Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 605

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Х.К даргалж, шүүгч Б.К, А.Л нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Б.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт М.Ж-д   холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч М.Ж, түүний өмгөөлөгч Х.Т, иргэдийн төлөөлөгч Х.Л, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, М.Ж-аар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон шүүх хуралдаанд уучлалт гуйлгуулах, эдийн болон эдийн бус хохиролд 6000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ж би Дэлүүн сумын 4 дүгээр багийн хүний эмчээр ажиллаж байна. Тус 4 дүгээр багийн Засан дарга болон хүн, малын эмч, албан хаагч нар нь 4 дүгээр багийн төвийн эзэмшил хашаанд сууж үйл ажиллагаа явуулж байдаг.

Энэ багийн төвийг 1997 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр тус сумын Засаг дарга байсан У.Б нь №49 тоот захирамжаар тогтоож өгсөн бөгөөд энэ захирамжийг өөрчлөөгүй тул одоо хүртэл хүчин төгөлдөр байна. Багийн төвийн хашаа нь 70х80 м2 орчим хэмжээтэй бөгөөд нэгдлийн үед иргэд чулуугаар хашааг өрж барьжээ.  Уг хашаан дотор 16х8 м2 талбайтай багийн Засаг дарга, эмч, албан хаагчдын амьдардаг болон албаны ажил явуулдаг байр байдаг. Хашааны гадна талд шинээр контор барьсан.

Гэтэл тус багт мал малладаг иргэн М.Ж гэгч нь хүү Ж.А-ын хамт нүүж ирээд багийн төвийн хашаанд байрлаж, адуу, үхэр, хонь малаа хашаанд хашиж багийн албан хаагчдын үйл ажиллагаа  явуулах тайван байдлыг алдагдуулж төвийн орчныг бохирдуулж, барилга байгууламжийг дур мэдэн ашиглаж, албан хаагчдаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж хүү Ж.А-тай хамт байнга хэрүүл өдөж хууль зөрчиж амьдарч байгаа.

Ингэж хэрүүл маргаан үүсгэж байсан үед буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.Ж, хүү Ж.А нар нь дахин хэрүүл өдөж улмаар олон хүмүүсийн өмнө ямар ч шалтгаангүйгээр над руу дайрч намайг цохиж, зодож миний эрх чөлөөнд халдаж, бүлэглэн танхайрсан. Бүлэглэн дайрсан М.Ж түүний хүүхэд нь намайг зодсон үед би биеэ хамгаалан эсэргүүцсэн бөгөөд тэднийг зодоогүй. М.Ж нарыг багийн төвийн албан хаагчид болон тэнд байсан зарим иргэд салгаж болиулсан. Ингээд энэ явдал өнгөрсний дараа М.Ж нь цагдаад “намайг М.Ж зодож гэмтээсэн” гэж гомдол гаргаж биедээ хөнгөн гэмтэлтэй тухай шинжээчийн дүгнэлт гаргуулаад шалгуулсан. Энэ хэрэгт цагдаагаас №171300103 дугаартай хэрэг нээж шалгаж би Өлгийд цагдаа, прокурорт ирж сумын төвд очиж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн албан байранд олон хоногоор саатаж, аймаг, сумын намайг таньдаг иргэдээс эмч Б.Ж хүн зодож, иргэн М.Ж-ыг гэмтээж гэмт хэрэг үйлджээ гэж хэлүүлж нэр төрөөр болон зардал чирэгдэл зэрэг эдийн ба эдийн бус байдлаар хохирсон.

Гэтэл цагдаагийн байгууллагын ажилтны шударга шалгалтаар М.Ж нь мотоциклээс унаж хөлөө гэмтээсэн гэмтлээ Б.Ж чулуугаар цохисон, өшиглөснөөс болж хөнгөн гэмтэл учирлаа гэж намайг санаатайгаар гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэсэн үйлдэл илэрч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны зөвлөх М.О нь цагдаагийн ажилтан Б.Н-ын ирүүлсэн саналтай танилцаж 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 5/39 дугаартай прокурорын тогтоолоор 171300103 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Энэ хэргийн улмаас:

1.Надад гэмт хэргийн тухай 171300103 дугаартай  хэрэг үүсгэгдэн шалгагдсан

2. Аймаг, сумын иргэд, намайг таньдаг бүх хүмүүс нь надад “чи хүн зодож, М.Ж-ын биед гэмтэл учруулсан байна. Олон хүмүүс ярьж байна” гэх зэргээр хэлж, янз бүрийн байдлаар өдөж, өрөвдөж, тавлаж, бахдаж ярьж намайг гэмт хэрэгтэн болгож ойлгосон.

3. Сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч А.Х нь надад “чи хүн зодож танхайрч шоронд орох гэмт хэрэг үйлдсэн байна. Чамайг ажлаас чинь хална, ажлыг чинь түдгэлзүүлнэ, оронд чинь өөр хүн авна” гэж олон дахин дуудаж загнаж байснаас гадна намайг хүн зодсон байна гэж сумын төвийн эмнэлгийн бүх ажилтан мэргэжилтнүүдээс мэдсэн. Ингэж аймаг, сумын иргэд хамт ажилладаг хамт олны дунд би гэмт хэрэгтэн танхай этгээд болж ад үзэгдэж нэр төр, алдар хүнд минь унасан.

4. Намайг цагдаа, прокуророос шалгаснаас хойш хэрэг хаагдсан гэж Б.Н сонсоод тайвширсан ч гэсэн хэрэг хаасан тухай албан ёсны хариу аваагүй. Гэтэл М.Ж нь манай сум, багийн иргэд, эмнэлгийн хамт олон таньдаг хүмүүст “Б.Ж нь намайг гэмтээж зодсоноос болж цагдаад шалгагдаад надаас уйлж, унжин уучлалт хүссэнээр би уучлаад тэнсэн ялтай болгосон гэх зэргээр хэлж давхар, давхар дарамтлан нэр хүнд, нэр төрийг минь гутаан мэдээ тарааж доромжилж яваа юм. Би М.Ж-ын энэ тараасан мэдээ гүтгэлгээс болж багийн төвөөс сумын төв, мөн аймагт цагдаа, прокурорын газарт очих зэрэг замын унааны зардалд бүгд 700000 төгрөг зарцуулж байна.

5. Хууль зүйн туслалцаа авч 300000 төгрөгийн хөлс төлсөн бөгөөд энэ нь эдийн хохирол.

6. Харин М.Ж-ын үйлдлээс болж нэр төр, алдан хүнд болон сэтгэл санаанд учирсан хохирлыг 5000000 төгрөг гэж үнэлж түүнээс энэ мөнгийг нэхэмжилж байна.

Иймд М.Ж нь Монгол Улсын Иргэний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар намайг гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад худал мэдээ өгч бусдад тарааж миний нэр төр, алдар хүндийг минь гутаан шалгуулсан тул М.Жаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсхүл шүүх хуралд надаас уучлалт гуйлгуулах,

            Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар болон 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасныг тус тус үндэслэн миний нэр төр алдар хүндэд санаатайгаар эдийн болон эдийн бус гэмт хор учруулсан М.Жаас бодит учирсан 1,000,000 төгрөг, эдийн бус нэр төр, алдар хүндэд учруулсан 5,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч М.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд уг газартнүүж ирсэн. Би тухайн газартаа 8-9 жил хадам ахынхаа малыг маллаж байна. Хадмын талын хүмүүс маргаан бүхий хашаа хороог  надад худалдаж аваарай гээд авахуулсан.  Миний хадам ахын хүүхэд Б.Ж нь сургууль төгсөж ирээд ажилд орсноос хойш надад дарамт шахалт үзүүлдэг болсон. Биднийг 09 дүгээр сарын 01-ний өдөр малын хашааг цоожилж биднийг хашаанд оруулахгүй байсан. Тэрээр хүүхдүүдийг минь зодсон. Би сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч Б.Н нарт энэ талаар хэлэхэд арга хэмжээ авч, биднийг хашаанд оруулж өгсөн. 10 дугаар сарын 01-ны өдөр оторт нүүж ирснээс эхэлж “намайг малаа хариулахгүй, малаа аваад яв” гэж өглөө эрт малыг хашаанаас  нь хөөж гаргасан.  Тухайн үед нэхэмжлэгч малыг мотоциклээр хөөсөн. Тэрээр миний хүүхэд рүү чулуу шидсэн ба малыг тууж хөөсөн. Тухайн үед миний хүү Ж.А ирсэн байсан.  Б.Ж, Т.Е болон хадам ах нар миний хүү Ж.А болон бид нарыг зодож, малыг хөөж туусан.  Намайг мотоциклээс унагаасан үйлдэл гаргасан. Ж.А-ыг Б.Ж зодсон.  Нэхэмжлэгчийн эцэг Бахыт гэх хадам ах маань биднийг салгах гээд ирэхэд мотоциклийн урьд намайг зодож байсан. Бид хашаандаа орох гэхэд хаалганы урьд нь машин тавиад оруулахгүй байсан ба хүмүүс ирж машиныг түлхэж байж хашаанд оруулсан. Би урьд нь ч гэсэн зодуулж байсан ч дуугүй өнгөрөөдөг байсан. Харин энэ удаад аймагт  ирж шинжээч эмчид үзүүлсэн.  Би урьд нь хөлөндөө гэмтэл авч байсан ба Б.Ж зодоход уг гэмтэл маань задарсан. Шинжээч эмч надад ямар нэгэн хариу өгөөгүй ба “явж бай, шүүхэд хариуг чинь өгнө” гэж хэлсэн. Би гэр лүү буцсаны дараа хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгч Б.Н намайг дуудсан. Хэсгийн төлөөлөгч Б.Н надад “чи мотоциклоос унахдаа гэмтэл авсан байна гээд шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, тэднийг тус бүр 100.000 төгрөгөөр торгосон” гэж хэлсэн. Би энэ талаар дахиж гомдол гаргаж яваагүй. М.Ж миний бие Б.Жыг огт зодож байгаагүй.

Энэхүү маргаан бол бэлчээрийн асуудлаас болж гарсан. Б.Ж-тай манай айл бэлчээр ашиглах буюу газрын маргаантай гэдгийг Дэлүүн сумын  Засаг дарга А.А, хурлын дарга А.Н нар сайн мэдэж байгаа. Надад дээрх бэлчээр бүхий газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дүгээр заалтыг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын 20-ний өдөр №61 тоот захирамжаар эзэмшүүлэх захирамж гаргуулан №0305853 тоот гэрчилгээ  авсан болно. Одоо уг газрыг хуулийн хүчин төгөлдөр эрхийн актын дагуу эзэмшиж байгаа болно.

М.Ж надад холбогдох асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах” тухай 5/39 тоот тогтоол хүчинтэй байна. Уг тогтоолын заалтанд Б.Ж, Т.Е нар намайг болон миний хүү Ж.А нарыг зодсон асуудал тогтоогдсон ба Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ж, Т.Е нарт шийтгэл оногдуулахыг хэсгийн төлөөлөгч Б.Нд даалгасан юм. Энэ нь Б.Ж, Т.Е нарын намайг зодсон асуудал нь хуулийн дагуу бүрэн тогтоогдсон.

Би Б.Ж-т зодуулж байсан болохоос түүнийг зодож, нэр төр алдар хүндэд нь халдаж, ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Өөрөөр хэлбэл Б.Жын тухай сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаагүй, радиогоор Б.Жын талаар ямар нэгэн асуудал яриагүй. Иймд би Б.Жын нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд халдаж хохирол учруулаагүй. Б.Жын нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Б.Ж-т  мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч талын хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт, нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч  Б.Ж нь нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, хариуцагч М.Жаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон шүүх хуралдаанд уучлалт гуйлгуулах, эдийн болон эдийн бус хохиролд 6000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрын маргааны улмаас хариуцагч М.Ж нь нэхэмжлэгч Б.Ж зодож биед маань хөнгөн гэмтэл учирсан гэж тэрээр  тус аймаг дахь Цагдаагийн газарт  гомдол гаргаснаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн 171300103 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулж улмаар .... Б.Ж-ын үйлдлийн  улмаас М.Жын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан нь нотлогдон тогтоогдохгүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Ж, гэрч Ж.А, гэрч А.Б, гэрч Б.Б, гэрч Т.Е-т нарын мэдүүлгээр Б.Ж, Т.Е-т нар нь М.Ж, Ж.А нарыг зодож хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар болж 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн аймгийн Прокурорын газрын 5/39 дугаартай  прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Уг аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор  Б.Ж, Т.Еат нар нь М.Ж, Ж.А нарыг зодож хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж  зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Дэлүүн сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Нд даалгасан байна.

Гэвч  Дэлүүн сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Н нь Б.Ж, Т.Еат нарт  Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох арга хэмжээ авах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд материалаа шилжүүлээгүй, тэдэнд торгох арга хэмжээ авагдаагүй болох нь талуудын тайлбар, Б.Н-ын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэдийгээр  2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрын маргааны улмаас нэхэмжлэгч Б.Ж хариуцагч М.Жыг зодож биед нь хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байгаа боловч тэрээр М.Жын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил нь тогтоогдсон  мөн нэхэмжлэгч Б.Ж нь газрын маргаанаас болж  М.Ж-тай маргалдсан үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч М.Ж-аас 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрын маргааны улмаас биед хөнгөн гэмтэл авсан талаарх гомдлоо  аймаг дахь Цагдаагийн газарт гаргаснаар нэхэмжлэгч Б.Жт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Прокурорын газрын 5/39 дугаартай  прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх тул түүний нэр төр гутаагдаж, нэр төр, алдар хүндэд гэм хор учирсан болох нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан ба хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Орон Нутгийн Олон Нийтийн Радио, Телевизийн захирал Н.Оспаны 08 дугаартай мөн “Монгол Заман” сонины эрхлэгч Р.А-ийн 00/8-13 дугаартай албан тоот, Дэлүүн сумын Хүн эмнэлгийн Ерөнхий эмч А.Хобдабайн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хариуцагч  М.Ж-аас нэхэмжлэгч Б.Жын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаар олон нийтэд болон түүний ажиллаж байгаа Дэлүүн сумын хүн эмнэлэгт гутаасан мэдээ тараагаагүй болох нь тогтоогдлоо.

  Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх үнэлэмж  бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээ мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээллэсэн байхыг ойлгох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дурдсан үйл баримтууд нь бусдад тараагдсан байдлаа тэрээр бичгийн нотлох баримтаа нотлож чадаагүй  болно.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон бусад эрх бүхий байгууллагаас аймгийн Орон Нутгийн Олон Нийтийн Радио, Телевизээр газрын маргаанаас болж хүмүүс зодолдож хүн амины хэрэг гарсан асуудалтай холбоотой болон  нэхэмжлэгч Б.Ж нь М.Ж-ыг зодсон талаарх мэдээ тараасан асуудал нь хариуцагч М.Ж-д хамааралгүй болно.

Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар хариуцагч М.Ж-аас нэхэмжлэгч Б.Жын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан нь тогтоогдохгүй байгаа тул түүний нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны гэм хорын хохирол гэж мөн бодит хохирлоо юуг үндэслэж нэхэмжилсэн талаарх нотлох баримт байхгүй тул эдийн болон эдийн бус гэм хорын хохирол гэж  6000000 төгрөг  гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, М.Ж-аар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон шүүх хуралдаанд уучлалт гуйлгуулах, эдийн болон эдийн бус учирсан хохиролд 6000000 төгрөг (зардал 700.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан 300.000 төгрөг,  нэр төр, алдар хүнд болон сэтгэл санаанд учирсан хохирол 5000000 төгрөг) гаргуулахыг хүссэн тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.1, 511.2-т  заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Жын нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, М.Ж-аар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон шүүх хуралдаанд уучлалт гуйлгуулах, эдийн болон эдийн бус хохиролд 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Х. К

                 ШҮҮГЧИД                                    Б. К

                                                                      А. Л