| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2021/0011/З |
| Дугаар | 112/ШШ2021/0023 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 112/ШШ2021/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Д.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чт холбогдох Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд А.Б, гэрч Н.Т, З.Б, Т.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э би Есөнбулаг сумын Тамгын газрын даргаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Есөнбулаг сумын Засаг даргын Б/05 тоот захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод мөн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар жинхлэн томилогдоод 2020 оны 12 дугаар сарын 08 хүртэл хоёргүй сэтгэлээр ажилласан. Д.Э би удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж зохих байгууллагуудын зөвшөөрөл мэдэгдлийн дагуу болзол хангаж байна гэж нэр дэвшүүлсний дагуу уг албан тушаалд томилогдсон. Өөрөөр хэлбэл намайг мэргэжлийн хувьд болон албан тушаалд тавигдах шаардлагыг Авлигатай тэмцэх газар болон Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлснээр Засаг дарга томилсон болно. Хариуцагч Д.Ч нь захирамждаа: Намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэжээ. Би Есөнбулаг сумын Тамгын газрын даргын ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй. Би намын үйл ажиллагаанд болон сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан 3/1 хувь төрийн албан хаагч байж болно гэсэн шаардлагын дагуу ажилласан үүнийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөл болон намууд бүгд мэдэж хэрэгжүүлж байсан учир энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй. Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ би сайн биелүүлж байсан. Намайг ажлаас халсан Д.Ч дарга томилогдсоны маргаашаас эхлээд чамтай хамтарч ажиллахгүй өргөдлөө өг гэж намайг ямар ч ажилд оролцуулахгүй, ажилчдыг ч манай өрөөнд оруулахгүй надад ямар ч үүрэг чиглэл өгөхгүй хурал зөвлөгөөнийг надад мэдэгдэлгүй хийгээд албаар тасалсан гэж тэмдэглэлд тусгуулдаг. Аймгийн Онцгой байдлын хуралд суулгадаггүй, хурлын зар хэлдэггүй, зөвхөн орлогч нарын хамт өөрийнхөө өрөөнд оролцоод намайг тасалсан мэтээр мэдээлдэг байсан учир энэ шалтгаан нь надаас хамааралгүй. Өөрийнх нь намайг ажлаас халах шалтгаан болгож албаар албан тушаалаа ашиглаж хийсэн үйлдэл болно. Хуульд заасан бараа худалдан авах ажиллагааны журмыг тусгай зохицуулсан журам гарсны дараа зөрчөөгүй. Зөрчсөн үйл ажиллагаа нь Засгийн газрын тогтоол гарахаас өмнө гарсан зөрчилд аудит хийгээд зөвлөмж өгсний дагуу бид дахин зөрчил гаргаагүй болно. Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байхгүй бүгд асуудлыг зохих мэргэжлийн алба, тасаг, хамт олны шийдвэрээр хэрэгжүүлсэн болно. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд аудитын газраас зөвхөн хязгаарлалттай гэсэн дүгнэлт авсан болно. Энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй. Мөн зөвхөн надаас хамааралтай биш мэргэжлийн албаны үйл ажиллагаанаас хамааралтай. Өөрөөр хэлбэл санхүүгийн албаны үйл ажиллагаа болно. Д.Э би төрийн албаны ерөнхий шалгалтад 2004 онд орж 2006 онд төрийн албаны тангараг өргөсөн болно. Тусгай шалгалтад 2 удаа орж тэнцсэн болно. Төрийн алба нь тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан болно. Би төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд 28 жил ажиллаж байна. Би бакалавр болон магистрын зэрэгтэй төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан. Төрийн албаны албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангалттай хангасан болно. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл нь хууль зөрчсөн тогтоол гаргаагүй байх гэж би мэргэжлийн байгууллагынх нь хувьд бодож байна. Гэхдээ энэ надад хамааралгүй ажлаас халах үндэслэл болохгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журмын дагуу төлөвлөгөөний биелэлтийг 2017 онд 93.5, 2018 онд 90.1, 2019 онд 80.5, 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 92.4 хувиар тус тус үнэлүүлсэн болно. Мөн 2019 онд манай Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар аймгийн хэмжээнд ажлаараа 3 дугаар байр эзэлж 500.000 төгрөг, өргөмжлөлөөр шагнуулсан болно. Иймд Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чийн намайг ажлаас халсан Б/15 тоот захирамж үндэслэлгүй учир нэхэмжлэгч Д.Э намайг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 178 дугаартай тогтоол гаргаад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс миний бие тухайн сумын онцгой комиссын нарийн бичгийн даргын хувьд тухайн үеийн сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Есөнбулаг сумын Засаг даргын гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжүүлсэн захирамжийн төслийг бэлдэж, захирамж гарсан. Улмаар Онцгой байдлын газрын дарга, орлогч дарга, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Тамгын газар дээр цуглуулж заавар зөвлөгөөг нь аваад, сумын онцгой комиссын зүгээс бэлэн байдлын үед ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаад, эргүүл жижүүрийн хуваарийг гаргаад ажиллаж байсан. Онцгой байдлын газарт мэдээг цаг тухайд нь өгч байсан. Энэ ажлууд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Ч Засаг дарга болоод сумын ямар нэгэн үйл ажиллагаа, Тамгын газрын үйл ажиллагаанд намайг огт оролцуулахаа больсон. Аймгийн Засаг даргаас зохион байгуулж байгаа бүх сумын Тамгын газартай “ZOOM”-р хийж байгаа онцгой комиссын хуралд хүртэл оруулдаггүй байсан. Түүнийг өөрөө сонсож ирээд надад хэлдэггүй байсан. Сумын Тамгын газрын мэргэжлийн ангийн групп дээрээс өөрөө харж би 2 удаа хуралд орж байсан. Намайг гурав дахь удаагаа орох гэж байхад Д.Ч гуай миний камер, хуралд орох хэрэгслүүдийг өрөөндөө хурааж авсан. Түүнээс хойш оролцож чадаагүй. Худалдах авах ажиллагаа дээр эрх мэдлээ хэтрүүлсэн гэж байна. Тэр бол 2018 оны асуудал. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуульд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр буюу аймаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил үйлчилгээнд тендерийг зарладаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад тендер зарлана гээд босго үнийг 10.000.000 гэдгийг бууруулж өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт нь 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Намайг тендер зарлаагүй гэдэг зүйлийг Тамгын газрын урсгал засварыг ярьж байгаа байх гэж бодож байна. Би бол Тамгын газрын дарга болохоос биш хөрөнгө оруулалт бодлого хариуцсан мэргэжилтэн биш. Засаг дарга энэ захирамжаар хөрөнгө оруулалт бодлого хариуцсан мэргэжилтэн Энхтуяа өөрөө тендерийн материалаа бүрдүүлээд өөрөө тендерээ зарлаад явдаг. Тамгын газрын дарга үүнд огт оролцдоггүй юм. Энэ урсгал засварын би 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийгээд 6 дугаар сарын 01-нээс өмнө энэ ажлаа хүлээгээд авсан. Би тендер зарладаг мэргэжилтэн биш. Би тендер зарлахад захирамж тушаал гаргадаг хүн нь ч биш. Засаг даргын захирамжаар мэргэжилтэн нь бэлдээд тендерээ зарлаад явдаг юм. Санхүүгийн аудитаар 3 жил хягзгаарлалттай буюу сөрөг дүгнэлт авсан гэж ярьлаа. Сөрөг дүгнэлт бол аваагүй. Хязгаарлалттай дүгнэлт авсан. Шалтгаан нь саяны миний ярьсан хуулийн өөрчлөлт 6 дугаар сарын 1-нээс хэрэгжсэн өөрчлөлтөөр манай Тамгын газар 10.000.000 төгрөгийн шатахууны зардал байдаг. Бид нар “Магнай Трейд” ХХК-тай бүтэн жилийн гэрээ байгуулдаг. 6 дугаар сарын 01-нээс хэрэгжсэн учраас 10.000.000 төгрөгөөс дээш тендер зарлана гэсэн байсан. Энэ шатахуун түгээх станцуудын хооронд тендер зарлах ёстой байсан юм байна лээ. Үүнийг хэрэгжүүлээгүй. Тийм учраас над дээр аудит зөвлөмж өгөхдөө дараа жилээс тендер зарлана. Та нар 1 дүгээр сард гэрээ хийсэн байна. Үүнийг та нарт зөрчил үүсгэж авна гээд зөрчил авсан. Хэрвээ сөрөг дүгнэлт авсан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг. Харин хязгаарлалттай дүгнэлт дээр сахилгын шийтгэл оногдуул гэсэн шийдвэр ирсний дагуу Засаг дарга над дээр сануулах арга хэмжээ авсан. 2004 онд би удирдлагын академид сурч байх хугацаандаа амралтаараа ирээд төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн. Нөөцөд бүртгэгдэх хугацаа 3 жил байдаг. Энэ хугацаандаа би 2006 онд төгсөж ирээд шууд ажилд орсон учраас 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тангараг өргөөд төрийн албан хаагч болсон. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3 өдөр дамнасан шалгалт өгөөд би хамгийн өндөр оноог нь авч байсан. Засаг дарга Тамгын газрын даргыг нэг удаа өөрөө энэ хүнийг томилохгүй гэж буцаах эрх нь байдаг учраас намайг буцаагаад хоёр дээр орсон хүн Тамгын даргаар томилогдсон. Тэгээд би 2015 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орсон болохоор 3 жилийн хугацаанд миний шалгалт хүчинтэй байсан. 2018 онд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлагдсан. Би сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан. Тухайн үед Ч.Б дарга, И нар та 2015 онд орсон байна. 3 жилийн хугацаанд хүчинтэй гээд намайг томилуулах хүсэлт өгөөд би үүрэг гүйцэтгэгч байж байгаад томилогдсон юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Уг захирамж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Захирамжийг гаргахдаа маш олон 10 гаруй хуулийн заалт, тогтоол шийдвэрийг дурдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дугаар зүйл бол Засаг даргын эрх хэмжээнд нийцүүлэн гаргасан акт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл буюу шууд төрийн албанаас халах заалтыг баримталсан. 2 дахь заалт дээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Албанаас шийтгэл ногдуулах дээрх үндэслэлд эрх бүхий байгууллагын дүгнэлт, материалыг үндэслэн шийтгэл ногдуулж байна гээд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Гэтэл өнөөдөр тэр гараад байгаа захирамж маань өөрөө Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шууд төрийн албанаас халах хуулийн зохицуулалт байгаа. Албан тушаалын чиг үүргээ 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр халсан. Хангалтгүй биелүүлсэн гэдгийг 3 удаагийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, тайлангаар дүгнэх байх. Хамгийн гол зохицуулалт бол нэгжийн тухай хуульд заасан буюу 33 дугаар зүйлд заасан эрх хэмжээний асуудал байгаа. Засаг даргын ажлын алба нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд маш тодорхой заасан. Энэ талаар энэ захирамжид огт дурдаагүй. Өөрөөр бол 33 дугаар зүйлийн Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Тамгын газрын даргыг улируулан томилж болно гэж заасан. Өөрөөр бол Засаг дарга маань 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хувьд захирамж гаргах л эрх хэмжээний тухай заалт. Гол нь тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө энэ заалтыг уг захирамжид огт баримтлаагүй байна. Анхнаасаа энэ захирамж Д.Э-ийн саяны тайлбараар улс төрийн шийдлийн дагуу намайг ажлаа өг гэж шахаад ажлаа өгөөгүй болохоор халсан гэдэг энэ асуудал яригдаж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримталсан. 47 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах гэсэн заалт байгаа. Тэгээд ажлаас нь халж байгаа юм уу гээд харахаар захирамжийн агуулга дээр шийтгэл ногдуулах гээд ороод ирсэн. Шийтгэл ногдуулаад байгаа юм уу, албан тушаалаас нь халаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Хэрвээ шийтгэл ногдуулж байсан бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримталж 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах нь зүйтэй. 48 дугаар зүйлд бас төрийн албанаас халах гэсэн шийтгэл байгаа. Гэхдээ энэ заалтыг огт баримтлаагүй. Шууд халах буюу 47 дугаар зүйлийг баримталсан. Захирамжийг үндэслэлүүдийг тодорхой тайлбарласан. 2017 он, 2018 он, 2019 он буюу сүүлийн 3 жил аудитын дүгнэлтээр хягзаарлалттай дүгнэлт авсан. Сөрөг гэсэн аудитын дүн аваагүй. Сөрөг гэдэг бол өөр ойлголт. Дүгнэлт бүр дээр гол агуулгыг тусгаж өгсөн. Гол асуудал нь дандаа нийгмийн даатгалын шимтгэл дутуу тайлагнасан, цалин хөлс илүү олгосон, шатахууны тооцоо дутуу тайлагнасан гэх мэтээр яг Тамгын газрын даргын үүрэгт ажил гэхээсээ илүү нягтлан бодогчийн үүрэгт ажилтай нягт уялдаа холбоотой алдаа, дутагдал гарсныг аудит илүү төлсөн бол буцаан төлүүл, дутуу тайлагнасан бол нөхөн бүрдүүл гэдэг агуулгын хүрээнд хязгаарлалттай дүгнэлт гаргасан. 2018 оны аудитын дүгнэлт дээр маш тодорхой нягтлан бодогч Хонгорзулд арга хэмжээ авсугай, авахыг Д.Э-т даалгасугай гэсэн маш тодорхой аудитын дүгнэлт гарсан. Хэдийгээр нягтлан бодогчтой холбоотой ч гэсэн энэ гурван аудитын дүгнэлтээр арга хэмжээ бол Д.Э-ийн хувьд авагдсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сануулах сахилгын шийтгэлийг тухайн аудитын дүгнэлтээр хүлээсэн. Өөрөөр бол би энэ захирамжийг сахилгын шийтгэл оногдуулаад төрийн албанаас халсан байна гэж ойлгох гээд байгаа юм. Хэрвээ тэгэх юм бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт байгаа. Үүний дагуу аудитын дүгнэлтээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад түүнийг үндэслээд дахин арга хэмжээ аваад байгаа нь уг хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2015 онд төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан хаагчийн сонгон шалгаруулалт буюу Засаг даргын Тамгын газрын сул орон тоо дээр Д.Э нь сонгон шалгаруулалт өгч тэнцэж нөөцөд бүртгэгдсэн. Улмаар 2017 онд нөөцөд бүртгэлтэй байх хугацаанд түүнийг Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгцээр томилсон. 2018 онд Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол шийдвэр, Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслээд түүнийг Тамгын газрын даргын албан тушаалд жинхлэн томилсон. Хэрэгт авагдсан баримтаар ерөнхий болон тусгай шалгалтанд орсон нь харагдаж байна. Нөөцөд бүртгэгдсэн байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар эхний ээлжинд нөөцөөс сул орон тоог нөхөх, нөөцөд байхгүй тохиолдолд шинээр сонгон шалгаруулалт зарлан явуулах ёстой гэсэн хуулийн дагуу Д.Э нь тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон. Эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирсэн учраас түүнийг үндэслээд Засаг дарга томилсон. Түүнээс биш Д.Э би энд ажиллах ёстой гээд хууль зөрчин байж өөрөө өөрийгөө томилоогүй гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд хүмүүсийн гараар бичсэн тайлбар хэрэгт авагдсан. Өнөөдөр энэ тайлбарыг тэр Лхачин, Уранчимэг гэдэг хүмүүс өөрсдөө бичсэн эсэх нь ойлгомжгүй. Тамгын газрын хуулбар үнэн дарагдсан. Албан ёсоор нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримт биш. Нотлох баримтын шаардлага хангахгүй. 2 дахь заалтаар бас шийтгэл ногдуулсан. Тийм учраас энэ захирамж нь анхнаасаа үндэслэлгүй гарсан байна. Энэ хэрэгт сонсох ажиллагаа хийгдсэн. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 15 минут буюу үдээс хойш хийгдсэн. Сонсох ажиллагаа хийгдэхэд тухайн тушаал нь гарсан байсан, тушаалыг танилцуулж сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаа гэдэг маань гаргасан тушаалаа танилцуулах ажиллагаа биш. Сонсох ажиллагаа гэдэг нь заавал хийгдэх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж маш тодорхой заасан. Д.Э-т гаргасан зөрчлөө тайлбарлах, зөрчилгүй гэдгээ нотлох боломж олголгүйгээр шууд албанаас халсан нь өөрөө сонсох ажиллагааны холбогдох заалтуудыг маш ноцтой зөрчсөн. Өөрөөр бол 8-ны үдээс хойш тушаал гаргаад орой нь ирж ажлаа өг гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь хуульд нийцэж байна уу гэдэг нь маш ойлгомжгүй асуудал юм. Тийм учраас нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Э-ийг ажлаас халсан шийдвэр гаргахдаа: Нэг. Төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн талаар гаргасан иргэний гомдол, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, архи уусан нь дотоод хяналт, ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн бөгөөд доорх нотлох баримтаар тогтоогдсон. Үүнд:
1. Албан тушаалын тодорхойлолт /албан тушаалын зорилго, зорилтод заасан гүйцэтгэлийн үр дүнг хариуцаж ажиллаагүй/
2. Зорилтын 1.1-д заасан албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээ хариуцан гүйцэтгэж, хянаагүй
3. Зорилтын 3.5-д заасан чиг үүргийг хариуцан гүйцэтгэж, хэрэгжилтийг хангаагүй, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын 3.1.4, 3.1.4.В, 3.1.6.а, 3.1.2.г-г зөрчсөн
4. Зорилтын 4.1, 4.2, Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.22-т заасны дагуу Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу ажлын хэсгийн үнэлгээний баг үнэлэхэд гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй байсан.
5. Зорилтын 4.4, 4.5, 4.6-д заасан гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д /... хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно./, 8 дугаар зүйлийн 8.1-д /Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно/ 8 дугаар зүйлийн 8.2-д /Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ./, 57 дугаар зүйлийн 57.1-д /... хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ./ /байгууллагын өмч хөрөнгийн тооллого явуулах ажлын хэсгийн дүгнэлт гарсан/ санхүүгийн албаны баримт, эрх мэдлээ хэтрүүлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй төрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг эрх бүхий байгууллагын шийдвэргүй өөр байгууллагад шилжүүлсэн мөн байгууллагын газрыг бусдад түрээслүүлсэн / нотлох баримт гэрээ байгаа/
6. Зорилтын 5.3-д заасан чиг үүргийг хариуцан гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй Гамшгаас хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 /...хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага оногдуулна./ Шинэ коронавируст /ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед удаа дараа хурал, цахим хурал, ажил тасалж сумын онцгой комиссын үйл ажиллагааг доголдуулсан, өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй / Есөнбулаг сумын Засаг даргын А/176, А/75, А/85, А/164 дугаар захирамжууд болон ажлын хэсгийн хурлын тэмдэглэл,
7. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д /...төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн намын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад хэлбэрээр оролцохгүй байх/ мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д /албаны эрх мэдлээ хэтрүүлэх/ 39.1.5-д /...улс төрийн намын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, гишүүн байх/ 39.1.6-д /...Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох/ гэсэн хуулийн заалт зөрчсөн нь иргэн Т.Лн гаргасан гомдол болон CD-ны бичлэг, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1/179 албан тоот, Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан аливаа хэлбэрээр дарамтлан МАН-д санал өгөхийг шаардсан үйл ажиллагаа явуулсан нь / иргэн Ч.Б-ийн тайлбар болон CD бичлэг/
Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1,7-д /ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн бусдыг уруу татаж удаа дараа архи уусан. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д /...этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно./ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д /Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй./ Байгууллагын санхүүгийн 2017, 2018, 2019 оны тайланд Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газраас хяналт шалгалт хийхэд тус онуудад дараалан /хязгаарлалттай, сөрөг/ дүгнэлт авсан. 2018 оны 02 сарын 23-ны 80 дугаар бүхий албан бичиг, 2018 оны 02 сарын 23-ны 01/49 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” албан шаардлага, , 2018 оны 02 сарын 23-ны 01/47 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт, 2018 оны 02 сарын 23-ны 03/49 дугаартай “зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 02 сарын 23-ны 02/49 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” албан шаардлага, 2019 оны хязгаарлалттай дүгнэлт, 2020 оны 03 сарын 11-ны 73 дугаар албан бичиг
Хоёр. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, сонсох ажиллагаа, холбогдох баримт шийдлийн талаар:
Сахилгын шийтгэл оногдуулах холбогдох баримт материалыг зөрчил гаргагчид танилцуулах гэсэн боловч танилцаагүй талаар тэмдэглэл үйлдсэн. 2020.11.28-ны өдрийн 17:10 минутад аймгийн Онцгой комиссын штабаас Шинэ коронавирус цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан сумдын онцгой комисстой хийх шуурхай хурал цахимаар Засаг даргын өрөөнд хуралдав. Сумын онцгой комиссыг коронавирус илэрсэн болон УБ болон бусад газраас ирсэн иргэдийн 14 хоногийн тусгаарлалтыг хариуцах ажлын хэсэг байгуулсан А/175 захирамжийн биелэлтийн бэлтгэлийг хангуулах сумын онцгой комиссоос ажлын хэсэг гаргах, ажлын хэсгийг төлөвлөгөөгөө гаргаж бэлтгэлээ хангаад 20 цагт шуурхай хуралдуулах үүрэг өгч шийдвэр гарсан байна. Энэ хурлыг Тамгын дарга Д.Э тасалсан. Тамгын газрын дарга сумын онцгой комиссын орлогч дарга байдаг.
2020 оны 11 сарын 28-ны 20:00 минутад Шинэ коронавирус цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2020 оны А\69 дүгээр тушаалын дагуу иргэнийг тусгаарлах, ажиглах байрыг сонгох бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн төлөвлөгөө гаргах хурал Иргэний танхимд хуралдав. Хурлаар сонгогдсон АШУҮИС-н Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байр, МСҮТөвийн оюутны дотуур байр, 12 жилийн сургуулийн дотуур байруудыг тусгаарлах байр болгон ашиглахад боломжтой эсэхийг мэргэжлийн байгууллага болон ажлын хэсэг газар дээр үзэх үүрэг өгч шийдвэрлэв. А/176 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөө бэлтгэл ажил хангалтгүй хангагдсан ажлын хэсгийн дарга ирээгүй учир ажлын хэсгийн даргыг яаралтай дуудаж 21:00 минутад А/76 захирамжийн ажлын хэсэгтэй дахин хуралдахаар болов. Хуралд сумын онцгой комиссын орлогч дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Э ирсэнгүй таслав.
2020 оны 11 сарын 28-ны 21:05 минутад шинэ коронавирус цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан А/176 дугаар захирамжийн ажлын хэсэг Иргэний танхимд хуралдав. Хуралд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.З, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Б, Байгаль орчны улсын байцаагч Н.О, мэргэжилтэн Б.Б, АШУҮИС-н захирал М.Б, 1-р сургуулийн аж ахуйн дарга Х.Б нар оролцов. Хуралд сумын онцгой комиссын орлогч дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Э ирсэнгүй таслав.
2020 оны 11 дүгээр сарын 29-ний 10:00 цагт А/176 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Засаг даргын өрөөнд хуралдав. Тусгаарлах байр болгон ашиглахад боломжтой эсэхийг ажлын хэсэг явж сонгоход Тамгын дарга Э яваагүй өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй.
2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:15 минутад сумын иргэний танхимд хуралдсан хурал дээр Тамгын газрын дарга Д.Э-ийг Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан алба хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин үнэлэх журмын 3.1, 3-3-д заасны дагуу сар бүр дүгнэж, биелэлтийн явцын ярилцлага хийж байгаа талаар шалгахад байхгүй байв. Мөн өөрийн 11 дүгээр сарын гүйцэтгэлийн тайлан дутуу буруу байлаа хоёр хоногийн дараа буюу 12 дугаар сарын 09-нд 11 сарын тайлан, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон байгууллагын гүйцэтгэлийн тайланг дүгнэх хугацаатай үүрэг өгсөн боловч биелүулээгүй. Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж байсан гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актын тухайд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаартай Есөнбулаг сумын Засаг даргын ажлаас халах тухай захирамж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, холбогдох бусад хууль, Засгийн газрын журам, тогтоол зэргийг үндэслэсэн байдаг.Засаг даргын захирамжийн үндэслэл бол нэгдүгээрт төрийн байгууллагын үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол зөрчиж ажлын цагаар, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэл, хоёрдугаарт төрийн албан тушаалтан төрийн алба эрхлэх хугацаандаа намын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад хэлбэрээр оролцсон, гуравдугаарт Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, цар тахалын бүх ниймийн бэлэн байдлын үед өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үйл ажиллагааг доголдуулсан зөрчил, дөрөвдүгээрт хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж, бараа, ажил үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаараас давсан ажил үйлчилгээг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаагүй шууд худалдан авалт хийсэн асуудал, тавдугаарт Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2017, 2018, 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газраас тайлангийн аудитаар 3 жил дарааллан сөрөг, хязгаарлалттай акт авсан асуудал, зургаадугаарт Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтанд ороогүй, төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хангаагүй, Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хууль зөрчсөн тушаалаар томилогдсон, долоодугаарт төрийн жинхэнэ албан хаагч төрийн албан хаагчийн ажлын үр дүн, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэсэн үндсэн асуудлуудаар албан тушаалаас халсан захирамж ёсчилсон байдаг. Захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс албан бичиг ирсэн байдаг. Нэхэмжлэгч буюу Д.Эийг Төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг зөрчиж томилогдсон учир таны эрх зүйн байдлыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй гэдэг баримт ирсэн. Энэ бол хөдөлбөргүй нотлох баримт. Тэгэхээр энэ хүний нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх, хөдөлмөрлөх эрх, төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үү, үгүй юу гэдгээс маргаан бүхий байдлын бүх асуудал эхэлнэ. 2015, 2018 онд төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцсон гэдэг асуудал яригддаг. Хэрэгт авагдсан баримтаар бол 2015 онд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт өгсөн нь тогтоогддог. Удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа нь одоо үйлчилж байгаа хуулиар 3 жил байгаа. 2018 оны Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалтан, Есөнбулаг сумын Тамгын даргад нэр дэвшүүлэхээр өгсөн Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ч.Б-ийн албан тооттой очоод Есөнбулаг сумын захирагч Тамгын даргаар томилсон байдаг. Энэ томилох хугацаанаас өмнө энэ хүн 2015 онд удирдах албан тушаалтны шалгалт өгөөд 2017 онд үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. 2017 онд үүрэг гүйцэтгэгчээр томилогдох нөхцөл нь нэг бол 2017 онд нөөцөд байгаа хүнийг шууд томилох ёстой. Тэгэхээр энэ хүнийг нөгөө байдлаар нь аваад үзэхээр эсэргээрээ энэ хүн удирдах албан тушаалтны шалгалт өгөөд тухайн цаг хугацаанд удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа нь хэдэн жил байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. 2018 онд шалгалт өгсөн Говь-Алтай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 52 дугаартай тогтоол байгаа. Тэр тогтоол хэргийн материалд авагдсан, утга агуулгын маш их зөрчилдөөнтэй, 2018 оны Төрийн албаны салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй, 2015 оны шалгалт өгсөн байдалтай үүнийг нөөцөд гэж байгаа боловч нөөцийг хугацааг тоолох юм бол энэ 3 жил өнгөрсөн хугацаа явж байгаа юм. Энэ асуудлаар Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны салбар зөвлөлийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбогдуулаад Төрийн албаны тухай хуульд заасан үйл ажиллагааны зохицуулалтын дагуу Төрийн албаны зөвлөлд холбогдох маргаан бүхий байдлын талаар хандаж байгаа. Маргаан бүхий байдалд хандаад явахаар энэ шүүх хуралдааны тэмдэглэл мөн адил нотлох баримтын шаардлага хангагдаж явах учраас энэ талаар тусгайлан тэмдэглэлд дурдуулах хүсэлттэй байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа агуулгын тухайд аваад үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн гаргах талаар бас асуудал яригдах байх. Өнөөдөр бол мараан бүхий Захиргааны актыг хүчингүй болгох агуулгаар яригдаж байгаа. Хариуцагч талаас үзэж байгаагаар энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч биш юм бол энэ хүний хөдөлмөрлөх эрх ямар зохицуулалтаар явах вэ гэдэг асуудал яригдана. Нэгэнт төрийн жинхэнэ албан хаагч биш хүн төсвийн шууд захирагчийн албан тушаал дээр ажиллах эсэх асуудал яригдана. Хууль зөрчиж төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилогдож байгаа хүнийг захиргаа цаашид ажиллуулах эсэх дээр бас асуудал яригдана. Хэрвээ цааш нь үргэлжлүүлээд ажиллуулах юм бол төсвийг ерөнхийлөн захирагч өөрөө хууль зөрчсөн асуудал бас яригдана. Тэгэхээр энэ асуудлыг бас шүүх анхаарч үзнэ үү. Захирамжийн тухайд тодруулаад хэлэхэд Аудитын шаардлага байгаа. Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд тодорхой заасан. Аудитын тухай хуулийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл журам үйлчлэхгүй гэж байгаа. Тэгэхээр Аудитын тухай хууль өөрөө бие даасан статустай хууль учраас энэ хуулийн заалт үйлчилнэ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төсвийн шууд захирагч буюу Тамгын даргын зохицуулалт орсон. Энэ бол 6 жил байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар одоо ерөнхий болон тусгай шалгалтаа өгөөд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч төсвийн шууд захирагч буюу Тамгын даргыг хуулийн үйлчлэх хүрээнд шинэ хууль дагаж мөрдөж байгаатай холбогдуулаад шууд ажиллуулах зохицуулалт байгаа. Үүрэг гүйцэтгэж байгаа хүний тухайд шалгалт өгөх зохицуулалттай. Одоо яг энэ хуулийн заалт нь хэрэгжиж байгаа ч гэсэн эрх бүхий байгууллага буюу хууль тогтоох байгууллагын хүрээнд энэ хуулийн заалтыг хойшлуулах эсэх асуудал одоо мөн адил яригдаж байгаа. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэж байгаа хүний хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг хэрэглэх боломж байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэдэг агуулга яригдаж байгаа бол энэ хэргийг шууд түдгэлзүүлээд тухайн нотлох баримт бүрдүүлсэн эсэх дээр магадгүй цагдаагийн байгууллагаар шалгагдах нөхцөл байдал үүснэ. Тийм бол тэр байдлаар тайлбарлах хэрэгтэй. Харин эсэргээрээ үүнийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүхэд гаргаж өгч байгаа учраас холбогдох гэрчүүдийг оролцуулж нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоол байгаа. Энэ 33 дугаартай тогтоол бол Төрийн захиргааны болн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байгаа. Сүүлд 122 дугаартай тогтоол шинээр орсон. Энэ тогтоолын 2.1.5, 2.1.6, 3.1.2, 3.1.4.б, 3.1.4.д гээд өмнө нь тайлбар өгөхөд тодорхой дурдсан байгаа энэ заалтуудыг зөрчсөн асуудал яригдана. Мөн Монгол улсын Засгийн газрын 38 дугаартай тогтоол байгаа. Энэ тогтоолын дагуу ажлын хэсэг, үнэлгээний баг үнэлэхэд гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь хэрэгт мөн авагдсан байгаа. Засгийн газрын 258 дугаартай тотоол байгаа. Төрийн албаны сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах тухай тогтоол байдаг. Энэ тогтоолын 1.7 дахь хэсэгт ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг таслан зогсоох гэдэг асуудал яригдана. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах гээд сая 2021 оны 05 дугаар сарын 05-нд Засгийн газрын тогтоолоор шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 20.000.000 төгрөг болсон. Маргаан бүхий байдал үйлчилж байх хугацаанд Засгийн газрын 2018 оны 129 дүгээр тогтоол үйлчилж байсан. Энэ тогтоолын дагуу төсөвт өртгийн дээд хязгаар 10.000.000 төгрөг байсан. Энэ талаарх холбогдох баримт мөн хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны тусгай шалгалт өгөх төрийн албаны болзол журам буюу 2019 оны 14, 15, 17 дугаар тогтоолууд байгаа. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журам гэж байгаа. Захирамжийн үндэслэлд 8.1.19 дэх заалтын барьсан байдаг. 8.1.19-т төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг таслан зогсоох энэ тохиолдолд хариуцлага тооцох гэсэн зохицуулалтыг барьсан байгаа. Энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан акт зорилгодоо нийцсэн байна. Нэгэнт зорилгодоо нийцсэн байгаа учраас үндэслэл бүхий гэж үзэж байна.
Гуравдагч этгээд А.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тухайн шийдвэрийг гарсантай холбогдуулаад холбогдох гэрч, холбогдох этгээдээс Засаг дарга тайлбар авсан байдаг. Энэ нь одоо Тамгын газарт байгаа. Зарим хүмүүс нь ажлаас хийж байгаа, зарим хүмүүс нь ажлаас чөлөөлөгдсөн. Хэрвээ хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгөх юм бол эрүүгийн хуулиар арга хэмжээ авагдах учраас хууль дээдлэх зарчмын дагуу гаргаж өгсөн хуурамч биш нотлох баримт юм. Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь Тамгын газрын дарга байна гэж заасан байдаг. Төсвийн шууд захирагч учраас Төрийн аудитын тухай хуулиар нэгдүгээр гарын үсэг зурдаг учраас нэгдүгээр гарын үсэг зурдаг Тамгын газрын дарга, хоёрдугаар гарын үсэг зурдаг нягтлан хоёрт хамтатгаад төсвийн шууд захирагчид арга хэмжээ авах юм бол холбогдох албан тушаалтнуудад нь уялдаад арга хэмжээ аваад биелүүлээд явах боломжтой гэв.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч З.Б тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архи уусан эсэхийг би өөрийн биеэр хараагүй, мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 17-нд хурлын даргын өрөөнд байсан архины шилийг нь хаясан. Сонгуулийн хэсгийн хороог цэвэрлэх болоод би яг 17 цаг гэхэд ирсэн байсан. Архи ууж байгааг нь би нүдээрээ хараагүй. Жижүүр надад тэгж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хурлын зааланд сонгууль явагдсан учраас үдээс өмнө би хурлын заалаа цэвэрлээд бүтэн өдөржин байсан. Тэгэхэд жижүүрүүд орж ирээд яриад байсан. н.Ёндон ах согтуу Тамгын даргын өрөөнд архи ууж байна, ороод ир гээд чирээд татаад байхаар нь үгүй гээд манай хэсгийнхэн хоолонд орох гэж байсан болохоор нэг ёсондоо зугтаад явсан. Ажил дуусаад тэр чигтээ явсан. Би доод давхарыг хариуцаад хурлын заал нарийн бичгийн өрөөг цэвэрлэдэг. Хурлын өрөөнөөс архины шил авч хаясан, хаях гээд бэлдсэн байсныг би гаргаж л хаясан гэв.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Т тайлбартаа: Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой ажил тарж байхад ажил дээрээ ирсэн. Үүдэнд н.У, н.Л ах нар байсан. н.Урнаа бид хоёрыг зогсож байхад Д.Э дарга, О эгч хоёр гарч явж байсан. Архи уугаад сууж байхыг бол хараагүй, хажуугаар гарахад архи үнэртэж байсан. Ер нь харах байдлаараа Д.Э дарга согтуу харагдаж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.5, 39.1.6 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 271.1.3, 32 дугаар зүйлийн 32.1.8, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 57 дугаар зүйлийн 57.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” 38 дугаар тогтоол, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалт, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 129 дүгээр тогтоолын 2 дахь заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалын 1.3, 3.4, 6.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14, 15, 17 дугаар тогтоол, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөгөөнөөр баталсан дотоод журмын 8.1.19 дэх заалтуудыг үндэслэн;
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол зөрчиж ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн;
Төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэлгүй төрийн албан тушаалд томилогдсон намын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад хэлбэрээр оролцож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр ажиллаж УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцсон;
Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, коронавирус /Ковид-19/ цар тахлын бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед удаа дараалан хурал, цахим хурал, ажил тасалж сумын онцгой комиссын үйл ажиллагааг доголдуудсан, өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй;
Хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж бараа, ажил үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нээлттэй тендер шалгаруулалт зарлаагүй шууд худалдан авалт хийж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн;
Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2017, 2018, 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас санхүүгийн тайлангийн аудитаар гурван жил дараалан хязгаарлалтай, сөрөг санал дүгнэлт авсан;
Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад ороогүй төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хангаагүй Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хууль зөрчсөн тогтоолоор томилогдсон;
Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл ажиллагаа явуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ /3-с дээш удаа/ хангалтгүй биелүүлсэн, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журмын дагуу төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд “хангалтгүй” үнэлгээ авсан, хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэж Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халсан байна.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад ороогүй төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хангаагүй Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хууль зөрчсөн тогтоолоор томилогдсон тухайд:
Есөнбулаг сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Д.Э-ийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тэнцсэн Д.Э-ийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар жинхлэн томилогдсон.
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны хүчингүй болсон/ 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтаныг Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргаж, томилох эрх бүхий этгээдэд Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлэх байдлаар удирдах албан тушаалтныг томилж байсан.
Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10 дугаар хэсгийн 39-т сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тусгайлан зохицуулсан.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “...Д.Э нь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 онд зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж байгаагүй...” гэсэн 43 дугаар албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалт явуулсан тухай илтгэх хуудас, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 11 дүгээр тогтоол, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс Д.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 22-нд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд байх хугацаа дууссан байхад нэхэмжлэгч Д.Эийг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор нэр дэвшүүлж Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон байна.
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Д.Эийн тухайд хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнээс хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд хамаарах төсвийн шууд захирагчийн албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу төрийн албаны тусгай /тухайн албан тушаалын/ шалгалт өгөхгүйгээр томилогдсон байгаа нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчимыг баримтлах”, 23 дугаар зүйлийн 23.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэснийг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол зөрчиж ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тухайд:
Шүүхээс Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.О-гийг гэрчээр асуусан мэдүүлэгт “...Бид гурав сонгуулийн талаар ярьж байсан чинь гаднаас н.Эрдэнэбат, н.С хоёр Улаанбаатар хотод охиноо хадамд гаргахад мөнгө нийлүүлж өгсөнд та хэдэд баярлалаа гээд архи бариад ороод ирсэн. Д.Э дарга манай өрөөнд болохгүй гээд хурлын даргын өрөөнд орсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Эрдэнэбат дарга архи задлаад бид хэд амсаад байж байсан чинь гаднаас Ёндонжамц, Алтанхуяг 2 ороод ирсэн. Архи амсчихаад гараад явсан. Тэр өдөр ажил ихтэй байсан тул би 17 цаг өнгөрөөгөөд явсан. Д.Э-ийн хүү Бөхчөдөр манайд ажилладаг тэр үүдэнд байж байгаад ээжийгээ аваад явсан дахиж архи нэмээгүй...” гэсэн, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр жижүүрт гарч байсан Г.Лхачин “...намайг жижүүр гарч байхад Тамгын дарга Д.Э, БОУ байцаагч Н.О нар БО өрөөнд согтууруулах удаа хэрэглэсэн. Архи буюу пиво уусаныг үзээгүй. Согтуу байсан өглөө орж ирэхэд эрүүл орж ирсэн өөрсдөө оруулж ирсэн юмуу хүн авчирч өгсөн үү мэдэхгүй...”, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Г.У “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би ажил дэрээ байсан. Д.Э, Н.О нар согтуу өрөөнөөсөө гараад магиндаа суугаад явсан” гэсэн тайлбар, шүүх хуралдаан гэрчээр асуусан З.Б “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архи уусан эсэхийг би өөрийн биеэр хараагүй, ...2020 оны 10 дугаар сарын 17-нд хурлын даргын өрөөнд байсан архины шилийг нь хаясан ...жижүүрүүд орж ирээд яриад байсан. н.Ёндон ах согтуу Тамгын даргын өрөөнд архи ууж байна, ороод ир гээд чирээд татаад байхаар нь үгүй гээд ...”, шүүх хуралдаан гэрчээр асуусан Н.Т “би 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой ажил тарж байхад ажил дээрээ ирсэн. Үүдэнд н.Урнаа, Г.Лхачин ах нар байсан. н.Урнаа бид хоёрыг зогсож байхад Д.Э дарга, Оюунаа эгч хоёр гарч явж байсан. Хажуугаар өнгөрөхөд архи үнэртэж, ер нь харах байдлаараа Д.Э дарга согтуу харагдаж байсан” гэсэн мэдүүлэг, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хяналтын камерын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн бичлэгт 11.00 цагт Д.Э ажлын коридорт хүнтэй уулзаж, ажлын өрөөндөө орж байгаа нь бичигдсэн байх боловч ажил тарах 18.00 цагийн үед хэвийн бус байдалтай байгууллагын коридорт гуйвж дайвсан, хүн түшин явж байгаа, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.О сугадаж түших байдалтай үүдэнд суух жижүүрийн хажуугаар гарч машинд нь суулгаж өгч байгаа зэргээс ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч Д.Э нь 2016-2020 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 дугаар тойргоос сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч энэ талаар маргаагүй харин төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэлгүй төрийн албан тушаалд томилогдсон намын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад хэлбэрээр оролцож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр ажиллаж УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцсон тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн. Энэ хуулийн зохицуулалтаас үзэхэд хурлын төлөөлөгч нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болох боломжийг хуулиар олгосон боловч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон тохиолдолд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т “хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэх ёстой.
Д.Э нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “...2016 онд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр томилогдсон. Одоо Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг тул хурлын төлөөлөгчөөс татгалзах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байгаа нь орон нутгийн ээлжит сонгууль болохоос өмнө хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахтай зэрэгцүүлэн гаргасан байна. Зүй нь хурлын төлөөлөгч төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд томилогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хууль заасан хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтийг гаргах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Харин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.Лгоос “...Д.Э нь 2020 оны 06 дугаар сарын 24-ны Улсын Их Хурлын сонгуулийн Баяншанд багийн санал авах байранд орж ирж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний сонгох эрхэнд халдаж албан тушаалын давуу байдлаараа нөлөөлж Монгол Ардын намд санал өгөхийг сануулан хэлж ...сурталчилгаа дууссан өдөр сурталчилгаа хийж төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчин хэсгийн хороонд ажиллаж иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдан тус хэсгийн хороог үймүүлэн эмх замбараагүй байдлыг гаргасан...төрийн албан хаагчийн энэ увайгүй үйлдэлийг шалган шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү” гэсэн өргөдлийг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ч.Батдэлгэрээс “...2020 оны 06 дугаар сарын 24-ны Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаанд Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга Д.Эийг МАН-ын төлөө ажиллаж байхтай тааралдсан. Төрийн албан хаагч улс төрийн намын төлөө сонгуульд ажиллаж болохгүй талаар өөрт нь хэлж ...улс төрийн намын төлөө ажиллаж байгаа нь бичлэг болон бусад баримтаар нотлогдоно. Иймд уг бусармаг үйл ажиллагааг харгалзан үзэж арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг Есөнбулаг сумын Засаг дарга Д.Ч-т гаргасан, шүүхэд УИХ-ын сонгуулийн өдөр сонгуулийн хэсгийн хорооны байранд иргэн Т.Л, Ч.Б нар Д.Э-тэй уулзаж байгаа гар утасны бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Улсын Их Хурлын сонгууль 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр болсон гэтэл 2020 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдөр дээрх нэр бүхий иргэдээс гаргасан гомдол, гар утасны бичлэгээр Д.Э-ийг УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээ оролцсон хэнд хэрхэн санал өгөхөд нөлөөлсөн байдлыг тогтоох боломжгүй юм.
4. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирагч бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтыг хүрээнд төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах гэх мэт төсвийн талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2017 он, 2018 он, 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хязгаарлалтай санал дүгнэлтийг авч байсан талаар хавтаст хэргийн материалд нотлох баримт авагдсан. Гэхдээ нэхэмжлэгч Д.Э Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар Төрийн аудитын газрын 07/157, 08/157 дугаар албан шаардлагуудын дагуу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сануулах сахилгын шийтгэл, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Төрийн аудитын газрын 02/147 дугаар албан шаардлагын дагуу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан нь тухайн зөрчилдөө хариуцлага хүлээсэн байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4.д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх..”, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.19 дэх хэсэгт заасан “..ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах удаа хэрэглэх...” гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Д.Э-ийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Есөнбулаг сумын Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/176 дугаар захирамжаар шинэ коронавируст халдварын цар тахлын үед иргэнийг тусгаарлах, ажиглах байрыг сонгох, бэлтгэлийг хангах талаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Д.Э-ийг томилсон. Ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн онцгой комиссын шуурхай штабаас сумын онцгой комисстой хийсэн цахим хурал /тэмдэглэл 1/, Есөнбулаг сумаас Улаанбаатар хот болон бусад сумруу явах иргэдийн шинжилгээ авах талаар хурал /тэмдэглэл 2/, коронавируст цар тахлын үед иргэдийг тусгаарлах, ажиглах байрыг сонгох, бэлтгэх ажлын хэсгийн хуралд /тэмдэглэл 3/ сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч оролцоогүй талаар тайлбар нотлох баримт ирүүлсэн боловч тухайн өдөр нь бямба гариг буюу амралтын өдөр байсан мөн Д.Э-т ажлын хэсгийн ахлагчаар томилсон, ажлын хэсэг хуралдах талаар мэдэгдээгүй байхад Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, коронавирус цар тахлын бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед удаа дараалан хурал, цахим хурал, ажил тасалж сумын онцгой комиссын үйл ажиллагааг доголдуулсан, өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Засгийн газрын 2013 оны 68 дугаар /хүчингүй болсон/ тогтоолын хавсралтаар бараа, ажил үйлчилгээний шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 10 сая байхаар тогтоосон. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Цэлмэг тэнүүн алтай” ХХК-иар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын байранд 24767.301 /хорин дөрвөн сая долоон зуун жаран долоон мянга гурван зуун нэг/ төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажил хийлгэх гэрээг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулан засварын ажил хийгдэж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/97 дугаар Засаг даргын захирамжаар барилгын засварын ажил хүлээж авах ажлын хэсэг барилгын засвар ашиглалтад оруулах комиссын акт үйлдэж барилгыг хүлээн авсан байна. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхгүй шууд гэрээ байгуулах замаар засварын ажлыг гүйцэтгүүлсэн гэх зөрчилд хариуцлага хүлээлгэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 57 дугаар зүйлийн 57.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хугацаанд хариуцлага ногдуулах бөгөөд тухайн нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2, 106.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.5 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ