Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 608

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Х газар /дарга  Б.Н /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, 200 м2 талбайтай эзэмшил газарт хууль бус татсан хашааг албадан буулгаж, чөлөөлүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Б нь 2015 оны 7 дугаар сард аймгийн Х газрын хойд талд байрлалтай 200 м.кв хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай газрыг дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааг зохион байгуулах комиссын шийдвэр ёсоор дуудлага худалдаанд ялагчийн 9 дугаар бүхий гэрээ байгуулсан.

Энэхүү шийдвэр ёсоор 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын А/432 тоот захирамжаар 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай дээрх газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 000598308 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээгээр нэгж талбарын 031303978 дугаартай 200 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Уг газарт доороо үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар зураг төсвийг нь 2016 онд хийлгүүлж, 2017 онд барихаар төлөвлөн ажиллаж байтал 2017 оны 05 дугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын хүсэлтээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргаас энэхүү газар нь Х-тай зарим хэсэг нь давхацсан байна гэсэн бичиг өгснөөр маргаан үүсэж, бид барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон. Энэ талаар аймгийн Засаг даргад хандаж тодорхой хариу авч чадаагүй.

Улмаар 2017 оны 9 дүгээр сард миний эзэмшлийн ихэнх хэсэг аймгийн Х хашаа татаж авсан тул би барилгын ажлаа эхлүүлэх боломжгүй болсон. Уг газрыг чөлөөлүүлж өгөх талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргад хандахад албан тоотоор уг газар миний эзэмшилд байгааг мэдэгдсэн. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Н-тай биечлэн уулзаж газрыг маань чөлөөлж өгөхийг хүссэн боловч манай эзэмшлийн газартай давхацсан байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд миний үйлчилгээний зориулалттай, 200 м2 талбайтай эзэмшил газарт хууль бус татсан хашааг албадан буулгаж, чөлөөлүүлж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын дарга Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа:  Аймгийн Х-т 7000 м2 газрыг зохих хуулийн дагуу 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар шийдвэр гарган 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 0067855 дугаартай газар эзэмших гэрчилгээ авсан.

Тус газрын эзэмшил газраас буюу газрын барилгын хойд талаас 200 м2 газрыг тухайн үеийн аймгийн Засаг дарга асан Х.Д нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/432 дугаартай захирамжаар Өлгий сумын 9 дүгээр багийн Хөх хад 43-ийн оршин суугч иргэн Ж овогт С.Б-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

Өлгий сумын Их булан 11 дүгээр багт байршилтай Х газрын эзэмшил газраас уг маргаан бүхий 200 м2 газрыг иргэн С.Бад эзэмшүүлсэн шийдвэр буруу байгаа талаар болон эзэмшил газрыг хуулийн үндэслэлгүй бусдад эзэмшүүлэхээр шийдвэр гаргасныг мэргэжлийн байгууллагын хувьд шалгаж, хэмжилт хийж өгөх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гарган албан бичиг хүргүүлсэн.

Бидний хүсэлтийн дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд газар дээр нь хэмжилт хийж үзээд “иргэн С.Б-д эзэмшүүлсэн газар нь тус газрын кадастартай давхцаж хууль зөрчигдсөн байна” хэмээн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн. Мөн аймгийн Засаг даргад хандаж өмнөх Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч одоо хүртэл шийдвэр гаргаагүй хэвээр байна. Иймд иргэн С.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан бол манай Х 2006 онд аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар 7000 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшихээр авсан. Мэргэжлийн байгууллагад хэмжилт хийлгэж, хэмжилтээ хийлгэсний үндсэн дээр аймгийн Засаг даргын шийдвэр гарсан байгаа. Үүнийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг авсан. Гэтэл 2015 онд аймгийн Засаг даргын 432 дугаар захирамжаар иргэн С.Б-д 200 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Тухайн үед гарсан шийдвэрийг, ямар газрыг хэнд эзэмшүүлж байгааг манай байгууллага мэдээгүй. 2016 оны 11 дүгээр сард манай байгууллагын удирдлага солигдсон байгаа. Байгууллагын даргаар шинээр томилогдсон Е  байгууллагын урьд бусад байгууллагуудын жишгээр орон сууц бариулах,  ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэе гэж санал гаргасан. Тэрний дагуу боломжтой эсэхийг шалгаж эхэлтэл уг газрыг өөр хүнд эзэмшүүлснийг олж мэдсэн. Түүнээс хойш аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт энэ  талаар лавлаж  бичиг явуулсан. Тус байгууллага хэмжилт хийж энэ газар танай газартай давхацсан байна, тийм учраас 432 дугаар захирамж бол  хууль зөрчигдөж газар эзэмшүүлсэн эрхийн акт байна гэж хариу ирүүлсэн. Түүнээс хойш маргаан үүсэж нэгэнт эрхийн акт гарч маргаан үүссэн газар учраас 2017 оны 7 дугаар сард хашаа барьсан байгаа. Маргаантай хэвээрээ байгаа учраас, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Эзэмшил газартай учраас өөр хүнд эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  С.Б нь Баян-Өлгий аймгийн Х газарт холбогдуулан Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, 200 м2 талбайтай эзэмшил газарт хууль бус татсан хашааг албадан буулгаж, чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хариуцагч аймгийн Х газар нь:

- 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр  олгосон №00677855 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр аймгийн Хт 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 392 дугаартай захирамжийг үндэслэж нэгж талбарын 031304061 дугаар бүхий 7000 м2  газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Хариуцагч аймгийн Х газар нь 7000 м2  газрыг эзэмшүүлэхээс өмнө 2006 оны 10 дугаар сарын  14-ний өдөр тус газрын кадастрын зургийг  газрын албаны, газрын даамал Х.Н үйлдсэн байжээ. (хэргийн 33 дахь тал)

Уг кадастрын зургаар аймгийн Х газрын анх олгосон талбай газар 6545 м2 ( 90 х 53+ 25 х 71)  мөн СТП болон Гараж талбай хамт 455 м2  бүгд 7000 м2  ( 6545 м2 +455 м2 ) газрыг эзэмшүүлж байсан байна. ( хэргийн 33 дахь тал)

Хариуцагч аймгийн Х газар нь одоогоор 6296 м2 газар эзэмшиж байгаа болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд үүнд тус газрын СТП болон Гараж талбай болох 455 м2  газар нь ороогүй болно.

Харин хариуцагч аймгийн Х газар нь СТП болон Гараж талбай болох 455 м2  газрыг  эзэмшиж байгаа болох нь хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба уг 455 м2 газрын талаар  хариуцагч тал маргаагүй.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагаа зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч  С.Б-д олгосон 200 м2   газар нь манай эзэмшлийн газарт давхцаж байгаа нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04-04-029/338 дугаартай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байгаа гэж маргажээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04-04-029/338 дугаартай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид олгосон 200 м2  үйлчилгээний зориулалтын газар давхцаж байгаа гэж гаргасан боловч юуг үндэслэж давхцаж байгаа нь тодорхой бус байна.

Учир нь, нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  олгосон №000598308 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр  2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  аймгийн Засаг даргын А/432 дугаартай захирамжийг үндэслэж нэгж талбарын 031303978 дугаар бүхий 200 м2  газрыг 52 жилийн хугацаатай Өлгий сумын 11-р баг ХХААГ-ын хойт талд  үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Уг газар нь хариуцагч аймгийн Х газрын эзэмшил газартай давхцаагүй болох нь  хэрэгт авагдсан:

- аймгийн Хт 7000 м2 газрыг эзэмшүүлэх тухай  2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн  аймгийн Засаг даргын А/432 дугаартай захирамж гарахаас өмнө үйлдсэн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн газрын кадастрын зураг /Жич: (6545м2 ( 90 х 53+ 25 х 71)  мөн СТП болон Гаражын талбай хамт 455 м2  бүгд 7000 м2  ( 6545 м2 +455 м2 ) / ,

-2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ш.Н-ын гэрчийн мэдүүлэгтээ:...Хүнс, хөдөө аж ахуйн газрын нийт талбай нь 7000 м2  газар байсан. Гараж, орох, гарах гарцтай, СТП-г энэ бүгдийг нэмээд хэмжээг гаргасан. Энэ зураг тус байгууллагын анхны газрын зураг. Тус газрын байрнаас хойд тал буюу Нэгдсэн эмнэлэг талдаа газар нь 13 метр байсан. Тухайн үед хашаа байгаагүй гэх мэдүүлэг,

-2018 оны 08 дугаар сарын 21-ний  өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 340 дугаартай албан бичгээр ирүүлсэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2006, 2015 онуудад үйлдэгдэж байсан кадастрын зургуудад тус газрын албаны контороос  хойд талдаа буюу нэхэмжлэгчид олгосон маргаан бүхий 200 м2  газар хүртэл 2006 оны кадастрын зурагт 13 метр, 2015 оны газрын кадастрын зургаар хойд талдаа 5.91 метр (хашааны координатын 1-рт Урт 5.91, цэгүүд 1-2 ) байсан байдал,

-2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 325 дугаартай албан бичигт: Аймгийн Х  газар нь албаны байрны урьд талд байгаа хашааг 2017 оны намар сунгаж татсан  талаарх болон уг албан бичгээр ирүүлсэн 2006 оны байдлаар тус газрын хашааны газрын байршлын сансрын зураг, гэрч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын К.Б, тус газрын газар зохицуулалт, төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн Х.Ө, архитекторч  Б.М нарын мэдүүлэг  зэрэг бичгийн  нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр аймгийн Х газар нь одоогийн байдлаар 6296 м2  газар эзэмшиж байгаа ба тус газрын 2006 онд үйлдэгдсэн анхны газрын кадастрын зурагтай харьцуулахад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газар нь анх олгосон талбайгаас зүүн зүгээс 887 м2   газар илүү татсан, харин анх олгосон талбайгаас 1144 м2  газар хасагдсан байх ба үүнд СТП болон Гаражын талбай ороогүй байна.

 Үүнээс дүгнэхэд 7000 м2  (хариуцагч байгууллага нь  одоогийн байдлаар эзэмшиж байгаа газар 6296 м2 – илүү татсан газар 887м2) +анх олгосон талбайгаас хасагдсан газар 1144 м2 + 455 м2 /СТП болон Гараж/ )  гарч байгаа тул  хариуцагч байгууллагын нэхэмжлэгчид олгосон газартай давхцаж байгаа гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч байгууллагад анх газар эзэмшүүлэхэээр шийдвэр гаргахаас өмнө үйлдэгдсэн кадастрын схем зураг болон гэрч Ш.Н-ын мэдүүлэгээр  хариуцагч байгууллагын барилгаас хойд талдаа 13 метр газрыг мөн 2015 оны маргаан бүхий газрын кадастрын зурагт хойд талдаа 5.91 метр  газрыг эзэмшдэг болох нь газрын кадастрын зураг, 2006 оны байдлаар тус газрын хашааны газрын байршлын сансрын зураг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул маргаан бүхий нэхэмжлэгчид олгосон газар нь хариуцагч байгууллагын барилгаас хойд талдаа буюу Нэгдсэн эмнэлэг талдаа 14.40 метр байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул маргаан бүхий газар нь хариуцагч байгууллагын хойд талдаа олгосон газартай давхцаагүй, мөн хариуцагч байгууллагын газар эзэмших эрхийг нь хязгаарласан, зөрчсөн болон эрхэд саад учруулсан ямар нэгэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлохгүй байна.

Хариуцагч аймгийн Х газраас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/432 дугаартай нэхэмжлэгчид 200 м2 газар эзэмшүүлсэн” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг  тус шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШЗ2018/0212 дугаартай захирамжаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

Хариуцагч байгууллага нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба нэхэмжлэгчид  үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/432 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Бын эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, 200 м2 талбайтай газарт баригдсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын хашааг албадан буулгаж, нэхэмжлэгчийн эзэмшил газрыг чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн талын хүсэлтээр  2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 325 дугаартай албан бичгээр иргэн М.Болдбаатарт газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, батлагдсан байршлын схем зураг, тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж зэрэг нотлох баримтуудад хуулбар үнэн гэж бичиж тэмдэг дарж ирүүлсэн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа боловч энэхүү нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт тул нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бын эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, 200 м2 талбайтай газарт баригдсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын хашааг албадан буулгаж, нэхэмжлэгчийн эзэмшил газрыг чөлөөлсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Х газраас улсын тэмдэгтийн хураамжид  70200 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А. Л