Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

     2022        07         29                                             2022/ШЦТ/51

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-эрдэнэ

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б

Шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ж.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт -ийн З-т холбогдох 2239.........тоот эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоож шилжүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 12-ны өдөр Х аймгийн Өсуманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт, Х аймгийн Ж сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэгт оршин хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл:

-2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

-2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх, Б овогт Ц-ийн З- /РД: 000000000/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.З нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд Х аймгийн Ж сумын 5 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төвийн урд Л.Н-ыг өрөө төл гэх шалтгаанаар толгой хэсэгт нь алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, Л.Н-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөлийн тойг ясны мултрал, өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн чих, эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ц.З- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өглөө Нармандах ахтай  тааралдаад маргалдаад алгадсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 1500,000 төгрөг, нэг ямааны хамт өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Эрүүгийн 2223................дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/

2.Хохирогч Л.Н-ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ойролцоогоор 09 цагийн үед Ж- сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу сумын төв дээр эрүүл мэндийн төвийн урд талд явж байгаад сумынхаа З-гэх залуутай тааралдсан, тухайн үед би явган явж байсан бөгөөд харин Зоригтбаатар нь мотоцикльтой явж байсан, тэгээд З- нь надтай тааралдаад надад хандан та надад өрөө өгөхгүй юм уу гэж хэлсэн, тэгэхээр нь би өгнө гэж хэлэхэд Зоригтбаатар нь шууд миний нүүрэн хэсэгт буюу зүүн чихний орчимд маань нэг удаа гараараа цохиж, баруун хөлийн өвдөг, тойгны орчим руу маань нэг удаа хөлөөрөө өшиглөн зодож цохьчихоод мотоциклоо унаад яваад өгсөн...Тухайн үед З нь надаас өрөө нэхсэн, тэгэхээр нь би өгнө гэж хэлэхэд Зоригтбаатар нь шууд миний нүүрэн хэсэгт буюу зүүн чихний орчимд маань нэг удаа гараараа цохьж баруун хөлийн өвдөг, тойгны орчим руу маань нэг удаа хөлөөрөө өшиглөн зодож цохьчихоод яваад өгсөн. Миний хувьд би Зоригтбаатар гэх залууд 1 тооны төлөгний өртэй байсан юм. Би З-аас эмчилгээний зардал гэж 1,500,000 төгрөг болон 1 тооны ямаа авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/

3.Гэрч Э.Ө-ын “...Би Х аймгийн Ж сумын эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр ажилладаг юм. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н гэх хүн явж чадахгүй байна гэж дуудлага өгсний дагуу Ж сумын төвд байх гэрт нь очоод Н ахад үзлэг хийхэд баруун талын хөлний тойг хэсэг нь үенээсээ мултарсан байхаар нь үенд нь буцааж оруулаад боолт хийгээд биед нь үзлэг хийхэд зүүн талын чих болон эрүүний доод хэсэгт зулгарсан мөн баруун талын өвдөг хавантай байсан. Хүнд зодуулсан гэж байсан хэнд зодуулсан гэдгээ хэлээгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

4.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн:

-Л.Н-ын биед тархи доргилт, баруун хөлийн тойг ясны мултрал, өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн чих, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

5.Яллагдагч Ц.З-ын “...Н гэх хүн одоогоос бараг 1 жилийн өмнө надаас 50.000 төгрөг зээлж аваад уг мөнгөнийхөө оронд надад нэг тооны төлөг өгөхөөр болсон юм, тэгээд одоог болтол өгөхгүй байсан учир би тухайн үед жоохон бухимдаад л  Н гэх хүнийг зодоод цохьчихсон юм, би ахиж ийм асуудал гаргахгүй, ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.З нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд Х аймгийн Ж сумын 5 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төвийн урд Л.Н-ыг өрөө төл гэх шалтгаанаар толгой хэсэгт нь алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, Л.Н-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөлийн тойг ясны мултрал, өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн чих, эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Ц.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.З-ыгХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын өглөг, авлагын асуудал, шүүгдэгч Ц.З-ын зан болон биеэ авч явах байдал, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж сураагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н овогт Л-гийн Н /СЩ.........../-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөлийн тойг ясны мултрал, өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн чих, эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан.

Хохирогч Л.Н нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би З-аас эмчилгээний зардал гэж 1,500,000 төгрөг болон 1 тооны ямаа авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн ба хохирогч Л.Н-ын “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн.” гэх Цагдаа болон Прокурорын газарт гаргасан хүсэлтүүд /хх-ийн 67,72/ хэргийн материалд  авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.З-ын  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүх шүүгдэгч Ц.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэнтий аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор нь яллах дүгнэлтийн хавсралтад “...1,350,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх ялын санал”-ыг Ц.З-т танилцуулсан байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан ба энэхүү заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай байгааг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-ын бусдын малыг маллаж цалин авдаг байдал, өөр орлого олох боломжгүй байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.З-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

1.Шүүгдэгч Бо овогт Ц-ийн З-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ийн З-ыг 1,350 /нэг мянга гурван зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 / нэг сая гурван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.     

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-т оногдуулсан 1,350,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ц.З нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Л.Н-д хохирол төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Ц.З-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ