шударга эзэмшигчээр А.Ж мөн болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч нарыг албадан чөлөөлүүлэх тухай хоёр төрлийн шаардлага гаргасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг төлөх бөгөөд нэхэмжлэгчээс хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлагад нийт 140400 төгрөг төлөх ёстойгоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлж, 70200 төгрөгийг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 504 м2 газар болон уг газарт блокоор барьсан 8х4 хэмжээтэй буюу 32 м2 (хаалга, цонхгүй) байшингийн шударга эзэмшигч А.Ж мөн болохыг тогтоож, уг газар болон байшинг хариуцагч М.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэж, нэхэмжлэгч Х.А, хамтран нэхэмжлэгч А.Ж нарын хариуцагч К.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А. Л