Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

М.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02723 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ӨМ” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 11 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Сонинбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ӨМ” ХХК-ийн захирал А.Этэй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны доор байрлах авто зогсоолыг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөрт нийт 11 500 000 төгрөгийг төлсөн.

Гэтэл 2016 оны 3 дугаар сард 37 дугаар байрыг барьсан гүйцэтгэгч гэх “Жиашида” ХХК-ийн захирал С.Эрдэнэ гэгч уг зогсоолд тавьдаг бүх машиныг хөөн гаргаж, тус зогсоолыг дахин ашиглах боломжгүй болсон. Энэ тухай А.Эөд мэдэгдэж, хууль хяналтын байгууллагад хандахыг удаа дараа сануулж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Ингээд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, хохирлоо барагдуулахаар гомдол гаргасан боловч дүүргийн Прокурорын газраас тухайн асуудлыг гэмт хэргийн шинжгүй, эд хөрөнгийн маргаантай асуудал гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

А.Э нь хохирлоо барагдуулах буюу барагдуулахаа илэрхийлсэн ямар нэгэн бодит үйлдэл хийгээгүй бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 дугаар албан бичгээр “...уг зогсоолын асуудлаар хамтарсан компанитай маргаан үүсгэсэн тул уг маргааныг шийдвэрлэх хүртэл түр хугацаанд хүлээнэ үү. Маргаан шийдэгдсэний дараа урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авах, эсвэл тус байрны доор байрлах зогсоолыг үлдэгдэл 13 500 000 төгрөгийг төлж авах эрхтэй болно” гэсэн хариуг өгсөн боловч одоог хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд, миний хувьд 37 дугаар байранд ямар нэгэн зогсоол ашиглаагүй байна.

Тиймээс “ӨМ” ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 11 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨМ” ХХК-иас 11 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Тид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Н.Амгаланбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс процессын ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож чадаагүй

            Хариуцагч болох өмнөх захирал А.Э нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуарлдаанд оролцох байсан боловч шүүх хуралдаан болох өдрийн хурлын товыг манай компанид мэдэгдээгүйгээс болж оролцож чадалгүй, эрхээ хэрэгжүүлэх боломж алдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээн, нотлох баримт дээр үндэслэж явагдах ёстой байтал зөвхөн хэргийн нэг талыг байлцуулан уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд дутуу дүгнэлт хийсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч “ӨМ” ХХК-д холбогдуулан автозогсоол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 11 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.  

 

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч А.Эд нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гардуулан өгч, тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн хугацаагаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүх хуралдааны товыг тогтоож, тогтоосон хугацаанд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасантай нийцсэн байна.

 

“ӨМ” ХХК-ийн 2017 оны 04  дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 тоот албан бичигт А.Э захирал гэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. А.Э нь нэхэмжлэлийг гардаж авахдаа тухайн компанид ажилладаггүй гэж мэдэгдээгүй, хариуцагч байгууллагын давж заалдах гомдолд дарагдсан тамга, тамга дээрх дугаар, албан бичиг дээр дарагдсан дугаараас зөрөөгүй.

 

Хариуцагч “ӨМ” ХХК нь захирлаа сольсон асуудлаа шүүхэд мэдэгдээгүй нь маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг тус компанийн албан бланканд бичигдсэн хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж, түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх юм.

 

            Нэхэмжлэгч М.Т нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны доор оршин байрлах автозогсоолыг хариуцагч “ӨМ” ХХК-иас 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 11 500 000 төгрөгийг төлсөн болох нь “ӨМ” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 тоот албан бичиг, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5183 “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 564 тоот хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Хариуцагч “ӨМ” ХХК нь гэрээний зүйл болох автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

            Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч М.Т нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 11 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч “ӨМ” ХХК нь төлөх үүрэгтэй болно.

 

            Иймд хариуцагч “ӨМ” ХХК-иас 11 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Тид олгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

 

             Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02723 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ӨМ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА