Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0271

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, өмгөөлөгч Г.Нацагдорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Б.Хишигжаргал

Хариуцагч Б.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Жавзандулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 126/2023/0055/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.М нар нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.    

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1-д заасныг тус тус баримтлан иргэн М.М нарын нэр бүхий 17 иргэнээс Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ... Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.10-т “Х ХХК-ийн гишүүдийн бүтцийн өөрчлөлтийн тухай мэдээлэл” тусгагдсан байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.12-т “Дээрх дүгнэлтийн дагуу Х ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нар тодорхой болж, харин үлдэх 49 хувийн ногдол хувийг хэн эзэмших нь тодорхойгүй, хувьцааг бүртгэлүүлэхээр компанийн хувьцаа эзэмшигч гэх иргэдээс улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ ирүүлж, бүртгүүлээгүй байсан шалтгаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь уг “49 хувийг “Х ” ХХК-ийн нэр дээр бүртгэх маргаан бүхий 7480 дугаартай дүгнэлтийг гаргажээ” гэсэн нь үндэслэлгүй. Үндэслэлийн 9.10-д заасан “Х ” ХХК-ийн гишүүдийн бүтцийн өөрчлөлтийн тухай мэдээлэл”, “Нөхөрлөл, компанийн тухай хуулийг үндэслэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гишүүд хоорондоо ногдол хувиа худалдах, худалдан авах тухай шийдвэрлэсний дагуу одоо 2200 гишүүн ногдол хувиа худалдсан байна” гэсэн нь компанийн зарим хувьцаа эзэмшигч нар хуулийн хүрээнд 49 хувийн хувьцаа эзэмшигчдээс 2200 хүний ногдол хувийг нь худалдан авсан болохыг нотолж байна.

3.2. Түүнчлэн “Х ” ХХК-ийн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 03 дугаар тогтоолоор “Аж ахуйн нэгж үүсгэн байгуулах гэрээ”-г баталсан байх бөгөөд гэрээний “Х ” ХХК хувь эзэмшигчдийн жагсаалтад байгаа нэр бүхий 11 хүн нь 562267 ширхэг хувьцаа буюу компанийн нийт хувьцааны /764025 ширхэг/ 73.5 хувийг эзэмшиж байжээ. Үүнээс нэр бүхий 4 хүний эзэмшсэн гэх төрийн өмчид байсан 389653 ширхэг хувьцааг хасвал 172614 ширхэг хувьцаа үлдэж байна. Өөрөөр хэлбэл 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны /374372 ширхэг/ 46.1 хувийн /172614 ширхэг/ эзэмшил нь бусдад шилжин 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр баталгаажсан. Гэтэл Х ХХК-ийн 49 хувийн хувьцааны эзэмшилтэй холбоотой дээрх эх нотлох баримт Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байхад 7480 дугаартай дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй гэж шүүхээс үзэх боломжгүй.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М нь 7480 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1 дэх заалтын үндэслэж “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14-т зааснаар гаргажээ. Мөн 14-т “... хүсэлтийн дагуу тус компанийн улсын бүртгэл болон Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй хуулийн этгээдийн бүртгэлийн эх баримт бичигт тулгуурлан тухайн компанийн нийт хувьцааны 51 хувийг өмчлөгч нарын нэр дээр, харин үлдэж буй 49 хувийг эзэмшигч нарыг тодорхойлох боломжгүй үндэслэлээр хуулийн этгээдийн нэр дээр бүртгэх дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй, хуульд огт нийцээгүй дүгнэлт юм. Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-нд 01/01 дугаартай “Материал архивт бүртгүүлэх тухай” хүсэлтийг компанийн хүчингүй болсон тэмдэг даран Төрийн өмчийн хорооны 396, 711 дугаар тогтоол, тэдгээртэй холбогдох баримтуудыг хавсарган Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн байдаг. 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал албан ёсоор хуралдаагүй учраас Төлөөлөн Удирдах Зөвлөлд хурал хуралдуулахаас өөр эрх үлдээгүй байхад Д.Б  нь ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй бөгөөд эрхгүй этгээдийн хүсэлтийг хүлээж авч, үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөнд тооцогдоно. Улсын байцаагч нь хуулиар зохицуулсан асуудлаар дүгнэлт гаргах, хяналт шалгалт хийх эрхтэй ч зохицуулаагүй буюу үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийх, хэн нэгний эрхийг хамгаалах зорилгоор бусдын насан туршийн өмчлөх эрхэнд халдах боломж хуулиар олгогдоогүй байхад түүний хийсэн үйлдлийг шүүхээс үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.Мөнгөнзулд компанийн 49 хувийн хувьцааны талаар дүгнэлтийг гаргах ямар нэгэн эрх зүйн хамаарал, үндэслэл, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байхгүй байхад хувьцаа эзэмшигчдийн суурь эрхэнд халдан компанийн нэр дээр бүртгэсэн байгааг хууль зөрчиж, хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж байна.

3.4. ... Компанийн тухай хуульд түр гэрчилгээ олгох талаар зохицуулалт байхгүй, компанийн дүрэмд ч энэ талаар тусгагдаагүй, ямар нэгэн хуульд нийцсэн шийдвэр байхгүй байхад гуравдагч этгээдийн зүгээс ирүүлсэн хуулийн шаардлагад нийцээгүй хууль бус баримтанд шүүхээс дүгнэлт өгсөн нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй болохыг харуулж байна ... Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед төрийн өмчийг иргэддээ хувьчлах шийдвэр гарч, их, бага хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарыг гаргажээ. Цэнхэр тасалбараар компанийн хувьцаанд хөрөнгө оруулан, хувь эзэмших эрхээ баталгаажуулж байсан бол ягаан тасалбараар биет зүйл худалдаж авах, мөнгө болгох боломжтой байсан. Улсын үйлдвэр болох Хөвсгөл аймгийн гурилын үйлдвэр хувьчлагдан, компани болоход нэхэмжлэгч нар өөрийн сонгосон компанид цэнхэр тасалбараа бүртгүүлэн хувь эзэмших эрхтэй болсон байна. Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбарын “гүйлгээний тэмдэглэл” хэсэгт Х ББХК гэсэн бичилт байгаа нь нэхэмжлэгч нарыг Х ХХК хувьцаа эзэмшигч гэдгийг хангалттай нотолж байгаа ба тэднийг Х ХХК-ийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх аваагүй, хувьцаа эзэмшигч биш гэж үзэх, эрхийн бичгийг хууль бусаар ашиглаж байна гэх боломжгүй.

3.5. Мөн компанийн бүх гишүүдийн 1999 оны 03 дугаар 25-ны өдрийн хурлын ирцийн бүртгэлд М.М, Ш.Т, М.З, О зэрэг нэхэмжлэгч нар бүртгэгдсэн, М.М нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн сонгох өрсөлдөөнд оролцсон, компанийн 4623 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд тэдний нэрс байгаа зэрэг тэднийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг нотолсон баримтуудыг хэрэгт хамааруулж үнэлээгүй нь журмаа зөрчсөн болохыг харуулж байна.

3.6. Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч М.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. ... Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжпэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” хэмээн заасан байх тул зөвхөн гүйцэтгэх захирал  “Х ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй байна. Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д “... төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ” хэмээн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын чиг үүргийг заасан байх бөгөөд “Х ” ХХК-ийг төлөөлөх эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б д хуулиар олгоогүй. Тэгэхээр компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан хүсэлтийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргаж, түүнийгээ шууд хэрэгжүүлсэн нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн гүйцэтгэх захирлын хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байхад огт эрхгүй этгээдийн хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулж байгаа нь хууль бус шийдвэр юм.

4.2. ... компанийн 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа нь тодорхой байхад “хэн эзэмших нь тодорхойгүй” гэсэн ирээдүй цаг дээрх буруу дүгнэлт хийж, хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. Улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус хэмээн тооцуулах хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” хэмээн тодорхойлсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэснийг улсын байцаагч зөрчиж, иргэний өмчийг нь булаан авч, бусдад өгч байгаа хууль бус үйлдэл болно. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг буюу “Х ” ХХК-ийн орлогоос болон өмч хөрөнгөөс хувь хүртэх эрхтэйг нотлосон 49 хувийн хувьцааг нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад буюу компани руу шилжүүлж байгаа улсын байцаагчийн үйлдэл нь хууль бус буюу ийнхүү шилжүүлэх эрхийг түүнд ямар ч хуулиар олгоогүй байх тул уг дүгнэлт илт хууль бус захиргааны акт болно.

4.3. Нөгөөтэйгүүр 49 хувийн хувьцаа эзэмшигч нар нь ББХК-ийн хувьцааг эзэмшиж байсан болохоос ХХК-ийн хувьцаа эзэмшдэг болох нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэж байгаа бол ББХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нарын ямар баримтыг үндэслэн ХХК-ийн хувьцаа эзэмшдэг хэмээн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн хууль бус шийдвэрийг зөвтгөхийн тулд эрх зүйн байдлын хувьд болон баримт бичгийн хувьд яг адил нөхцөлд байгаа хувьцаа эзэмшигч нарыг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа мэт логикийн хувьд зөрчилдөөнтэй дүгнэлтийг шүүх хийсэн байна.

4.4. … Бүх гишүүдийн 1999 оны хурлыг хүчин төгөлдөр болсон хэмээн талууд хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар шүүх “9.8 ... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгээгүй, энэхүү дүрмийн заалттай холбогдуулан маргаагүй” хэмээн дүгнэсэн тул уг хурлаас гарсан “49 хувийг 1654 иргэн эзэмшиж байна” гэсэн шийдвэрт өнөөг хүртэл ямар ч өөрчлөлтийг нийт гишүүдийн хурлаас оруулаагүй тул уг шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байх бөгөөд цаасан баримт архивт байсаар байхад Д.Б гийн хууль бус хүсэлтийг үндэслэн, иргэдийн хувьцааг булаан авч, компани руу шилжүүлсэн байна. Мөн 7480 дугаар дүгнэлтэд эш татсан аль ч заалт нь тухайн нөхцөл байдалд огт тохирохгүй байгаа болно. Компанийн хувьцаатай холбоотой харилцааг зөвхөн Компанийн тухай хуулиар зохицуулах ба хувьцаа эзэмшигч нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар “... бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг ... тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй” байх бөгөөд 49 хувийн хувьцааг компани руу шилжүүлэх ямар ч зохицуулалт уг хуульд байхгүй байна. Компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч нар нь өөрийн хувьцааг худалдах талаар санал гаргах эрхийг уг дүгнэлт шууд хязгаарласнаас гадна тэдний хувьцааг худалдан авах боломжийг 51 хувийн хувьцаа эзэмшигч нарт ч мөн хязгаарласан тул дүгнэлт илт хууль бус болно. Түүнчлэн улсын байцаагчийн 7480 дугаартай дүгнэлт нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн захиргааны акт мөн байна хэмээн давж заалдах шатны шүүхээс дүгнээд байхад нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг нь зөрчөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч М.М нар нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.   

2.2. Анхан шатны шүүх “... Хариуцагч хяналтын улсын байцаагч Б.М нь хуульд заасан эрх, үүргийн дагуу маргаан бүхий дүгнэлтийг гаргасан. Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн улсын бүртгэл болон Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй хуулийн этгээдийн бүртгэлийн эх баримт бичигт тулгуурлан тухайн компанийн нийт хувьцааны 51 хувийг өмчлөгч нарын нэр дээр, харин үлдэж буй 49 хувийг эзэмшигч нарыг тодорхойлох боломжгүй үндэслэлээр хуулийн этгээдийн нэр дээр бүртгэх дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн ББХКомпанийн хувьцаа эзэмшигч нарт олгосон Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нэхэмжлэгч нарт одоог хүртэл хадгалагдаж байгаа нь уг эрхийн бичиг зах зээлд гүйлгээнд ороогүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Х ХХК-ийн хувьцааг эзэмших, өмчлөх эрхийг аваагүй, гагцхүү Х ББХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй … Хариуцагчаас маргаан бүхий 7480 дүгнэлтийг гаргахдаа улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж буй үндсэн эх баримт, Төрийн өмчийн хорооны тогтоол болон “Х ” ХХК-ийн дүрэм, 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл зэрэг цаасан эх баримтад тулгуурласан байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна” гэж заасантай нийцсэн байх тул маргаан бүхий 7480 дугаартай дүгнэлтийг хууль зөрчсөн, нэхэмжлэгч М нарын нэр бүхий 17 иргэний эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3.  Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоолоор Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатыг төрийн өмч давамгайлсан бүрэн бус хариуцлагатай компани болгон өөрчилж, 51 хувийг төрд, 49 хувийг нийтэд арилжахаар тусгаж, улмаар 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 396 дугаар Төрийн өмчийн хорооны тогтоолоор төрийн өмчийн хувийг худалдахаар шийдвэрлэж, уг 51 хувийг Б.Б, М.Б, Л.Г, Д.Б  нар худалдан авч, “Х ” бүрэн бус хариуцлагатай компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн, 1999 онд “Х ” ХХК нь бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж, дүрмээ баталсан байна.

2.4. Дээрх хязгаарлагдмал хариуцлагатай компани үлдэх 49 хувийн ногдол хувийг эзэмшигч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн талаар материал байхгүй, хэн эзэмших нь тодорхойгүй гэх шалтгаанаар Улсын бүртгэлийн бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М нь 49 хувийг “Х ” ХХК-ийн нэр дээр бүртгэх талаар 7480 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

2.5. Компанийн тухай хууль /1999 он/-ийн 2 дугаар зүйлийн 2.5-д “Компанийн дүрмийн сан нь үүсгэн байгуулагчдын хувь нийлүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ”, 3 дугаар зүйлийн 3.9-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 3.10-д “Компанийн бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, а. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, 3.14-д “Компанийн захирлыг бүх гишүүдийн хурлаас хэдийд ч чөлөөлж болно. Энэ тухай бүртгэх байгууллагад нэн даруй мэдэгдэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна ...”, 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан.

2.6. Х ” ХХК-ийн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолын 1 дэх заалтаар “Компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хавсралтаар баталж”, 2 дахь заалтаар “Компаний дүрэмд шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг найруулан боловсруулж аймгийн нотариатаар батлуулан, бүртгэх байгууллагуудаар бүртгүүлэн мөрдөж ажиллахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Б ”-д даалгасан байна. Уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх ба компаний эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хуралдаанаар сонгогдсон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Б  Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, компаний хувьцаа эзэмшигч нарыг бүртгэхийг хүссэн хүсэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

2.7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2“Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ”, 18.7.1“хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан.

2.8. Улсын байцаагч Б.М нь маргаан бүхий 7480 дугаар дүгнэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх ба хариуцагчаас ... Хувьцаа эзэмшигч гишүүдийн Улсын бүртгэл бүртгүүлэх чиг үүрэг нь төлөөлөн удирдах зөвлөлд байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулснаар уг тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж Х ” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч гишүүдийн нэр дээр бүртгэсэн. Мэдээллийн санд 1998 оны нотлох баримтууд ганц ч ороогүй. Үлдсэн хувьцаа нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй тул Х ” ХХК-д бүртгэсэн” гэх тайлбарлаж буй энэ тохиолдолд нэр бүхий 18 иргэний нэхэмжлэлээр маргаан бүхий улсын бүртгэлийн 7480 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын агуулга, зорилго нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг ойлгохоор байх тул уг дүгнэлтийг “илт хууль бус болох”-ыг тогтоосноор нэхэмжлэгч нарын эрх ашиг, сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэхээргүй байна.

2.10. Энэхүү шийдвэрээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтээр  6827 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан нь хууль журмыг зөрчсөн эсэх асуудлыг хянасан тул нэхэмжлэгч М.М нарын нэр бүхий 17 иргэн нь “Х ” ХХК-н хувьцааг эзэмшигч мөн эсэхтэй холбоотой маргаанаа иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ